antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 6, 2014 Comments are off

Жүжигчин хүн сэтгэл хөдлөлөө барьж байх ёстой

нийтлэсэн Admin

10716_610_350Энэ удаагийн “Уран бүтээлч” буландаа СУИС-ийн Тайз дэлгэцийн урлагийн сургуулийн найруулагч, жүжигчний уран чадварын тэнхимийн багш, СТА, жүжигчин Л.Дэмидбаатарыг урьж ярилцлаа.

-Та хэвлэлд ярилцлага өгөлгүй нэлээд уджээ. Та­ныг Английн инээдмийн жүж­гийн нэрт зохиолч Рэй Кунигийн “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн гол дүрд тоглоод завгүй байгаа гэж сонслоо?
-Юуны өмнө танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Уран бүтээлч бидний хувьд өнгөрсөн 2013 он олз омог ихтэй сайхан жил болж өнгөрсөн.

Английн орчин цагийн сонгодог жүжгийг зохиолч Рей Күнигийн “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэ жүжгийн Флипийн дүрийг бүтээж байна. Жүжиг маань хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох хайр дурлалын мөн чанарын тухай өгүүл­нэ. Бүх насныхан үзэх бо­­ломж­той. Ёстой л нэгийг бодог­дуулсан инээд­мийн жүжиг байгаа.

-Сүүлийн үед хошин шо­гийнхон драмын жүж­гүүдээр үзэгч­дийг уях бол­лоо. Ин­гэхэд УДЭТ-т тавигдаж байгаа жүж­гүүд мэргэж­лийн хувьд тэднээс юугаараа ялгаатай вэ?
-Манай театр бол Мон­голын урлагийн гал голомт юм. Ардын хувьсгал ялсаны дараахан иргэдийг соён гэгээрүүлэх, ухааруулах, гоо зүйн хүмүүжил олгох шаард­лага тулгарсан. Тийм ч учраас мэргэжлийн театрыг байгуулсан байдаг. Өнгөрсөн 80 гаруй жилийн хугацаанд манай театр өөрийн гэсэн үзэгчтэй, өнгө аястай болж чадлаа.

Бид дэлхийн болон Монго­лынхоо суут зохиолч­дын бүтээ­лүүдийг ахмад үеийнхний өвлүүлж өг­сөн чадвар дээр үндэслэн өнөө­гийн нийгмийн хэрэгцээг хангасан тоглолт хийдгээрээ хошин шогийнхноос ял­гаатай.

Харин хошин шог бол өөрийн гэсэн онцлогтой ур­лагийн төрөл л дөө. Уран бүтээлч хүний авьяасыг со­рих нэг талбар гэж ойлгож болно.

-Тэр ч тийм шүү. Театрт жүжиг үзэхээр ирж бай­гаа хүмүүс хувцаслалт, биеэ авч яваа байдлаасаа эх­лээд нэг л өөр байдаг нь анзаа­рагддаг?
-Тийм ээ. Хүн төрөлхтөн театрыг амьдралын толь гэж үздэг. Энэ ч утгаараа ямарч хүн театрт их хүндэтгэлтэй, сэтгэлтэй ханд­даг. Нөгөөтэйгүүр театрт та­­вигдаж байгаа уран бүтээ­лүүд үзэгчдэд оюуны гоо сайхныг олгодог цогц хэлбэр юм.

-Бид дэлхийн суут зо­хиолч­дын сонгодог жүж­гүүдийг тавиад л байдаг. Дэл­хийн том театруудын жү­­жигчидтэй харьцуулахад ма­най­хны уран чадвар ямар түв­шинд байна вэ?
-Наадахыг чинь уран бү­тээлч хүний хувьд сонир­холгүй яах вэ. Би “Гамлет” жүжгийг Англи, Америк, Орос, Герман гээд их олон оронд үзэж байсан. Тэдэнтэй харьцуулахад манай ахмад уран бүтээлчдийн бидэнд өгсөн жүжиглэхүйн ур ухаан бол дэлхийтэй яг эн зэрэгцчихсэн гэдэг нь харагддаг. Нэг зүйл ярья л даа.

Жишээ нь Манайд 1995 онд анх “Ричерт гурав” жүжгийг талийгаач Э.Сан­чигдан най­руулагчийн най­руулгаар тавьж байсан. Зөвлөхөөр нь найруулагч Мөнхдорж багш ажиллаж тухайн үеийн мундаг мундаг жүжигчид тоглож байлаа.

