-ТЕНДЕРИЙН НАЙМАА ДАРГА НАРЫН ХҮРЭЭНЭЭС ХАЛИАД ЗАХ ДЭЭР ГАРЧИХЛАА-
Энэ төрөөс сүүлийн жилүүдэд “Хураана, нураана, хаана, бооно” гэдэг үг ихэвчлэн гарах болсныг бизнес эрхлэгчид ярьдаг. Ардчиллынхан бүх шатанд эрх барих болсон үеэс хурган дарга нарт өгөх авлигын хэмжээ ч өсчээ. МАН-ын үед тендер авахын тулд нэг даргыг авлигаддаг байсан бол АН-ын үед тэр даргын доор ажиллаж байгаа бүх ажилтнуудын гарыг цайлгах шаардлагатай болж өөрчлөгдсөн байна. Энэ талаар нэгэн компанийн захирал ний нуугүй ярилаа. Бизнесийг нь эрсдэлд оруулахгүйн тулд ярилцлага өгсөн эрхмээ нууцалж байна.
-Танай компани олон жил тендер авсан даа. Тэгэхээр төрийн мөнгөөр ажил гүйцэтгэхийн зовлон, жаргалыг сайн мэднэ биз?
-Манайх барилгын чиглэлээр ажилладаг компани. Арав шахам жил тендерийн ажил гүйцэтгэж ирсэн. Жижиг ажлаас их мөнгөн дүнтэй том ажил хүртэл цөөнгүй ажил хийлээ. Ёстой л болохоос нь болохгүйг хүртэл үзэж байна гэхэд буруудахгүй байх. Өнгөрсөн жилээс төрийн мөнгөөр ажил хийнэ гэдэг улам бүр яггүй болж эхэллээ. Нөхцөл байдал ч дордсоор байгаа.
-Нөхцөл байдал гэж та юуг хэлж байна вэ?
-Тендер чинь авлигадахгүй бол бүтдэггүй ажил. Өмнө нь ч авлига байсан. Одоо ч байгаа. Харин одоо бол авлигын нөхцөл нь улам бүр муудаад байна. Өрсөлдөгчгүй тендерт бид шалгарч л байсан. Тийм нөхцөлд авлига яригдахгүй л дээ. Харин нийслэл болон дэд бүтэц хөгжсөн аймгийн төв, зам дагуух газруудад эсвэл төсөв мөнгө сайтай ажил дээр өрсөлдөөн ихтэй байдаг. Тийм тохиолдолд авлига өгч байж л ажлаа бүтээнэ шүү дээ. Өмнө нь нэг яамны Төрийн нарийн бичгийн дарга юм уу, хариуцсан хэлтсийн дарга, үнэлгээний хорооны даргатай “яриад” болгочихдог байлаа.
-Өмнөх засгийн үед тендерийнхээ хэдэн хувиар “ярих” уу?
-Хүмүүсийн ярьдаг шиг арав, хорин хувь арай ч биш. Эхэндээ хоёр, гурван хувь ч юм уу тодорхой мөнгө яригддаг байлаа. Харин засаг солигдсоны дараа бүр арай дэндлээ. Тендер ярьдаг, түүнд ойр хавийнхан нь холбогдсон бүхэн авлига нэхэж байна шүү дээ. Их сургуулийн багшийн маань дунд сургуульд сурдаг охин над руу утсаар “Тендер авах уу. Таван хувийг нь өгнө гэвэл тендер авч өгье” гэж ярих жишээний. Тэгтэл тэр охины найз бандийн ээж яаманд ажилладаг юм гэнэ. Ингээд л найз залуугийнхаа ээжээр дамжуулаад тендер авч өгөөд ашиг олно гэж байна шүү дээ. Тендер авах ажил ингэж гудамжинд гарлаа. Өмнө нь арай ч арван жилийн хүүхэд “Тендер аваад өгье. Ажил болгоё. Хүнтэй яриад өгье” гэж ярьдаггүй байлаа. Гэтэл ардчиллынхан төрийн эрх авснаас хойш тендерийн наймаа гудамжинд, зах дээр гарчихлаа. Хүн бүр тендер ярьдаг болсныг та бүхэн ч ажиглаж байгаа байх. Өдийд тендер зарлагддаг үе л дээ. Ийм ид үед “Тендер авах уу”, “Тэнд ийм таньдаг хүн байна” гэж маш олон хүн ярих боллоо. Холбоо харилцаа хөгжөөд ирэхээр хүмүүсийн холбоо сүлбээ өргөждөг юм уу. Тэр шугамаараа тендерийн ажил хийдэг хүмүүсээ олоод л санал тавиад байдаг бололтой юм. Ингэж гудамжинд тендер яриад, ажлаа бүтээгээд хувиа аваад байдаг эсэхийг мэдэхгүй.
