Ажил хэргээс болж нэгийгээ гэмтээхгүйгээр зодолдох нь байх ёстой эрүүл систем
МАН-ыг тойрсон цаг үеийн асуудлаар МАН-ын зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга Ж.Саулетэй ярилцлаа.
-Зөвлөхүүдийн танхим байгуулагдаад удаагүй байгаа. Энэ танхимын үйл ажиллагааны чиглэл нь юу вэ. Ямар хүмүүс багтаж байгаа вэ?
-Миний хувьд зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга гэж явж байгаа. Энэ танхим маань XXVII Их хурлаас гарсан намын даргын дэргэдэх шинэ бүтэц. Танхим маань манай намын хуучин дарга, ерөнхий нарийн бичгийн дарга болон төрийн гурван өндөрлөгийн албан тушаалыг хашиж байсан 16 хүнээс бүрдсэн. Орон тооны бус үйл ажиллагаатай зөвлөхүүд гэсэн үг. Тэд маань цаг үеийн асуудлаар хуралдаж, намын даргад зөвлөдөг.
Тухайлбал улстөрийн намын тухай хууль, ахмадуудын талаар төрөөс баримтлах бодлого гэх мэтээр намын дарга, удирдах зөвлөлд зөвлөгөө өгдөг. Үүнд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, намын дарга асан С.Баяр, Сү.Батболд, УИХ-ын дарга байсан Д.Дэмбэрэл, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж, Ерөнхий сайд асан Д.Содном гээд монгол төрийн “акулууд” багтдаг.
-Сүүлийн өдрүүдэд намын хуучин дарга нар болох С.Баяр, Сү.Батболд болон Байгаль орчны сайд асан Д.Цогтбаатар нарыг намын анхан шатны байгууллагаас хассан тухай мэдээлэл гарсан. Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Сүүлийн хэд хоног ийм яриа хэвлэлүүдээр гарах болсон. Намын одоогийн болон хуучин удирдлагууд хоорондоо зөрчилдөөнтэй, фракц, бүлэг болж хуваагдсан зүйл огт байхгүй. С.Баяр даргын хувьд гадаадад байгаа. Удахгүй ирнэ. Өөрөө нэгэн цагт намын дарга байсан хүний хувьд энэ хэцүү цаг үед зөвлөгөөгөө өгөөд, туслаад явж байгаа. Сү.Батболд даргын хувьд өмнөх Засгийн газрыг ахалж байсан мөн намын дарга байсныхаа хувьд мөн л одоогийн даргатай хамтраад ажиллаж байна. Д.Цогтбаатар дарга бол одоо намын удирдах зөвлөлийн гишүүн.
Манай намын лидерүүд энэ цаг үед харин ч улам нягтарч, цаашид 2016 онд яаж ажиллах вэ гэдэг дээр анхаарч ажиллаж байна. Түүнээс биш гадуур яригдаад байгаа шиг намын шинэ, хуучин удирдлагуудын хооронд ямар ч асуудалгүй. С.Баяр, Сү.Батболд дарга нар монголын төрд хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй лидерүүд шүү дээ. Нэг ёсондоо манай намын брэнд болсон хүмүүс. Одоо байгаа намын дарга нартай таарамжгүй гэх зэрэг асуудал байхгүй. Бид үүнийг зохион байгуулаад байгаа эх сурвалжийг таамаглаж байгаа. Энэ бол дарга нарыг хагаралдуулах гэсэн нэг төрлийн явуулга гэж харж байна. Ирэх сонгууль МАН бүр хүчирхэг болоод ороод ирэх вий гэдгээс сэргийлж, хагаралдуулж, лидерүүдийг харлуулах зорилготой.
Тухайлбал өчигдөр /уржигдар/ л гэхэд “Өнөөдөр” сонин дээр УИХ дахь намын бүлгийн дарга С.Бямбацогт, намын дарга М.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарын зургийг тавьж байгаад янз бүрийн зүйл бичсэн байна лээ. Бид хэвлэлийн эрх чөлөө гэдэг үүднээс түүнд асуудал үүсгээгүй. Үүнийг хэвлэлийн эрх чөлөө гэж ойлгож байгаа. Тэд өөрсдийнхөө өнцгөөс хараад л бичсэн байх. Гэхдээ бага ч гэсэн үндэслэлтэй зүйл бичих хэрэгтэй.
Ер нь яаж ч бодсон намын анхан шатны нэгж дээд шатны удирдлагуудтай зөвшилцөхгүйгээр хасна гэдэг зүйл байхгүй. С.Баяр зөвлөхүүдийн танхимын гишүүн, Сү.Батболд УИХ-ын гишүүн, харин Д.Цогтбаатар бол намын удирдах зөвлөлийн гишүүн. Тэгэхээр хасна гэсэн ойлголт байхгүй.
-Саяхан МАН-ын гишүүд МАХН-д олноороо элсэж байна гэсэн яриа гарсан. Үнэхээр танай намын гишүүд, дэмжигчид МАХН-д элсээд байгаа юм уу?
-Манай намын гишүүдийг хэдэн зуугаараа өөр намд элсэж байна гэж хэсэг шоудсан. Гэтэл тэр 300 хүн, мөн өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд МАН, АН-аас нийлсэн 700 хүн МАХН-д элсэнэ гэж яриад байсан. Тэдгээр нь хаана байна. Тийм зүйл болоогүй шүү дээ. Манай намаас гуравдугаар сарын 1-нд тийшээ 700 байтугай долоон хүн явсан гэдгийг би лав мэдэхгүй. Одоо хүртэл намын дарга дээр “би намаасаа гарлаа” гээд ирсэн хүн алга. Энэ ч гэсэн намыг дотор нь хуваах, АН-тай сөргөлдүүлэхээр ядсан л арга шүү дээ.
