Төрийн тэргүүнийг гуравдагч этгээдээр татан оролцуулъя гэх хүсэлт баримт болон хэргийн материалд үлдсэн байсан юм
Сүүлийн үед шүүхийн шинэтгэлийн хүрээнд Шүүхийн тухай багц хууль батлагдсантай холбогдон шүүхүүд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж эхлээд байгаа. Үүний хүрээнд хот хөдөөгийн нийлсэн 12 шүүгч ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдсөн. Хамгийн гол нь дээрх шүүгчид “биднийг ажлаас чөлөөлөхөд хамгийн их нөлөө үзүүлсэн газар нь ШЕЗ” гэж хэлж байгаа. Тиймээс шүүгчид энэ маргаанаа шийдвэрлүүлэхийн тулд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж асуудлыг эцэслүүлэхээр болоод байгаа юм. Товчхондоо шүүгчид ШЕЗ-ийг хуулиар хүлээсэн шүүгчийн эрх ашиг сонирхлыг хамгаалах үүргээ биелүүлэхийг шаардсан гэсэн үг.
Ж.Эрдэнэчимэг шүүхэд тайлбар өгөх эрх бүхий хүн биш
Түүнчлэн ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж байгууллагаа төлөөлж шүүх хуралд оролцох хүнээр Ж.Эрдэнэчимэгийг томилсон аж. Гэтэл эл эмэгтэй нэр бүхий 12 шүүгчийг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тухайгаа тодорхой тайлбарлалгүйгээр ганцхан удаа шүүхэд очиж тайлбар өгсөн аж. Уг нь Ж.Эрдэнэчимэг шүүхэд тайлбар өгөх эрх бүхий хүн биш гэнэ. Зөвхөн шүүх хуралд оролцох итгэмжлэлтэй нэгэн байсан байна. Харин өөрийнхөө оронд Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг гэх хоёр хүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө томилон шүүх хуралд оролцуулах болжээ. Гэтэл энэ хоёр хүн ёстой холион бантан хутгаж Монгол Улсын Ерөнхийлөгчийг шүүхэд гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргасан байх юм.
Бид энэ тухай ШЕЗ-өөс асуухад “Ямар ч тийм зүйл болоогүй” гэх товчхон хариултыг өгсөн ч шүүхэд гаргасан тэдний хүсэлтэд Ерөнхийлөгчийг гуравдагч этгээдээр татан оролцуулъя гэх хүсэлт баримт болон хэргийн материалд үлдсэн байсан юм.
Ерөнхийлөгч энэ хэрэгт оролцвол ёстой шившиг гэдгийг тэд ойлгож ухаарсан гэсэн үг
Ингээд ажлаас чөлөөлөгдсөн гэх 12 шүүгчийн төлөөлөл хэлэхдээ “Итгэмжлэгдсэн хоёр төлөөлөгч Ж.Эрдэнэчимэгээс даалгавар авсан өдрөөсөө л эхлэн ШЕЗ-ийн байр суурийг илтгэх болсон. Өөрөөр хэлбэл Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ШЕЗ маш сайн ажиллаж байгаа, олон ч ажил хийсэн, шүүхийг шинэчилсэн гэх яриандаа “12 шүүгч томилогдоогүй явдал нь ерөнхий зөвлөлд хамаагүй. Угтаа бол Ерөнхийлөгч, түүний Тамгын газарт хамаатай. Тэгээд ч томилох эсэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрх, тэр 12 шүүгч яах гэж хэл ам хийгээд байгаа юм бол.
Зарим нь ямар ч арга хэмжээ авагдаагүй байхад халлаа ч гэх шиг сонин юм ярьж байна лээ. Тэдний арга хэмжээтэй байсан эсэх нь ямар ч хамаагүй, халахыг хүссэн болоод л халаа биз, Ерөнхийлөгчийн бүрэн эрх” гэж гоё нэр барин бүх муу муухайгаа төрийн тэргүүн рүү шидэж эхэллээ.
Хамгийн сонирхолтой нь дээрх хоёр нөхөр ШЕЗ-ийн байр суурийг илэрхийлж байгаа. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг анхан шатны 20 дугаар шүүхэд очиж хэргийн материалтай танилцаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг гуравдагч этгээдээр хэрэгт татан оролцуулах хүсэлт гаргасан байсан. Энэ нь ШЕЗ-ийн байр суурь төдийгүй Н.Лүндэндорж дарга итгэмжлэгдсэн хоёр төлөөлөгчөө “би үхэхээр чи үх” гэдэг үгийг мөрдлөгө болгон ажилла гэж захисан бололтой.
