antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2011 1 comment

Эрх баригчид энэ хоёрыг яагаад зуугаад байдаг вэ?

нийтлэсэн Admin

Өмнө нь энэ тухай бичиж байсан л даа. Үйл явдал өрнөж байгаа учир дахиад л бичих хэрэг гарлаа.

Уг нь аль 2009 оны сүүлээр л эхэлсэн хэрэг явдал. Гэвч одоо ч үргэлжилсээр байгаа учир л сөхөж байгаа хэрэг. Сэтгүүлч А.Баатархуяг, Г.Уянга нар Л.Гансүх сайдын байрны үнийг нь өсгөж хэлсэн, нэг нь бичсэн гэдгээр шүүхийн хаалга, цагдаагийн хаалгыг хичнээн ч удаа татав. Сайдын 165 сая төгрөгөөр авсан байрыг сая доллар гээд хоёр сэтгүүлч хэлчихсэнд хамаг учир байгаа юм. Ганц Л.Гансүх сайдыг ч сая долларын байр авсан гэж бичээгүй. Ё.Отгонбаяр сайдыг ч тэгж хэлж, бичсэн шүү дээ. Тэглээ гээд Ё.Отгонбаяр сайд сэтгүүлчдийг шүүх цагдаад өгөөд гүйхгүй л байна.

Ер нь Л.Гансүх сайд Зайсанд таун хаус их сайн хямдруулаад 165 саяар авсан юм бол тэр мөнгөө хаанаас авав гэдэг ч бас эргэлзээтэй шүү дээ. Тэгээд ч сэтгүүлчид хардах эрх бий. Засгийн газрын гишүүн Оюу толгойн гэрээ батлагдсаны дараа, Ухаа худагийн 256 километр автозамын зөвшөөрөл олгогдсоны дараа МСS-ийн дэд захирал Л.Энх-Амгалангаас байр авсан байхад хардах логик үндэслэл аяндаа гарч ирнээ дээ.

Тэгж хардсаныхаа төлөө өнөөдер энэ хоёр сэтгүүлч буруутан болох дээрээ тулаад байгаа юм. Сайд хоёр сэтгүүлчийг “хорхойтой араа”-ндаа тас зуучихаад, таг зууралдчихаад салж өгөхгүй нэгийгээ үзнэ гээд зүтгэлээ.

Тэгээд хоёр сэтгүүлчийг “Уучлалт гуй. Тэгвэл өргөдлөө татаж авна гэж бас гүрийгээд байгаа.

Дээр нь өөрийн гараар бичсэн өргөдөлдөө Т.Уянгын төрсөн өдөр 12 дугаар сарын 25-нд юм байна. Тиймээс барьж авч ир” гэсэн утгатай юм бичсэн гэж байгаа юм. Заавал хүний хорвоод мэндэлсэн өдөр нь хорьж барих гээд байдаг нь ч юув. Дэндүү хүний жудаггүй хэрэг биз дээ.

Хоёр сэтгүүлчид хамтран зүтгэгч, найз нөхөд нь санаа тавьж зөвлөхдеө “Үнэхээр 165 саяар тийм хаус авч болсон юм бол тэр үнээр нь та хоёр авчих. Бид мөнгө цуглуулаад ч болов тус болъё” гэжээ. Тэр хоёр ч “Байж болох л санаа байна” гэж хүлээж авч байгаа юм байна. Хэрэв сайд байраа

авсан үнээрээ зарчих юм бол А.Баатархуяг, Г.Уянга хоёр “Үнэхээр тийм үнийн дүнтэй байр байсныг буруу үнэлжээ, бид” гэж хэлээд уучлалт гуйхад бэлэн гэнэ. Нээрээ ч айлын голомт самарч, хоёрын хоёр хүнийг хамтад нь шоронд явуулж байснаас авсан үнээрээ байраа зарчихаад, дээр нь уучлалт гуйлгачихаад нэр цэвэр явбал ядаж бүтэн нойртой хононо биз дээ. Тэгээд Л.Гансүх сайд хэвлэл мэдээллийн хэрэгслээр урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх хүрээнд шороон ордыг ашиглахгүй байгаа гээд л байсан. Хаа сайгүй л шороон орд ашиглаж байгаа талаар манай сэтгүүлч нэлээд хэдэн цуврал сурвалжлага хийж сониндоо хэвлүүлж байсан. Тэгэхээр өөрөө ч бас дандаа үнэнийг ярьдаг хүн биш болж таарч байна. Сайд уг нь хоёр сэтгүүлчтэй биш хууль зөрчигсөдтэй ингэж тэмцвэл зүгээр сэн.

