Энэ удаагийн “Уран бүтээлч” буландаа Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарийг урьж ярилцлаа. Түүнийг Ардын жүжигчин Л.Жамсранжав агсаны охин гэдгийг хүмүүс сайн мэднэ.
-Сүүлийн үед драмын театрынхан их хөл хөдөлгөөнтэй байгаа бололтой. Завгүй л гүйгээд байна уу?
-Өө, тийм. Жүжгийн бэлтгэл, сургуулилт гээд зав муутай л байна. Бид хэзээний л завгүй байдаг хойно доо. /Инээв/
-Тэр ч тийм л дээ. Гэхдээ залхахгүй байна гэж үү?
-Юунаас тэр билээ.
-Яах вэ дээ. Бүх хүн амарч байхад ажиллаж л байдаг энэ завгүй амьдралаас?
-Үгүй. Нэг ч удаа залхаж байгаагүй.
-Яагаад тэр вэ?
-Мэргэжлийн онцлог гэх үү дээ. Бид үзэгч олныхоо алжаал ядаргааг тайлж, оюуных нь санд бага ч атугай хувь нэмэр оруулахыг зорьдог. Тийм болохоор хүмүүсийг амарч байхад ажиллаж таардаг.
-Маргааш олон улсын эмэгтэйчүүдийн баяр. Янз нь та бас л баярлах завгүй өнгөрүүлэх нь ээ?
-Тийм ээ. Энэ улаан байшиндаа толиныхоо өмнө эргэлдэж, тайзан дээрээ л өнгөрөөнө дөө. Ихэнх баярыг ажил дээрээ өнгөрүүлээд бараг сурчихаж дээ. /Инээв/
-Зундаа ядаж амрана биз дээ?
-Амрана л даа. Гэхдээ амралт гэхээсээ илүү энд тэнд кино зураг авалтад яваад таардаг. Өнгөрсөн зун л гэхэд таван киноны зураг авалтад орсон.
Ингээд бодохоор урлаг их хатуу, бас харгис. Бидэнд өвдөх эрх байдаггүй. Билет зарагдсан л бол өвчтэй байсан ч хамаагүй тоглох л ёстой.
Нэг хүн ажилдаа ирэхгүй бол цаана зуун хүн ажилгүй болно гэдэг шиг нэг уран бүтээлч ирээгүй тохиолдолд бусад уран бүтээлчдийн ажил зогсдог, цалгарддаг.
Энэ ч үүднээс манай театрын уран бүтээлчид хоцрох, өвдөх эрхгүй байдаг. Баяр ёслолын үеэр найз нөхөдтэйгээ наргиж цэнгэх ч хориотой. Ийм л хатуу дэг жаягтай хэрнээ сайхан мэргэжил юм даа.
-Хааяа ч болтугай шантрах үе гарах юм уу?
-Шантрах гэхээсээ илүү ядрах үе их гардаг. Шантрах л юм бол хэзээ ч юмны цаана гарч чадахгүй. Хүн ямар ч зүйлийг даван туулах сэтгэлийн хаттай. Гагцхүү тэр их хүчээ дайчилж байж л амжилтад хүрнэ шүү дээ.
Аав минь байгалиас заяасан шавхагдашгүй авьяастай хүн байсан даа
-Тантай ярилцсаных аавын тань талаар асуулгүй өнгөрч болохгүй байх?
-Миний аав үнэхээр мундаг жүжигчин. Байгалиас заяасан шавхагдашгүй их авьяастай хүн байсан даа. Би хийсэн уран бүтээлүүдээр нь бахархаж явдаг.
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай нэг удаа “Миний “Тамгагүй төр” жүжиг энэ хүнтэй авслагдлаа.
Энэ хүн зүрхээ гаргаад гар дээрээ барьж тоглодог сайхан жүжигчин” гэсэн байдаг. Аав маань хэнийг ч ялгадаггүй, хүнийг хүн гэдэг үүднээс нь харьцдаг байсан.
-Аав тань таныг урлагийн хүн, тэр тусмаа жүжигчин болно гэхэд тийм ч таатай хүлээж аваагүй гэдэг?
-Өө, их дургүй хүлээж авсан. “Энэ муу мэргэжлээр яах гэсэн юм. Эмэгтэй хүнд хэцүү миний охин” гэж байсан.
-Магадгүй жүжигчин хүний зовлон, жаргалыг дэндүү сайн мэддэг болохоор тэгж хэлсэн байх л даа?
-Тийм ээ.
-Гэхдээ л та олонд танигдсан мундаг жүжигчин болж чадсан. Сониноос та арваад жилийн өмнө ааваасаа “Гэгээн Муза” шагнал гардан авч байсан санагдана?
