Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд:
-Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
-Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад үзүүлэх нөлөөлөл” сэдэвт олон улсын өндөр түвшний хурлын тухай Гадаад харилцааны сайд Л.Болд танилцууллаа. Уг хурал зургаадугаар сарын 2-3-нд Улаанбаатарт болно.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 20-21-нд БНХАУ-ын Шанхай хотноо болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Дээд хэмжээний IV уулзалтад оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар боллоо.
-Арабын нэгдсэн Эмират улсын Гадаад хэргийн сайд Шейх Абдулла бин Зайд Аль Нахъяны энэ оны 6 дугаар сарын 3-4-нд манай улсад хийх албан ёсны айлчлалын үеэр баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо.
-Монгол Улсаас хууль бусаар хил давуулан гаргасан Прокопийн хэрэгт холбогдох үлэг гүрвэлийн олдворууд, Овирапторын өндгийг АНУ-д буцаан олгохтой холбоотойгоор хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах “АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн хууль сахиулах албаны мэдэлд ирсэн өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх гэрээ”-ний төслийг хэлэлцэн дэмжээд, түүнд гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэлд олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
-Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн дүрмийг баталлаа.
-Монгол Улсын Засгийн газар, Олон улсын Хөдөлмөрийн байгууллага хооронд байгуулсан “Зохистой хөдөлмөрийг дэмжих талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах эрхийг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт зөвшөөрлөө.
-Эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-24-нд Швейцарийн Холбооны улсын Женев хотноо Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын 67 дугаар ассамблейд оролцсон дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар С.Баяндалайг томилж, Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Холбоотой мэдээ
Comments are closed.