-Таны урилгаар дэлхийн дулаарлын эсрэг тэмцэгч Канад улсын иргэн Satish Sikha болон “ Miss world – 2008” тэмцээний тэргүүн дэд байрын шагналт, Дэлхийн мисс, Энэтхэгийн гоо бүсгүй Парвати Оманакуттан нар монголд айлчлан засгийн газрын гишүүнтэй уулзаад буцсан. Төрийн ордонтой танилцаад сэтгэгдэл өндөр буцсан биз?
-Манай улсад ирсэн дээрх төлөөлөгчид сэтгэгдэл маш өндөр буцсан. Даяарчилагдаж буй энэ зуунд дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүнлэгийн, энх тайвны, сайн санааны элч төлөөлөгч нар олон улсад нийгмийн төлөө маш их ажил хийдэг. Энэ удаагийн айлчлал маань дэлхийн дулаарлын эсрэг монгол түмний хүсэл, үг уриаг дэлхий нийтэд хүргэх зорилгоор “Ногоон торгон тууз” аяныг дэмжиж ирсэн юм.
Косова улсын иргэн, Хүмүүнлэгийн ажилтан Taraku Morena, Монтенегро улсын иргэн, Хүмүүнлэгийн элч Stanisic Nina нар ирж бидний үйл ажиллагааг дэмжин ирж, маш завгүй ажиллаж байгаад буцсан. Эмэгтэйчүүдийн дуу хоолой чухал гэдэг утгаараа эдгээр элч төлөөлөгч нар хүмүүнлэгийн ажилд гар бие оролцсонд бид талархалтай байгаа.
-Ирэх очих зардлыг нь та даасан уу? Эсвэл монголын талаас ямар нэгэн компани даасан уу?
-Бидний үйл ажиллагааг дэмжиж “Чингисийн хишиг”, “Genco Tour Bureau”, “Баянгол” зочид буудал хамтран ажилласан. Монгол улсад суугаа Энэтхэг улсын элчин сайдын яамныхан туслалцаа үзүүлсэн.
-Б.Гантогоо одоогоор яг ямар ажил амжуулж байна вэ? Их завгүй байна уу?
-Би Эх дэлхийн А.У.Н.Т нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байна. Эх орноо дэлхий дахинд сурталчилахад өөрийн хувь нэмрээ оруулах зорилготой байгаа. Өнөө үед тулгамдаж байгаа дэлхийн дулаарлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэн олон улсын болон орон нутгийн үйл ажиллагаанд оролцож байна. Өөрийн зүгээс “Алдаатай оноотой 25 нас“ номоо эхлүүлээд бичиж байна даа. Ер нь залуу хүн учраас цаашдаа их ажил амжуулна гэсэн бодолтой байгаа.
-Та ихэнхдээ Японд байгаа дуулддаг. Ер нь та яг албан ёсоор хаана амьдарч байгаа вэ?
-Япон, Монгол хоёрын хооронд ирж очин байна даа. Өөр улс оронд олон улсын арга хэмжээнд оролцож байна. Японд нүүрлэсэн гамшгийн үед найз нөхөд, багш нар болон бусад хүмүүстэйгээ сэтгэл санаагаараа хамт байж чадсан.
-Таныг бусад миссүүдээсээ хамгийн боловсролтой мисс гэдэг юм билээ. Б.Гантогоо хэдэн хэлтэй вэ?
-Бидний залуу үе сурч боловсрохдоо анхаарал их тавьж байна. Нийгэмд боловсролтой боловсон хүчин зайлшгүй шаардлагатай байгаа. Тиймээс бид бүхэн сурч боловсорч хэлний мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай. Сурч байсан орнуудаасаа шалтгаалж тухайн орны хэл соёлыг түлхүү эзэмшихийг хүсдэг.
-Нэг хэсэг таныг эгэл жирийн хөдөөний залуутай хайр сэтгэлийн холбоотой болсон гэж сонсогдож байсан. Гантогоо хайртай хүнээ олж амжсан уу? Найз залуутай юу?
