Үеэлийн минь дөрвөн ханатын унинд “Алтан гахай” гэсэн хавтастай төсөл өлөн тоосонд дарагдаастай. “Энэ юу вэ” гэж сонирхоход “Уг нь гахай үржүүлэх санаатай төсөл бичсэн чинь “Чамд гахай үржүүл гэж мөнгө өгөх нь байтугай улс даяараа мөнгөгүй болчихоод байна” гэсэн хариу сонсдог байна шүү. Ганхуяг (Уул уурхайн сайд)- аас ганц боллоо. Даанч их дөвчигнөөд байсан юм” гэж урамгүйхэн хариулав. Иймэрхүү агуулга, хандлагыг анх удаа мэдэрч байгаа нь энэ биш л дээ. Монгол Улс ерөнхийдөө нэг иймэрхүү байдалтай болчихоод байгааг үеэлийн хэлсэн, хэлээгүй бишгүй л мэдэрч байна. Монголын топ аж ахуйн нэгжүүдийн нэг “Мобиком” зуу зуугаар нь ажилчдаа халж, “МАК” ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйдээ тулсан нь дээрх байдлыг илтгэнэ.
Цаашлаад “Номин” мөн л нэлээд ажилчдаа халах сурагтай. Иймэрхүү цомхтгол, сэлгээ том бага бүх л аж ахуйн нэгжид өрнөөд эхэлж. Ямар ч байгууллагаар орсон, орлого ашиг багассан тухай, зардал сүйтгэлээ танаж байгаагаа ярьж, “Энэ улсын эдийн засаг хэцүүдлээ” гэж төрийн төлөө оготно боож үхэх янзтай суух нь бишгүй тааралдах болов. “Нарантуул”-ын наймаачид өдөржин зогсоод орой хоосон харьдаг, түм түжигнэж бум бужигнаж байдаг тэр зах хүнгүй шахам болсон тухай сурвалжлага саяхан сонинд нийтлэгдсэн байсан.
Энэ бүхний шалтгаан нь мэдээж сайнаасаа саар хэлүүлэх нь дийлэнх уул уурхайтай шууд холбоотой. Сайн ч, муу ч өнөөх уул уурхайгаас л энэ улсыг хөдөлгөх мөнгөний гол нь орж ирдэг байсан юм. Гэтэл тэр нь таг зогссон. Тэр дундаа дэлхийд Монголыг таниулсан “Оюутолгой” төсөл зогсонги байдалд орж, гадаадын хөрөнгө оруулагчид дүрвэсэн нь Монголын уул уурхайг уулын уруу өнхрүүлсэнтэй адил хэрэг болсон. Өдөрт 1000 машин нүүрс гаргадаг байсан Шивээхүрэнгийн боомтоор өдгөө арайхийж 100 машин гарч байгааг уналт уруудалт гэхээс өөр юугаар тайлбарлахсан билээ.
Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг баялаг бүтээгчидтэй уулзахад хамгийн их хөндөгдсөн асуудал нь Оюутолгойн талаарх эргэлзээтэй мэдээллүүд байв. Ер нь бол баялаг бүтээгчид “Оюутолгой” төсөл тогтвортой ажиллах нь бидэнд хамгийн чухал гэдгийг элдэв санаагүйгээр шууд хэлж байсан. “Оюутолгой”-г гацаанаас гаргах, гаднын хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээ авах нь гачаалаас гарах гол зам гэдгийг тэд хэлж байсан. Оюутолгойг бараадаж, ханган нийлүүлэгчээр ажиллаж байсан олон аж ахуйн нэгж ажилгүй болоод байгаа. Том аж ахуйгаа дагаж бага нь хөл дээрээ босдог. Манайд бол том нь зогссоноор бага нь бүр хэвтчихээд байна.
Энэ бүхний буруутан тэгээд хэн бэ. Мэдээж төр, засгийн бодлого хамгийн их хамаатай. Манай Засгийн газар дэлхийн эдийн засгийн хямрал гэх үл үзэгдэгч хүчин зүйл рүү буруугаа чихчихээд суугаад байгаа. Уг нь тэгэмгүй байна. Хариуцлага тооцохоо тооцож, бага багаар боловч буруугаа засах хэрэгтэй баймаар. Тухайлбал уул уурхай, гаднын хөрөнгө оруулалтад алергитай Д.Ганхуягаар Уул уурхайн яамыг удирдуулсан нь гарцаагүй алдаа биш гэж үү. 2012 оны сонгуулийн өмнө “Оюутолгой”-н гэрээг өөрчлөх, гаднынханд хатуухан хандах сэлэм эргүүлж явсан нөхөр нөгөө салбарынх нь сайд болчихоор хэн ч гэсэн жийрхэнэ биз дээ. Хөрөнгө оруулагчид уван цуван гарч явахад Ганхуяг сайд багагүй хувь нэмэр оруулсан гэдэгтэй маргах хэрэггүй. Тэр сонгуулийн өмнө хэлсэндээ хүрч сайд болсныхоо дараа “Оюутолгой”-г зогсоож авсан. “Ажлын хэсэг нойр хоолгүй ажиллаж байгаа. Тун удахгүй яриа хэлэлцээ үр дүнд хүрнэ” гэж тэр байсхийгээд айлддаг. Гэхдээ нэг гараараа стоп краныг нь татчихаад нөгөө гараараа түлхэж хөдөлгөнө гэдэг үлгэрийн далай биз ээ. Ганхуягийг сайд байгаа цагт Оюутолгой хөдөлгөөнд орох нь юу л бол. Бүрмөсөн гацахыг ч үгүйсгэх аргагүй. Тэгэхээр Оюутолгойгоо, алдаж асгасаар байгаа нүүрс, зэс, алт, газрын тосоо Ганхуягаас нэхэх нь зөв. Ер нь бол улс орныг элгээр нь мөлхүүлснийхээ төлөө шинэчлэлийн Засгийн газар огцрох ёстой.
Монголын уул уурхайн уналтын хариуцлагыг Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ биш юм гэхэд буруутай этгээдийг нь танхимаасаа зайлуулах замаар хүлээлгэвэл шударга. Энэ шаардлагад нийцүүлбэл хамгийн түрүүнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, тэгээд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нэрлэгдэх нь мэдээж. Төрийн тэргүүний зүгээс ч нэр бүхий сайдуудад хариуцлага тооцох ёстой гэх санааг цухалзуулж байгаа юм билээ. Нөгөө талаас сөрөг хүчний зүгээс хариуцлагын асуудлыг хаврын чуулган эхлэхтэй хамт тавих гэж буй. Тохироо нь бүрдсэн гэмээр энэ үед хариуцлагагүй сайдуудаас, тэр дундаа уул уурхайн савны амыг уруу нь харуулж гөвсөөр байгаа Ганхуягаасаа салах нь зөв юм биш үү, Ерөнхий сайд аа.
Б.НОМИН
“ӨНӨӨДӨР” сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.