“Монголын эдийн засгийн чуулган-2014”-ийн үеэр Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга, эдийн засагч Б.Бямбасайхантай ярилцлаа.
-Монголын эдийн засгийн чуулган тав дахь жилдээ болж байна. Та энэ удаагийн чуулганы ач холбогдол, үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Эдийн засгийн чуулга уулзалтын гол зорилго нь Монголын бизнесийн салбар, эрдэмтэн мэргэд, улс төрчид, төрийн бус байгууллагууд, ер нь монголчуудыг нэг газар нэгтгээд, эдийн засгийн хөгжлөө ярьдаг л газар. Түүнээс биш эдийн засгийн форумаас ямар нэгэн шийдвэр, үр дүн тухайн үедээ гардаггүй. Гол нь Монгол Улс ойрын 10, 20 жилд ямар загвараар, аль зүгт явж, яаж хөгжих вэ гэдгийг бид эдийн засгийн форумаараа хэлэлцдэг. Тав дахь жилдээ болж байгаа гэхээр энэ үйл ажиллагаа маань заншил болж, тогтож байна. Эдийн засгийн форум дээр гарсан шинэ санаануудыг тухайн жилдээ бизнесийн салбарынхан ашиглаж, өөрсдийнхөө үйл ажиллагааг сайжруулах боломжтой. Эндээс асар их мэдээлэл авах боломжтой. Бид завгүй улсууд. Гэтэл мэдээлэл бол бизнесийн үйл ажиллагаанд хамгийн чухал. Мэдээллийг ийм олон хүнээс, нэг дор, нэг цагт авна гэдэг нь эдийн засгийн форумын ач холбогдол юм.
-Энэ удаагийн чуулганаар “Монголдоо бүтээцгээе” уриаг дэвшүүлж байгаа. Мөн Монголдоо бүтээх санаачилгын хүрээнд Засгийн газар бондын хөрөнгөөр 888 төсөл санхүүжүүлнэ гэж байна. Таны бодлоор энэ зөв санаачилга уу. Зарим эдийн засагчид төр ингэж их мөнгөөр санхүүжилт хийгээд, бизнест оролцох шаардлагагүй гэж шүүмжилж байна?
-Өнөөдөр Монголын бизнесийн өрсөлдөх чадвар ямар байх нь хэд хэдэн шалтгаална. Нэгдүгээрт, хүн. Хүн чадвартай, боловсролтой, мэдлэгтэй байж тухайн бизнесийн салбар илүү өрсөлдөх чадвартай болдог. Түүнчлэн тухайн бизнесийн өөрийнх нь менежмент, арга барилтай холбоотой. Яагаад гэвэл орчин үеийн олон улсын зах зээл, санхүүгийн орчинд бид зөв менежменттэй, зөв засаглалтай байх ёстой. Тийм компанийг хүмүүс ойлгодог, итгэж хөрөнгө оруулдаг. Мөн технологийн асуудал бий. Түүнийг тойрсон макро эдийн засгийн орчин, дэд бүтцийн асуудал бий. Дэд бүтцийн хувьд Монголд сайжруулах ёстой зүйл асар их байна. Автозам, эрчим хүчнээс эхлээд, шинээр барьж, хэрэгжүүлэх асар олон төсөл байгаа. Тэр төслүүд хэрэгжсэнээр Монголын бизнес, Монголыг тойрсон гурван тэрбум хүнтэй том зах зээл дээр өрсөлдөх боломжтой юм. Өнөөдөр эдийн засгийн хүндрэлээс болж, бизнесийн үйл ажиллагаа муудаж байна гээд л хэлж байна. Энэ бол цаг зуурын л үзэгдэл. Гол нь бид 10, 20 жилийн дараа бизнесийн үйл ажиллагаагаа яаж тогтвортой байлгах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Тэр нь яван явсаар стандартууд дээр очиж байгаа. Засаглалын стандарт, төсөл боловсруулах, санхүүгийн стандарт гэх мэтчилэн. Энэ бүгдийг бид төгс хийснээр олон улсын зах зээл дээр өрсөлдөх боломжтой болно. Санхүүгийн эх үүсвэрийн хувьд төрөөс гарна уу, хувийн хэвшлээс гарна уу хамаагүй шүү дээ. Гол нь төсөл нь хэрэгцээтэй, зөв төлөвлөлттэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга барилын дагуу хийгдсэн байх ёстой юм.
