
Завхан аймгийн Их-уул сумын харьяат тэрбээр “Хөтөл-цемент шохой” ХК-ийн бөх бөгөөд нутгийнхаа 90 жилийн ойн өмнө Монгол Улсын гарьд хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн юм.
-Улсын их баяр наадмын Үндэсний бөхийн үзүүр, түрүүний төлөө барилдан Монгол Улсын гарьд цол хүртсэнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Нар хур тэгширсэн өдрүүдэд олон шинэ цолтон төрсөн сайхан наадам боллоо. Тэр дундаа таны амжилтыг Очирваань хайрахны хүч гэж хүмүүс бишэрч байгаа?
-Баярлалаа. Жил жилийн наадам өөрийн онцлогтой сайхан болдог. Энэ удаа ч мөн л сайхан, өргөн дэлгэр болж, өндөрлөлөө. Миний хувьд сүүлийн хэдэн жил цолоо ахиулах зорилготойгоор байнга бэлтгэлээ хийж ирсэн. Түүнийхээ үр дүнг үзсэндээ сэтгэгдэл тун өндөр байгаа шүү.
-Долоогийн даваанаас нэг цол ахилаа гэсэн шиг нэлээд хурдтай, бас шаргуу барилдах шиг санагдсан. Мэдээж өөрийн гэсэн барилдааны арга барилаас гадна, зааварчилгаа, зөвлөгөө байсан л байлгүй?
-Учиргүй яарч, шуурхай барилдаагүй ээ. Би угаасаа золгож барилдах сонирхол тун багатай. Гэхдээ даваа ахих бүрт өөрийн боломжоороо барилдсан гэж бодож байгаа.
Мэдээж амжилтаа ахиулахын зэрэгцээ наадамчин олноо хүндэтгэж, сайхан барилдаан үзүүлэхийг хичээж л байлаа. Гурвын даваанаас эхлэн өрсөлдөгчид улам хүчтэй болж, би ч мэхээ бодож, хичээж барилдсан.
-Долоогийн даваанд Х.Мөнхбаатар арслантай барилдсан. Та хоёр бараг л зэрэг унаж байгаа мэт харагдсан. Тэр үед өөртөө хэр итгэлтэй байсан бэ?
-Өөртөө итгэлтэй байсан.Ойролцоо унасан ч давсан гэдгээ мэдсэн. Ер нь барилдаж байгаа бөхчүүд унасан давснаа мэддэг, мэдэрдэг.
-Хэрвээ Г.Эрхэмбаяр аваргатай наймын даваанд тунасан бол яах байсан бол. Арай өөр барилдаан гарах байсан уу?
-Тухайн үеийн барилдаан чухам ямар болох байсныг сайн мэдэхгүй байна. Гэхдээ хэдийн даваанд барилдаж байгаагаасаа хамаараад барилдаан өөр болох магадлалтай. Г.Эрхэмбаяр аваргын хувьд сүүлийн жилүүдэд бэлтгэлээ сайн базаасаар ирсэн.
Бөхийн бүхий л барилдаануудад оролцдог, гайхалтай. Тиймдээ ч энэ удаа өөрийгөө олон түмэнд таниулж, ард түмний бөх гэдгээ харуулж, тодорч чадлаа.
-Хоёр жилийн өмнө та улсын начин болсныхоо дараа өнөөгийн шинэ аваргын арслан цолны мялаалгад барилдаж байсныг санаж байна. Хэзээ нэгэн цагт энэ хүнтэй үзүүр, түрүүний төлөө барилдана гэж бодож байв уу?
-Баяр наадамдаа л сайн барилдахсан гэж байснаас яг Г.Эрхэмбаяр аваргатай үзүүр түрүүнд үлдээд барилдана гэж бодож байгаагүй юм байна.
-Наймын даваанд сүүлдэж давсан. Аваргын хувьд арай өмнө давчихаад, амарч суусан. Шууд барилдахад та цуцсан байсан уу?
-Өдөржин барилдсан учраас цуцалгүй яах вэ. Гэхдээ учраа бөх ч ялгаагүй цуцдаг. Тиймээс хэн хэн нь л адилхан байсан байх.
Бөх болох нь миний багын мөрөөдөл
-Б.Гончигдамба гарьдыг монголчууд Завхан нутгийн уугуул хүү гэж мэднэ. Харин хэзээнээс бөхийн спортод хөл тавьсныг тэр бүр сайн мэддэггүй байх?
