antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 25, 2013 1 comment

“Унаач хүүхэд” гээд байхаар уналгүй ч яах вэ дээ

нийтлэсэн Admin

527-1364260595pictureУлстөрчид үү, уяачид уу

Өнөө цагт УИХ, Засгийн газар, хэрэгжүүлэгч агент­лагууд Монгол Улсын Тод манлай, ман­лай, алдарт уяач¬дынхаа тоо тол­гойгоор өрсөлдөн битүүхэндээ уралдацгааж, алдар цуутай уяа­чид нь ч завсар зайгаараа улсын ажил амжуулсан шигээ сууцгааж бай­гаа нь дэндүү олон болжээ.
Улстөрч нэртэй хэлхгэр, халхгар уяачид төр­сөн бие нь төрийн ордонд, ширээний ард лаг­лайтал сууж харагдах ч сэтгэл оюун нь уяан дээрээ эр­гэлдэж, хурдан морьдын­хоо хий­морийн салхитай холын хол пижигнэлдэж яваа.

Улстөрч уяачид өвлийн сүүл сараас л сэтгэл зүрх нь төрийн ордонд тогтохгүй гэгэлзэж, боломж л гарвал уяа, морьд руугаа давхиж завсар чөлөөнд нь УИХ, Засгийн газрын хуралдааны тан­химд эвшээлгэсэн шигээ сууцгаана. Тав, зур­гаа, долоо­дугаар сарын эхний 10 хоногт улстөрч уяа­чид төрийн ордонд өдрийн од шиг үзэг­дэж ёстой л “чөлөөт цаг”-аараа улсын ажил амжуулна.
Ийнхүү хурдан морьдын­хоо уяа сойлгыг ганц удаа тааруулж үзээгүй мөртлөө хамаг гавьяа цолыг нь өөртөө наадаг “машинаа­саа бууж үзээгүй уяачид”-ын тоог улс­¬төрч уяачид манлайлах болов.

Мөнгө гэдэг хүчирхэг зэвсэг гарт нь байгаа цагт улс, аймгийн алдарт уяач болох боломж хот газар өс­сөн, морины талаар дэндүү “жул” мэдлэгтэй нэгэнд ч нээлттэй болсон сайхан цаг даа, өнөөдөр.
Харин “мөнгөтэй хүн лаа­гаа иднэ үү луувангаа мэр­нэ үү маньд хамаагүй” ч гэлээ өөрийнх нь алдар нэрийг дуурсгаж яваа ажнай хурдан хүлгээ амьд амьтан гэдгийг мартаж, машин тех­ник мэтээр хандах болсон нь үнэхээр эмзэглэмээр зүйл юм.

Хүнийг адуунаас дор үзэж, үнэлж байна гэсэн хүмүүсийн шүүмжлэл үнэн ч гэлээ монгол эр хүний хийморийн дарцаг болсон хурдан хүлгийн талаар тэр бүр яригддаггүй. Жилд болдог 300 орчим наа­дамд дунджаар 700 гаруй хурдан хүлэг үрэгддэг гэсэн судалгааг Амьтны эрхийг хамгаалах сан, Үндэсний мал эмнэлгийн хол­боо­ныхон гар­гасан байна лээ. Энэ нь өвсөөр хооллодог хурдан морь ховордож, тусгай бэлдмэлээр бордуулж, тариа шахуулдаг болсонтой холбоотой гэж учир мэдэх хүмүүс ярьж бай­гаа.

Уурын галт тэргэнд нүүрс хий­хийн хэрээр хурдалж, ачаалал нь ихэдвэл дэлбэрдэгтэй яг адил элдэв төрлийн эм тариа шахуулсан морины бие цаашид давхих тэн­хэлгүй болсон ч гэлээ тариулсан сэргээшнийхээ нөлөөгөөр зогсохоо мэдэхгүй хурдалдаг байна.

Мэдээж морь гэдэг амьтан амьд организм учраас ачааллаа даахаа болиод ирэхийн цагт дотор эрхтэн нь уурын зуухтай адил болж, тар­чилж үхэх нь ойлгомжтой. Ха­рин барианы зурхайд амьд ирсэн хэсэг нь гурван жил л уралдах настай болдог гэж ярих юм билээ. Иймээс зугаа цэнгэл, алдар нэрийн төлөө, эр хүний хийморь болсон аргамаг хүлгээ зольж байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглүүлмээр зүйл.

Өнгөрсөн жилийн наадмаар л гэхэд барианы зурхайн наах нь талд морь бахардаж унахыг би өөрийн нүдээр харсан юм. Унаач хүүхэд мориныхоо эмээлийг тайлж, хамгаалалтын хоёр цагдаа ирээд аврахыг оролдсон ч хэдийнэ хожимдсон байлаа. Удалгүй уяач нь ирж амьсгал хураасан мориныхоо дэл сүүлнээс хайчлан аваад хазаарыг нь тайлж ч амжаагүй байхад хогны машин ачихаар ирж байгаа юм. Угтаа бол энд хамгийн түрүүнд мал эмнэлгийнхэн ирэх ёстой л доо.

Эрдэнэт буян, ажнай хүлгээ хог мэт ачсан энэ үйл явдал Хүй долоон худагт хуран цугласан наадамчин олны сэтгэлийг ихээр эмзэглүүлсэн ч унаач хүүхэд, уяа­чийн дэргэд юу базаах билээ.
Уяачийн харамсаж байгаа царай, эмээлээ тэврээд алхаж буй хүүгийн тэр дүр зураг үнэхээр өрөвдөлтэй, сэтгэл зүрхийг зүсэх шиг л болсон юм даг.