-Ер нь ямар төслийг төр хамгийн түрүүнд санхүүжүүлж, дэмжих ёстой вэ?
-Хамгийн түрүүнд өрсөлдөх чадвартай салбар бол яах аргагүй уул уурхай байж байгаа. Би сэргээгдэх эрчим хүчний төсөл дээр санхүүжилт, хөрөнгө оруулалт босгож байсан. Тухайн үед манай эдийн засгийн өсөлт 17 хувьтай гарч байсан учраас хөрөнгө оруулагчдын итгэх итгэл өндөр байсан. Өнөөдөр бол бид эргээд уул уурхайн салбарынхаа зогсоосон төслүүдээ эхлүүлэх, явж байгааг нь улам сайжруулах, шинээр хайгуулын үйл ажиллагаа эхлүүлснээр шинэ хөрөнгө оруулалтыг татаж болно. Үүнийг дагаад ажлын байр бий болох боломжтой. Үүний дараа бид дэд бүтцийнхээ төслүүд дээр олон улсын зах зээлээс санхүүжилт татах боломж, нөхцөл нь сайжрах байх. Өнөөдрийн хувьд эдийн засгийн гол суурь болсон уул уурхайн салбар нь өөрөө ойлгомжгүй байна. Энэ нь гадаад зах зээлтэй холбоотой. Манай экспортолдог бараа, бүтээгдэхүүний үнэ буурч байгаа нь бидэнд шууд нөлөөлж байгаа. Гэлээ гээд бид өөрсдөө хичээхгүй, төслүүдээ сайжруулахгүй байх шалтгаан биш л дээ. Эцсийн дүндээ монголчууд биднээс л бүх зүйл шалтгаална. Аль замаар явах вэ гэдгээ монголчууд бид өөрсдөө л шийднэ шүү дээ.
-Эдийн засгийн чуулганаар “Монголын хөгжлийн зураглал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Та энэ зураглалын талаар ямар бодолтой байна вэ, хэрэгжих боломжтой юу?
-Хөгжлийн зураглал өрсөлдөх чадвартай холбоотой. Бид өрсөлдөх чадвартай салбартай байвал тэнд өрсөлдөх чадвартай компаниуд байна. Тэр компаниудад өрсөлдөх чадвартай монгол хүн ажиллана. Тэгэхээр хоёр талтай. Нэг нь монгол хүн өөрөө өрсөлдөх чадвартай байх ёстой. Энэ мэдлэг, туршлага, боловсрол зэрэг олон зүйлээс шалтгаална. Нөгөө талаас манай эдийн засгийг тойрсон зах зээл нь гурван тэрбум хүнтэй, том зах зээл учраас өсөлт нь байнга л өссөөр байна. Тэр өсөлтийн дотор бид тохирсон менежментээ хийж, тохирсон үйл ажиллагаагаа явуулж чадвал бид байнга ашигтай, амжилттай ажиллах боломжтой. Монгол хүн баялгийг бүтээж чаддаг болно гэсэн үг.
-Бизнес эрхлэгчдэд яг өнөөгийн нөхцөлд Монголдоо бүтээх боломж хэр байна вэ. Монголдоо бүтээхийн тулд бизнес эрхлэгчид хэрхэн ажиллах боломжтой вэ?
-Ерөөсөө л стандарттай холбоотой. Үйлдвэрлэл, санхүүгийн стандарт. Салбарынхаа стандартыг олон улсын стандарттай нийцүүлж чадвал бид Монголдоо юуг ч үйлдвэрлэх боломжтой. Харин стандартаа бид үл ойшоогоод, төрөөс санхүүжилт хүсээд суугаад байвал Монголдоо баялаг бүтээх боломж нь бий болохгүй. Тэгэхээр бид хамгийн түрүүнд өөрсдөдөө л анхаарах хэрэгтэй. Зөв төслүүдээ боловсруулж, түүндээ хүн хүч, хөдөлмөр, мөнгөө зарцуулах ёстой.