Дараа нь 2000 онд би АНУ-ын Вашингтон хотод энэ жүжгийг үзэхэд Э.Санчигдан найруулагчийн тавьсан задар­­гаа, тавилтыг нэг бүрчлэн хуулсан юм шиг тавьсан. Азийн жижигхэн оронд бай­гаа найруулагч дэлхийн том театрын най­руулагчтай энэ тэнцүү байсан.

Үүнээс үзэхэд Монголын жүжигчин, найруулагчдын авьяас дэлхийн хэмжээнийх гэдэг нь харагдаж байна. Ий­мээс дэлхийн тайзан дээр тоглосон ч манайхан голог­дохгүй.

Миний баяр баясгалан, бахархал шавь нар минь юм даа

-Ардын жүжигчин Л.Цог­золмаа гуайн “Хэрээ шиг хоолоотой хүнийг гургалдай шиг хоолоотой болгодог багш байхад гургалдай шиг хоолойтой хүнийг хэрээ шиг хоолоотой болгодог нь ч бий” гэж хэлсэн үг байдаг. Та СУИС-д багшлаад 10 гаруй жил болж багагүй хугацааг үджээ?
-Тийм ээ.

-Хэр сайн багш вэ. Бус­дыг сурган хүмүүжүүлэх ажилдаа ямар дүн тавих бол?
-Хойч үеийнхээ халааг бэлдэнэ гэдэг ариун мөртлөө нэр төртэй, бас хэцүү алба байдаг юм байна. Зөвхөн жү­жигчнээ хийгээд хар тол­гойгоо бодоод явахад нэг өөр. Хүний хүүхдийг хүн болгох, сайн уран бүтээлч төрүүлнэ гэдэг амаргүй. Багш хүн шавь нарынхаа төлөө байнга санаагаа чилээж суудаг юм байна.

Гэхдээ би их азтай. На­даас сайн шавь нар төрөн гарсан. Миний шавь нар жил бүр “UBS” телевизээс зохион байгуулдаг “Орших уу эс орших уу” шоунд удаа дараа түрүүлж байлаа. За­рим нь мэргэжлээрээ гадаадад сурч байхад нэг хэсэг нь Монголынхоо театрт ажиллаж байна. Сайн уран бүтээлч төрж гарна гэдэг нь Монголын урлаг, театрт хэрэгтэй. Тийм болохоор миний баяр баяс­галан, ба­хархал бол шавь нар минь юм даа.

-Багш хүн хатуу, чанга байж л сайн уран бүтээлч, чадварлаг мэргэжилтэн тө­рөн гарна. Ингэхэд та өө­рийгөө хэр хатуу багш гэж боддог вэ?
-Намайг оюутан байхад цаг үе өөр байсан л даа. Багш даалгавар өгсөн л бол заавал хийх ёстой байлаа. Нойр хоолоо умартаад л өдөр шөнөгүй зүтгэдэг байсан.

Одоо бол цаг үе өөр болж. Гэхдээ би бодсон зүйлээ хүүхдүүдээрээ хийлгэж байж санаа амардаг. Энэ ч утгаараа хүүхдүүддээ хатуу байдаг байх. Урлаг өөрөө их хатуу шүү дээ. Тийм ч амар­хан идчих хоол биш.

Амралтаа аваад хөдөө явахыг боддог доо

-Таныг Завхан аймагт төрж өссөн гэдгийг мэднэ. Хамгийн сүүлд хэзээ ну­тагтаа очив?
-Миний амьдралын олон сайхан дурсамж Завхан аймгийн Их-Уул, Нөмрөг сумын дунд өнгөрсөн. Аав маань Их-Уул, ээж минь Нөм­рөг сумынх. Нутгаас минь оюунлаг, авьяаслаг хү­мүүс их төрөн гарсан. Тэд­гээр алдартнууд болон нутаг, усаараа бахархаж явдаг даа.

Ер нь монгол хүн бай­гальтай шүтэлцээтэй бай­даг. Модод навчилж, шувууд ганганахаар сэтгэл их гэгэлзэнэ. Хурдхан шиг л амралтаа аваад хөдөө бай­га­лийн сайханд аял­маар санагддаг. Миний амьдра­лын хамгийн жаргалтай, гэгээлэг мөч ижий, аав­тайгаа нут­гаараа явах, ах дүүсийнхээрээ орох юм даа.

-Танай удамд жүжигчин хүн бий юу?
-Үгүй.