Товчхондоо бидний 12 шүүгчийг хаацайлж өмгөөлөх хүнгүйгээр нь далимдуулан ерөнхий зөвлөл туг тахьчихаад байна.
Хэрвээ үнэхээр биднийг тийм үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэсэн баримтаа үзүүлвэл гомдох зүйл алга. Ер нь энэ бүхэнд ямар ч гэм зэмгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийг шүүхэд гуравдагч этгээдээр татан оролцуулж болох уу.
Тэрийгээ мэдээд тэд энэ тухай хүсэлтээ татаж авсан байна лээ. Хэрвээ Ерөнхийлөгч энэ хэрэгт оролцвол ёстой шившиг гэдгийг тэд ойлгож ухаарсан гэсэн үг. Ямар ч мэдлэг боловсролгүй итгэмжлэгдсэн хоёр төлөөлөгч ерөнхий зөвлөлийн нэр хүндийг газарт унагаалаа шүү дээ.
Биднийг чөлөөлсөн үндэслэлээ хэлж чадахгүй байгаа нөхөд одоо хов жив төдий үгээр халхавч хийн эцэстээ Ерөнхийлөгчийг барьж ойчих бодолтой байх шиг байна.
Өнгөрсөн пүрэв гарагт бидний нэхэмжлэлтэй холбоотой шүүх хурал болсон. Гэтэл тэд илтэд нөлөөлж шүүх хурлыг дахин хойшлуулж чадлаа.
Уг нь хойшлох ямар ч үндэслэл байгаагүй гэдгийг шүүх хурлыг даргалж байсан даргалагч шүүгч Б.Адьяасүрэн мэдэж байгаа. Яалт ч үгүй дээрээс ирсэн шийдвэр учраас тэд хурлыг хийж чадаагүй байх гэж ойлгож байна.
Бид өөрсдөө шүүх хуралд оролцохгүй байгаа. Учир нь бид хуулийн дагуу өөрсдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараа шүүх хуралд оролцуулах бүрэн эрхтэй. Гэтэл А.Эрдэнэбилэг биднийг шүүх хуралд нэхэмжлэл гаргасан мөртлөө эдгээр шүүгч ирж оролцсонгүй. Тэгээд ч үнэхээр 12 шүүгч шүүхэд гомдол гаргасан эсэх нь эргэлзээтэй байна гэж сонин зүйл ярьсан байна билээ” гэв.
Төрийн тэргүүнийг гуравдагч этгээдээр татах хүсэлт тавьсан баримт
Итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг хүсэлтээ татаж авсан
Ж.Эрдэнэчимэгийн шүүх хуралд оролцох итгэмжлэлийн бичиг
Ямартай ч шүүгчид энэ хэргийн үнэн мөнийг олж эцсээ хүртэл тэмцэх болно гэдгээ хэлж байсан. Эдгээр шүүгчдийн талаар ШЕЗ Ерөнхийлөгчид дөрвөн төрлийн судалгаа гаргаж өгсөн аж.
Энэхүү судалгааг гаргаж өгөхдөө чухам ямар судалгаа байсан талаар шүүгчид асуухаар юу ч хэлэлгүй нууцлаад байгаа аж.
Мөн ШЕЗ-ийг Ерөнхийлөгчид өргөн барьсан 42 дугаар тогтоолын хурлын тэмдэглэлээ үзүүл гэхээр үзүүлэхгүй байгаа нь ямар нэгэн хардлага дагуулахаас өөр аргагүй болоод байна гэж шүүгчид хэлж байсан юм.
Гэхдээ өнөөдөр хэдийгээр энэхүү 12 шүүгч зарга үүсгэж байгаа ч тэдний цаана хөдөө орон нутаг руу шалтгаангүйгээр шилжсэн нэлээд олон шүүгч тус зөвлөлийг шүүхэд өгсөн юм билээ. Учир нь ерөнхий зөвлөл шүүгчдээс заавал өөрсдийнх нь санаа бодол, хүсэлтийг нь сонсож байж сэлгэн ажилуулах буюу шилжүүлэх ёстой байдаг юм байна.
Уг нь гэмт хэрэг хийсэн хүнээс эцсийнх нь үгийг сонсдог хуультай байхад яагаад ингэж шүүгчддээ ялгаварлан хандах болов гэдгийг шүүгчид төдийгүй олон нийт асууж байгааг хэлэх нь зүйн хэрэг байх. Ажлаас чөлөөлөгдсөн нэр бүхий 12 шүүгчийн хүсэж буй зүйл маш энгийн.
Өөрөөр хэлбэл “Бид ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн юм бэ. Чөлөөлөгдсөн шалтгааныг минь хэлээд өгөөч” гэж л хүссэн хэрэг юм.
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.