Ямар ч байсан гэр бүлийн хоёр сэтгүүлч энэ Засгийн газрын нэг сайдыг шүүмжилсэн хэргээр шоронд явах дээрээ тулаад байна. Тэр хоёр явчихвал гурван хүүхдийг нь яана гэж бодсон юм бол, эрхэм сайд. Хуучин цагт өглөө ажилдаа яваад орой шоронд явчихсан тохиолдол зөндөө л байсан гэдэг. Хүүхдүүдийг нь гудамжинд гаргаад гэрийг нь хурааж, аав, ээжийг нь шоронд хийдэг байсан тэр үе одоо цагт давтагдах хэрэг үү. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх гэр бүлийн хоёр сэтгүүлчтэй Ардчилсан намд хамт ажиллаж байсан хүмүүс. Нэг зүг рүү харж, нэг зүйлийн төлөө зүтгэж нөхөрлөж явсан андууд.

Тэгвэл нэг нь сайд болоод шударга ёсны төлөө сэтгүүлчийнхээ хардах эрхийг эдэлсэн нөгөө хоёрыгоо шоронд явуулах нь ээ. Ингэх нь хүний хувьд, ёс суртахууны хувьд муухай юм. Гансүхэд ингэхээ бай, боль, гэх хүн ч алга. Тойрон хүрээлэгчид нь ингэхээ боль гэх нь байтугай харин ч дөгөөж “Наадуулаа шоронд нь явуул” гэдэг бололтой юм. Гэтэл Л.Гансүх үгэнд нь ороод тэр хоёртой үзээд байдаг. Хоёр сэтгүүлч угаас эрх баригчдын болох болохгүйг дэлгэж байдаг хүмүүс. Энэ хоёрыг барьж, хорих гээд байгаа нь дуугүй болгох л зорилго нь байх.

А.Баатархуяг, Г.Уянга, О.Магнай, Ж.Батзандан энэ дөрөв л эрх баригчдын эсрэг үнэнээсээ тэмцэж байснаас бусад нь бол итгэхэд бэрх л байдаг ш дээ. Ж.Батзандан, О.Магнай хоёр нь долдугаар сарын нэгний хэргээс болж цаазтай ял хүртэл сонсохдоо тулж байлаа. Гэтэл Г.Уянга, А.Баатархуяг хоёр болохоор Засгийн газар, эрх баригчдын зуултанд орсон.

Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар шийтгэдэггүй болох талаар яригдаж байгаа ч хойшилсоор байна. Энэ хоёр сэтгүүлчийг шоронд явуулж байж араас нь шийдэх гээд хүлээгээд байгаа ч юм билүү. Монголын хэвлэл мэдээллийнхэн Г.Уянга, А.Баатархуяг хоёрыг сэтгүүлч гэж хүлээн зөвшөөрдөггүй. Сүүлийн үед сэтгүүлчид маань даргад долигонон, нэг бүлэглэлийн захиалгаар нөгөө бүлгийг муулах ажил хийх нь олширсон. Гэтэл сэтгүүлчийн ажлаа үнэнчээр хийж байгаа, эр зориг гаргаж дуугарч чадаж байгаа гэр бүлийн хоёрыг номхон морь ноолоход амар гэдэг шиг л амар заяа үзүүлэхгүй ноолсоор эрх баригчид удаж байгаа. Гэр бүлийн, идэр насны хоёр сэтгүүлч улс төрийн тэмцэл хийж байна гэхээсээ илүүтэй сэтгүүл зүйн ажлыг үнэнчээр хийж байгаа. Баримт гаргаж ирдэг, эрэн сурвалжилж мэдээллийг олдог, олон нийтэд далд байгаа зүйлийг ил болгодог сэтгүүлчийн ажлыг энэ хоёр хийдэг.

Ард түмний өмнөөс хардах, ард түмний өмнөөс бичих, ард түмний дуулаагүй юмыг дуулгах үүрэг сэтгүүлч бидэнд байдаг. Тэр хоёр ингэж л ажиллаж байгаа. Үе тэнгийнхэн нь эрх баригчдад үйлчилж байхад эрх баригчдын эсрэг дуугарсан энэ хоёрыг ад шоо үзэх биш, мэргэжил нэгтэй нөхдөө өмөөрч дуугаръя гэсэндээ үүнийг бичлээ. Энэ хоёрыгоо шоронд хийлгэхгүй, хамтдаа эрх баригчдын алдаа дутагдал, буруу булхайг дэлгэж, ард түмэнд үнэнийг нь илчлэхийн төлөө зүтгэцгээе. Өнөөдөр энэ хоёрт тохиолдоод буй зүйл маргааш хэнд маань ч ирэхийг байг гэхгүй. Сэтгүүлч бидэнд хардах эрх бий.

Д.МӨНГӨНДАЛАЙ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 15, 2011 1:00:37 am )

    cetgyylchiddee arai xelmegdyylexgui biz dee mgl chuud

antalya rent a car