-Би анх 2003 оноос Алдар нийгэмлэгт чөлөөт бөхөөр барилдахаар дугуйланд орж, бэлтгэл хийж эхэлсэн. Миний анхны багш МУГТ ах дүү Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр нар. Чөлөөт бөхийн “А” үсгийг зааж, 3-4 жил бэлтгэлийг маань ягштал хийлгэж, хичээл заасан.
Түүнийхээ дараа үндэсний бөхөөр хичээллэж, ногоон дэвжээнээ хөл тавьж, Бөхийн өргөөнд томчуудын аманд гарч байсан даа. Багш нарынхаа буянаар л зүлэг ногоон дэвжээнээ өдий зэрэгтэй яваа хүн шүү дээ би.
-Яагаад заавал үндэсний бөхийг сонгосон юм бэ. Хүүхэд байхдаа барилдаж, уралдаан, тэмцээнд оролцдог байсан хэрэг үү?
-Тэгэлгүй яах вэ. Хүүхэд байхдаа барилдах дуртай байсан. Ер нь Монгол хүүхэд бүр л багадаа барилдаанч байдаг байх. Тэр дундаа хөдөө өссөн хөвгүүд бол байнга л ноцолдож явна шүү дээ. Гэхдээ барилдаан гэж учиргүй сайн мэдэхгүй болохоор байнга шахам хүүхдийн хувцас урж, тасдлаа гэдэг хэл аманд орчихдог байсан.
-Тэгэхээр ээж, аав тань дуугүй өнгөрөхгүй л байлгүй. Чамгүй зэмлэл сонсч байсан уу?
-Тиймээ. Зэмлүүлнэ. Айлын хүүхдийн хувцас урчихаар аав, ээжийн минь чих их л халууцдаг байсан байх даа.
-Дүрсгүй хүү нь бөх болно гэхээр аав, ээж хэр таатай хүлээж авсан бол?
-Анх тийм ч таатай хандаагүй шүү. Сүүлийн жилүүдэд л гайгүй болж, дасч байх шиг байна. Анзаараад байх нь ээ, хүний ижий, аав хүүхдээ дэргэдээ л байлгахыг боддог шиг байгаа юм. Тэгээд ч ноцолдож байгаад бэртэж, гэмтэнэ гээд дургүй байсан.
-Одоо бол Монгол Улсын гарьд Б.Гончигдамба гэж дуурсагдаж байна. Харин дуудах нэрийг өгсөн ээж, аавын тань талаар ярилцвал?
-Манай аавыг Батнасан, ээжийг Оюун гэдэг. Ижий, аав хоёр маань Завхан аймгийн Их-Уул сумын уугуул. Би чинь айлын том хүү. Хоёр охин дүүтэй, хоёр эрэгтэй дүүтэй. Гэрийнхэн маань төрж, өссөн нутагтаа одоо ч сайхан амьдарч байгаа. Муу хүүгээ өдий зэрэгтэй өсгөж, хүмүүжүүлсэн аав, ээждээ л баярлаж явна. Тэднийхээ үргэлжлэл болж би ч өрхийн тэргүүн болон эхнэр, охинтойгоо амьдарч байгаа.
-Ингэхэд бөхчүүдэд удам их нөлөөдөг гэдэг дээ?
-Манай аав, ээжийн хэнийх нь ч талд барилддаг хүн байгаагүй. Гэхдээ манай Их-Уул сум улсын цолтой бөхөөрөө Монголдоо толгой цохьдог юм шүү. Эхний гуравт багтаж, Увс аймгийн Тэс сумтай л эн зэрэгцэнэ. Нутаг усны буян заяа гэж байдаг даа.
Аваргыг давах нь бөх хүний бахархал

-Тийм байх. Гэхдээ та Завханы үзүүр, түрүүний төлөө барилдаагүй үдсэн он жилийг төгсгөл болголоо?
-Завхан аймгийн бөх хамгийн сүүлд 1942 онд Төрийн наадмын үзүүр, түрүү булаалдсан түүхтэй. Мөн 1994 онд Монгол Улсын гарьд цол хүртсэн Ц.Цэрэнпунцаг ах найм давсан.
