Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхай хотноо болж буй Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа билээ. Тэрбээр эхлээд БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй, дараа нь буюу уржигдар орой ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй албан ёсны уулзалт хийсэн.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын төрийн тэргүүн нарын хооронд хоёр улсын эдийн засгийн уламжлалт хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд анхаарал хандуулсан нөхөрсөг яриа хэлэлцээ болсон байна.
Уулзалтаар хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хамтарсан компаниудын үр ашгийг сайжруулах талаар санал солилцов.
Төмөр замын хамтын ажиллагааны асуудал, ялангуяа Монголоор дамжин өнгөрч буй төмөр замын тээврийг өсөн нэмэгдэж буй Орос, Хятадын худалдааны дамжин өнгөрөх тээврийн гол шугам болгоход хамтарч ажиллах саналыг хоёр тал ярилцав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгчтэй төмөр замын транзит тээвэр, Халхын голын ялалтын ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх, хоёр орны иргэдийн харилцан зорчих визийн хөнгөлөлтийн талаар ярилцах хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн юм.
Түүнчлэн “Ирэх наймдугаар сард Халхын голын ялалтын 75 жилийн ой тохионо. Энэ бол бидний хамтын ялалт. Тиймээс энэ түүхт ойг хамтран тэмдэглэх хүсэлтэй байна” гээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг Монголд айлчлахыг урьсан байна. Мөн төмөр замын транзит тээврийн асуудлаар гурван талын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион явуулах саналтай байгаагаа Ц.Элбэгдорж илэрхийлсэн бол ОХУ-ын талаас санал болгож байгаа асуудлуудыг хүлээн авч харилцан ярилцах, хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлахыг хариу урилаа.Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтаар яригдсан асуудлуудыг Монгол Улсын Ерөнхий сайдын Санкт-Петербургт хийх уулзалтаар үргэлжлүүлэн ярилцахаар боллоо.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (May 23, 2014 10:22:36 am )
САЙН БАЙНА.БАЯР ХҮРГЭЕ.2 ХӨРШТӨЙГӨӨ САЙХАН ХАРИЛЦАХ ҮҮД ХААЛГАА УЛАМ НЭЭГЭЭРЭЙ.БУРХАН БИДЭНД ӨГСӨН БОЛОМЖ ШҮҮ.
1 Comment