Магадгүй энэ үйл явдлын цаана морины талаар мэдлэг маруухан тариа шахахыг шаардаж, үүрэг даалгавар өгчихөөд сууж байдаг “машинаасаа бууж үзээгүй улстөрч уяач” байхыг үгүйсгэхгүй.
Тиймээс өнөөгийн хурдан морины уралдаан бидний төсөөл­дөг шиг байхаа больжээ. Хурдан моринд тариа шахаж алдаг увайгүй энэхүү үйлдэлд хол­бог­дох байгууллагууд нь анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай.

Хурдан морьдын эмээл

Сүүлийн жилүүдэд морины хүүхэд унаж бэртэх, цаашлаад амь насаа алдах туйлын харамсалтай үзэгдэл ярихгүй, бичихгүй байж болохгүй хэмжээнд хүрлээ. Хамгийн сүүлд Төв аймгийн Борнуур сумын есөн настай хүү мориноосоо унаж Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байгаад өнгөрсөн бүтэн сайнд бурхан болсон. Хүүгийнхээ цаг бусын үхэлд харамсан гашуудсан ээжийнх нь бие гэнэт муудсан нь нэгэн айлын амьдралыг туйлын эмгэнэлт байдалд оруулаад байгаа нь тодорхой.

Уг нь жар гаруй жил хурдан морьдоо уралдуулан цэнгэсэн Монгол наадамд сүүлийн жилүүдийнх шиг ийм олон морины хүүхэд унаж бэртэн, амь насаа алдаж байсан эмгэнэлийн талаар бид тэгтлээ олон дуулж, сон­сож байгаагүй санагдана. Ер нь бол хурдан морьдын уралдаа­ны ашиг хонжоо, авцаа өгцөө дэндүү хэтэрснээс үүдэн янз бүрийн шинэчлэл нэртэй гажуудал давам­гайлах болсон нь морины хүүхдүүдийн унаж гэмтэх, амь насаа­раа хохирох гол шалтгаан болж байна.

Энд хамгийн түрүүнд эмээлийн талаар дурдах ёстой. Дээхэн үед морины хүүхдийг эмээлтэй биш голдуу тохомтой мордуулдаг байв. Энэ нь морины хүүхдийн амь насыг хамгаалсан жинхэнэ монгол уяачдын торгон ухаан байжээ. Бид хөгжил дэвшлээ даган бүхнийг үгүйсгэн шинэчлэхдээ жинхэнэ монгол уяач, халхгар сайхан өв­гөдийнхөө энэ их ухааныг дэвслэн хаяснаар морины хүүхэд дө¬рөөндөө чиргүүлдэж мориныхоо хөлд үрэгдэх хамгийн гол аюулыг тариад байна.

Морины уяан дээр хөлд орж, гурав, дөрөвхөн нас­наасаа морины нуруун дээр өсөж торнисон монгол хүүхдүүд эмээл­тэй биш тохомтой л уралдах нь хамгийн зөв, шалгарсан зохицол юм. Тэгээд ч жинхэнэ Монгол уяачид “Хүний адуу сүүлээ дэвсдэг, өөрийн адуу дэлээ дэвсдэг” гэж хэлцдэг нь монгол морь, морины хүүхэд хоёрын амин холбоог илэрхийлэх хамгийн нандин мэд­рэмж мөн. Уяан дээр хөлд орж, агт морьдын хийморьтой цуг өсөн торнисон морины хүүхэд монгол адууны хөлөөр үрэгдэх учиргүй бөгөөд ёсгүй. Монгол морьд тийм л хийморлиг, бас тэнгэрлэг ухаантай амьтан.

Тэгэхээр ХХI зууны хөгжил дэвшил ярьж, халхгар өвгөдийнхөө уламж­луулаад ирсэн их ухааныг үгүйсгэхийнхээ оронд уламжлал, шинэчлэл хоёроо сайтар эрэг­цүүлэн тунгаагаад үзэхэд буруудах зүйлгүй.
Эцсийн эцэст эмээл, тохом хоёрын хооронд маш их зөрүү байгаа юм. Тохомтой мордсон морины хүүхэд торойтол давхиад л ирнэ. Харин эмээлтэй мордсон өөдөсхөн хүүд юу ч тохиолдож болно. Үүнийг л сайтар эрэгцүүлэн бодож олон талаас нь ухаанаа уралдуулцгаая улстөрч, уяачид аа. Даруйхан шийдэх ёстой бас нэг чухал зүйл нь морины хүүхдийг өнөө цагт хурдан морины “унаач” хүүхэд гэж нэрлээд байгаа зохисгүй явдал юм.

Монголчууд хэзээнээсээ “морины хүүхэд” гэж л хэлцсээр ирсэн болохоос өнөөдрийн “морь мэдэхгүй уяачид”-ын яриад бай­гаа “унаач” хүүхэд гэж хэзээ ч дуудаж, ярьж байгаагүй. “Унаач” хүүхэд гэж дуудаад байхаар мориноосоо уналгүй ч яах вэ. Тэгэхээр наадамчин олон даяараа “морины хүүхэд” гэсэн уламжлалт сайхан нэрээр нь хэлж, ярьж зан­шицгаая.
Тал нутгийнхаа шимт өвсөөр хооллодог тэнгэрийн үнэртэй монгол адууны жинхэнэ урал¬дааныг тал бүрээс нь хэлэлцэн ярил­цаж, зөв зам голдрилд нь оруулцгаая.

Д.Түвшин
Эх сурвалж: Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (July 26, 2013 11:29:12 am )

    хүүхэдгүй морь,толгойгүй хүн ?

antalya rent a car