Монгол Улсад хүүхдийн эрхийн зөрчлийн талаар хүүхэд, иргэн, байгууллагаас мэдээлэл хүлээн авч, туслах, шуурхай мэргэшсэн үйлчилгээнд холбох, хяналт тавих зорилготой Хүүхдийн тусламжийн утсыг 24 цаг ажиллуулахаар Мобиком ХХК бэлтгэл ажил хийж байна.
Уг тусламжийн утас нь хүссэн мэдээлэгч дуудлагаа үнэ төлбөргүй хийх, 24 цагийн турш ажиллах, үндэсний хэмжээнд хүүхэд тогтооход хялбар дугаартай байх, эх орны өнцөг булан бүрээс холбогдох боломжтой байх, дуудлага бүрийг хүлээн авч, хариу өгөх, үйлчилгээнд холбох, дуудлага бүрийн дагуу хүүхдэд шаардлагатай үйлчилгээг түргэн шуурхай, шат дамжлага багатай хүргэх, хамтарсан багт түшиглэсэн байх, үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцыг чанд хадгалах зарчимтай байх юм.
Монгол Улсад 2001 оноос эхлэн Хүүхдийн тусламжийн утас 1615, 2004 оноос 1979 дугаартай ажиллаж эхэлжээ. 2006 оноос Олон улсын Хүүхдийн утасны CHI буюу Child Helpline international сүлжээ байгууллагын бүрэн эрхт гишүүн улс болсон юм.
Хүүхдийн тусламжийн утасны Олон улсын сүлжээ нь бүрэн эрхт гишүүдээсээ хүүхдийн утсанд хандсан дуудлагын тоо, дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулж жил бүр хэвлүүлэн гаргадаг “Хүүхэдтэй холбогдох нь” номондоо оруулдаг. Энэхүү мэдээллийг уг номонд оруулснаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдийн утсанд ямар дуудлага ирж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх туршлага солилцохоос гадна улс орнууд үндэсний хэмжээнд тоо баримтдаа тулгуурлан хүүхдэд зориулсан бодлого хөтөлбөрийг боловсруулах ач холбогдолтой.
Өнөөдрөөс эхлэн ажлын тав хоног Хүүхдийн утасны зөвлөгч, ахлах ажилтны сургалт Хүүхдийн төлөө үндэсний газарт зохион байгуулж байгаа юм.
Холбоотой мэдээ
Comments are closed.