-Дунд сургуулийн хүүхэд тендерийн наймаа хийе, таван хувийг нь өг гэж ярьсан гэхээр өмнө нь ийм наймаа хийж байсан бололтой?
-Надад бол таван хувийг нь өг гэсэн. Тэр охины найз хөвгүүний ээж ямар албан тушаалтай, яаж нөлөөлөхийг мэдэхгүй шүү дээ. Тэр хүүхэдтэй яриад “за” болчихлоо гэхэд өөр нэг хүн дахиад л над руу ярина шүү дээ. Тэгэхэд нь “Өө, би тэр хүнтэй ярьчихсан” гэх боломж байдаггүй. Жишээлбэл, Үнэлгээний хорооны даргын нарийн бичиг нэг компанитай холбогдоод таван хувь авахаар тохирчихлоо. Ингээд дэмжээд байсан хэрнээ дарга нь зөвшөөрөхгүй бол нөгөө компани даргатай дахиад “ярих”-аас өөр аргагүй болно. Тэгэхдээ “Би танай нарийн бичигт таван хувь өгөхөөр болчихсон. Та хоёр хуваачих уу” гэх боломж байхгүй. Нөгөө дарга дахиад л таван хувь ярина. Ингэсээр байгаад нөгөө тендерийн арав, хорин хувь авлигад явчихаар юугаараа байшин барих билээ.
-Худалдан авах ажиллагааны газар байгуулаад тендерийн наймааг цэгцэлчихлээ гэсэн худлаа юу. Яагаад зах дээр гарчихав?
-Харин ч дарга нарын хүрээнээс халиад зах дээр гарчихлаа. Дээр нь Худалдан авах ажиллагааны газарт олон талын төлөөлөл байдаг. Өмнө нь нэг яамнаас зарласан тендер байлаа гэхэд тухайн яамныхан л тендерийн үнэлгээний хорооны комисс байгуулчихдаг байсан. Харин одоо Улсын худалдан авах ажиллагааны газар байгуулагдсанаар үнэлгээний хороонд яамны төлөөллөөс гадна төрийн бус байгууллага, худалдан авах ажиллагааны төлөөлөл ордог болсон. Ингэж олон талаас төлөөлөл орох тутам тендерийн наймаа зах руу гарах нь ихэсч байгаа хэрэг. Төрийн бус байгууллагын нөхөр гэхэд ямар нэгэн сонирхолтойгоор үнэлгээний хороо руу давхиж ороод, оролцож байгаа компаниудтай холбоо тогтоох гэж оролдох жишээтэй.
-Энэ засгийн үед албан тушаал дээр суусан хүн бүр авлига авахыг боддог. Тэр хэрээр бизнес эрхлэгчдэд дарамттай болжээ, янз нь?
