“Нарантуул” захын хүнсний хэсэг галд автсаар хэд хонолоо. Энэ хугацаанд Ш.Сайхансамбууг олон арван түрээслэгчдийн хохирлыг хэрхэн барагдуулах бол гэсэн битүү таамаглал газар авч, Г.Алтангийн үлгэр дахин давтагдах вий дээ гэх хардлага төрсөөр байгаа юм.
Тэгвэл асуудал Г.Алтангийн үлгэрээр өрнөхгүй гэдэг нь тодорхой болж байна. Гал гарснаас хойш албан ёсоор ямар нэгэн тайлбар хийлгүй, нам жим байсан Ш.Сайхансамбуу “Улс төрийн тойм” сонинд илэн далангүй мэт илэрхийлэлтэй ч нүүрээ машид сайн “нуун” битүүмжилсэн ярилцлага өгчээ.
Тус ярилцлагад “Түрээслэгчдийн хохирлыг та барагдуулах уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Би өөрөө барагдуулна. Барагдуулах хуультай юм чинь” хэмээсэн байх аж.
Түүнчлэн “Манайх түрээслэгчидтэй хийсэн гэрээ байж байна. 10 саяас дээш бараа битгий хадгалаарай гэсэн тохироо бий” гэж түрээслэгчдийн хувь заяаг тодорхойлоод хэлчихсэн байх юм.
Анх гал гарсан даруйд “Нарантуул” зах түрээслэгчидтэйгээ лангуун дээр 100 мянган төгрөгийн бараа, павилонд 1 сая төгрөгийн бараа агуулж байхаар гэрээ байгуулсан байдаг гэх яриа дэгдэж байсан ч тодорхой эх сурвалжийн баталгаагүй тул тэгсгээд намжсан.
Харин энэ удаа Ш.Сайхансамбуу өөрийн биеэр тус дуулианд өртөөд өнгөрсөн гэрээний заалтыг нарийвчлан дэлгэлээ. Өөрөөр хэлбэл зүгээр л ярилцлага өгөх төдийхнөөр “Би хохирлыг тань төлөх нь төлнө. Гэхдээ арван саяас илүүг бол чадахгүй шүү нөхөд өө” гээд хэлчихсэн хэрэг.
Тийнхүү лангуун дээрээ 10-100 сая төгрөгний бараатай байсан гэх иргэд “Өө Ш.Сайхансамбуу чи ийм байсан юмуу” гэж хэлэхээс өөр аргагүй байдалд орох нь.
Оюутан ахуйдаа “Дэнжийн 1000” захын задгай талбайд наймаа хийн, 1992- 2008 оны хооронд өөрийн гараар “удирдан босгосон” компанийнхаа ажлыг эхнэртээ шилжүүлэн өгсөн эл эрхэм хүнсний хэсгийн 370 орчим хохирогчдыг нэг иймэрхүү маягаар, хялбархан дөнгөчих гэрээний сиймхий буйг аль эрт тооцоолсон байж таарлаа.
Түүгээр зогсохгүй өөрийнх нь хэлж буйгаар тэдгээр хохирогчид Ш.Сайхансамбуугийн эртний танилууд юм байх. Танилуудтайгаа гал гарсны дараа уулзахад “Та бидэнд ажлын байрыг маань буцаагаад бариад өгч чадах уу” гэсэн. Би чадна гэдгээ хэлсэн” хэмээн мөн л дээрх ярилцлагадаа үг хавчуулаатхав.
Үнэн хэрэгтээ цахилгаан, дулаан гээд маш олон ахуйн асуудал яригдсаар байдаг ч сул талаа засч залруулахгүй байсаар гал гаргах дээрээ тулсан “Нарантуул”-ын хүнсний хэсэгт дахин түрээслэх зориулалт бүхий байр барих зөвшөөрөл олдоно гэдэг нэлээд төвөгтэй асуудал. Нийслэлийн газрын албаныхан “Нарантуул” захыг 2012 онд газар ашиглалтын гэрээгээ 25 жилээр сунгасан нь үнэн болно хэмээн мэдэгдсэн ч хувийн эзэмшил дээрээ олон улсын үйлчилгээний байр барих гэдэг басхүү өөр асуудал.
Нухацтайгаар ажиглах аваас Ш.Сайхансамбуу хүнсний хэсгийг дахин барихад нэлээд асуудал буйг харсан ч хохирогчдын амыг түр таглахын тулд дээрх мэдэгдлээ хийчихсэн гэлтэй.
Ийнхүү энэ цаг үеийн баатар Ш.Сайхансамбуу 2005 онд “Сапу” худалдааны төв шатсны дараа ирээдүйд гарч болох эрсдэлээ бодон, түрээслэгчидтэйгээ шинэчлэн байгуулсан гэрээнийхээ ачаар асуудлаас хөнгөхөн мултарчих бололтой.
Өвлийн жихүүн цаг хаяанд ирээд буй энэ цаг үед “Нарантуул” захын хүнсний хэсгийн худалдаачид 10 саяас дээш төгрөг авч чадахгүй гэдэг нь бараг л тодорхой боллоо. Асуудал цаашид хэрхэн өрнөхийг харж л байхаас өөр гарц одоогоор үгүй байна.
Нийтлэсэн: Ж.Мядагбадам
Mnb.mn
Холбоотой мэдээ
-
asuuna (September 03, 2013 7:15:04 pm )
70 km tsagiin hurdtai yawaa suudaliin teregnii tormoznii zam heden metr baih we vneniig helj o*****
1 Comment