antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 23, 2011 1 comment

Гуравхан саяын төлөө гурван хүүхдийг өнчрүүлэв

нийтлэсэн Admin

Хэрэг энд болжээ

Төв аймгийн Батсүмбэр суманд энэ сарын 20-21-нд шилжих шөнө онц ноцтой хэрэг гарчээ. Тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Гурван цагаан далай” нэртэй шатахуун түгээх станцыг гурван залуу  дээрэмдэж, “ТОЗ 8” маркийн буугаар 37 настай Далай гэдэг эмэгтэйн толгойд нь буудаж амь насыг хөнөөжээ. Мөн талийгаач эмэгтэйн нөхөр Г.Лхагвасүрэнгийн гуянд  хутгалж, гэмтээсэн байна.

Сэжигтнүүдийг одоогоор баривчлаагүй байгаа аж. Төв аймгийн цагдаагийн хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ-ын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас ажлын хэсэг гарч хэргийг шалгаж буй юм байна.

Уг хэргийн талаар сурвалжлахаар Төв аймгийн Батсүмбэр суманд очсон юм. Биднийг тус суманд очихоор явах замд цагдаагийн албан хаагчид хэд хэдэн удаа зогсоож шалгаж байв. Цагдаа нараас ямар учраас зогсоож шалгаж байгааг тодруулахад “Онц ноцтой хэрэг гарсантай холбогдуулан эргүүл гараад байгаа юм. Хэрэгтнүүд суудлын жижиг тэрэгтэй явж байсан гэсэн. Тэгээд л энэ замаар явж байгаа машин болгоныг шалгаж байна” гэв. Харин Батсүмбэр суманд цагдаагийн албан хаагч нар хашаа, гудамж болгоны үзүүрт зогсчихсон өсвөр насны хүүхдүүдээс авахуулаад эрэгтэйчүүдийг нэг бүрчлэн шалгаж байлаа. Нутгийн иргэдээс “Гурван цагаан далай” гэх  шатахуун түгээх станцыг сураглан хэргийн газар очлоо. Тэнд шинжээч нар үзлэг хийж байгаа бололтой, цагдаа нар хамгаалан зогссон харагдав. Хамгаалалтаас дотогш цагдаа нар иргэдийг нэвтрүүлэхгүй байлаа. Хохирогчийн талын хамаатнууд харин шатахуун түгээх станцын үүдэнд зогсож байв. Тэднээс чухам энд юу болсон талаар тодруулсан боловч “Бидэнд ямар нэгэн  мэдээлэл алга байна. Дөнгөж хотоос ирлээ” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Харин хэрэг болсон газрын хажууханд байрлах байшингийн цонхоор гурван хүүхэд харагдав. Тэд хотоос ирсэн хамаатнууд болон хэргийн газар ажиллаж буй цагдаа нарыг ажиглаж байв. Тэд талийгаачийн хүүхдүүд гэнэ. Том хүү нь гуравдугаар ангид сурдаг бол дунд хүү нь энэ жил нэгдүгээр ангид оржээ. Харин хамгийн бага нь охин. Сумын цэцэрлэгт хүмүүждэг юм байна.

Шатахуун түгээх станц Батсүмбэр сумын төвийн зүүн захад айлуудаас нэлээд зайдуу байрлах аж. Станцын дэргэд дугуй засвар, найман нэрийн хүнсний дэлгүүр байдаг юм байна. Хохирогчид дэлгүүрийн арын өрөөнд амьдардаг байжээ. Тэд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат гэнэ. Гурван жилийн өмнөөс тус суманд суурьшжээ. Шатахуун түгээх станц болон хүнсний дэлгүүр нь хохирогч Лхагвасүрэнгийн аавын эзэмшлийнх гэнэ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр хохирогч Г.Лхагвасүрэн цагдаа нарт анх хэргийн талаар ийн мэдээлжээ. Тэрбээр өнгөрсөн шөнийн 04:45 цагт гэрийн хаалгыг үл таних залуу тогшиж “Ахаа бензин авах гэсэн юм аа.  Манай охин бүр хөлдөж үхлээ шүү. Хурдлаарай” гэсэн. Бид хоёр “Хүүхэдтэй явж байгаа юм байна. Бензин өгөхөөс” хэмээн эхнэртэйгээ ярилцаад босч станцаа онгойлгосон. Тэгтэл машиндаа сууж байсан залуус гарч ирэн бидний араас орж ирсэн. Тэд гурвуулаа байсан.