-Одоохондоо ажил ихтэй зав багатай л явна даа. Эр нөхөр болох залуу маань нэг газар явж л байгаа байх даа. Манай монголын залуучууд маш чадалтай, ухаалаг гэж боддог.
–Солонгосын алдарт Андрей кимийн загварын агентлагийг төгссөн цөөхөн миссүүдийн нэг нь Гантогоо гэдэг. Зарим нэгэн миссүүд нэр хүндтэй агентлагтаа үлдэж загвар өмсөхийг боддог. Тухайн үед та тэндээ үлдэж хамтарч ажиллъя гэсэн бодол байдаг байсан уу?
-Бага байхаасаа л аав ээж, гэр орноосоо хол байсан учир эх орондоо ирэх хүсэл давамгайлсан байлгүй дээ. Тэр үед тийм бодол байгаагүй. Андрей Кимийн загварын агентлаг бол нэр хүндтэй агентлаг. Би тэнд сургууль төгссөндөө баяртай байдаг. Тухайн үед тэнд сурч байхдаа эх оронтой хэрэгтэй зүйлийг хийж бүтээе гэсэн чин сэтгэлтэй байсан.
-Та Өмнөговь аймгийн Ханбогд сумын хүүхэд. Хамгийн сүүлд нутагтаа хэзээ очсон бэ? Ханбогд суманд уул уурхай хөгжөөд ид цэцэглэж байгаа хэдий ч зарим нэг нутгийн иргэд төрсөн нутаг усаа гэж их сэтгэл нь эмзгэлдэг юм билээ. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Өргөө монгол орны алтан босго Өмнөговь сайхан нутаг. Далай баян, Даланзадгад гэдэг сайхан нутагт төрж өссөнөөрөө бахархаж явдаг. Японы нисэх хүчний академийг төгсөх жилээ нутагтаа очсон. Сайхан номын өргөө барих бодолтой байгаа. Миний хүсэл мөрөөдөл биелэх байх аа. Залуучуудын боловсролд төр засгаас анхаарч гадаад болон дотоодын орнуудад суралцуулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй л гэж боддог. Манай нутагт Чандмань эрдэнэ болсон усны асуудал хүндхэн байгаа. Энэ тал дээр орон нутаг болон төр засгаас олон талт зөв бодлогыг явуулах шаардлагатай байна. Усгүй бол бид яах вэ? Хамгийн чухал зүйл ус болоод байна.
-Таныг нутгийнхаа гишүүд болон томчуудтайгаа их найз байдаг гэж ярих юм билээ?
-Нутаг орны ахан дүүс төр засагт байгаа манай нутгийн төлөөлөл болон, бизнесийн хүмүүс бүгд миний ажлыг байнга дэмжиж тусалж байдаг.
?-Та тэр бүр элдэв янзийн хүмүүстэй нэр холбогдож хэл аманд өртдөггүй. Уучлаарай. Гэхдээ таныг нэг хэсэг “ Ажнай ” корпорацийн Бат-Эрдэнэтэй нэр холбоод байсан. Энэ тал дээр ямар хариулт өгөх вэ?
-Бурхан минь. Яаж тийм санаанд багтамгүй юм байхав дээ. “Ажнай”-н Бат-Эрдэнэ ах миний ээж аавын үеийн хүн. Монгол үндэсний хувцсыг дэлхийн шилдэг хувцас болгоход их хувь нэмрээ оруулсан хүн шүү. Хүний тусыг хэлэх ёстой гэж би боддог. Би хүний итгэлийг алдахаас их айдаг. Хүмүүст чин сэтгэлээсээ хандахыг хүсдэг. Ер нь миссүүд, загвар өмсөгчид янз бүрийн хэл аманд өртөх нь их байдаг. Хүн хүн өөр шүү дээ. Би элдэв янзын хүнтэй нэр холбогдохоос их эмээдэг.
