antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 17, 2013 3 comments

Ч.Алтан-Өлзий: Намайг хоёр сарын настай гэсэн, гэхдээ би өдий хүртэл амьд байна

нийтлэсэн Admin

2uhvoelu54fctr5pg4st4tfcgn“Өнөр бүл”, “ Говь хянганд тулалдсан нь”, “Гэрлэж амжаагүй явна”, “Сахиул уу, сахиус уу” зэрэг кинонд тоглосон МУГЖ Ч.Алтан-Өлзий өдгөө гавьяаныхаа амралтанд суугаа. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Та тэтгэвэрт гарсан ч уран бүтээлээ хийж байгаа биз дээ. Авьяас хөгширдөггүй гэдэг шүү дээ.   

-Ойрдоо амралттай л байна. Гавьяаныхаа амралтад суугаад гурван жил боллоо. Хамгийн сүүлд “Мануухай” гэж баримтат, богино хэмжээний кинонд тоглосон.

 

-Өдрийг юу хийж өнгөрөөж байна даа. Их завгүй бололтой.  

-Хэдэн мужааны багаж худалдаж авсан юм. Түүгээрээ ойр зуурын юм хийгээд л байна. Бас хашаандаа мод тарьсан. Түүнийгээ арчилж, услахаас эхлээд ажил их.

-Олон төрлийн мод тарьжээ дээ?

-Үхрийн нүд, чацаргана, мойлны мод байгаа. Сакура нь цэцэглээд дуусчихсан. Энэ жил нэмж үрэл, долоогоно, мойл, моносны мод, худалдаж авлаа. Хашаандаа нэг сүүдрэвч хийх төлөвлөгөөтэй. Эхнэр бас хүлэмж барина гэсэн. Гэхдээ энэ жилдээ амжихгүй, бие ч дийлэхгүй бололтой.

Өөрийнх нь хийсэн дугуйтай цэцэгний сав

 

-Та их эрч хүчтэй эрүүл харагдаж байна шүү дээ. Хэдэн жилийн өмнө таныг өвдсөн гэж байсан. Одоо эрүүл болсон уу?

-Гурван жилийн өмнө ходоодны хорт хавдар гурваас дөрөвдүгээр үедээ шилжсэн  гэсэн онош тогтоосон. Тэр үед жин маань 53-хан кг болж, маш их ядарсан. “Одоо танд амьдрах хоёр сарын л хугацаа үлджээ” гэж эмчийг хэлэхэд их юм бодогдсон шүү. Банк дээрэмдэх,  үгүй бол нэг их мөнгөний луйвар хийх ч юм уу, мөнгөтэй болохын тулд юу хийх вэ гэдэг бодол шууд төрсөн. /Инээв/ Амьдрах хоёрхон сарын  хугацаа өгчихөөр ард үлдэж буй гэр бүлийнхэндээ хоргодоод, эд нар минь яах бол гэж бодогддог юм билээ. Тэгээд оточ Баатар  гэдэг хүнд хандаж тан ууж биеэ эмчилсэн. Нөгөө хоёрхон сарын настай хүн чинь гурван жил амьд л явж байна.

-Бүрэн эдгэрсэн хэрэг үү. Одоо зовиур байдаг уу?

-Бүрэн эдгэрсэн гэж бодож байгаа, одоо өвдөх юм алга. Дахиж дурандуулъя ч гэж бодсонгүй. Ер нь ходоод өвдөхгүй байвал заавал дурандуулаад байх шаардлагагүй юм шиг санагддаг. Эмчийн хориглосон гахай, тахиа, загасны мах идэхгүй, архи уухгүй байгаа. Их өлсөхгүй, хоёр цаг тутамд бага хэмжээгээр идэх зэргээр эмчийн зааврын дагуу хооллоод явж байгаа. Одоо 67 кг жинтэй болсон байна лээ.

Та урлагийн тогоонд олон жил “буцалсан” хүн. Тайзан дээр дахин гармаар санагдах үе гардаг л байх даа?
-Тэгэлгүй яах вэ, ганцаараа гэртээ байхдаа уйлмаар, хашгирмаар байдаг. Олон хүнтэй бужигнаж байсан хүн гэртээ суухаар эвгүй, ганцаарддаг юм байна. Б.Балжинням ганцаардаж байна гэж зурагтаар яриад  уйлж байсан  гэдэг, ёстой үнэн юм байна. Үзэл бодол нэгтэй, үерхэж явсан найзууд минь “өнхрөөд” дууслаа. Г.Доржсамбуу минь залуугаараа явчихсан. Түүнээс хойш ганцаардаж эхэлсэн гэж болно доо. Хүн үзэл бодол нийлэхгүй хүнтэй нээлттэй ч ярилцдаггүй юм байна. Ганцаардлын тухай. Та бүхэн ч ойлгох болоогүй ээ.

