О.Магнай даргаа, хууль бусаар ашиг олдог УБТЗ-ын монополь хэрээс хэтэрлээМонголын төмөр зам монополь байдлаа ашиглаад бизнесийг дэмжигч бус харин чангаагч болон хувирчээ. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдснаас хойш бизнесд саад бологч гох дэгээ хаалт бүрийг цуцалж цэгцэлж янзалж байгаагаа гайхсан. Гэтэл эдийн засгийн урсгалын гол тээгчийн нэг төмөр замын монопоь байдалд хэвээрээ төдийгүй харин ч улам эрдэж байгааг ШӨХТГ анхаарах цаг болжээ. ГЕГ , УБТЗ-ын хамтарсан шийдвэрээр аюултай болон химийн ачааг Толгойд дахь ачих буулгах механикжсан ангийн талбайд буулгах болоод жил гаруй боллоо. Гэтэл эндээс л харилцан уялдаагүй, зөвхөн өөрийн явцуу эрх ашгийг хамгаалсан, бизнес эрхлэгчдийг чирэгдүүлсэн үйл ажиллагааны тод жишээг харж болно. Одоогийн хүчин төгөлдөр журмаар химийн болон хортой ачааг гаалийн лабораториор шинжлүүлж дүгнэлт гарсны дараа авдаг. Гаалийн хуулийн 256.6-д заасны дагуу шинжилгээний дүн нэг сарын дараа гарах учиртай. Улсын хэмжээний ганц лаборотори тул ачаалал их нь мэдээж. Гэтэл үүнийг монополь байдалдаа аархсан УБТЗ овжиноор ашиглажээ. “Тэртэй тэргүй манайхаас өөр газар буулгаж чадахгүй, чингэлэгээ авч л таараа” гэсэн байдлаар хандан аюултай болон химийн хортой ачааг Толгойтод бууснаас хойш 12 цагийн дотор эзэмшигч нь авна гэсэн хатуу журам гаргажээ. Хэрвээ энэ тогтоосон хугацаанд авахгүй бол нэг чингэлэгийн хураамж болох 9000 төгрөгийг 24-72 цаг байлгавал 3 дахин, 72 цагаас дээш бол бүр 5 дахин өсгөн авдаг. 3-4 чингэлэг “аюултай ачаа” буулгасан компани гаалийн шинжилгээний дүнг хүлээх зуураа доод тал нь 3-4 сая төгрөгийн торгуульд ордог гэнэ. Энэ нь монополь байдлаа ашиглан бизнес эрхлэгчид, тээвэр зуучлалын компаниудыг хохироож бас дээрэлхэж байгаа хэрэг юм. Улсын хэмжээнд ганц гаалийн лаборатори хуулиар тогтоосон хугацаандаа л шинжилгээний хариугаа гаргадаг. Наашлуулах ямар ч арга байхгүй. Түүнээс гадна аюултай ачааг зөвхөн Толгойтод буулгах журамтай тул бүх бизнес эрхлэгчид үүнийг мөрддөг. Харин УБТЗ хуулиас дээгүүр журам гаргаж монополь байдлаа ашиглан компаниудыг хохироож хууль бусаар их хэмжээний ашиг олж байгааг таслан зогсоох ёстой. Шинжилгээний дүн сарын дараа гарна гэж байхад 12 цагийн дотор чингэлэгээ авахыг шаарддаг нь хууль бусаас гадна төмөр замын дарга нарын мөнгө олох арга болсон гэхэд хилсдэхгүй. Тэд монополь байдлаа ямагт зоосны нүхээр хардаг. Нөгөө талаар энэ нь төмөр замын дарга нар ажлаа мэддэггүйг харуулсан. Засаг солигдсоноос хойш намын шахалт тулгалтаар төмөр замын талаар “а” ч үгүй нөхдүүд дунд доод шатны даргын суудалд суусан нь ажлаа мэдэхгүйн дээр мөнгө хийхийн тулд бизнес эрхлэгчидэд гох дэгээ болсон элдэв журам батлаад тулгаад сууж байна. Одоо ч гэсэн тэд хугацаа хэтэрсэн торгуулиа төлөхгүй бол нэг ч чингэлэг өгдөггүй. Бизнес эрхлэгчид бүр дургүйг нь хүргэж ачаагаа оруулдаг ганц төмөр замдаа “зуугдах” байх гэж айгаад хууль бус үйлдлийнх нь талаар дуугарч чаддаггүй. Тэд одоо ганц найдвар болсон ШӨХТГ-ыг л харж сууна.
NUUTS.MN
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 12, 2014 3:03:14 pm )
ENE ZALUU GANCAARDAZ BAINA LUIBAR NX XUCHTEI BAINA
-
зочин (May 13, 2014 2:04:00 pm )
Энэ үнэн шүү Эрдэнэт хотод бас ийм аргаа хэрэглэж ганц зүтгүүртэй байж компаниудыг боомилж 12 цаг дотор амжиж буулгахгүй бол вагон бүрээс 40000 төгрөг дээрээс нь хуучин тариф болох 20000 бас авна гэж байгаа энэ үнэхээр шударга биш байна ааа
-
Anonymous (May 14, 2014 11:05:12 am )
ер нь төмөр замыг нэг хяналтандаа авах хэрэгтэй шүү маш их будлиан байгаа
3 Comments