
Бид өмнөх дугаартаа тус аймгийн ШГА-ны хууль бус үйлдлийн талаар мэдээлж байсан. Ингээд иргэн Ж.Намсрайжав чухам яагаад хохирсныг судлахад 2007 оны долоодугаар сард Б.Улам-Оргил болон Батсүмбэрэл нараас иргэн Ж.Намсрайжав УБО 33-49 улсын дугаартай “Маяти” маркийн машиныг дөрвөн сая 500 мянган төгрөгөөр авчээ.
Гэтэл Б.Улам-Оргил болон түүний нөхөр бэлэн мөнгөөр зарсан машиныхаа бичиг баримтыг өгөлгүй “Өөр хүний нэр дээр байгаа. Дараа нь чиний нэр дээр шилжүүлж өгье” хэмээн удаа дараа зальдаж, улмаар Завхан аймгийн ШШГА-ны дарга Ш.Болорбат гэгчтэй хуйвалдан бусдад зарсан гэх машинаа өөрийн нэр дээр шилжүүлэн авч өдий болтол хохироожээ.
Хохирогч болох Ж.Намсрайжавын өргөдөлд дурдсанаар Б.Улам-Оргилоос худалдан авсан машин нь Завхан аймгийн цагдаагийн газрын журмын хашаанд битүүмжлэгдэн хураагдсан байсан аж.
Харин яг ямар замаар дээрх машин Завханы цагдаагийн газрын журмын хашаанд очсон нь учир битүүлэг байсан учраас Ж.Намсрайжав Сэлэнгэ аймгийн шүүхэд өргөдөл гаргаж хоёр жил гаруй хугацаанд хөөцөлдсөн байна.
Гэсэн ч энэ асуудлыг өдий хүртэл шийдэж чадаагүй ажээ. Учир нь шүүхээр асуудлыг шийдүүлэх гэхээр Б.Улам-Оргил бусдад худалдсан машинаа “Миний машин” хэмээж, улмаар шүүхийн шийдвэрийг өөрийн талд гаргуулан, хэр арын хаалгатайгаа харуулаад авсан байна.
Анхнаасаа эл машин иргэн Ж.Намсрайжавт худалдагдахдаа их л будлиантай байсан аж. Тухайлбал Б.Улам-Оргил Ж.Намсрайжавт машинаа зарахаас өмнө бичиг баримтыг нь өөрсдийнхөө нэрээс хасуулж, Б.Цэцэгдэлгэр гэх эмэгтэйн нэр дээр шилжүүлсэн байжээ.
Энэ машин Завхан аймгийн Тосонцэнгэлийн журмын хашаанд нэг жил гаруй хугацаанд бүх бичиг баримттайгаа битүүмжлэгдсэн байхад нь хуулийн дагуу шийдэгдэлгүйгээр Б.Улам-Оргилын гар дээр очсон нь ч хачирхалтай.
Тухайн үед Ж.Намсрайжав ШШГА-ны дарга Ш.Болорбаттай очиж уулзахдаа уг машиныг Б.Улам-Оргилоос худалдан авсан гэдгээ хэлжээ. Гэтэл Ш.Болорбат “Журмын хашаанд байсан хугацааны төлбөр болох нэг сая гаруй төгрөгөө төлж, таны хохирлыг барагдуулсны дараа Б.Улам-Оргилд өгнө” гэж хэлж байсан аж.

Гэтэл Ж.Намсрайжавт мэдэгдэлгүйгээр түүний худалдаж авсан машиныг шууд л Б.Улам-Оргилд өгөөд явуулжээ. Мэдээж үүний дараа тэрбээр яагаад машин өгч явуулсныг, бас журмын хашаанд төлсөн төлбөрийн баримт байгаа эсэхийг асууж л дээ. Хариуд нь Ш.Болорбат “Чамд хамаагүй. Манай ажил бүгд хуулийн дагуу явж байгаа” хэмээн Ж.Намсрайжавыг өрөөнөөсөө хөөж гаргажээ.
Бас нэгэн хачирхалтай зүйл нь төрийн өмнө тангараг өргөсөн гэх Б.Улам-Оргил Ж.Намсрайжавт зарсан машинаа өөр хүнд хоёр сая төгрөгийн барьцаанд тавьж, иргэн Отгонбат гэгчийг ч багагүй хохироогоод авчээ. Энэ мэт үйлдлээр нэг машинаа бусдад дамжуулан олон хүнийг хохироож байсан тухай Ж.Намсрайжав өргөдөлдөө дурджээ.
Хамгийн гол нь Б.Улам-Оргил шүүхийн шйидвэрт ажилладаг гэдгээрээ далайлган бусдыг айлган сүрдүүлж, танил талаа ашиглаж хууль бус үйлдлээ өөрийн талдаа шийдүүлж, энгийн нэгэн ядарсан иргэдийг ингэж доромжлох нь хуульд хэр нийцтэй юм бол, Д.Ядамдорж дарга аа.
Түүнчлэн Б.Улам-Оргилын нөхөр Батсүмбэрэл 2012 оны намар, 2013 оны эхээр хууль бусаар мод бэлдсэн хэргээр цагдаад шалгагдаж, эрүү үүсэхэд тэнсэн харгалзах ял, 27 сая төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр гарч байсан гэдэг.
Гэтэл эл 27 сая төгрөгийн торгуулийн шийдвэрийг Б.Улам-Оргил мөн л албан тушаалаа ашиглан хав дарсан тухай өдгөө сэлэнгэчүүд ам дамжуулан ярьдаг юм.
Амташсан хэрээ арван гурав дахина гэгчээр түүний бусдын зүйлийг залилан хийж хумслах нь хэрээс хэтэрч, олон хүний гомдлыг барж, эцэс сүүлдээ гомдсон иргэд Хууль зүйн яам болон Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах хэлтэст хүртэл өргөдөл гаргахаар болоод байгаа юм билээ.
Тэгэхээр бусдад машинаа дөрвөн сая 500 мянгаар худалдчихаад дахин өөр хүнд барьцаанд тавьж бусдыг залилсан нь ШШГЕГ-ын ажилтнуудад байх ёстой араншин уу гэдэгт хурандаа Д.Ядамдорж хариулах л үлдлээ.
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.