antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 12, 2011 Comments are off

Хал цэргүүдээсээ айхдаа амандаа алчуур хийж уйлдаг байсан

нийтлэсэн Admin

-Дүү маань надад «Та зүгээр л хүссэнийг нь аваад өгчих, тэгэхгүй бол намайг ална» гэдэг байсан-

Дотоодын цэргийн 805 дугаар ангид алба хааж байсан цэрэг, хал цэргүүддээ зодуулж амь насаа алдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл эл хэргийн хохирогчид гомдол нэхсээр өнөөдрийг хүрчээ. Учир нь хууль хяналтын байгууллагууд талийгаачийг сүрьеэгийн менингит өвчнөөр нас барсан хэмээн хэргийг нь хаасан гэдэг.

Ингээд энэ талаар талийгаачийн төрсөн эгч С.Амарнямтай ярилцсанаа хүргэе.

 

-Танай дүү, талийгаач С.Батбаярын хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа вэ. Та бүхний гомдлыг одоог хүртэл барагдуулаагүй байгаа гэж сонслоо?
-Хууль хяналтын байгууллагууд одоо болтол зөв шийдвэр гаргаж чадахгүй байна. Энэ хэрэг Баянзүрх дүүргийн прокурор М.Гантулга гэдэг хүн дээр шалгагдаж байгаад хаагдсан. Талийгаач дүүг маань өвчний улмаас нас барсан гэж үзээд хэргийг хаачихсан. Хууль хяналтын байгууллага шударга ажиллаж чадахгүй байна. Шүүх хурал нь ч болоогүй шүү дээ.

 

-Яагаад тэгсэн юм бол. Та бүхэн энэ асуудлаар дахин гомдол гаргасан уу?
-Бид эцсээ хүртэл явах болно. Миний дүүг задлан шинжилгээнд оруулсны дараа сүрьеэгийн менингит өвчнөөс болж амиа алдсан гэсэн онош гарсан. Задлан шинжилгээний хариу ямар ч үндэслэлгүй, худлаа гэдгийг бид батална.

 

-Өмнө нь танай дүүд дээрх өвчний шинж тэмдэг илэрсэн гэхээр зүйл мэдэгдсэн үү?
-Ямар ч өвчингүй эрүүл саруул хүүхэд байсан. Бүр эмнэлэгт ч хэвтэж үзээгүй хүүхэд.

 

-Хал цэргүүд нь зодсон гэсэн. Өмнө нь дарамталж зоддог байсан талаар танд хэлж байсан уу?
-Цэрэгт байх хугацаанд нь байнга л очиж эргэдэг байсан. Очих бүрт л саван, угаалгын нунтаг, нэгж гээд л янз янзын юм нэхнэ. Уг нь цэргийн байгууллагын хангамж нь цаанаасаа байдаг баймаар юм. Энэ талаар асуухад «Та зүгээр авч ирээд өгчих, тэгэхгүй бол намайг ална» гэж хэлдэг байсан. Бид зодуулдаг байсан талаар нь сайн мэдээгүй. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 31 -нд эргэхдээ углааш, бялуу аваад очсон. Гэтэл хал цэрэг нь гэх дөрвөн залуу нийлж зодсон гэсэн гэдгийг нь мэдсэн.

 

-Юунаас болж зодсон юм бол?
-Аваачиж өгсөн углаашийг хараад «углаашны баяр» хийнэ гэж хэлээд л зодож эхэлсэн юм билээ. Ухаан алдаж унахад нь «үхсэндээ муужраад байгаа юм» гээд зодсон гэсэн. Энэ  өдрөөс хойш л бие нь муудаж, удалгүй нас барсан. Жагсаал дээрээ хүртэл ухаан алдаж унасан гэнэ лээ.

 

-Өмнө нь та нарт зодуулдаг тухайгаа ярьж байсан уу?
-Тийм юм ярьдаггүй байсан. Дараа нь бие нь муудаж эмнэлэгт хэвтэж байхдаа хэлсэн. Хал цэргүүдээсээ айхдаа амандаа алчуур хийж байгаад уйлдаг байсан гэсэн.