 

-Уран бүтээлч хүмүүс тэр дундаа жүжигчид тэтгэвэрт гарсан ч мэргэжлийн сургуулиудад багшлаад явдаг шүү дээ. Та хэр олон шавьтай вэ?

-Би багшлах дургүй. Багш шавийн барилдлага гэдэг хэцүү. Тэр хүүхэд нэг л удаа багшаа гэж дуудвал насан туршдаа тэр хүнд  багшилна гэсэн үг. Би буруу юм заагаад өгвөл яах вэ. Багш гэдэг маш том хариуцлага. Өнөөдөр манай аль ч салбарт хариуцлага гэж байхгүй болж. Жүжигчин бэлтгэдэг таван сургууль байна. Тэдний төгсгөж байгаа 100 гаруй хүүхдээс тав нь л жүжигчин болдог. Ингэж яах юм бэ.  Монгол ганцхан театртай.  Төгсөгч болгон жүжигчин болоо ч уу, үгүй ч үү. Жүжигчин гэдэг чинь сурдаггүй төрдөг гэж нэг суутай  хүний хэлсэн үг бий. Авьяас бол төрдөг. Олон жил сурсан ч жүжигчин болохгүй хүн байна. Тиймээс нэг анги л байхад хангалттай.

-Нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр байдаг гэдэг шүү дээ?

-Тийм, тэр нэг хувийн авьяасыг нь л хөгжүүлэх хэрэгтэй. Нэг хувь авьяас байвал тэр нь хөгжих болохоос авьяасгүй байвал яагаад ч сурахгүй. СУИС олон төгсөлт хийлээ. Тэгэхэд одоо театрт хэд нь ажиллаж байна. Жүжигчин болж магадгүй гэсэн 5-6 хүн л байна. Бусад нь лангууны ард наймаа хийгээд л зогсч байгаа.

 

-Таныг жүжигчин болж байх үед жүжигчид мэргэжлийн сургууль төгсч байгаагүй биз дээ?

-Би ямар ч сургууль төгсөөгүй, өөрөө л жүжигчин болно гээд гүйгээд очсон. Анх театрт тайз засагчаар ажиллаж байгаад цэрэгт явж байв. Цэрэгт байх гурван жилийн хугацаанд театр л бодогдож заавал жүжигчин болно гэсэн бодол толгойноос гардаггүй байлаа. Хо.Нацагдорж гэж хүн надад “Чи урлагийн тогоо руу нэг л өнгийсөн бол биеэ татаж авч чадахгүй. Чи ядуу чигээрээ дуусна” гэж хэлж байсан. Би чадна гэж хэлсэн, тэр замаар амьдарч байна. Бодоод байхад алтан үеийнхэн гэж ярьдаг мундаг жүжигчид ямар ч сургуульд сураагүй. Оюун багш бидэнд нэг жишээ ярьж байсан юм. 1929 онд орос мэргэжилтэн монголд театр байгуулах даалгавартай ирж байсан юм билээ. Тэгээд бөөс, ярандаа баригдсан хүмүүст яаж энэ ариун театрын тухай ойлгуулна даа гэж айж байсан гэдэг. Гэвч Цагааны Цэгмид, Д.Ичинхорлоо, Ч.Цэвээн зэрэг жүжигчдийг хараад монголчуудад театрын талаар заах шаардлагагүй юм байна гэж дүгнэсэн гэдэг. Тэр үед “Бөмбөгөр ногоон” баригдаагүй, Цэргийн театр гэж байсан юм билээ. Тэгэхээр Цагааны Цэгмид, Ичинхорлоо, Цэвээн нар жинхэнэ төрмөл авьяастай байсан. Би тэр алтан үеийнхний хормойноос шүүрээд л өнгөрсөн дөө. Хүнд үнэхээр үлгэр болохоор агуу хүмүүс. Ардын жүжигчин Цэрэндулам гуай гэхэд тоглолтын хувцастай 00-д орж болохгүй гэсэн зарчимтай. Намайг тайз засагч байхад миний хүү яваад өрөөнөөс амьдралын туфль аваад ир гэдэг байв. “Яах гэж байгаа юм” гэхэд 00-д орох гэж байна гэнэ.  Тэр хүн тайзны гуталтай 00-д орж болохгүй, тайзыг хүндлэх ёстой гэдгийг өөрөө үлгэрлэн харуулсан. Би одоо ч тайзны хажуугаар малгайтай явдаггүй. Үнэхээр миний шүтээн бол тайз. Театр тэр чигээрээ ариун сүм. Харин жүжигчин бол хүн л байх ёстой. Биднийг бага байхад хүн болоорой гэж хөгшчүүл үнсдэг байлаа. Бид хүн болох гэж явсаар байгаад л үхдэг юм байна. Хүний өмнөөс өөрийгөө золиосолж чаддаг нь сая хүн болдог. Гэтэл өнөөдөр амиа бодож адгуус шиг амьдардаг нь олон. Улс орноо худалдаж яваа нь ч их байна. Хэдэн ч удаа тангараг өргөж төрд суув…

