“Нүхт тур”-ээс бид хоолны үйлчилгээгээ авах гэхээр тэд шүүхдээд ялчихдаг
“МИАТ” ХК-ийн Катеринг нь зорчигчдод аялалын хоол хүнс нийлүүлэх үйлчилгээг өөрсдөө хийвэл жилд 1.1 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж албаны эх сурвалжууд мэдээлсэн.
Гэтэл бүтэн таван жилийн турш дангаараа монополь байдлыг хадгалсаар ирсэн Д.Хоржав захиралтай “Нүхт тур” ХХК жилдээ гурван тэрбум төгрөгийг “МИАТ”-ээс сул авдаг юм байна.
Тодруулбал 2009 онд менежментийн хувьчлалаар тус компани зорчигчдод зориулсан хоол хүнс бэлтгэх ажлыг авч байжээ. Гэхдээ энэхүү гэрээг анх “МИАТ”-ийн захирал асан Ч.Орхон “Нүхт тур” компанитай гэрээ хийж байсан бол одоогийн захирал Г.Жаргалсайхан ч энэхүү гэрээг өнөөг хүртэл хийсээр байгаа юм. Өөрөөр хэлбэл 2009 оны долоодугаар сарын 23-ны өдөр 09/139 тоот “МИАТ” ХК-ийн Катеринг төвийн удирдах үйл ажиллагааг удирдлагын гэрээгээр гүйцэтгүүлэх тухай гэрээг “МИАТ” ХК, “Нүхт тур” ХХК-ийн хооронд хоёр жилийн хугацаатайгаар байгуулсан аж.
Хамгийн гол нь эл гэрээг байгуулахдаа компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар эцэслэн хэлэлцүүлж шийдвэрлүүлээгүй байсан нь хоёр жилийн өмнө хийгдсэн шалгалтаар тогтоогдсон байна.
Товчхондоо “МИАТ” ХК-ийн ТУЗ-ийн 2009 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, эдийн засгийн тооцоо, судалгааг хангалтгүй байна гэж үзээд дараагийн хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. Гэтэл уг асуудлыг хэлэлцүүлэх үед удирдлагын гэрээ байгуулагдсан байсан гэж компанийн ТУЗ-ийн хурлаар дахин хэлэлцээгүй аж.
Уг нь компанийн тухай хуулийн 88.1-д “их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал санал нэгтэйгээр гаргана”. Мөн “МИАТ” ХК-ийн дүрмийн 7.9.1-д “ТУЗ нь “МИАТ” ХК-ийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийг батлах”-аар заасныг тус тус зөрчиж байжээ.
Мөн 2009 оны долоодугаар сарын 24-ний өдөр 09/139А тоот шийдвэрээр “агаарын хөлгөөр зорчигчдын хоол бэлтгэн нийлүүлэх тухай” гэрээг “МИАТ” ХК, “Нүхт тур” ХХК-ийн хооронд байгуулжээ.
Энэ нь “бэлтгэн нийлүүлэх гэрээ” юм. Ямартай ч “Нүхт тур” ХХК аль засгийн үед монополь байсаар ирснийг дээрх удирдлагын гэрээ болон бэлтгэн нийлүүлэх гэрээнүүд нотлоод өгч буй хэрэг.
Түүнчлэн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа “МИАТ” компанид хандан нэгэн шаардлага хүргүүлжээ. Уг шаардлага нь “Нүхт тур” компанитай байгуулсан гэрээг цуцлах, хууль хяналтын байгууллагаар шалгуулах байсан аж. Уг шалгалтаар “Нүхт тур” компани “МИАТ” компанид шахсан бараа бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээлийн үнээс эрс өндөр байсан аж.
Товчхондоо “МИАТ” ХК, “Нүхт тур” компанитай гэрээ байгуулахдаа хууль дүрэм зөрчиж байж энэхүү гэрээнүүдийг байгуулсан гэж ойлгож болохоор байна. Мэдээж “Нүхт тур” компанийн жилд авдаг гурван тэрбум төгрөг гэдэг бага мөнгө биш. Тиймээс “МИАТ” ХК, “Нүхт тур” хоёрын хооронд түншлэлийг хэн гэгч ноёнтон ийм удаан хугацааны турш барьж ирэв гэдэг нь сонирхол татах зүйлийн нэг.
