

2003 онд ДЭМБ-ын Америкын бүсээс Дархлаажуулалтын 7 хоногийг санаачлан, тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2012 онд анх удаа ДЭМБ-ын бүх 6 бүсийн 180 гаруй улс оронд дархлаажуулалтын 7 хоногийг нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлсэн байна.
Дархлаажуулалтын 7 хоногийг дархлаажуулалтын хөтөлбөрийг идэвхижүүлэх зорилгоор зохион байгуулж, вакцин болон дархлаажуулалтын ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, тэдний мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх боломжийг олгодог чухал үйл ажиллагаа юм.
ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүс 2014 оны “Дархлаажуулалтын 7 хоног”-ийг 4 дүгээр сарын 21-27-ны өдрүүдэд “В гепатитын эсрэг вакцины төрөх тунгийн хамралтыг нэмэгдүүлэх замаар В гепатитын халдвар, элэгний хавдраас сэргийлье” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.
Манай улсад 1991 оноос эхлэн шинэ төрсөн хүүхэд бүрийг В вируст гепатитаас сэргийлэх вакцинаар дархлаажуулж, хамралтыг 98%-д хүргэж, аюулгүй тарилгын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлснээр В вируст гепатитын өвчлөлийг 3,4 дахин бууруулсан бөгөөд хожим элэгний хавдар, элэгний хатуурал өвчний улмаас нас барж болзошгүй хэдэн зуун тохиолдлуудыг урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн байгууллагын төсөв, өвчтөний гэр бүлээс гарах хэдэн тэрбум төгрөгийг жил бүр хэмнэж байдаг.
Номхон Далайн Баруун Бүсийн хөгжиж буй орнуудаас манай улс анх удаа В гепатитын вакциныг үндэсний хөтөлбөрт нэвтрүүлсэн ба 2010 онд хийсэн үндэсний хэмжээний ийлдэс-судалгаагаар 0-5 насны хүүхдүүдийн дунд элэгний В вирус тээгчийн тархалт 0.53%-д хүрч, ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсээс дэвшүүлсэн “Дархлаажуулалтанд хамрагдсан 5 хүртэлх насны хүүхдийн дунд тохиолдох элэгний В вирусыг тээгчийн тархалтыг 2%-иас бууруулах” зорилтыг хангасан байна.
В гепатитын халдвар нь элгэнд өөрчлөлт өгч, илрэх хүртэлээ удаан хугацаагаар шинж тэмдэггүй байж хүндэрдэг учраас “чимээгүй тахал” гэж нэрлэгддэг. Халдвартай хүмүүсийн ихэнх нь халдвар авсан эсэхээ мэддэггүй ба халдвартай эхээс хүүхэд төрөх явцдаа уг халдварыг авах эрсдэл өндөр бөгөөд төрөх явцдаа халдвар авсан нярайн 90 орчим хувьд нь халдвар архагшиж, элэгний хатуурал, хавдрын гол шалтгаан болдог.
Манай улс элэгний хавдрын өвчлөл, нас баралтын түвшин өндөртэй орнуудын 1 бөгөөд 2012 онд шинээр бүртгэгдсэн хорт хавдрын дотор элэгний хорт хавдрын өвчлөл 38%-ийг эзэлж, 1619 тохиолдол буюу 10000 хүн амд 6 тохиолдол нас барсан байна. Зарим судлаачдын судалгааны дүнгээс харахад, элэгний хавдартай өвчтөний 40%-60% орчим нь гепатитын В вирусын халдвар авсан байна.
Иймд, В гепатитын халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол шинэ төрсөн нярай бүрийг В гепатитын эсрэг вакцинаар төрсний дараа 24 цагийн дотор дархлаажуулах явдал юм.
2013 оны байдлаар улсын хэмжээнд В вируст гепатитын вакцины хамралт 99.1%, үүнээс 24 цагийн хамралт нь 96.9%-тай байна. Дэлхий дахин энэ вакциныг хавдрын эсрэг анхны вакцин гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.
Вакцины тухай:
•Урьдчилан сэргийлэх тарилга бүхий халдварт өвчин, түүнээс үүдэлтэй нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтаас сэргийлнэ
•Хүүхэд эрүүл өсч, торних боломжийг бүрдүүлнэ.
•Байгалийн гамшиг, дэгдэлтийн үед хүн амыг халдварт өвчнөөс хамгаална.