Эхнэрийн хамт 1982 он

 

-Төр гэж хазайсных нэг асуулт байна. Та ямар нэгэн намын гишүүн үү. Ер нь хэр нийгмийн идэвхтэй амьдарч байна?

-Надад нам, лам хэрэггүй. Цэрэгт байхад гурван жил намд элсүүлэх гээд чадаагүй. Би ганц Үйлдвэрчний эвлэлийн гишүүн.

-Та эхнэртэйгээ яаж танилцаж, хэзээ гэр бүл болж байв?

-1982 онд “Сахиус уу, сахиул уу” кинонд тоглох үеэр бид анх танилцаж байлаа. Манай гэр бүлийн хүн туслах дүрд тоглосон юм.Ханилаад жилийн дараа том хүүгээ төрүүлж,  дараа жил бага нь төрсөн. Одоо өвгөн, эмгэн боллоо доо.

-“Сахиул уу, сахиус уу” кино таны анхны дэлгэцийн бүтээлүүдийн нэг байх шүү?

Хамгийн анх “Үүрийн цолмон” гэдэг кинонд 1979 онд тоглосон. Тэгээд 1980 онд “Өнөр бүл”-д, 1982 онд “Сахиул уу, сахиус уу”, “Зарлаагүй дайны уршиг”, “Ирэх хаврын цэцэг” гээд жил дарааллан тоглож байлаа. Тэр жилүүдэд би киноны даллага авсан юм шиг л байсан, залуу ч байж дээ. Тухайн үед лаборантаар ажиллаж байсан эмэгтэй ер нь Алтан-Өлзийгүй кино хийж болдоггүй юмуу гэж хүртэл хэлж байсан гэдэг.

-Тэр үед киног мэргэжлийн төвшинд хийдэг байсан гэж найруулагчид ярьдаг. Одоо бол мөнгөний кино хийж байна гэж шүүмжлэх юм.  

-Тиймээ. Одооных шиг сонирхогчид кино хийдэггүй байсан. Бүр кино хальс угаахад хүртэл орост сургууль төгсч ирсэн хүн хийнэ. Монтаж, монтажийн найруулагчийг  мэргэжлийн сургууль төгссөн хүмүүс. “Өнөр бүл” киноны дотор зургийг өвөл аваад гадаа зургийг нь зун гээд бүтэн жил авсан. Гэтэл одоо өөрөө найруулаад, зураг аваад, бүр өөрөө гол дүрд нь тоглоод байх юм. Бараг 15 хоногт кино хийж байна гэж сонсож байв. Би ингээд шүүмжлэл хэлэхээр буруутаад эхэлдэг. “Урлагт судлал шүүмжлэл дутсанаас болж театр удахгүй мөхнө” гэж хэлээд  буруутсан шүү дээ. Хэлсэн үгний судлал шүүмжлэл гэдгийг нь хасаад удахгүй мөхнө гэсэн гарчигтай сонинд нийтлээд би буруудаж байлаа.

 

Ч. Бат-Өлзий ээжтэйгээ хамт

 

-Судлал шүүмжлэл үнэхээр муу байна уу?

-Өнгөрсөн жил орчин үеийн жүжгийн тухай форум  болсон юм. Тэр үед Мягмарсүрэн, Батсайхан гээд судлаач шүүмжлэгч нарт “сүүлийн 10 жил та нарын судлал шүүмжлэлийг ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд харсангүй” гэж би хэлсэн. Миний үгийг их л дургүй хүлээж авч байна лээ.

-Анх драмын театрт орж байхдаа ямар шалгуураар орж байв?