Бас нэг сонирхол татах зүйл гэвэл өөрийн гэсэн байргүй “Нүхт тур” компанийн ашиг орлого хэдэн тэрбумаар өсдөг аж.
Бид дахин ялагдахгүйн тулд тэдний тухай бараг л хар данс цуглуулж байгаа
Албаны эх сурвалж хэлэхдээ ““МИАТ” ХК нь 1998 онд өөрийн хөрөнгөөр Катерингийн зориулалт бүхий барилга барьж ашиглалтад оруулсан. Энэ нь олон улсын нислэгээр зорчигчдийн хоолыг өөрсдөө бэлтгэх цехтэй болсон гэсэн үг.
2000 он гэхэд 106.2 мянган ам.долларын худалдаа хийж, 31.8 мянган ам долларын ашигтай ажиллаж байсан. Харин 2002 онд “МИАТ катеринг” нэртэй төрийн өмчит ХХК болгож зохион байгуулалтыг өөрчилж аж ахуйн тооцоон дээр ажиллуулж 13.2 сая төгрөгийн ашигтай ажилласан байдаг.
Ингээд 2006 он хүртэл бие даасан аж ахуйн тооцоон дээр ажилладаг охин компани байсныг буцаан өөрчилж “МИАТ” ХК-ийн Катеринг төв гэсэн хэлтсийн зохион байгуулалтад оруулсан, 2008 онд катерингийн төвд “МИАТ” ХК 790 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, барилгын өргөтгөл шинэчлэл, агуулах, хөргөх хөлдөөх байгууламжийг шинээр барьсан.
Уг нь бид өөрсдөө энэхүү катеринг үйлчилгээг цааш аваад явах бүрэн боломж байсан юм билээ. Тухайн үеийн дарга нар энэ ажлыг ямар шийдэлд хүрч хувьчлал явуулсныг бид мэдэхгүй шүү дээ. Гэхдээ энэ онд “Нүхт тур” компанийн гэрээ дуусч байгаа.
Тиймээс бид менежментийн гэрээгээ дүгнэж алдаа оноогоо ярилцана гэсэн үг. Хамгийн асуудалтай нь “Нүхт тур”-ээс бид хоолны үйлчилгээгээ авах гэхээр тэд шүүхдээд ялчихдаг.
Тиймээс бид дахин ялагдахгүйн тулд тэдний тухай бараг л хар данс шахуу юм цуглуулж байж гэрээгээ цуцлах арга хэмжээ авна шүү дээ” гэлээ. Юутай ч албаны хүн тус компанийн хоолны амт чанар маш муу байдаг гэдэгтэй санал нэг байсныг хэлэх нь зүйн хэрэг байх.
Түүнчлэн зорчигчид “Нүхт тур”-ын хоолноос хордлоо гэж гомдол гаргадаг. Хамгийн гол нь хоолонд хордсон хүмүүс таваас дээш байсан тохиолдолд хордлого авсан гэж үздэг аж.
Өөрөөр хэлбэл нэг хүн тус компанийн хоолноос хордсон бол “хохь” чинь гэж хэлж байгаатай агаар нэг юм.
Хэдийгээр энд нэг хүн хордсон мэт харагдаж байгаа боловч цаад утгаараа тухайн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эдийн засагт нь хүртэл гарз гарч байна гэдгийг тус компани ойлгохгүй байгаа нь харамсалтай хэмээн албаны хүн хэлж байсан юм.
Эндээс нэг зүйлийг ажиглахад “МИАТ” ХК дангаараа катерингийн үйлчилгээгээ хийгээд явах бүрэн боломж нь байсаар байтал яагаад “Нүхт тур”-д өгөх болов гэдэг нь сонирхол татдаг.
Энэ бүхний эцэст “МИАТ” ХК болон “Нүхт тур” компанийн энэхүү хачирхалтай гэрээнүүдийг АТГ шалгаж үзвэл санхүүгийн нэлээд зөрчлийг илрүүлэх магадлалтай хэмээн хэд хэдэн эх сурвалжууд хэлж байсан юм.
Үргэлжлэл бий..
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Азжаргал (April 30, 2014 9:06:46 pm )
MИАТ Монголын хэмжээнд байхгүй тэнгэрлэг сайхан компани, та бүхэндээ амжилт хүсье.
1 Comment