
-Хотоо нийслэл хотоор нь үлдээхийн тулд яах ёстой юм бол…
Та бүхэндээ 2013 оны 7 дугаар сарын 24-ны лхагва гарагийнхаа энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлээд ховор сонирхолтой нэгэн гэрэл зургийг өргөн толилуулж байна.
Өнөөдрөөс яг 100 жилийн тэртээ буюу 1913 оны 7 дугаар сарын 23-ны өдөр алс холын Франц газраас хүрэлцэн ирсэн нэгэн эрхэм нийслэл хотын маань төв хэсэгт дүнхийх Тасганы овоон дээрээс тулгар төрөө шинээр төвхнүүлээд удаагүй байсан Монголын нийслэлийн амьдралыг ийнхүү зураглажээ.
Дөрвөн ууландаа тэврүүлсэн Нийслэл хүрээ тэр үед тун чиг даруухан дүр төрхтэй, “засал чимэглэл”-тэй байсан нь энэ зурагнаас илт харагдана.
Учир нь шинэ тулгар Монгол Улсынхаа нийслэл хотоор өргөмжлөгдөөд ердөө л жил хугасын хугацаа ч өнгөрөөгүй байсан хэрэг.
Гэтэл үүнээс өмнөх 1410 оноос хойшхи чилгэр 500 жилийг монголчууд өөрийн гэсэн төвлөрсөн нийслэл хотгүйгээр өнгөрөөсөн байх юм /ийнхүү нийслэлгүй явах болсон олон учиг шалтгаан байсныг энд хөндөхгүй/.
Монголчууд Чингис хааны туган дор их Монгол Улсаа байгуулсан үеэс нийслэл Хар Хорумаар төвлөж байсан нь Өгөөдэй хааны үед өргөжин хөгжсөнөөр нэгэн үе дэлхийн нийслэлийн үүргийг ч гүйцэтгэж байсан түүхтэй.
850 жилийн тэртээх 1260 дугаар он гэхэд дэлхийг эзэлсэн Монгол гүрний нийслэл Хар Хорум хот нь дэлхийн улс төр, эдийн засаг, соёл, худалдаа арилжаа, шашин оюун ухаан, дипломат харилцааны нийслэл болж байсан гэдэг.
Харин 1268 онд Хубилай сэцэн хаан их гүрнийхээ нийслэлийг Бээжинд шилжүүлсэн нь нэгэн төрлийн омтгойрол буй за.
Ер нь алив бүхэнд өөрийн цаг улирал байдгийн үлгэрээр үүнээс яг нэгэн зуун оны дараа Тогоон төмөр хааны үед монголчуудын тэргүүлэл Хятад газраас шилжирснээр тэр хаантан Хар Хорум хотдоо эргэн суусан ажгуу.
Гэвчиг Мин улсын өс өвөрлөсөн хурц мэсний үзүүр нэг бус удаа ар газар руу чиглэснээр 1380 онд Хар Хорум нийслэлийг хятад цэрэг эзлэн авч, асар их сүйтгэл үйлдэж, монголчуудын урлан бүтээсэн асар их ном судар зэргийг шатаан устгасан гэдэг.
Мөн энэхүү 1380 дугаар онд алс баруунтай Куликовын талд Донын Дмитрий Алтан ордны хааны суурийг булаан аваад байсан Мамайг мохоосноор монголчууд урьд хожид үзээгүй хоёр том ялагдлыг зэрэг хүлээсэн гунигт түүх ч бий.
Улмаар 1410 он гэхэд Мин улсын цэрэг Хар Хорум хотыг оршин тогтнох үндсийг тасалсан гэдэг.
Монголын сүүлчийн эзэн хаан Лигдэн хутагт Очирт цагаан хот байгуулан төрийн нийслэлээ болгох гэсэн нь бүтэлгүйдсэн байдаг. Түүнийг 1634 онд нас барснаас хойш Монголын төрд нэгтгэгч удирдагч хүч хэрэгтэй болсны улмаас Чингисийн угсааны язгууртнууд монголчуудыг бурхан шашны хүчээр нэгтгэх хэрэгтэй гэж үзсэнээр Монголд бурханы шашин өргөн дэлгэрлийг олсон түүхтэй юм.
1639 онд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Их, Бага хоёр Монгол уулын хооронд орших Ширээ цагаан нуурын газарт Монголын шашны хутагтаар өргөмжилсөн билээ л.