-Нэг ч үү?
-Огт байхгүй. Гэхдээ бүг­дээрээ сайхан дуулна. Миний аав сайхан дуулна. Эмгэн ээж маань ч гэсэн дуулдаг хүн байсан. Түүнээс биш жүжигчин хүн байхгүй ээ. Бүгдээрээ цагдаа, спортын хүмүүс.

-Хүн ямар мэргэжилтэй болох нь генээс гадна тухайн хүний өсөж төрсөн орчин, нутаг ус нь нөлөөлдөг юм болов уу. Таныг жүжигчин болоход нутаг ус тань хэр нөлөөлсөн гэж боддог вэ?
-Нөлөөлнө л дөө. Их-Уул сум их өндөр уулуудтай. Дундуур нь Идэрийн гол урсана. Тэр усны чимээ, уул усны сүрлэг байдал хүнд их эрэмгий, зоримог чанарыг өвлүүлж өгдөг юм билээ. Харин Нөмрөг сумын газар зүйн байрлал нь намайг тайван, амгалан болгодог.

-Юуг тэр вэ?
-Найз маань хамт хөдөө явж байхдаа их гайхсан янзтай “Чи ийм зантай байх нь ч аргагүй юм байна шүү дээ. Заримдаа их догшин ширүүн, заавал үүнийг хий­­нэ гээд л зүтгэдэг. Нэг бо­лохоор нээх тайван амга­лан болчихдог” гэж хэлж байсан юм. /Инээв/

-Ингэхэд танд нэг зүйл анзаарагддаг уу?
-Юу.

-Төв газар төрж өссөн хүүхдүүд хөдөө тал, уул хад, гол горхины чимээ, арга­лын үнэр гэдгийг огт мэддэггүй юм шиг санагд­даг. Хаврын урь ороод ч тэр үү сэтгэл гэгэлзээд “Нээх сайхан аргалын утаа үнэр­тэх юмсан” гэж бодог­дох үе байх юм. Танд тэгж бодогдоно л биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Миний үед амралтын өдрөөрөө эмээ, өвөөгийндөө очоод мал хуй ха­риулж, будаатай цай уугаад их сайхан байдаг байж. Харин одоо­гийн хүүх­дүүдэд тийм зүйл алга.
Эмээ өвөө дээрээ өссөн хүүхдийн юманд хандах хандлага нь их өөр байдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд эмээ, өвөө дээрээ очиж, нутаг усандаа амрах хэрэгтэй. Ялангуяа залуус эх орныхоо үзэсгэлэнт байгалиудаар аялах зайлш­гүй шаардлагатай.

-Урлагийнхан сэтгэлийн асар их хөдөлгөөнтэй хү­мүүс байдаг. Гэм нь юманд амархан баярлаж, хөөрдөг шигээ сэтгэлээр унахдаа амархан юм шиг ээ?
-Ихэнх хүмүүс чам шиг ойлголттой явдаг. Жүжигчин хүн сэтгэл хөдлөлөө барьж байх ёстой. Өөрийгөө маш хурдан хугацаанд хаяж байх хэрэгтэй л дээ.

-Уран бүтээлч хүн сэтгэлийн хаттай байх ёстой гэсэн үг үү?
-Яг тийм. Хүний амьдралд мартагдахгүй хүнд үе их то­хиолддог. Би л гэхэд ижий­гээ алдсанаас хойш өглөө болгон ямар нэгэн байдлаар боддог. Хэдэн жил ингэж явахыг мэдэхгүй. Гэхдээ тэр бүх гунихрал, гутралаа хүн хянаж байх хэрэгтэй.

-Та хүн өөрийгөө хурдан хугацаанд хаяж байх ёстой гэлээ. Гэхдээ яаж тэр вэ?
-Ном уншдаг. Бас кино үзнэ. Эсвэл гэр бүл, найз нөхөд, шавь нартайгаа ярил­­цана. Янз янзаар л тайл­на даа. Харин яагаад ч юм миний гомдол их удаан тай­лагддаг.

-Өөрийгөө хурдан хуга­цаанд хаяж чөлөөлнө гэдэг магадгүй агуу ухаан байх л даа?
-Магадгүй л юм. Хэчнээн ар гэрт нь зовлон тохиосон ч билет зарагдсан л бол тоглох ёстой. Инээдмийн жүжигт уй­лаад гарч л байлаа. Тийм ч учраас урлагийнхан их хар­гис, хатуу ч байж мэдэх юм.

Б.Төрбат

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car