Нүүрээ хүзүүний ороолтоор ороосон байсан. Тэдний нэг нь шууд “Мөнгөө гаргаад ир. Гаргаж өгөхгүй бол ална шүү. Мөнгөтэй гэдгийг чинь мэдэж байна. Хурдан гарга” гээд халааснаасаа хутга гаргасан. Тэгээд намайг “Ямар удаан хөдөлдөг новш вэ” гээд яах ийхийн завдалгүй гуянд  хутгалсан. Эхнэр маань гэрээсээ байсан бүх мөнгөө авчирч тэдэнд өгсөн. Ойролцоогоор гурван сая төгрөг байсан байх. Тэгтэл гэнэт буун дуу тас хийгээд явчихсан. Эхнэрээ хартал толгойноос нь цус урсаж харагдсан. Тэгээд л эхнэр маань газар дээрээ амьсгал хураасан” гэжээ.

Хэрэгтнүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа сумын төвд үргэлжилж байна лээ. Батсүмбэр сумын 16-аас дээших бүх насны ажилгүй залуучуудыг шалгаж байв. Мөн өглөөний галт тэргээр хот явсан бүх хүмүүсийг шалгаж эхэлсэн байна. Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт,  Мандал, Баянгол зэрэг газруудад цагдаа нарын эрэл үргэлжилж байгаа бөгөөд явуулын бүх авто тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийж байгаа юм билээ. Одоогоор энэ хэрэгт сэжиглэн хэн нэгнийг баривчлаагүй байна. Сэжигтнүүд хар хөх өнгийн суудлын машинтай явж байсан гэнэ. Мөн хэргийн газраас зугтааж машиндаа суух гэж байхдаа нэг боодол арван мянгатын дэвсгэртийг унагаасан  нь хэргийн газраас олджээ. Шинжээчид сэжигтнүүдийн унаж явсан машины дугуйны мөр, хаалганы бариул дээрх гарын хээ, гутлынх нь мөр зэргийг баталгаажуулан эд мөрийн баримт болгон авсан байна. Дээрх зүйлүүдээс өөр хэргийн газарт ямар нэгэн ул мөр үлдээгээгүй бололтой.

АНГААХАЙ ШИГ ГУРВАН ҮР НЬ ЭЭЖГҮЙ БОЛЧИХЛОО

Хэргийн талаар хохирогч нарын хамаатан болох Б-гээс цөөн асуултад хариулт авсан юм.

-Хохирогчид гурван хүүхэдтэй гэсэн үү?

-Тиймээ. Гурван үр нь ээжгүй болчихоод л гэртээ ээжийгээ нэхээд уйлаад сууж байна. Харин эхнэрээ буудуулж амиа алдахыг харсан дүү маань хүнтэй ч ярьж чадахгүй байгаа. Сэтгэл санааны хямралд орчихоод л сууж байна. Юм ч ярьж болохгүй хэцүү байна. “Тэрний минь оронд намайг алахгүй яасан юм бэ” гээд л уйлаад байгаа.

-Сумын төвөөс холгүйхэн өөр нэг гэр нь байдаг гэсэн үү?

-Хоёр дүү минь сайхан амьдрах гэж их хичээж байсан юм. Эндээс холгүйхэн фермерийн аж ахуй эрхлэх гээд саалийн үнээ тэжээж байсан юм. Тэндээ сургуулийн хүүхэд амрахаар очдог байсан. Цагдаа нар үзлэг хийж байгаа гээд гурван хүүхдийг нь гаргахгүй юм. Энд хамаатан садан нь байхгүй л дээ. Таних хүн бараг байхгүй.

-Талийгаачийн ар гэрийнхэн ирсэн байгаа юу?

-Ирсэн байгаа. Харин ээж нь Өвөрхангайгаас ирж амжаагүй замдаа явж байна. Бид айгаад ээжид нь хэлж чадахгүй байгаа. Ирэхээр нь хэлэх байх.

h

Хохирогчдын гэр сумын төвөөс холгүйхэн байх ажээ

Э.ХҮРЭЛБААТАР

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 24, 2011 12:41:37 am )

    mongolchuud maani ch araatan bolj duusch bn daa

antalya rent a car