Мөн энд “Шар бүсийн орд” ч гэдэг “Хутагтын өргөө” ч гэдэг сууринг анх байгуулсан түүхтэй ажгуу. Үүнээс хойш дээрх нэрээр нүүдэллэн явсан түүхийн хуудсаас л “Өргөө” гэсэн нэр гарч ирсэн байдаг. Гэхдээ энэ нь хутагтад л зориулсан шашны тэргүүний өргөө байсан гэдэг.
Улмаар 1680-аад онд “Өргөө” маань Сарьдагийн хийдэд төвлөрч байсан бол 1686 онд Төв аймгийн Баян сумын Өгөөмөрт нүүдэллэн очиж, дараа нь Галдан бошигтод хөөгдөх үеэрээ урагшаа Өвөр Монголын Долнуурт хэсэг хугацаанд нүүдэллэж байгаад 1696 онд эргэн ирж Хан уулын ард Цэцэрлэгийн Эрдэнэ толгой гэдэг газарт “Батцагаан” гэдэг цогчин дуган байгуулснаар 1706 оноос үйл ажиллагаа өрнүүлсэн тул мөнхүү 1706 оноос Хутагтын хийдийг “Их Хүрээ” хэмээн нэрийдэх болжээ.
Харин дараа нь 1770-гаад онд яг одоо Улаанбаатар хот оршин байгаа газарт их хүрээ нүүн ирсэн юм байна. Энэ нь Дамбадаржаалин хийдийг бараадан Хан уулын ард, хатан Туулын хөвөөнд, Сэрүүн Сэлбийн дэнжид, Хүй чулууны хөндийд нүүдэллэн ирж суурьшсан хэрэг ажгуу. Ер нь нийтдээ 28-30 удаа нүүдэллэсэн гэдэг.
Тэр үед Хятадыг Бээжин, Монголыг Улиастайгаар төлөөлүүлэн захирч байжээ. Олон улсын газрын зурагт Хятадын төв Бээжин, Төвдийнх Лхас, Монголынх Улиастай гэж зурдаг ч байж.
Харин Улиастайн удаах төв нь Их Хүрээ байсан уу гэвэл үгүй аж. Харин Ховд хот байсан бөгөөд Их Хүрээ нь ач холбогдол, үнэ цэнээрээ гуравдугаарт л “шурган орж” байсан гэдэг.
Анх Их Хүрээ байгуулагдахаас өмнө энд Маймаачин хот байгуулагдсан байсан гэдэг. Харин хожим нь Хүрээний байнга оршин суугчид нь эрхэлдэг ажил хөдөлмөрийн хуваариараа ялгарч, Зүүн, Баруун дамнуурчин, Гандан, Хороо харчууд, Зүүн Хүрээ, Консулын дэнж, Маймаачин хот гэсэн үндсэн хэсгүүдэд хуваагдсанаар ХХ зууны эхэн гэхэд 30 аймаг, 100-гаад сүм дуган, гадаад, дотоодын 360 шахам гар урлалын газар, 600 гаруй пүүс дэлгүүр, 10 гаруй зах зээл, хэд хэдэн томоохон гудамжтай болсон байжээ.
ХIХ зууны эхэн үе гэхэд Монгол орон дэлхийн капиталист зах зээлийн харилцаанд татагдан орсноор Их Хүрээний зах зээл дээр төрөл бүрийн улсуудын эд бараа борлогдох болсноос хамгийн том зах нь “Тэмээт зах” гэсэн нэртэй байжээ. Учир нь алс холоос тэмээн жингээр тээвэрлэн авчирч байсан эд барааг энд худалдаалдаг байснаас тэр ээ.
Энэ бүхэн дээр улс төрийн үйл явц нэмэрлэн өрнөсөн аж. Ар Монголын шашны тэргүүн IV-VIII Богд гэгээнүүд Их хүрээнд төвлөн сууж байсан, ХIХ зууны хоёрдугаар хагасаас Их Хүрээ нь шашин мөргөлийнхөө зэрэг зиндаа, ач холбогдлоор Лхастай эн тэнцүү болж ирсэн, Оросыг Хятадтай хамгийн шулуун дөтөөр холбосон зам үүгээр дайрч байсан зэрэг нь эцэстээ их Хүрээний дарах жинг нэмэгдүүлсэн байна.
