За баярын мэнд, баяр хүргэе. Монголчуудын баяр ер нь дуусахгүй юм аа. “Ноён солиот” кинонд мань солиот “Мартын наймны мэнд, наадмын мэнд, валентиний мэнд, октябрын баярын мэнд, улсын баярын мэнд ээ” гээд гудамжаар явж байгаа хүмүүс рүү орилоод байдаг шиг л юм болоод байна. Ямар сайндаа цагаан сарын буузаа жигнэж дуусаагүй байтал Валентины баяр болж сар шинээр бэлгэнд ирсэн баахан шоколад хайлаад сүйд болж байх вэ дээ.
Тун удахгүй мартын найман болно. Уг баярын хувьд эрчүүд ёстой л бие, сэтгэлээ гарган бэлддэг ганц баяр гэж байгаа. Гэхдээ баярлуулж, баярлахад учир их байна. Бүсгүйчүүдийн баяраар эрчүүд хайртай эхнэр, ээжүүдээ хэрхэн баярлуулдаг вэ. Сэргэлэн нэг нь эртхэн ажлаа тарж ирээд сайхан хоол хийчихээд орой ирэхэд нь улаан дарстай ширээнд инээд алдуулсаар суулгана. Энэ нь бараг хамгийн хямд төсөр тусах байх.
Гэхдээ дийлэнх нь гадуур зугаалж, урлагийн элдэв тоглолт үзэж цагийг өнгөрөөхийг илүүд үзнэ. Үүнийг л отож байсан юм шиг хэдэн дуучин нь “сүүний үнэртэй ээж, сайн ээж бараг л өндөр ээж, намхан ээж” нэртэй тоглолтуудыг хийх шиг болно. Овсгоотой нэг нь “Ub Palace”, “Бөхийн өргөө”-нд дуулж, хоёр өдөр бут авна. Гэхдээ үлдсэн хэд нь зүгээр байхгүй энд тэнд хаана л зай гарна гүйж очоод дуулна. Ингээд хотод тоглож дуусаад “Үзэгчдийн хүсэлтээр, орон даяар” гэж ирээд л гараад шидчихнэ.
Харин нөгөө талд нь хошин урлагийн хэдэн продакшн шилдгийн шилдэг бүр хамгийн, хамгийн гэж ирээд л марзаганаж өгнө. Хамгийн хачирхалтай нь хойд хормойгоо авч урд хормойгоо нөхнө гэдэг шиг улиг болсон үзүүлбэрүүдээ урд хойно нь оруулаад хэдэн өдөр бужигнуулна.
Ер нь ингэхэд юу бичих гээд юу бичээд байгаа юм бэ гэж үү. Зүгээр л ээж, эмээгээ баярлуулах гэсэн сэтгэлээр минь шоудаад машин, байрны мөнгө хийх гэж чичирч дайраад байдгаа жаахан эв зүйд нь оруулаач ээ л гээд байгаа хэрэг. Бидний өмнөөс сэтгэл гаргаад ээжүүдэд маань зориулаад дуулж хуурдаж байгаа юм бол түрүүлээд ашиг харж бүхнийг байр, машины мөнгөөр хараад бай л гэсэн юм.
Байр, машины мөнгө хийх гэсэн гурав хоногийн тоглолт чинь сүүлийн хоёр өдөр нь жинхэнэ хулхидалт, ам барилт, сөөнгө хоолойны чихралт болчихоод байгааг эрхэм хүндэт дуучид, хошин шогчид минь анхааралдаа авч ажил хэрэг болгоно уу. Тэгж л их эмэгтэйчүүдийн баяраар ээжүүдэд зориулж дуулж өгч, баярлах гэсэн сэтгэлээр минь байр, машины мөнгө хийх гээд байгаа юм бол жаахан ч гэсэн сэтгэл гаргаж болдоггүй юм уу эрхэмүүд ээ.
М.Санчир
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 20, 2014 8:58:49 pm )
бут авав
-
залуу (February 23, 2014 6:49:45 pm )
Унжийсан хэрүүлч авгайдаа бэлэг өгнө гэхээс дургүй хүрээд ажилынхаа авгайчууд руу набор вино бариад л гүйчдэгш дэ би..
-
ehner (February 24, 2014 5:03:52 pm )
zaluu yasan muuhai helj bn a chi l unjigar heruulch bolgoo bailgui
-
3 Comments