Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өргөтгөл болох Хүүхдийн цусны эмгэг, хавдар судлалын шинэ эмнэлэг өнгөрсөн тавдугаар сард шаваа тавьсан билээ. АНУ дахь Төвд Монголын шашин соёлын төвийн тэргүүн Ажиа гэгээнтний санаачилгаар баригдаж буй энэхүү эмнэлгийн эхний хэсгийг есдүгээр сарын 21-нээс барилгын эхний ээлж ашиглалтад орж эхлэх аж.
Харин энэ оны эцэс гэхэд бүрэн дуусч, барилга ашиглалтад орох юм байна. Энэхүү эмнэлэгт нярайн эрчимт эмчилгээний тасаг, мэс заслын тасаг, хавдартай хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлэх тасаг болон эцэг эхчүүдийн байрлах өрөө багтаж байгаа. Тус төв эхний ээлжинд 150 хүүхдийг хүлээн авч эмчлэх бол 2-3 жилийн дараа гэхэд хавдраар өвчилсөн бүх хүүхдийг хүлээн авч, оношилж, эмчлэх боломж бүрдэх юм байна.
Урьдчилсан тооцоогоор ЭХЭМҮТ-д жилдээ давхардсан тоогоор хавдартай 1000 орчим хүүхэд оношлогдож ирдэг бол Хавдар судлалын үндэсний төвд давхардсан тоогоор 500 орчим хүүхэд оношлогддог байна. Үүнээс жилд зүрхний төрөлхийн өвчтэй 200-300 хүүхэд гадагшаа мэс засалд орохоор явдаг аж. Харин ЭХЭМҮТ-ын эмчийн хяналтанд цусны хорт хавдартай 700 гаруй хүүхэд байдаг байна.
Дөрвөн тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй энэхүү эмнэлэгийг барихад АНУ, Япон, Англи, Тайвань зэрэг гадаадын улс орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчууд болон гадаадын олон сайхан сэтгэлтэй хүмүүс мөнгө санхүү, тоног төхөөрөмж хандивлаж туслалцаа үзүүлж байгаа аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.