Гэсэн хэдий ч Их Хүрээ нь шийдвэрлэх нөлөөтэй болж, нийслэл хотын статустай болж чадаагүй юм. Учир нь ХХ зууны эхэнд Монгол орон нь Манжийн эрхшээлд байсан тул өөрийн гэсэн нийслэлтэй болох боломж байсангүй.
Монголчууд Манжийн ноёрхолыг түлхэн унагаж 1911 оны 12 дугаар сарын 29-нд Их Хүрээний газар Богд Жавзандамба хутагтыг шашин, төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт эзэн хаанаар өргөмжилж, тусгаар тогтнолоо тунхагласан билээ.
Үүний дараахан аливаа улс орон нь өөрийн нийслэл хоттой байх ёстой тул олон монголчууд хуран цугларсан энэ ариун дагшин газарт нийслэлээ байгуулъя гэсэн санал дэмжигдсэн гэдэг.
“Олон улсын хаадын суугаа хотыг цөм “нийслэл”хэмээх нэр өргөмжлөх ёсон бүхий тул үүнээс урагш элдэв албан бичиг зэрэгт “Нийслэл Хүрээ” хэмээн бичвэл зохино” гэж тогтсон байх ажгуу.
Ийнхүү 1912 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр тусгаар тогтносон Монгол Улс анх удаагаа улс төрийн төвөө “нийслэл” хэмээн нэрийдэж, нийслэл хоттой болжээ.
Дээр өгүүлснээс харахад Монгол Улсын нийслэл хот маань анх 1770-аад онд л Хан уулынхаа ард, хатан Туулынхаа хөвөөнд, Сэрүүн Сэлбийн дэнжид, Хүй чулууны хөндийд нүүдэллэн ирж байжээ.
Иймээс бид удахгүй нийслэлийнхээ 250 жилийн жинхэнэ ойгоо тэмдэглэмээр. Алийн болгон бага үндэстнүүдэд байх нь элбэг “Гигантомания” буюу “Агуурхах ихэрхэх өвчин”-өөр амьсгалж явах билээ дээ. Тэртээх 1639 оноор шан татдаг ёс бус явдлаа зогсооё.
Хотын шинэ удирдлагуд аа. Сүхбаатарын талбайгаа Чингэсийн талбай , Өндөрхаан хотоо Чингэс хот хэмээн алдаршуулан нэрийдэж, олныг шуугиулж болоод байгаа юм хойно харин нийслэл хотынхоо үүссэн үүх түүхийн асуудалд даруухан нэгэн цэгийг тавимаар санагдах юм аа. Энэ бол нийслэл хотоо 1639 онд бус харин 1770-аад онд энд суурьшин тухалсан болохыг зарламаар санж.
Харин одоо хөндөх гэсэн хоёр дахь сэдэвтээ ороё.
Францын тэр цаг үеийнхээ нэгэн “легионер” ч байсан байж болзошгүй нэгэн эрхэм наран жаргахын алдад “Энэ харийн хүн ер нь юу л хийгээд төнхөөд сууна даа” хэмээн сэжиглэн арагшаагаа өндийн алдах, “За чи юундаа хаширлан цэрвэнэ вэ? Наадах чинь яах ч үгүй” хэмээн догирхон суусан байж магадгүй хоёр ч өтөл насны хувраг, бас тэдний цаахантай бүрэн завилан суусан эр, эм нь ойлгомжгүй этгээд гурвын патиарыг голлон татсан байж магадгүй хэдий ч тэдний хэн байсан энэ тэр нь өдгөө ямар ч падлийгүй хэрэг болон хувирч харин хүнгүй хоосон шахам байсан тэр орон зай өнөөдөр хэрхэн хувьсан өөрчлөгдсөн болохыг бидэнд гэрчлэн харуулж өгч буй нь хамгийн чухал.
Эндээс харахад тэд нөгөө Сүх жанжин нар анх Хүрээнд давшин орж ирэхдээ дайран гарсан гэдэг Тасганы овоон дээрээс яльгүй зүүн урагшаа нь чиглүүлэн патиараа дарсан болох нь харагдана. За тээр цаана Богдын ордон / одоо музей болсон/зэрэг харагдаж байна даа.