-Хувийн бизнес хийх гэхээр төр гарч ирээд, дарамтлаад, гацаагаад байдаг талаар бизнес эрхлэгчид гомдоллодог?
-Төр зохицуулалтын үүрэг хүлээдэг учраас хэзээ ч бизнес эрхэлж байгаа хүнд садаа, дарамт болохгүй байх нөхцөл байдал байхгүй л дээ. Гол нь тэрийг дарамт гэж ойлгох хэрэггүй. Хэрвээ Засгийн газраас эрүүл ахуй, барилга, аюулгүй ажиллагаа гэх зэрэгтэй холбоотой стандартыг шаардаж байгаа бол тэрийг зөв гэж хүлээж авах хэрэгтэй. Харин тэрнээс өөр зүйл нэхвэл утгагүй болчих нь. Энэ хоёрын зааг тийм ч тодорхой харагддаггүй. Үүнд л хүмүүс бухимддаг байх. Гэхдээ өнөөдөр юу ажиглагдаж байна вэ гэхээр манай хуулиуд сайжирсаар байгаа. Эдийн засгийнхаа утга агуулга руу ойртож байгаа. Өмнө нь бид дандаа шилжилтийн үеийн хуулиудыг баталдаг байсан. Харин өнөөдөр жинхэнэ эдийн засгийн өсөлтийг хангахад зориулсан хуулиудыг баталж эхэлж байгаа. Үүнийгээ дахиад зохицуулалтын журмуудыг сайн гаргаж өгөх ёстой. Өнөөдөр зөвхөн бүх зүйл муу байна гэж бодолгүйгээр яаж сайжруулж болох вэ. Сайжруулах процесс дээр нь хүмүүс идэвхтэй оролцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, батлагдаад байгаа буруу, хууль шийдвэр байвал та өөрөө Монгол Улсын иргэн, сонгогч учраас өөрийнхөө санаа бодлыг илэрхийлж, тусгаж байх хэрэгтэй. Тэгж байж, гарч байгаа хуулиуд сайжирна. Хууль баталж байгаа хүмүүс муу хүн биш шүү дээ. Гэхдээ бизнес эрхэлж байгаагүй, салбарын тухай бодит мэдээлэлгүй л хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр бид өөрсдийнхөө салбар, бизнест хэрэгтэй зүйлсийн талаар байр сууриа илэрхийлээд явбал, сайн хууль гарах боломжтой. Төр засгаас ч бас тэр боломжийг нь бий болгож өгөх хэрэгтэй. Тэгж байж, бид ухаалаг төртэй болно.
-Тэгвэл бүх зүйл бизнес эрхлэгчдээс, өөрсдөөс нь хамааралтай гэж үү, төрийн ямар нэгэн оролцоо, дэмжлэг шаардлагагүй гэж үү?
-Өнөөдөр Монголд бизнесийн орчин нээлттэй байдаг. Хүн ямар ч бизнес эрхлэх боломжтой шүү дээ. Хууль эрх зүйн орчин, компани бүртгүүлэх процесс улам л хялбар болж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж өндөр. Гурван тэрбум хүнтэй зах зээл байгаа учраас Монголд дандаа л сайн, давуу талууд байгаа юм. Үүн дээр сая Хөрөнгө оруулалтын хуулийг баталлаа. Үүнийг дагаад 95 компани хамтарсан компани Монголд байгуулсан байна шүү дээ. Энэ бол амжилт. Цаашдаа энэ нөхцөл байдлыг улам сайжруулах ёстой.
-Ярилцсанд баярлалаа.
Л.Энхдэлгэр
Холбоотой мэдээ
-
Авто Тээврийн Төвлөрсөн Лавлах (March 26, 2014 1:41:06 pm )
Та унаа болон зорчигч хайж Драгон,Баянзүрх зэрэг автовокзал явж цаг алдан мөнгөө үрэх ********длагагүй боллоо.зөвхөн 1900-1973-т залгахад хангалттай.
1 Comment