Хийгүй Ерөнхийлөгч хэмээх Н.Багабанди төрөлх намдаа хоёр сайхан залуу бэлдэж өгнө гэсэн амлалтандаа хүрэхээр шийджээ. “Сайхан залуу” гэдэг нь мэдлэг боловсролтой, ирээдүйтэй бас хэнээс ч гуйхааргүй хөрөнгө мөнгөтэй гэсэн үг аж.
Нэг хэсэг аавынхаа төрсөн нутагт нэр дэвшинэ хэмээн олныг төөрүүлж явсан О.Содбилэг яах аргагүй Н.Багабандийн “уяасан морь” мөн.
Өнгөрсөн зуны эхээр Н.Багабанди түүнийг дагуулан Завхан аймгийн бүх сумаар тойрсон боловч О.Содбилэг гэнэтхэн Эрдэнэт хотод нэр дэвшинэ хэмээн зарлаж багшийнхаа хөдөлмөрийг үрэн таран хийсэн. Арыг нь дааж байгаа багшаа тоолгүй ээжийнхээ үгэнд орсон эрх шавьдаа Н.Багабанди баахан гомдсон гэдэг. Ингээд арай чих зөөлөнтэй шавь олж авсан нь “МАК”-ийн гүйцэтгэх захирал Н.Номтойбаяр гэнэ.
Багш шавь хоёр “хадаг яндар болж” ёс төр гүйцэтгэсэн тухай ойр дотныхон нь ярьж байна. Ийнхүү хийгүй Ерөнхийлөгч алтны магнатын хүүгийн сонгуулийн албан бус болов ч голлох зөвлөх зиг чиг заагч нь болжээ. Ер нь улс төрийн магнат алтны магнат хоёр гэр бүлийн нөхөрлөл эртнээс эхэлсэн. “МАК” компанийг Гашуун сухайтын ордод “Тогтвортой байдлын гэрээ” нэрээр 10 жил эзэн суухад нь Н.Багабандийн нөлөө тус болсон байх. Т.Нямтайширын охины хуриманд АН-аас Ц.Элбэгдорж МАН-аас Н.Багабанди оёр л уригдан очиж байсан. Н.Номтойбаяр ч тэр даруйд нь багшийнхаа “брэнд”-ийг сурталчилгааны ажилдаа ашиглаж гарчээ.
Саяхан Дорнод аймагт хүүхэд залуучуудын дунд “Титэм үг” нэртэй уран илтгэл эссе шалгаруулах уралдаан болсон аж. “Титэм үг” бол Н.Багабандийн хэн ч булаацалдахгүй брэнд юм. Хийгүй ерөнхийлөгчийн “Титэм үг”-ийг сонгуулийн сурталчилгаандаа ашигласан хоёрдахь хүн нь Н.Номтойбаяр боллоо. Өмнө нь ЭБЭХ-ний сайд Д.Зоригт Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихдээ 10 мянган хувь хэвлүүлэн тарааж байсан. “МАК” компанийхан ч удахгүй “Титэм үг” номыг урд хөршид хэний ч хараа булаахаар өнгө зүстэй хэвлүүлэхээр төлөвлөжээ.
Гэхдээ тараахдаа Дорнод уу Сэлэнгэд үү гэдэг нь тодорхойгүй байгаа. Учир нь “МАК”-ийн Н.Номтойбаяр энэ хоёр аймгийн алинд ньч нэр дэвшиж магадгүй гэнэ. Бизнесийн эрх ашиг нь Дорнод руу түлхэж байгаа бол намын нөхөд нь Сэлэнгэ аймагт нэр дэвшүүлэхээр шахаж байна. Гэхдээ ямар ч шийдвэр гарсан гэхэд багш нь болох экс ерөнхийлөгч Н.Багабандийн үг их нөлөөтэй нь ойлгомжтой биз. үүний хажуугаар “МАК” компаний Адуунчулууны уурхайг түшиглэсэн бизнес улам өргөжиж байна.
Саяхан ЭБЭХЯ-наас Чойбалсан хотод 100мгват хүчин чадалтай ДЦС барихаар нээлттэй тендер зарласан ч “МАК” компани оролцох сургаар бусад аж ахуйн нэгжүүд бичиг баримтаа өгөхөө азнасан сурагтай. Хэрвээ алтны магнатын компани орох юм бол тэд өрсөлдөөд шалгарахгүй биз. Тендерт ялна гэдэгтээ бат итгэсэн “МАК”-ийнхан бэлтгэл ажилдаа орчихож. Юуны өмнө ажиллах хүчээ бэлдэн одоо ажиллаж байгаа төрийн өмчит ганц Дулааны станцын инженер, мэргэжилтэй ажилчдыг нэг нэгээр нь урвуулж байгаа гэнэ.
Холбоотой мэдээ
Comments are closed.