Шинэ Зеланд улсын “Fontегга” компанид үйлдвэрлэсэн “WРС80″ код бүхий шар сүүний уургийн хатаасан бэлдмэлийг ашиглан үйлдвэрлэсэн хүүхдийн сүүн тэжээл, өндөр хэмд ариутгасан ундны сүү, йогурт, тамирчдад зориулсан уургийн бэлдмэлүүд Clostridium botulinum нянгаар бохирдсон байж болох талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэнтэй холбогдуулан МХЕГ-аас наймдугаар сарын 9-28-ны өдрүүдэд эрсдэлд суурилсан тандалт, хяналтыг хийжээ.
Олон улсын мэдээлэлд эрсдэлтэй байж болзошгүй гэж нэр дурьдагдсан улс, орнуудаас манай улсад 2012 оны тавдугаар сараас 2013 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд импортлосон холбогдох нэр төрлийн бүтээгдэхүүний талаар ГЕГ, ХМХГ-ын судалгаанд үндэслэн хийсэн тандал, хяналтыг хийсэн байна.
Хяналт, шалгалтын явац нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 16 худалдааны төвд худалдаалагдаж буй Герман, Дани, Нидерланд, Япон, Солонгос, Голланд, Малайз, ОХУ улсаас импортлосон 37 төрлийн бүтээгдэхүүн, Шинэ Зеланд улсын “Fontегга” компанид үйлдвэрлэсэн хуурай сүү ашиглан үйлдвэрлэл явуулдаг АПУ, Витафит-Инвест, ТЭСО зэрэг ХХК-иуд, БНХАУ-аас “Цаст фүүдс” ХХК-ны импортлодог савласан хүүхдийн сүү, каш, йогурт, хатаамал сүү, ариутгасан сүү зэрэг нийт 48 нэрийн бүтээгдэхүүнээс дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүнгээр Clostridium botulinum илрээгүй бөгөөд МNS 6308:2012 Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ стандартын шаардлагыг тус тус хангажээ.
Мөн “Fontегга” компанид үйлдвэрлэсэн “WРС80” код бүхий шар сүүний уургийн хатаасан бэлдмэлийг ашиглан БНХАУ, Малайз, Вьетнам, Тайланд, Саудын Араб, Австрали, Шинэ Зеланд улсад үйлдвэрлэсэн хүүхдийн сүүн тэжээл, өндөр хэмд ариутгасан ундны сүү, йогурт, тамирчдад зориулсан уургийн бэлдмэл, шар сүүний уургийн хатаасан бэлдмэлийг Монгол улсад импортлоогүй, тандалт хяналтад хамрагдсан худалдааны газруудад худалдаалагдаагүй байсан байна.
Иймд тухайн орноос гарал үүсэлтэй, импортын сүү, сүүн бүтээгдэхүүн, түүхий эдийг лабораторийн шинжилгээнд байнга хамруулан чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулж, болзошгүй эрсдлээс байнга урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулж, холбогдох газруудад хүргүүлэхээр болжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.