Улсад төлсөн татвар төлөгчдийн 17 тэрбум төгрөгийг үгсэн хуйвалдаж, хулгайлаад идчихсэн Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, Төсвийн орлого хураалтын тасгийн даргаар ажиллаж байсан Б.Энхбат нарын 13 хүнд холбогдох Монгол Улсын түүхэн дэх хамгийн дуулиантай бүлэг хулгайчдын хэргийг шүүх хурал луйварчдын толгойг илж, ял өгсөн нэрээр шоудаад дуусав. Баянзүрх дүүргийн шүүхээр нэгдүгээр сарын 28-ны өдөр хэлэлцэх ёстой байсан эл хэрэг яллагдагчдын өмгөөлөгчдөд ажил гарсан гэх шалтгаанаар хоёрдугаар сарын 17-ныг хүртэл хойшлуулж байсан юм.
Харин энэ удаа товлосон хугацаандаа болсон бөгөөд шүүх хурал таван өдөр үргэлжилж эцсийн дүгнэлтээ гаргасан. Шүүхээс Ч.Гансүх, Б.Энхбат нарт чанга дэглэмтэй хорих ангид найман жил, Ч.Гансүхийн дүү Ч.Даваасүрэнд гурван жилийн хорих ял тус тус оногдуулжээ.
Харин Ч.Гансүхийн нууц амраг гэгддэг О.Бямбасүрэн нарын нэр бүхий татварын байцаагчийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Тэгвэл Ч.Гансүхийн хүү Г.Ганзулд холбогдох хэргийг тусгаарлан шалгаж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Шүүх хурлын үйл ажиллагааг хальтхан харахад Монгол Улсын Татварын ерөнхий газар болон татвар төлөгчдийг ёстой л ангайтал нь залилж хөлс, хүчээ шавхан байж цуглуулсан тэрхүү асар их мөнгөөр “цэнгэн хөгжилдсөн” 13 товарищ дээгүүр харсан шигээ хэнэггүйхэн сууцгааж байсан. Ер нь энэ олон төрөөс төрсөн тэрбумтан, төсвийн мөнгөөр казинодогсод, нууц амрагаа эрхлүүлэгсэд нүгэл нь нүдээрээ гарч, идэж завшсан мөнгөө шингээж дийлэхгүй зад үсэрч шүүхийн хаалга татахаараа ганц мэддэг үг нь “хоосон надаас хоёр чихийг минь авахгүй юу” хэмээж, арьсаа бүтэн аваад гардаг бичигдээгүй хуультай болжээ.
17 тэрбум төгрөг залгичихсан Ч.Гансүх, Б.Энхбат хоёрт найман жил, Ч.Гансүхийн дүү Ч.Даваасүрэнд гурван жилийн ял өгсөн болж “ав, ав” гээд байсан хоёр чихийг нь бүтэн үлдээснээр ямар ч байсан хулгар болгочихсонгүй хоёр яс салцгаав. “Хоосон надаас хоёр чихийг минь авахгүй юу”. Тэдний хэлснээр гүйцэтгэдэг бол шүүхийн танхимд тангараг өргөсөн шүүгчид биш, айж ширвээтэхээ умартсан мэргэжлийн “чих таслаачид” ажлаа хийж зогсох байж.
Тэр мэргэжилтнүүд тусгай зориулалтын багажаа барин очиж тэгтэл нь сүрхий орилуулж зовоолгүй ажлаа хийчихээд гарч ирэхэд хулгар болж өрөө төлсөн гэмтнүүд тэр дороо цагаадаж шүүхийн танхимаас дуу аялсан шигээ гарцгаах байсан болов уу. Яах вэ дээ хоосон хүмүүс чинь хоёр чихээ өрөндөө өгөө л биз. Хоёр чихээрээ өрөө төлчихсөн товарищууд дараагийнхаа ажилд ханцуй шамлан орох л болно. Сонсохоо л байсан болохоос хорвоог харах мэлмийгээ алдсан ч биш дээ.
Дохио зангаа гэж сайхан юм байхад яаж ийж ийгээд хэл нэвтрэлцээд ажил төрлөө амжуулаад явах юм чинь. Харин тэр үед ганцхан базаахгүй явдал үүсч таарна. Тэр нь юу вэ гэвэл хоёр чихгүй хулгар нөхөр гудамжинд малилзаад тууж явбал “Аа энэ сайн эр чинь ямар ч гэсэн өрөө төлчихсөн нөхөр байна. Гэхдээ л хуучин бууны хугархай гэсэндээ дөнгөж мэднэ. Холхон шиг явъя” гэсэн хардлага сэрдлэгэ хэн хүнд төрөхгүй гэсэн баталгаагүй. Тэгж бодсон хүмүүс жийрхэн зай бариад эхлэхээр хөөрхий өрөө төлчихсөн гэм зэмгүй “чихгүй толгойтнуудыг” жаахан ганцаардуулаад байж мэдэх гэм бий. Бусдаар бол дажгүй дээ. Энд нэг зүйлийг хэлэхгүй өнгөрч боломгүй. Эцэг эхчүүддээ хандаж хатуухан сануулахад үүнээс хойш, түүнээс цааш үр хүүхдээ ялихгүй алдаа, зүггүйтлийнх нь төлөө “чихгүй толгойлчихоод, яавч олигтой хүн болохгүй нь дээ” гэх бэлгэ дэмбэрэлгүй үгийг өнөөдрөөс эхлэн чандлан хориглох хэрэгтэй.Та бидний өдөр тутам үр хүүхэддээ хэлдэг тэр олиггүй үг тархи толгойнд нь санамж болон үлдэж маргаашийн “чихгүй толгой”-нуудын тоог нэгээр нэмэх ч юм бил үү. Олон үг улиг, цөөн үг билэг гэсэн үгтэй юм.