Ингээд үзэг нэгт бус мэргэжил нэгт ч бус харин өөр өөр үзэгтэй хэдий ч анд нөхөр болох Д.Цэрэнжавынхаа хамт Тасганы овоог зүглэв ээ. Мэдээж хэрэг Нийслэл Хүрээ хэрхэн өнгөө зассан нь хэнд ч ойлгомжтой хэрэг байх.
Харин миний хувьд энэхүү Тасганы овооны “хувь заяа”-г жаал сонирхохоор шийдлээ. Ингээд 100 жилийн тэртээх Тасганы Овооноос өнөөгийн энэ овоо хэрхэн нүүрээ хувиргасныг харцгаая.
Франц эрхмийн дурангийн хараанд буусан өнцгөөс нар зөв тойроё доо.
Өдгөө Тасганы яг урд талд мэдээж хэрэг “Гэсэр сүм” буй. Түүнээс зүүн тийшлэвэл
Зая гэгээний “Гүшиг” дацан хэзээ сүндэрлэхээ хүлээн байна. Одоогоор гурван ч шавь, хэд хэдэн ламбугай эндээс хоол хороож буй. Дацангаа удахгүй босгох санаатай гэлцэх юм билээ.
Харин дээрх дацангаас нэлээд хойхно одоогоор бол таслагдсан Тасганы овооныхоо өмнөд хэсгийн баруун хойд буланд нь гурван давхар хүрэн байшин сүндэрлэчихээд хэзээ “хэтээ цахихаа” хүлээн суух мэт ээ.
Энэ бол Чингэлтэй дүүргийн маань шүүхийн байр юм гэсэн. Чилгэр зургаан зуныг харж байгаа энэ байшин саяхныг хүртэл дулааны холболтгүй гэгдэж, эрхэлсэн дарга нараа сандаргаж байсан ч гэлцэх.
Уг нь Гандангийн хүрд, түүний зэргэлдээх Тасганы овоондоо болж өгвөл бурхан шашныхаа жодрыг босгомоор сон доо. Хажуухнаас нь лам хуваргуудын айлтгал нүргэлж, ариун хүжсийн үнэр тархаж байхад хэн нэгнийг /за тэнд нь гэмгүй нэгэн хилсээр “Бүгд найрамдах уншуулаад л, дээлээ нөмрөөд л тууж байх вий/ нарнаас нь салгаж нарс руу илгээн, үлдэх бусдынх нь сэтгэлд хагацлын сүүдэр суулгаж байдаг ийм газар залардаг нь хаашаа ч юм бэ дээ. Газар олдоогүйн л нажид нь л байх даа.
Аппаратынхаа дуранг дахиад жаахан эргүүлбэл мэдээж хэрэг Тасганы овоог сэт цохин гаргасан асфальтан зам гарч ирж байгаа биз… Тийм байна. Ямар бурханы авралаар өмнөх нийгмийн үед энэ замыг татсан юм бол доо. Мөн ч их түгжрэлийг үгүй хийсэн дээ, тээ…
Одоо таслагдсан Тасганы овооныхоо өмнөд хэсгийн дээрээс хойшоо нь тольдъё. Хар замын өмнөд хэсэгт нэг их хар нүх мэт хэсэг ухсан газар байгаа. Арваад жилийн өмнө л “Их харанга” гэдэг компани “1000 таксины зогсоол босгоно /босгож байгаа/ гэсэн хаа байн аа.
Одоо тэнд “Япон авто сэлбэгийн худалдаа, захиалга” гэсэн хоёр давхар тоосгон барилга л босоо юу даа. Түүний зэргэлдээ “Петровис”-ийн ШТС байдаг. Нөгөө “1000 таксины /эсвэл машиний/ зогсоол”-ын туурин дээр хүнд машин механизм худалдаалдаг нэг газар суурьшжээ. Харин нөгөө “Их харанга” хэмээх сонсголонтой нэртэй компани хэвэээрээ эзэн суусаар л гэнэ. Тэр бүү хэл аль 2005 онд харуул нь байсан тэр намжирласан хоолойтой, тамхинаасаа салах дургүй байртай сахиул ах ч хэвээрээ гэнэ.
Юу гэвэл анх 2005 оны долоодугаар сарын 17-ны ням гарагт аавын маань Юра гэдэг найз л “Тасганы овоонд “1000 машины граж” барьж, овоог нурааж байсан экскваторын жолооч дөрөв ч зүв зүгээр гэртээ хариад л орой нь чадхийсэн” гэсэн шүү юм шар сониноос уншсанаа ярьснаар бид “үнэн, худал” гэж жаал хэлэлцсэн санаатай юм.