Тэр жилийн наадамд 768 бөх барилдан, наймын даваанд гурван бөх үлдэж байсан түүхтэй. Харин өнөө жилийн наадмаар намайг үзүүрлэсэнд нутаг усныхан маань ихэд бэлэгшээж байгаа.
-Аваргыг давж аварга гэдэг. Наймын даваанд С.Мөнхбат аваргыг давсаны дараа түрүү бөх болно гэсэн бодол байсан биз дээ?
-Урьд нь С.Мөнхбат аваргатай барилдаад унаж байсан. Г.Эрхэмбаяр аваргатай ч барилдаж байсан. Нэгэн үеийн бөхчүүдтэй барилдаж байгаа болохоор хэн нь яаж барилдахыг гадарладаг болчихдог.
Тиймээс боломжийнхоо хэрээр зөв барилдахыг хичээсэн. Багш нар, нутгийн ах нар ч ихийг зааж, зөвлөсөн. Ер нь барилдааны үед хамгийн гол нь зүйл өгсөн зөвлөгөөг сонсч, хүлээн авч хэрэгжүүлэх нь л маш чухал байдаг.
Ер нь аваргыг давах нь бөх хүний бахархал шүү дээ. Би барилдсан, давсан. Нэг үеийн аваргатай барилдаад давсан даа сэтгэл өндөр байгаа.
-Энэ жил ч Отгонтэнгэр хайрханы бөхчүүд хүчтэй байлаа шүү?
-Манай нутаг уул, ус тэгширсэн. Богд Очирваань хайрхан маань дүнхийж байдаг сайхан хангай. Бид чинь Очирваань хайрхандаа сүслэн залбирч, уулынхаа ивээлд явцгаадаг хүмүүс.
Бөхчүүд маань ч ялгаагүй. Г.Эрхэмбаяр аваргын аав, ээж бүгд манай Баянхайрхан сумын уугуул хүмүүс. Тийм болохоор нутгийн аваргатайгаа үзүүр, түрүү булаалдсан гэж бодож байгаа.
Би наадмын бэлтгэлд гарахаас өмнө гээд өнгөрсөн хавар Хайрхандаа хэрэг болгон очиж, ууландаа гарч мөргөсөн. Уг нь өнгөрсөн жил явъя гэж бодож байсан ч амжаагүй.
Тэгээд зургаагийн даваанд уначихаад “хэрвээ хайрхандаа очсон бол” гэж бодогдож, бас харуусал төрж байлаа. Тийм болохоор тэрхүү сэтгэлээ цэгцлэхийн тулд очоод ирсэн.
-Хүн сэтгэлийн амьтан гэдэг. Та Очирваань хайрхандаа мөргөснийх их л тайвширч дээ. Харин наадмын өглөө сэтгэгдэл хэр байв даа. Ямар нэгэн мэдрэмж төрж байв уу?
-Наадмын өглөө тэгж сэтгэл хөдөлгөсөн ч юм уу, сонин содон зүйл ажиглагдаагүй ээ. Гэхдээ сүүлийн үед их сүсэгтэй болоод байгаа. Хаяахан ном уншуулчихаад л явж байдаг юм.
-Барилдаж буй бөхчүүдэд өдрийн өнгөөс гадна дээлийн өнгө, захыг нь мушгиж буй хүн гээд л их л нарийн дэгтэй байх юм?
-Би өөрөө дуртай болохоор энэ жил ногоон дээлээр гоёчихсон. Харин дээлийн минь захыг завханчууд бүгдээрээ, нутгийн зөвлөлийнхөн, ах нар, найз бөхчүүд гээд олон хүн мушгисан.
Мөн манай нутгийн зөвлөлийнхөн, нутгаас төрсөн төрийн түшээд бүгд л сайн барилдаасай, улсын цолтон төрөөсэй гээд сэтгэлээсээ дэмжиж суусан. Тэднийхээ итгэлийг даагаад улсын наадмынхаа үзүүр түрүүнд үлдсэндээ баяртай байна.
Ер нь барилдаж буй бөхчүүдээ дэмжиж үзэж байгаа бүхий л хүн дээлийнх нь захыг мушгидаг гэж боддог. Намайг дэмжиж байна гэдэг нь дээлийн захыг мушгиж байгаа хэрэг. Тийм болохоор наадмын өдрүүдэд намайг дэмжиж байсан олон түмэн монголчууддаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.