-МАН-ын үед дарга нь ажлаа мэддэг, аргалж чаддаг байж. Хуучин даргыг нь аргалчихсан байхад асуудал гардаггүй байж. Харин энэ засгийн үед өчнөөн мөнгө өгөөд тендер авлаа гэхэд араас нь дандаа хэл ам дагуулна. Туршлагагүй, ажлаа мэддэггүй баахан нөхдүүд л төрийн албанд очиж. МАН-ын дарга нар тендерт шалгаруулаад, гэрээг нь байгуулаад эхний санхүүжилт орсны дараа авлигаа нэхдэг байлаа. Гэтэл одоо нөхдүүд худлаа үнэн шалгарсан нэр дуулгаад л мөнгөө нэхэж эхэлдэг. Өрсөлдөгчдийн нэг шүүхэд хандаад тендер цуцлагдвал яах билээ. Мөнгөө аваагүй байж зургаан хувийг яаж өгөх билээ. Авлига авахдаа хүртэл тийм увайгүй байх юм. Муу юманд хүртэл зарчим байх хэрэгтэй биз дээ. Одоогийн дарга нарт хүн чанар, зарчим ерөөсөө алга.
-Их мөнгөн дүнтэй тендер авахын тулд эхлээд хэнтэй ярьж, хэдэн хүн авлига өгөх шаардлага гардаг вэ?
-Тендерийн үнэлгээний хороо ойролцоогоор тав зургаан гишүүнтэй. Тэр бүртэй л ярих шаардлага гарна. МАН-ын үед дарга нар нь эрх мэдэлтэй, хүчтэй байж. Даргатай нь “ярьчихсан” байхад тэр хүн доод хүмүүсээ бүгдийг нь барьдаг, ямар ч асуудал гаргадаггүй байлаа. Харин одоо үнэлгээний хорооны гишүүн бүр ямар нэгэн байдлаар тендерт оролцсон компанитай холбоо тогтоодог болсон. “Танайх болох гээд байна. Гэхдээ л…”, “Уг нь танайх болчихсон л юм байна. Гэхдээ л…” гээд шантаажилж байгаа юм шиг ярих жишээтэй.
-Даргад өгдөг байсан шигээ мөнгийг таван хүнд өгдөг болсон гэсэн үг үү?
-Ер нь тиймэрхүү. Хуучин даргатай “яриад” бэлэг сэлт, мөнгөө өгчихнө. Дарга цаашаа бүх асуудлаа зохицуулчихдаг байсан. Гэтэл одоо тэр олон хүнтэй уулзах, тэр олон хүний эвийг олж харьцах шаардлага гарна. Тендерт оролцоно, ялна, барилгаа барина гэдэг маань маш их цаг хугацаа шаарддаг. Тийм болохоор нөгөө хүмүүстэй ямар нэгэн байдлаар муудалцаж болдоггүй зовлонтой. Жишээлбэл, үнэлгээний хорооны гишүүдийн гурав нь манай компани руу ярилаа гэж бодъё. Тэдний хоёрт нь “юм” өгчихөөд нэгийг нь үлдээчихээд тендерээ авч болно. Харин дараа нь нөгөө үлдсэн нөхөр өс санаад, гэдийгээд эхэлдэг. Саяхан манай нэг танил тендер авахаар болж. Нэг компанитай өрсөлдөөд үнийн саналаараа ялсан байна. Өөрөөр хэлбэл, бүх нөхцөл шаардлагыг хангаад шалгарахад бэлэн байх үедээ үнэлгээний хорооны гишүүдийн тал хувьд нь авлига өгч л дээ. Тэгэхгүй бол “Өндгөөс ч өө гаргана” гэдэг шиг зүйл болоод хасагдана шүү дээ. Тиймээс тал хувьд нь нөлөөлөөд ажлаа бүтээчихсэн байтал үнэлгээний хорооны өөр нэг нөхөр бичиг баримтаас нь нэг юм гаргаж ирээд л “Танай энэ бичиг дутуу байна. Тэдний дотор бэлэн болгохгүй бол тендерийг чинь хүчингүй болголоо” гээд ярьж эхэлсэн. Тэгтэл тэр хүнийг таньдаг өөр нэг нөхөр бас яриад “Тэд миний таньдаг, нөлөөлж чадах хүн байгаа юм. Танайх шалгарчихаад байхад тийм асуудал гараад байгаа юм байна” гээд ярьдаг болсон гэж байгаа юм. Энэ нь “Танайх ажил хийх гэж байгаа юм байна. Тусалъя” гэсэн сэтгэл огтоос биш. Ямар нэгэн байдлаар тендерт оролцож байгаа компанийг шантаажилж, мөнгө авах л гэсэн оролдлого. Тэрийгээ ч бүтээж байж санаа нь амардаг.