-Театрт тайз засагчаар ажиллаж байсан болохоор би жүжигчин болъё гээд л хүрээд ирсэн. Тухайн үед дагалдан жүжигчний нэг орон тоо байсан нь миний аз болсон. Тэгээд л дуу дуулж шүлэг уншиж, этюд үзүүлж шалгуулж байв. Жилийн хугацаанд дагалдангаар авна, тэгээд ирэх жил шалгуулаад тэнцвэл тэнц, чадахгүй бол жүжигчин болохгүй гэдэг юм байна. Би ч нэг жил дагалдан жүжигчингээр ажиллаад мэргэжлийн шалгалт өгөхөөр төлөвлөсөн боловч урьд жил нь тэр шалгалт нь өнгөрчихөж. Мэргэжлийн аттестатчиллын шалгалт ирэхийг дахиад дөрвөн жил хүлээж дагалдан жүжигчнээр явсан. За энэ жил яг комисс ирнэ гэж байтал Германд хүүхэлдэйн театрт тоглолтод явж таарав. Тэнд очсон хойноо архи ууж зодоон хийж, түүнээс болж шийтгүүлээд аттестатчиллын шалгалтад дахиад л орж чадаагүй. Ингээд драмын театрын түүхэнд анх удаагаа зургаан жил дагалдан хийсэн хүн би. Тэгэхээр урлаг маш хатуу, бас харгис байгаа биз.

-Урлаг хатуу, харгис гэдэг үг арай хатуудах юм шиг.

-Би жишээ ярья. н.Шагдаржав гэж жүжигчин байсан. Түүний ээж яг тоглолт болох өдрийн өглөө долоон цагийн орчим бурхан болсон юм. Тэр өдөр гадаадын найруулагч Монголд ирчихсэн байснаас бэлтгэлдээ явахаас  өөр аргагүй. Тэгээд хөшигний цаана орж уйлаад тайзнаа гарч үзэгчдээ инээлгээд л тоглолтоо хийж л байсан. Би гэхэд ээжийгээ өвчтэйд  дэргэд нь байгаагүй, сүүлийн дөрвөн хоног хажууд нь байв. Ээж минь хорт хавдартай, бие нь муу байхад надад нэг цагийн ч чөлөө өгөлгүй “Нүглийг нь би хариуцна” гэж Хо.Нацагдорж найруулагч хэлнэ. “Ширүүн тулааны өмнө” гэдэг киноны гамингийн даргын дүрд надаас өөр тоглох хүнгүй болохоор тэгсэн байх. Долдугаар сарын 11,12- нд тоглоод л 13-аас эхлээд ээжийгээ дөрөв хоног сахьсан.  Сүүлийн хоёр хоногт нь Хо багш байнга хажууд байж билээ. Тийм хүнлэг хүн, өөрхий. Өөрөө  ирж ээжээс минь уучлалт гуйж байсан юм. Тэгэхээр урлаг харгис байгаа биз.

Эхнэр Г. Нансал болон хүүхдүүдийн хамт

 

-Цаг наргүй ажилладаг ч урлагийнхан цалин бага авдаг. Тэтгэврийн хэмжээ ч бага тогтдог байх, тийм үү?

-Урлагийн хүмүүс хангалттай цалин авдаггүй. Би  гэхэд 44 жил энэ салбарт ажиллаж,  105 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон.Тухайн үеийн цалингийн дундаж тэр.  Сүүлд 1990 оноос өмнө ажиллаж байсан хүмүүсийн тэтгэврийн зөрүү гэж 350 мянган төгрөг болгосон. Ардын жүжигчин Самбуу гэхэд л 40 гаруй жил урлагт зүтгээд одоо 350 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг гээд л бод.

-Та нийслэлийн унаган иргэн үү?

-Би нийслэлд гурван сартайдаа ирсэн юм билээ. Яг төрсөн нутаг маань Завхан аймгийн Сантмаргад сумын Өлзий толгой гэдэг газар. Тэмээн жингээр 45 хоног явж нийслэлд ирсэн гэдэг. Тэгээд л миний нэрийг Алтан-Өлзий гэж нэрлэсэн гэж ярьдаг юм.

Гэртээ урьж ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье

Г.Отгон

Түүний хөдөлмөрийн багаж

Эх сурвалж: Eagle.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • anu (August 17, 2013 3:26:50 pm )

    shan yriltslaga bnaa bayrllaa Altanolzii guai urt nudaan naslaarai

  • anu (August 17, 2013 3:27:15 pm )

    shan yriltslaga bnaa bayrllaa Altanolzii guai urt udaan naslaarai

  • цэрэг (August 19, 2013 10:08:16 am )

    Амьдрал үргэлжилнэ. Эрүүл энхийг хүсье

antalya rent a car