-Эдгээр сенсаациас болоод олон нийт МАН дотооддоо хагаралдаж эхэллээ гэсэн ойлголттой болчихлоо. Таны хувьд энэ бүхний ард хэн байгаа гэж гадарлаж байна. Тэгэхээр энэ асуудал цааш даамжирвал ямар арга хэмжээ авах вэ?
-Мэдээж энэ мэтээр цаашид давраад байвал бид дуугаралгүй яах вэ. Гэхдээ ингэж худлаа хэлээд байгаа нь миний хувьд их олзуурхууштай санагдаж байгаа. С.Баяр, Сү.Батболд нарыг намаас хасчихлаа гэхэд хэн итгэх юм бэ. Энэ бол шоу. Нэг ёсондоо ард түмнийг доромжилсон хэрэг. Ер нь намар нэг хэсэг БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэгийг хүн зодлоо гэж хэсэг шуугисан. Энэ бол инээдтэй хэрэг. Б.Ургамалцэцэг шиг жижигхэн бүсгүйд зодуулдаг эр хүн гэж юу байх вэ дээ. Үүнтэй л адилхан.
-УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг нийслэлийн МАН-ын хороон даргын суудалд санаархаж байна. Бараг л Ц.Сандуйгаас булаах нь гэж яриад байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Харин тийм. Ийм мэдээлэл гарч бас нэлээн хүчтэй яригдаж байгаа. Удахгүй нийслэлийн МАН-ын хорооны хурал болно. Үүнтэй холбоотойгоор гаргасан яриа, бас л нэг төрлийн явуулга. Түүнээс биш УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Ц.Сандуй дарга хоёр дотно найзууд. Би ойр дотно байдаг хүний хувьд хэлэхэд тэд хэзээ ч муудалцахгүй гэдгийг хэлэх байна. Өнөөдөр Д.Сумъяабазар гишүүн нийслэлийг хариуцсан нарийн бичгийн даргын алба хашиж байгаа.
Үүнийг хийж байгаа хүмүүс өөрсдөө дарга болох гээд ийм зүйл хийж байгаа. Түүнээс биш тэр хоёр хэзээ ч хоорондоо зөрчилдөхгүй найзууд. Д.Сумъяабазар гишүүн тэр даргын суудлыг булаацалдахгүй. Ц.Сандуй дарга ч албан тушаал, сандал, ширээтэйгээ зууралдаад суух хүн биш. Хоёулаа ажлаа сайн хийж байгаа залуухан дарга нар. Нийслэлийн ажил маш сайн явж байгаа. Энэ залуу дарга нарыг ч гишүүд, дэмжигчид сайхан хүлээж авсан.
-Сүүлийн үеийн хурал, зөвлөгөөнүүдэд танай намын гишүүд, дэмжигчид нэлээн ширүүн байгаа. Бүр гар зөрүүлсэн тохиолдол ч гарсан гэж яригдаад байна. Энэ юунаас болж байгаа вэ?
-Хэдийгээр тийм яриа байгаа ч би өөрийн нүдээр хараагүй. Хэвлэлд бичигдсэнийг л уншсан. Би улстөрд эрчүүдтэй олон жил ажилласан. Эрчүүд, залуучууд хоорондоо ганц, хоёр удаа гар зөрүүлэх нь байх л зүйл. Гадаадад парламентынхаа танхимд барилцаж аваад, зодолдоод, бүр гутлаа хүртэл тайлаад шидэж л байдаг шүү дээ. Харин манайд энэ төрлийн асуудлыг их дэвэргэх юм. Хэрэв тийм зүйл болсон бол манай намд дотоод ардчилал байгааг харуулж байна. Ажил хэргээс болж нэгнийгээ гэмтээхгүйгээр зодолдох нь байх ёстой эрүүл систем.
Би ч гэсэн даргадаа хэлэх зүйл байвал чөлөөтэй хэлээд шүүмжилчихдэг. Би олон даргын цэрэг байсан. Тэдэнд хэлэх зүйлээ хэлчихдэг л байлаа. Тэд ойлгодог. Энэ бол эрүүл тогтолцоо.
Харин АН-ыг хараад байхад Н.Алтанхуягийн өөдөөс ширүүн харж, дориун дуугардаг хүн байгаа юм уу. Дандаа худлаа манжлаад, гараа өргөөд байж болохгүй. Бараг л “Н.Алтанхуяг дарга аа та түм бум наслаарай” гэж хэлээд байгаа юм шиг санагддаг.
Гэхдээ АН-д Ж.Батзандан. Р.Амаржаргал, М.Батчимэг зэрэг хэлэх үгээ хэлдэг, шударга хүмүүс бий. Мөн жигүүр гээд гараад ирсэн. Гэхдээ сүүлийн үед бүгд чимээгүй болчихлоо. Тэгэхээр тэднийг жинхэнэ дотоод ардчилалгүй нам юм биш үү гэж хараад байгаа. Манайх бол залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд гээд бүгд чөлөөтэй үгээ хэлдэг. Гэхдээ захирах, захирагдах ёсоо баримтлана. Саяхан л гэхэд “Шинэчлэлийн хороо” гээд залуучууд гарч ирээд намыг нураах шахлаа шүү дээ. Бид тэдний санал бодлыг бүгдийг сонсож, хүлээж авсан.
М.Санчир
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
njut;иргэнnjuty (March 07, 2014 12:35:16 pm )
Хүн гэж хачин амьтан юмдаа ингэж яриад ч яах юм билээ,арга ядсан л хэрэг юмдаа
-
юу гэдэг билээ? (March 10, 2014 1:04:36 pm )
За байз,акулыг чинь махчин загас гэж ойлгодог,зөв үү?
2 Comments