-Нэг мэргэжилтэн ингэж шантааж хийхдээ тендерийн хэдэн хувийг авна гэх үү. Жишээлбэл, даргад тэдэн хувь, үнэлгээний хорооны гишүүдэд тэдэн хувь гэсэн тогтсон тариф байх уу?
-Өгсөн мөнгийг бага гэж чамлана. Нийслэл дээр хамгийн доод тал нь үнийн дүнгийн зургаан хувь гэж ярьдаг. Энэ бол тендерт оролцоогүй байх үеийн ханш шүү дээ. Оролцохоор дахиад ярьж эхэлнэ шүү дээ. Нэг тэрбум төгрөгийн тендер авлаа гэхэд хамгийн багадаа 60 сая төгрөгийг авлигад өгнө гэсэн үг.
-За, мөнгө нэхсэн бүртэй “ярьж” авлигыг нь өгөөд тендер авдаг юм байж. Ажлынхаа ард яаж гарах уу. Санхүүжилт орохоос эхлээд асуудал бас бий биз?
-Заримд нь мөнгө өгөөд, заримыг нь авлигадна гэж “хулхидаад” тендерээ авчихлаа. Тэгтэл улс мөнгө байхгүй гээд таг болчихно. Ингээд өөрсдийнхөө мөнгөөр ажлаа эхлэхээс аргагүй. Бичиг баримтаа цэгцлээд, ажлаа эхэлсний дараа мөнгө орж ирэх гэж бөөн юм болно. Тендерт ялсан гэсэн бичгийг салбарын яамнаас дамжаад Сангийн яаманд очно. Сангийн яам “Мөнгө байхгүй” гээд үүдэндээ баахан компанийн нэр жагсаачихна. Нэг өдөр очихоор далдугаарт манай компанийн нэр байна. Маргааш нь очихоор 67 дугаарт бичигдэж урагшилсан байх жишээтэй. Хэдэн сар хүлээхгүйн тулд яамны хариуцсан мэргэжилтэнд “Манай мөнгийг шилжүүлчихийг бодооч” гээд мөнгө атгуулна. Ингээд Сангийн яамнаас салбарын яамны данс руу мөнгө орно. Тэр яамнаас компани руу мөнгө шилжүүлэхийн тулд төрийн нарийн бичгийн дарга хүртэл гарын үсэг зурдаг. Төрийн нарийн бичгийн даргаас дооших бүх албан тушаалтан гарын үсэг зурна гэсэн үг. Гарын үсэг олон байна гэдэг цаг хугацаа шаардана. Цаг хожихын тулд авлига өгөх санаачилгыг бид өөрсдөө гаргана. “За, найз нь 100 ам.доллар өгчихье. Гялс гарын үсэг зурчихаач” гээд хоолонд оруулах жишээтэй. Мөнгө орж ирэхгүй байна гэдэг чинь банкны хүү урсаад байна гэсэн үг. 100 сая төгрөгийн зээл авчихсан байхад нэг нөхөр гарын үсэг зурахгүй цаг алдаад байхаар банкинд хүү төлөх шаардлага гарна. Банкинд төлөх хүүнийхээ талыг нөгөө нөхөрт өгөөд мөнгөө шилжүүлээд авчихсан нь дээр биз дээ. Мөнгө өгсөн дор компанийн дансанд мөнгө ороод ирэх жишээтэй. Албан тушаалтнууд яг тэдэн төгрөг өг гэж хэлж чадахгүй мөртлөө цаагуураа удаагаад, зовоогоод байдаг юм.