 

-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж болон холбогдох байгууллагуудад мэдэгдсэн гэсэн, хариу өгсөн үү?
-Энэ талаар ямар ч хариу өгөөгүй. Хэвлэлийнхэн хүртэл сайдаас утастаж асуухад нь хариу өгөх боломжгүй гэж хэлсэн байна лээ.

 

-Цэргийн ангийн дарга нартай нь уулзсан уу. Хэрэг шийдэх тал дээр туслалцаа үзүүлж байгаа юу?
-Үгүй ээ. Ажил явдлынх нь үеэр нэг удаа ирсэн. Түүнээс хойш цэргийн анги шууд л хаалттай болсон.

 

-Зодсон гэх цэргүүдэд хариуцлага тооцсон уу?
-Тэр хүмүүс нь одоо хаана явж байгаа юм бэ, бүү мэд. Ямар ч хариуцлага тооцоогүй. Гурвынх нь сураг гарсан. Нэг нь хаана яваа нь мэдэгдэхгүй ор сураггүй байгаа. Хүн алчихсан хүмүүс эрх чөлөөтэй яваад байгаад гайхаж байна. Манай улсад хууль шударга үйлчлэхгүй байгаа нь эндээс харагдаж байна шүү дээ.

 

-Шүүхэд дахин гомдол гаргасан гэсэн. Хариу мэдэгдсэн үү?

 

-Одоогоор хариу өгөөгүй байгаа. Ямар ч байсан эргэж мэдэгдэнэ гэсэн. Өмнө нь гомдол гаргахад бидэнд мэдэгдэлгүйгээр хэргийг шууд хаасан. Цэргийн алба хааж байгаа хүнийг дарамтална гэдэг байж боломгүй хэрэг. Гэхдээ ганц хоёрын зэрэг цохих зүйл гаралгүй л яах вэ. Энэ нь угаасаа бичигдээгүй хууль болчихсон юм билээ. Тэгэхдээ дөрвөн хүн ганц цэргийг нийлж зодно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Одоо ч гэсэн цэргүүдийг зодож байгаа биз. Эх орондоо тангараг өргөж, эх орноо хамгаалахаар ирсэн хүнийг зодож, бэртээх нь нэг бус удаа гэдгийг хүн бүр л мэднэ. Харамсалтай нь энэ талаар хариуцлага тооцдог газар гэж манай улсад байхгүй.

 

-Задлан шинжилгээнд орох үед нь та нар байлцсан уу?

 

-Үгүй. Биднийг оролцуулаагүй. Яамнаас ирсэн эмч нар задлан хийгээд сүрьеэгийн менингит өвчнөөс болж амиа алдсан гэсэн онош гаргасан. Энэ бол худлаа онош. Цаанаасаа хэрэг явдлыг намжаах гэсэн арга. Бүх холбогдох байгууллага болох хууль хяналт, прокрор нэг талыг барьсан.

Бид хохироод л үлдэж байна. Миний дүү айлын ганц эрэгтэй хүүхэд, цэргийн албанд явна гэсээр байгаад явсан. Ингэснийхээ төлөө амиа алдсан нь үнэхээр харамсалтай. Бид ч яах вэ ээж маань л их зовж байна. Ямар ч байсан бид эцсээ хүртэл явна гэдгийг дахин хэлье.

Эмнэлэгт байхдаа ээждээ «Хүү нь хурдан эдгэрээд ээжийгээ баярлуулна» гэж ярьдаг байсан. Энэ тухай ээж маань байнга ярьдаг. Арга ч үгүй биз дээ. Ганц хүү нь байсан юм чинь.

Талийгаачийн эгч ийнхүү нулимс бөмбөрүүлэн өгүүлсэн юм. Дөнгөж 20-хон насандаа хорвоог орхино гэдэг харамсмаар. Хөгшин эхдээ хань түшиг нь байсан хүү, өнөөдөр амиа алдаагүй байсан бол өдийд ээжийгээ баярлуулаад байх байсан биз ээ.

 

Ч.Бямбадулам
Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car