УМБГ-аас НӨАТ-ын орлого, зарлагын баримт бичиг ашиглан, татвар төлөхөөс зайлсхийсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгаж хууль зөрчсөн, улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан байгууллагуудад эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж. Тодруулбал 2871 аж ахуйн нэгж НӨАТ-ын падаан бусдаас худалдан авсан, 45 аж ахуйн нэгж НӨАТ-ын падаан бусдад зарсан нь тогтоогдсон байна.
Татвараас зайлсхийсэн хууль бус үйлдлийн улмаас улсын төсөвт орох ёстой 47.8 тэрбум төгрөгийн орлого алдагдаж, энэ хэрээр хууль зөрчигчдийн халаас зузаарч, идэж завшсан нөхдийн хүрээ тэлж олширчээ. Одоогоор 572 аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн 164, 166 дугаар зүйл анги буюу “Татвар төлөхөөс зайлсхийсэн” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа төдийгүй улсад учруулсан олон тэрбум төгрөгийн хохирлоос цагдаагийн байгууллага, татварын албатай хамтарч 14.2 тэрбум төгрөгийн хохирлыг л нөхөн төлүүлсэн гэж байгаа. Харин НӨАТ-ын падаанд хий бичилт хийж, аж ахуйн нэгжүүдэд худалддаг байсан Д.Дашбаатар, Ц.Гэрэл нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байгаа тухайгаа албаныхан мэдээлсэн юм.
Энэ мэтээр НӨАТ-ын падаанд хий бичилт хийж, татварын орлогыг замаас нь завшиж хөлжсөн нөхдийг илрүүлэн шалгасаар байгаа ч энэ төрлийн зөрчил буурахгүй байгааг татварын албаныхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдэгдэж, сэрэмжлүүлэг бүхий нэвтрүүлэг хүртэл бэлтгэн цацаж байсан юм.
Харин үр дүн нь бахь байдгаараа. Чоныг нь цөөлсөөр байтал хонь яагаад хорогдоод байгаагийн учир нь НӨАТ-тай холбоотой хэргийн гол эзэд нь Татварын Ерөнхий газрын нэр бүхий албан тушаалтнууд, ажилчидтай холбоотой гэдгийг мэдэх хүн тодорхой хүрээнд бий. Өөрөөр хэлбэл татварынхан өөрсдөө НӨАТ дээр “ажилласаар” байхад хоттой хонь хорогдох нь гарцаагүй.Нэмэгдсэн өртгийн албан татварын падааны хэрэг анх илрэх үед энэ хэрэгт холбоотой Татварын Ерөнхий газрын зарим дарга, удирдлагуудыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан.
Гэвч өдгөө таг чиг болж, хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа нь ч сураггүй болж чимээ тасарсан гэдгийг хэн хүнгүй гадарлаж буй байх. Ер нь томоохон албан тушаалтан хийгээд хөрөнгө мөнгөтэй хүмүүстэй холбоотой хэрэг замхарч, сарнин алга болдгийн нэг жишээ нь энэ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Зочин (April 17, 2014 3:01:13 pm )
Хэн гэдгийг нь хэлж мэдэхгүй ч гэсэн, би өөрөө 27 жил нягтлан бодогч хийсний хувьд НӨАТ- зарсан гэх энэ хэрэг татварынхны оролцоотой, тэдний ивээл дор хийгдэнэ үү гэхээс хэн нэг зальтай этгээдийн хийчих ажил биш гэдгийг сайн мэдэж байна.
1 Comment