-Сангийн яамнаас эхлээд захиалга өгсөн яамны нөхдүүдийг бас авлигадаад тендерийн мөнгөө авлаа. Ажлаа цагтаа өгсөнгүй гэж бас дарамтлуулах уу?
-Энэ жил гэхэд баахан обьект царцаачихлаа. Жишээлбэл, 2012 онд тендерт шалгараад ажлаа эхэлж амжаагүй байтал Барилга, хот байгуулалтын сайдын тушаал гарч зураг төсөлд өөрчлөлт орчихсон. Ингээд дүрэм журамд нь тааруулах гэсээр байгаад цаг алдсан. Дараа нь ам.долларын ханш яаж өссөн билээ. Хоёр жилийн өмнө тендерт оролцохдоо ам.долларын ханш 1800 хүрнэ гэж төсөөлөхгүй. Ингэж давагдашгүй хүчин зүйл нөлөөллөө гэхэд тендерийн дүнд өөрчлөлт ордоггүй. Мөнгө нэхэнгүүт аудитын байгууллага, АТГ-тайгаа шалгаж байгаад царцаачихдаг. Энэ мэтээр л хувийн хэвшлийнхнийгээ сөхрөөж байна шүү дээ.
-Аудитын байгууллагын дүгнэлтийг сонсч байхад тендер авсан компаниуд ч бас арай ч дээ гэмээр байдаг юм билээ. Сургуулийн нэг метр.кв-ыг дөрвөн сая төгрөгөөр барьсан баримт яригдсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Танил талтай хүмүүс тийм тендер авдаг юм. Нэг суманд цэцэрлэг барих боллоо гэхэд эхлээд судалгаа, тооцоо хийж, зураг төслийг нь гаргадаг байсан. Гэтэл сүүлийн үед эхлээд улсын төсөвт мөнгө нь суугддаг болсон. Жишээлбэл, нэг суманд 600 шахам хүүхдийн багтаамжтай сургууль бариад хүлээлгэж өгч байгаа юм. Гэтэл тэр суманд 150 хүүхэд л сургуульд сурдаг. Ямар ч тооцоо судалгаагүй ажиллаж байгаагийн жишээ энэ. Ердөө нэг гишүүн, за тойрогтоо тэдэн хүүхдийн сургууль барья гээд улсын төсөвт мөнгөө суулгачихсан. Гэтэл тэр том сургуулийн ашиглалтын зардлаас эхлээд төрөөс үргүй мөнгө урсч эхэлдэг. Уг нь тэр суманд 150 хүүхдийн сургууль хэрэгтэй гээд зураг төслөө зохиосныхоо дараа төсөвт суулгах учиртай биз дээ. Гэтэл эхлээд мөнгөө суулгачихаад дараа нь зураг төслөө хийлгэдэг. Үүний үр дүнд дарга ойр тойрныхны компани өчнөөн ашигтай мөнгөөр барилга барьсан. Бид 500 сая төгрөгөөр 100 хүүхдийн цэцэрлэг барьж өгч байхад манай хажууд УИХ-ын гишүүний найзын компани 500 сая төгрөгөөр нэг давхар модон байшин барьж өгчихөөд явчихдаг л юм билээ. Бидний хоёр тэрбум төгрөгөөр барьж байгаа барилгыг Хөвсгөл аймагт 3.5 тэрбум төгрөгөөр барих жишээтэй. Энэ дундаас нэг том дарга ашиг хүртдэг. Намайг 3.5 тэрбум төгрөгөөр барилга барья гэхэд хуулийн байгууллага шалгаад сүйд болно. Ядруухан компанийн авсан ажил муухан төсөвтэй. Харин УИХ-ын гишүүн, дарга нартай холбоотой компани илүү их мөнгөтэй ажил авдаг.
-Таны ярьсныг сонсоход хувийн компаниуд тендер аваад бараг хэрэггүй юм биш үү?