-Бөхчүүд шинэ цолоор дуудахад их содон байдаг гэдэг. Хоёр жилийн өмнө начин болж байсныг бодвол одоо дассан биз?
-Мэдээж цол ахиж байгаа болохоор мэдрэмж өөр байлгүй яах вэ. Начин болдог жил тавын даваанд А.Алтанхуяг арслантай барилдсан. 1024 бөхөөс аймгийн дөрвөн арслан тунаж үлдсэн юм.
Тэгээд А.Алтанхуягийг давж, улсын цол авах хүсэл мөрөөдөл биелэн, начин цол хүртээд учиргүй баярласан. Үндсэндээ начин болоод сэтгэл их л амарсан.
Өнгөрсөн жил цолоо батлаад өсөх идэр начин цолтой барилдаад тавын даваанд тунасан. Харин энэ жил гарьд цол авлаа.
Монголчууд маань бөхчүүдээ хүндэлж ихэнхдээ цолоор нь дууддаг. Анх начин гэж дуудуулахад эвгүй санагдаад байдаг байсан. Сүүлдээ дассан л даа.
Харин энэ жил улсын цолтой байсан болохоор “гарьд” гэж дуудахад эвгүйрхэх зүйлгүй, гайгүй байна. /инээв/
-Завханы бөхчүүд наадмын бэлтгэлд гарахдаа “Сүүж” уулыг зорьдог байх аа?
-Манай аймгийн “Засагт хан” дэвжээний бөхчүүд “Сүүж” уулын амралтад бэлтгэлээ базаадаг. Манай дэвжээнийхэнд их л ээлтэй байдаг юм. Миний хувьд дөрвөн жил дарааллан гарахдаа дандаа цол хүртсэн.
Хамгийн анх гарахдаа аймгийн арслан, хоёр дахь удаадаа улсын начин болж байсан. Харин гуравдахь удаа гарахдаа бас цол маань ахиулж, өсөх идэр чимэгтэй болсон. Өнөө жил дөрөв дэх удаагаа бэлтгэлээ базаагаад гарьд цол хүртлээ.
Манай нутгийн бөхчүүд жилийн турш наадмын барилдаандаа бие, сэтгэлээ зориулан бэлтгэлээ базаадаг. Ямарч байсан үеийн үед сайн бөхчүүд төрж ирсэн түүхийг бид залгамжилж явахыг хичээсээр байгаа. Цаашдаа ч улсын цол авах, сайн барилдах залуучууд зөндөө бий. Тэд маань өндөр цол авч сайн барилдах байх.
-Та ч нутгийнхаа ойд том бэлэгтэй очих нь дээ?
-Сүслэн дээдлэдэг хайрхан, Завхан нутгийнхаа 90 жилийн ойн өмнө итгэл тавин хүлээсэн олныхоо итгэлийг алдалгүй, цолоо ахиулсанд баяртай байгаа. Хэд хоногоос нутагтаа очно. Түүхт 90 жилийнхээ ойд ч сайн барилдана гэж бодож байгаа.
-Нутгийн бөхчүүдийн амжилт нутгийн зөвлөлтэй холбоотой байдаг бололтой?
-Тэгэлгүй яах вэ. Хэдий улсын нийслэлдээ байгаа ч нутаг, нугын ах дүү гэдэг илүү дотно. Тэр ч утгаараа нутгийн зөвлөлийнхөн бөхчүүддээ зааж, зөвлөх үе бишгүй гарна. Түүгээр зогсохгүй бэлтгэлээ базаах үеэс эхлээд бөхийн галаар очно.
Үндсэндээ нутгийн зөвлөлийнхөний тус, дэм асар их. Тийм болохоор танай сониноор дамжуулан Завхан аймгийн нутгийн зөвлөл болон нийт монголчууддаа талархаж байгаагаа илэрхийлье.
Ж.Нарангэрэл
Эх сурвалж: Өглөөний сонин
Холбоотой мэдээ
-
алдар (July 17, 2013 4:30:04 pm )
үнэхээр сайн байсан шүү. Сайн сайн бөхчүүдийг л хаяж гарч ирсэн дээ гарьддаа амжилт, нийт завханчууддаа түүхт *0 жилийн ойн баярын мэнд хүргье Гончигоо цолоо хамга******** гэж найдаж байна шүү амжилт.
1 Comment