•Дархлаажуулалтын ашиг тус нь гарч болох түр хугацааны хөнгөн урвалын эрсдэлтэй харьцуулахад хамаагүй илүү юм.
Дархлаажуулалтын хөтөлбөрийн талаар баримт:
•2000 оноос хойш НДББ нь халдварт сааг устгасан бүс гэсэн байр сууриа хадгалсаар ирсэн бөгөөд 2013 оны 11 сард зохион байгуулагдсан Бүсийн халдварт саа өвчнийг устгасныг баталгаажуулах хорооны 19 дэх хуралдаанаар НДББ энэ байдлаа хадгалсан хэвээр байгааг цохон тэмдэглэсэн.
•2008-2013 онд улаанбурхан өвчний гаралтыг 80%-иар бууруулсан бол, 2009-2013 онд 49% хүртэл бууруулсан байна. 2012 онд улаанбурхан өвчний шинэ тохиолдол түүхэндээ хамгийн цөөн бүртгэгдсэн бөгөөд 2009 онд нэг сая хүн амд 34 тохиолдол бүртгэгдсэн бол 2012 онд 5,9 болтлоо буурсан байна. НДББ-ийн 37 улсын 34-т нь улаанбурхан өвчний вирусын тархалтыг таслан зогсоосон байна.
•Улаануудын өвчлөлийг бүсийн хэмжээнд хянах үйл ажиллагаа сайжирсаар байгаа бөгөөд энэ нь улаанбурхан, улаануудын дархлаажуулалт болон тандалтын үйл ажиллагааг цогцоор нь авч хэрэгжүүлсний үр дүн юм. 2012-2013 онд НДББ-ийн хоёр ч улсад төрөлхийн улаануудтай хүүхэд олноор төрсөнтэй холбоотой томоохон дэгдэлтүүд гарсан. Одоогийн байдлаар бүсийн хэмжээнд гурван улс улаануудын эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө оруулаагүй байна.
•Бүсийн хэмжээнд 30 гаруй улс оронд хүүхдүүдийн дундах архаг В гепатитын халдварыг 2%-иас бууруулсан үзүүлэлттэй байна. Нийт 11 оронд хүүхдүүдийн дунд В гепатитын халдварын тархалт 1%-иас бага түвшинд байгааг баталгаажуулсан байна (Австрали, Бруней, Хятад, Хонг Конг, Макао, Малайз, Монгол, Шинэ Зеланд, БНСУ гэх мэт ).
•Нярайн татранг бүсийн 37 улсын 34 улс тууштай бууруулсан байна. 2013 оны 12 сард Лаос улсыг нярайн татранг тууштай бууруулсан орон гэдгийг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас баталгаажуулсан.
•Япон энцефалитын нийт тохиолдлын талаас илүү хувь буюу 67,900 орчим тохиолдол нь НДББ-ийн улсуудад бүртгэгдэж байна. Япон энцефалитын эсрэг вакциныг хэрэглэснээр уг халдварыг хяналтандаа авах боломжийг бүрдүүлж байгаа юм.
2012 онд Бүсийн хэмжээнд сахуу, хөхүүл ханиад, татрангийн эсрэг вакцины дархлаажуулалтын хамралт 97%-д хүрээд байна. Хэдийгээр олон ажлыг амжилттай хэрэгжүүлж, бүсийн зорилтод хүрч байгаа боловч олон хүүхэд товлолын вакцины бүрэн дархлаажуулалтанд хамрагдаж чадахгүйгээс тарилгатай халдварт өвчнөөр өвчилж, улмаар нас барж байна. Тухайлбал, бүсийн орнуудад 600000 гаруй хүүхэд тавт вакцины 3 тун, 750000 гаруй хүүхэд улаанбурханы эсрэг вакцины 1-р тунд бүрэн хамрагдаж чадахгүй байна.
Цаашид хүн амыг тарилгатай халдварт өвчнөөс хамгаалахын тулд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна. Тиймээс товлолын дархлаажуулалтын үйл ажиллагааг улам эрчимжүүлэх нь хамгийн чухал юм. Ингэснээр халдварт өвчинд өртөмтгий хүүхдийн тоог бууруулж, тарилгатай халдварт өвчний дэгдэлт гарах, тархахаас урьдчилан сэргийлж чадна.
Дараах холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу:
http://www.wpro.who.int/immunization/en/index.html
ХӨСҮТ, Дархлаажуулалтын алба
Холбоотой мэдээ
Comments are closed.