-Үнэхээр давтагдашгүй, гайхалтай хором байсан. Аав тайзан дээрээс миний нэрийг дуудахад надад их сонин мэдрэмж төрсөн. Тэр мундаг жүжигчин, тэр тусмаа ааваасаа бүтэн жилийнхээ хөдөлмөрийг үнэлүүлсэн тийм том шагнал авна гэж зүүдлээ ч үгүй. Тайзан дээр гараад өөрөөрөө бахархах сэтгэл төрж байсан. Ааваасаа “Гэгээн Муза” гардсан тэр агшин миний амьдралын торгон мөч байсан. Тэр болгон хэн хүнд олдоод байх хувь тавилан биш шүү дээ.
-Тухайн үед аав тань илүү баярласан байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Бас гайхсан гэсэн. Ямар сайндаа дугтуй задлаад нэрийг нь уншихдаа “Хүүе, энэ чинь юу вэ” гэж бодсон гэсэн. Дараа нь “Жамсранжавын Оюундарь гээд охиныхоо нэрийг дуудаж байхдаа их гоё сэтгэгдэл төрсөн. Миний охин зөв л замаар явсан байна” гэж хэлж байсан.
-Харин ижий тань ямар хүн бэ. Бас л насаараа урлагт зүтгэсэн гэж сонссон юм байна?
-Миний ээж бүх насаараа урлагт зүтгэсэн. Бүхий л амьдралаа уран бүтээлч хүний арыг дааж өөрийгөө золиосолсон эмэгтэй. Заримдаа ээж маань хошигноод ярьдаг л юм. “Ний нуугүй хэлэхэд миний хүчээр нэг Ардын жүжигчин, хоёр ч гавьяат төрсөн шүү” гэж. Энэ үнэн. Бидний өдий зэрэгтэй яваа минь энэ хүний л гавьяа.
-Ингэхэд та хэр сайн ээж вэ. Урлагийн хүн ажил гэж явсаар ар гэрээ орхигдуулдаг талтай?
-Манай аав “Жүжигчин хүн ар гэрээ эсвэл уран бүтээлээ хаяна” гэж хэлдэг байсан. Үнэхээр үнэн юм билээ. Ний нуугүй хэлэхэд ажил гээд ар гэрээ орхигдуулчихаад л байна. Худал хэлээд яах вэ, би тийм ч сайн ээж биш байх. Гэхдээ цаг зав гарах л юм бол гэртээ байхыг боддог. Хүү маань одоо зургаан настай. Үнэнийг хэлэхэд хүүхдийнхээ хичээлийг ч хийлгэж чадахгүй явна.
-Та хүнтэй хожуу сууж, хүүхэдтэй болсон. Амьдралыг үзэх үзэл тань өөрчлөгдөх юм уу?
-Өөрчлөгддөг юм билээ. Хүүхэд байхдаа ганцхан ижийгээ л баярлуулах тухай боддог байсан. Харин эх хүн, айл гэрийн эзэгтэй болохоор өөрийгөө гэхээс илүү хүүхдүүдээ, гэрийнхнийгээ яаж баярлуулах вэ гэж боддог юм билээ.
-СТА, жүжигчин Л.Дэмидбаатартай “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжгийн гол дүрд тоглож байгаа. Энэхүү жүжгээрээ үзэгчдэд ямар мессэж өгөхийг зорив?
-Дэлхийн сонгодог жүжгийн номер нэг хүн бол Шекспир байдаг. Яг тэрэнтэй адилхан инээдмийн төрлийн зохиолын номер нэг зохиолч нь Рей Куни юм. Дэлхий нийтээр энэ жүжгийг театртаа тавьж байна. Энэ жүжгийг манай театр бас тавьж байгаад баяртай байгаа.
Зах зээлийн үед тийм ч, ийм ч юмны төлөө, тэгж ч мөнгө олохын тулд гээд дандаа хэрүүл шуугиан тарьж, стресстдэг. Гэтэл цаана нь гэр бүл, хайр дурлал хаягдсан байдаг. Хамгийн бодит амьдралын цаана юу байдаг гэдгийг тод томруун харуулсанаараа онцлог.
Эхнэр хүн ямар байх ёстой, нөхөр нь ямар байх ёстой, үр хүүхэд ямар байх юм. Энэ бүхэн хэний төлөө яаж амьдрах ёстой юм. Бие биенийгээ яаж хайрлах ёстой, яавал амьдрал бат бэх тогтох вэ гэдгийг харуулж чадсан.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Төрбат
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (March 11, 2014 9:26:13 am )
ЖААЯА МААНЬ ГАЙХАМШИГТАЙ ЖҮЖИГЧИН. ӨӨРӨӨ Ч ИХ ГЭГЭЭЛЭГ, САЙХАН ХҮН БАЙСАН ДАА.
-
zochid (March 13, 2014 2:33:43 pm )
saihan jvji****n
-
tsolmon (March 15, 2014 12:12:47 pm )
amjilt
3 Comments