1000 оюутны байрны үнэ тодорхойгүй байна
Жил бүрийн намар оюутнуудын өмнө тулгардаг бэрхшээл бол оюутны байр байдаг. Өдгөө нийслэлд 43 оюутны байр байдаг бөгөөд энэ жил хоёр оюутны байр нэмж ашиглалтад орох юм байна. Нийслэлийн хэмжээнд 220 орчим мянган оюутан суралцдагаас 13-14 мянга орчим нь л оюутны байранд хамрагдаж чаддаг байна. Харин оюутны байранд амьдрах хүсэлтэй 5-6 мянган оюутан байдаг гэсэн судалгаа байдаг аж. Харин энэ жил 1000 оюутны байр ашиглалтад орсноор үнэтэй, тав тухгүй байр түрээслэх оюутны тоо цөөрч мэдэх ч 1000 оюутны байр хангалтгүй юм. Одоогоор 1000 оюутны байрны жилийн төлбөр хэдэн төгрөг байх нь, ямар ямар сургуулиас хичнээн оюутан амьдруулах нь ч мөн тодорхойгүй байна.
Түрээсийн үнэ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад өсчээ
Оюутны байр хүрэлцээгүй байдгаас ихэнх оюутнууд түрээсийн байр, хажуу өрөө буюу халаасны өрөө, хашаа байшин, гэр түрээсэлдэг бөгөөд үнэ нь жилээс жилд өссөөр байдаг. Ингээд оюутны байранд хамрагдаж чадаагүй оюутнууд айлаар, түрээсийн гэгдэх нийтийн байр, орон сууц, хашаа байшингийн эрэлд гардаг нь нууц биш. Түрээсийн байраар амьдарч сурсан нэгэн оюутны хэлж буйгаар хажуу өрөө жилд 50 орчим мянган төгрөгөөр, нийтийн байр 20-40 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа гэнэ. Нээрээ ч хажуу өрөөний сарын түрээс нь 120-150 мянган төгрөг байсан цаг бий. Харин өнөөдрийн байдлаар жижиг өрөө/халаасны өрөө/ 250-300 мянган төгрөг байгаа бол том өрөө 300-350 мянган төгрөг, гал тогоо 160-200 мянган төгрөг болжээ. Нийтийн байрны хувьд 80-160 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол хашаа байшингийн үнэ хэмжээ, хол ойр, засвар тохижилтоос хамааран 120-180 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин айлын хашаанд гэр бариад суухад сард 30-50 мянган төгрөгийн үнэтэй байх аж. Гэхдээ эдгээр нь байршлаасаа шалтгаалаад харилцан адилгүй үнэтэй байх гэнэ. Харин өнгөрсөн жил халаасны жижиг өрөө 180-200 мянга, том өрөө 250-300 мянган төгрөгийн үнэтэй байжээ. Амьдрах орон байр дээр дурьдсан үнэтэй байгаагийн дээр төлбөрийг 3,6,9 сар, жилээр авна гэдэг нь түрээслэгчдэд бүр хүнд тусдаг. Хүүхдийнхээ төлбөрийг төлж ядах эцэг эхчүүдэд нэг дор бөөнөөр нь төлөх нь өр зээл тавихаас аргагүйд хүргэнэ. Мөн түрээслүүлэгчид барьцаа гэж нэг сарын мөнгө илүү тооцож авч өөрсдийн эрсдэлийг багасгадаг байна.
Залуу гэр бүл, оюутнууд яагаад үнэтэй нийтийн байр, халаасны өрөөг сонгож амьдраад байна вэ
Оюутнуудын хувьд гал түлэхгүй, тохьтой дулаан байхыг эрхэмлэж байгаа. Учир нь гал түлдэг нөхцлийг сонговол өвлийн улиралд хичээлдээ явж, замдаа түгжирч ирэхэд хүйтэн гэр угтах бэрхшээл тулгардаг. Харин залуу гэр бүлүүдийн хувьд нийтийн байранд амьдрах нь элбэг. Учир нь халаасны өрөөнд гэр бүл тэр дундаа хүүхэдтэй бол олддоггүй гэнэ. Мөн оройтож болохгүй, найз нөхөд, хамаатантайгаа гэртээ уулзаж болохгүй, архи тамхи хэрэглэхгүй, дуу чимээ гаргаж болохгүй гэх мэт эрх чөлөө хязгаарлагдмал байдаг нь Шинэ үе продакшны нэг жүжигт гардаг шиг санагдав. Ийм ч учраас түрээслэгчид ихэнхдээ ганц бие эмэгтэй, эгч дүүст түрээслэх сонирхол өндөр аж.
Сая саяар үнэлэгдэх түрээсийн байрны үнэ дөрвөн жилд
Нийтийн байрны үнэ дунджаар 120 мянга гэж бодоход жилдээ нэг сая 440 мянган төгрөг, хажуу өрөөг 250 мянга гэвэл гурван сая төгрөг төлж байгаа. Харин дээрх хөлсний байранд өгч буй жилийн үнийг 4 жилд үржүүлбэл халаасны өрөөнд 12 сая төгрөг, нийтийн байранд таван сая 760 мянган төгрөг төлөхөөр дүн гарч байна. Үүний дээр сургалтын төлбөр, охид хөвгүүдэдээ хичээлийн хэрэглэл, хоол хүнс, хэрэглээний мөнгөн дүнг тооцоолбол эцэг эхчүүдэд хүндхэн санхүүгийн бэрхшээл тулгарах бололтой.
Х.Заяа
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
оюутан байлаа (August 03, 2013 10:34:17 am )
Оюутны байр гэж хавтгайрсан янхны газар шиг л байдаг юм доо.
1 Comment