-Бараг тийм. Манай компани л гэхэд энэ жил тендерт оролцохгүй. Ер нь компаниуд тендерээс зугтаж байгаа. Жирийн компани тендерт ялаад таван төгрөгийн ашгаа аваад явчих ажил дээр УИХ-ын гишүүд, дарга нарын компани орлоо гэж бодъё. Ингэхдээ ашиг дээрээсээ гишүүд, дарга нартаа өгөх мөнгөө тендертээ шингээнэ шүү дээ. Тэр мөнгийг дарга нар нь тендерт шингээнэ. Ингэхээр улсын мөнгө хаашаа орж байгаа нь тодорхой байгаа биз. Ийм тогтолцоо үйлчилж байхад жирийн компаниуд тендерт ороод бараг дэмий. Орлоо гэхэд туршлагагүй, шинэ барилга барьж үзээгүй компаниуд үзээд алдах байх. Гэтэл барилга гэдэг өөрөө олон жилийн настай эд шүү дээ. Шинэ засаг гарч ирээд ТОСК гээчийг байгуулаад Нисэхэд хувийн компаниудаар метр.кв-ыг нь 880 мянган төгрөгөөр бариулсан орон сууцаа 1 сая 230 мянган төгрөгөөр зарлаа гээд сүйд болж байна. Нэг талдаа иргэдээ хямд орон сууцаар хангах төрийн бодлого байх. Нөгөө талд газраа худалдаж аваад, зураг төслөө хийгээд бүх эрсдлээ хүлээгээд нэг барилга барьсан компаниудын борлуулалтыг хаачихлаа. Нийгэмд хүргэж байгаа мэдээллээ хүртэл буруу тайлбарлах юм. Төрийн эрх мэдэлтэй нөхдүүдийн авсан газрыг 500 сая төгрөгөөр худалдаж аваад банкны зээлээр орон сууцаа бариад арай гэж зарах гэтэл төр оролцоод өөрийнхөө байрыг зараад эхлэхээр хувийн хэвшилдээ халдаж байна гэхээс өөр яах юм бэ. Хувийн энэ олон компани дампуурвал яах билээ. Төр бизнест оролцоод, өөр дээрээ бүх зүйлээ татаад “Даахгүй нохой булуу хураана” гэдэг шиг болчихлоо. Энэ жилээс нийслэл орон сууц барьж зарж эхлэх нь. Энэ янзаараа ганц, хоёр жилийн дараа барилгын компаниуд дампуурна. Уг нь төр өөрөө орон сууц барих ямар ч шаардлагагүй. Харин хувийн компаниудын орон сууц барих газрыг шийдээд өгчихвөл үнэ нь зах зээлийн хуулиар хямдарна шүү дээ. Уг нь АН-ыг хувийн өмчийг дээдлэнэ, либераль үзэлтэй байна гэж сонгосон биз дээ. Гэтэл төр өөрөө бүхнийг шийдэх гээд, оролцоод эхэллээ. Бизнесийн орчин сар жилээр биш цаг минутаар муудаж байна. Олон ч компани дампуурах шинжтэй.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Холбоотой мэдээ
-
баа (March 28, 2014 1:39:08 pm )
яг үнэн, бодит байдал
-
ED (March 28, 2014 1:54:50 pm )
yag unen
-
zochin (March 28, 2014 2:01:19 pm )
chaavaas daa yu ch gemeer yum de
-
XXK (March 28, 2014 2:44:17 pm )
Yag unen. Enen baidliig hun buhen medeed bgaa mortloo yaj ch chadahguia bn aa
-
Zochin (March 28, 2014 3:58:18 pm )
Энэ гарыг шалгаач овоо юм мэддэг хун шиг байна даа .Овоо олон авилгал огч авалцан овоо холжсон гар байхдаа. Нэг бол ******************* байх
-
дэмжигч (March 28, 2014 5:08:47 pm )