Хууль батлан гаргагчдад анхааруулах зүйл бас байна аа. Эрхэм ерөнхийлөгч маань дэлхий даяар тархан амьдарч байгаа гарал үүсэл нэгтэй монголчуудаа түүхийн өлгий нутагтаа ирж суурьшин амьдрахыг уриалсныг хүмүүс санаж л байгаа. Яваандаа дэлхийн өнцөг булан бүрээс угсаа гарал нэгтэй монголчуудын маань их нүүдлийн цуваа Улаанбаатарыг зорин хөврөхийг үгүйсгэх аргагүй. Одоо сая 300 мянга гаруй хүн амтай байгаа Улаанбаатар хот гэрлийн хурдаар ам бүл нэмэгдэж гурав, цаашлаад дөрвөн сая хүнтэй болох өдөр айсуй. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгддэг ч түүнийг дагаад бас бус базаахгүй явдлууд нэмэгдэх нь ойлгомжтой. Гурван сая хүнтэй том хотод хүссэн хүссээгүй “сайн эрс” олшрох нь тодорхой. Тэд өнөөдөр 17 тэрбумаар шоудаж, зугаалчихсан Ч.Гансүх, Б.Энхбат, О.Бямбасүрэн нараас хамаагүй уран нарийн арга бодож олоод хэдэн мянган хүнийг амаар нь шороо үмхүүлэх “залилан мэхлэгчдийн пирамид” босгохыг үгүйсгэх газаргүй. Тэр үед л Улаанбаатар хотоор дүүрэн “чихгүй толгойнууд” гараад ирэх вий дээ. Ээ дээ одооноос л хууль зохиогчид минь энэ тал дээр сайтар бодолцож “чихгүй толгойтнууд”-ын хот болчихгүй байх хууль эрх зүйн орчинг нь цаг алдалгүй зохицуулах шаардлага амьдралаас урган гарч ирж байна.
Хэдийгээр өнөөдрийн байдлаар улсын 17 тэрбум төгрөг луйвардчихсан энэ цагийн “сайн эрс” хоёр чихтэйгээ үлдэж, дээлээ толгой дээгүүрээ нөмрөн наймхан жил торны цаана суух ял авч байгаа хэдий ч ирээдүйд зайлшгүй хоёр чихийг нь мултлан авч Монгол улсын байгалийн баялаг, газар шороо, тусгаар тогтнолыг гадны тонуулчдад худалдсан этгээдүүдийг өрнөөс чөлөөлөх шүүхийн тогтоол уншигдвал бид яах билээ. Ер нь хашир хүн гэж хаширсан хүнийг л хэлдэг. Одооноос л бэлтгэлтэй байхад нэг их буруудах зүйлгүй. Улс эх орноо, байгалийн баялагтай нь худалдчихсан эрхмүүд хэзээ нэгэн цагт илэрч л таарна.
Д.Энхтүвшин
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
ИРГЭН (February 24, 2014 10:02:40 am )
ЗА ДАА ИХ Л УДЛАА ГЭХЭП 3,6 ЖИЛ ШОРОНД СУУСАН НЭРТЭЙ ТАНСАГЛАЖ БАЙГААД Л ГАРААД ИРНЭ ДЭЭ, ДАРАА НЬ ДАЛД ХИЙСЭН МӨНГӨӨРӨӨ ЖАРГАНА ДАА
-
иргэн (February 24, 2014 12:19:19 pm )
Д.Энхтүвшин гэж энэ хүн зайлуул тэр шүүх хуралд суусан бол арай ийм юм бичиж хэдэн цаас олохгүй байх сан даа. Хүний ******д дуралсан ийм юмнууд өөрсдийгөө толинд хардаг ч болоосой. Үнэн байдал бол үнэхээр өөр байсан гэдгийг л мэдэх байна. Энэ бол хэлмэгдүүлэлт байлаа. Цаг хугацаа харуулах байх даа
-
Anonymous (February 25, 2014 5:14:45 am )
Bagadaj yalaa duusahaar ni nutag zaa
3 Comments