Монголын хүн ам 2.9 саяд хүрч түүхэнд тэмдэглэхээр үйл явдал болсон талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Жил ирэх тусам Монголын хүн ам бага багаар нэмэгдэж буй бөгөөд ийнхүү 2.9 саяд хүрсэнийг олон улсын түвшинд хийдэг стандартын тооцооллоор тогтоосон байна. Түүнчлэн 2012 онд хүн амын төрөлтийн түвшин 74 мянгад хүрсэн бөгөөд энэ нь сүүлийн 30 жилд хоёрт орох өндөр үзүүлэлт байсан тухай албаныхан онцоллоо.
Сүүлийн 2010 оны тооллогоор, Монгол Улсын хүн амын тоо 2,6 сая гэж тоологдсон бол гадаадад 100 гаруй мянган хүн ажиллаж, амьдарч байгааг оруулаад 2,7 сая юм. Монголын хүн ам 1918 оноос хойшхи 45 жилийн хугацаанд нэг саяар нэмэгдсэн ба харин хоёр сая болоход ердөө 26-хан жилийн хугацааг туулсан байдаг.
Төр засгаас хэрэгжүүлж байгаа нийгмийн халамжийн арга хэмжээний дүнд 2006 оноос хойш төрөлт өмнөх жилүүдээс нэлээд нэмэгдсэн нь хүн амын өсөлтөд эерэгээр нөлөөлсөн байна. Хүн амын хэтийн тооцооллоор Монгол Улсын хүн ам 2017 онд 3 сая болох тооцоололтой байгаа.
2012 онд нийт хүн амын 27.7 хувийг эзэлж байсан хүүхэд насны хүн ам 2040 онд 21,4 хувь болж бага зэрэг буурахаар, хөдөлмөрийн насны хүн ам буюу 15-59 насныхны эзлэх хувь 66.5 хувиас 55.4 хувь болж буурахаар, хөгшин насны хүн ам буюу 60-аас дээш насныхны хүн амд эзлэх хувийн жин одоогийнхоос 3 дахин нэмэгдэж 16.7 хувьд хүрэхээр байгаа аж. Энэ тооцооллоос харахад 2040 он гэхэд Монгол Улсын хүн ам нэлээд хөгшин бүтэцтэй орон болсон байхаар тооцоолжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.