Тэгэхээр нь 25-ны даваа гарагийн өглөө 7.45-д Тасганы овоо зүглэв. Тасганы овоонд гарч идээний дээжээ өргөөд дараа нь “1000 таксины граж” барьж байгаа хүмүүс дээр очвол харуул нь гээд нэг ахимаг насны хүн таардаг юм.
“Энд дөрвөн экскваторчин нас барсан гэж үнэн үү” гэвэл “Шал худлаа. Манайх “Их харанга” гэдэг компани. Ганц хүн нас барах байтугай өвдөө ч үгүй. Би анхны өдрөөс нь л ажиллаж байна” гээд бараг уурлах шахаж билээ.
Энэ бол манай ялангуяа ахмад настангууд цуурхал яриаг ихээхэн өдөөн хөгжүүлж явдаг болохыг харуулсан ганцхан жишээ төдий юм даа.
За ингээд овооныхоо зүүн хойд хэсэг рүү шилжвэл “Сод Монгол групп”-ийн ШТС, мөн “Синчи ойл” гэсэн ШТС “хөтлөлцөөд” зогсоно.
Одоо овооныхоо яг зүүн талд нь гараад ирвэл “Машин угаалгын газар” тэгээд “Нисдэг машин” авто үйлчилгээний төв байгаа. Үүний өмнө талд босч байгаа 14 давхар барилгын ажил амралтын өдрийн өглөө ч 06:00 цаг гээд л эхэлнэ дээ.
Голдуу хятадууд ажилладаг энэ барилгынхан “манайх үйлчилгээний төв” гэж хэлчихээд үүдээ хаачих юм билээ. Үүний урд талд зургаан давхар яагаад ч юм бэ нүдэнд дулаахан барилга босоод дуусч байна даа.
“Иргэн Энхсайханы өмч” л гэх юм билээ. Тэрбээр энэ барилгын яг өмнөх машин угаалгын эзэн юм аа даа. Тэр барилгынх нь дээр нь “9911-2566” гээд “сийлчихсэн” байх юм билээ. Үүний урд талд одоо ганцхан объект үлдээд байгаа нь “Түвдэнпэлжээлин” хийд юм даа.
Ингээд үзэхэд зөвхөн Тасганы овооны машин замаар таслагдсан өмнөд хэсгийг л гэхэд тойроод ийм олон газар үүд хаалгаа нээжээ. Үүнээс хоёроос бусад нь аж ахуйн үйл ажиллагаа явуулж байна.
Нэгэн зууны тэртээх түүхт дурсгалт зургийнхаа тухайд цөөн үг хэлье. XX зууны эхэн үеийн Францын банкны эзэн Алберт Канын гэрэл зургийн цуглуулга дахь Монголын түүх, соёлтой холбоотой эдгээр нандин баримт гэрэл зургуудын нэг нь дээрх зураг юм.
Энэ нь зурагчин, оператор Стэфан Пассэгийн бүтээл бөгөөд тэрбээр 1912 онд Хятад, Өвөр Монголд ирж байсан ч, Ар Монгол руу орох бололцоо олдоогүй юм байна.
Тиймээс 1913 оны зургадугаа сард Ар Монголд хөл тавьснаар тухайн үеийн нийслэл өргөөнд голчлон зураг авалтаа хийжээ.
Альберт Кан нь 1909 онд улс орнуудын онцлог, нийгэм, хүмүүсийн аж амьдралыг буулгасан өнгөт гэрэл зураг авах томоохон төсөл эхлүүлж, зурагчдыг ажиллуулж байжээ.
Тэрээр 1930-аад оны эхээр эдийн засгийн хямралын нөлөөгөөр санхүүгийн байдал нь хүндэрч уг төслөө зогсоосон ч Вьетнам, Бразил, Америк, Норвеги, Монгол зэрэг улсын түүхэн агшныг харуулсан 180.000 метр хальс бүхий хар цагаан дүрс бичлэг, 72 мянган автохром өнгөт зургийг цуглуулж чаджээ.
Өдгөө Альберт Канын музей нь дэлхийн улс орнуудын ХХ зууны түүхэн ховор агшныг харуулсан сонирхолтой үзмэртэй музейн нэгд зүй ёсоор тооцогддог байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.