АЛТАН ДУУЛГА ххк зургийн компани тэгээд ганц ч ажилчингүй байж АПУ гийн сүүний үйлдвэрийн цахилгааны тендерийг авсан урд нь нэг ч удаа барилгийн талбай дээр ажил хийж үзээгүй зургаа ч сайн зурж чадахгүй өөр газруудаар зуруулдаг юм. мэргэжилийн компаниудад л өндөр ********длага тавидаг байж нэг ч мэргэжилийн монтер байтгуай инженжр ч үгүй байж нэг тэрбум төгрөгний ажил яаж авсан бол. тэгээд өөр компанийг өөрийнхөө нэрээр оруулаж ажиллуулчихаад мөнгийг нь өгөөгүй өнөөдөрийг хүрч байна
асуухаар ажилд хяналт тависан төслийн хүмүүсд өгсөн одоо та нарт өгөх мөнгө байхгүй гэдэг тэр хүмүүст авилгал өгсөн гэдгээ гайхуулаж хэлээд ч байх шиг мөн татвараа нууж хуурамч тайлан өгсөн зэргийг шалгаж ийм хуурамч авилгад идэгдсэн нөхдүүдэд хариуцлага тооцож хуурамч материал бүрдүүлэж тендер авдаг ,тусгай зөвшөөрөл авдаг явдалийг зогсоох хэрэгтэй -
Anonymous (March 29, 2014 12:20:51 am )
medehgui yum daa yarij baigaag ni sonsvol umnu ni avilgalaar butdeg vaisan odoo butehee bolichihloo geed uurlaad baigaa ch yum shig h****aa ch yum be dee yag l nuguu havriin uvchin bololtoi dogooo
-
Тэнгис (March 29, 2014 10:32:26 am )
Авилгын схемыг нь маш сайн ярьсан байна. Харин яг одоо юу болоод байгааг нь сайн мэдэхгүй л байна. Уг нь гол шалгуур нь бол хичнээн хүн ажлуулж байна. Хичнээн хүнийг тогтмол ажлын байраар хангаж. Нийгмийн даатгалд тогтмол шимтгэлээ төлдөг эсэх нь л тендерт шалгарах гол шалгуур нь баймаар юм шиг байгаан? За да тэгээд тендерт орж үзсэн худлаа олон компани оролцсон болж харагдуулах гэж олон компанид урлига өгдөг юм шиг байгаан? Зарлагдахаасаа өмнө тодорхой болчихсон байдаг юм шиг байгаан? 2008онд богинохон хугацаанд хийх тендерт орж өөр оролцогч байхгүй болохоор авч байсан. Үнэхээр ядаргаатай санагдсан. За мөнгө шилжүүлж авна гэдэг чинь ёстой л танил ********дсан ажил юм билээ дэ. Энэ нөхрийн ярьдаг мөнгө авах тал дээр яг үнэн. Дахиад тендерт оролцохоос халширдаг болдог юм билээ.
-
njuty (March 30, 2014 10:52:46 am )
Энэ үнэн шүү,өнөөх олон арван жил улс орныг удирдсан,улс төрийн тулхтай ууган хүчин МАХН-МАН-ын маань,түүний дарга нарын монгол орны газар шороонд үрийг нь суулгаж,нутагшуулсан АВИЛГЫН маань явц үр дүнг айхтар үнэн зөв гаргаж ирсэн байна,харин АН засаг төрийн эрх аваад энэ тахалыг таслан зогсоохоор тэмцэж байгаач ихээхэн эс**********цэлтэй тулж ирлээ,зарим талаар ч хариуцлага алдсан тал байгаа байх,энэ хорт хавдартай дээр доргүй,хот хөдөөгүй дарга цэрэггүй хамтын хүчээр цаг ямагт тэмцэх хэрэгтэй байна,манайханы энэ нэг нэрээ нууцалсан гэх,ил тод шудрага байдлаас халирсан зан хэн хэндээ хэрэггүй юмдаа,дутагдлыг ил шууд баримттай хэлчих хүн ер нь олдохоо болих төлөвтэй болждээ.
-
tafdfbyjty (March 30, 2014 11:57:30 am )
tenderiin talaar hydalaa dichij bna harin ch yam shydraga bolson shvv dee
10 Comments