-Мэдээж залуухан царайлаг ганц бие бүсгүйд танилцах хүсэлтэй эрчүүдээс их санал ирнэ биз дээ?
-Юу гэмээр ч юм бэ дээ. Мэдээж тиймэрхүү зүйл байлгүй яахав. Гэхдээ надад одоохондоо залуучуудтай танилцаад зав ховор байдаг.
-Та монголд өөрийн гэсэн хувийн загварын агентлагтай байх аа. Түүнээс гадна хувийн бизнестэй юу?
-Энэ тал дээр төлөвлөсөн юм байгаа. Цаг нь болохоор харах биз дээ. Юм юм л хийе гэсэн бодолтой байна.
-Мэдээж бусад орны миссүүдтэйгээ маш дотно найзууд байх?
-Дотно. Олон найз нөхөд бий. Зуун төгрөгтэй явснаас зуун найзтай явсан нь дээр гэдэг үнэн шүү.
-Гантогоогийн цаашдын зорилго юу вэ? Юу хийж бүтээе гэсэн зорилготой байгаа вэ?
-Зорилго, мөрөөдөл, тэмүүлэл дүүрэн залуу насны оргилуун сэтгэлээр жигүүрлэж явна даа. Бодож төлөвлөсөн юм их бий. Эхний ажил маань Эх дэлхийн А.У.Н.Т нийгэмлэгийнхээ ажлыг эрчимжүүлж зөв бодлого, чадварлаг баг бүрдүүлэх үйл ажиллагааныхаа ойрын болон хэтийн төлөвлөгөөгөө гаргаж байна. Олон залуусыг ажлын байртай болгоно. Цаашлаад өөрийн мэргэжилээрээ сайн тогтвортой ажиллах бодол бий.
-Мэдээж гадуур ажил төрөл амжуулахад хэрэгцээгээ дагаад машин хэрэгтэй. Гэхдээ одоо хүмүүс төмөр хүлгийг дэгжин талаас нь харж сонгодог болсон. Та ямар машинаар гангардаг вэ? Машинаа ямар ханшаар худалдаж авч байсан бэ? Мөн хувийн жолоочтой юу?
-Зайлшгүй хэрэглээ гэдэг утгаараа боломжийн унаатай. Өөрөө ихэвчлэн барьдаг. Зарим үед жолоочтой явах үе бий.
-Мэдээж залуу хүн хэрэглээгээ дагаад зарлага ихтэй байдаг байх. Санхүүгээ яаж зохицуулдаг вэ? Таны санхүүгийн эх үүсвэр юу вэ?
-Ажил хийвэл, ам тосдоно гэдэг. Би ямарч байсан зүгээр гараа хумхиад суухгүй байгаа болохоор мөнгөөр тасардаггүй. Мэдээж хүн болгон хэрэглээгээ дагаад санхүүгээ зохицуулах шаардлагатай. Тухайн хүн хэрэглээгээ дагаад илүү сайн хөдөлмөрлөх ёстой юм шиг санагддаг. Би санхүүгийнхээ эх үүсвэрийг өөрөө зохицуулдаг. Ер нь ямар ч хүн бусдын тусламж, дэмжлэггүйгээр явна гэж байдаггүй. Заавал бусдаас тус дэм гуйж, бусдад тусалж байж ажил үйлс нь урагштай явна. Гэхдээ бусдад тусалж байсан гэхээсээ илүү, дахиад яаж тус хүргэх вэ гэдэг нь чухал. Би бусдад чадах чинээгээрээ туславал миний ажил үйлс аяндаа сайхан бүтнэ гэж боддог. Хүнээс тусламж авахаасаа илүү бусдад тус хүргэх нь зөв байх.
-Ярилцсанд баярлалаа. WWW.TOVCHOO.MN
Холбоотой мэдээ
-
Sea (June 18, 2013 9:15:48 pm )
Shal hudlaa ******, ug ni Bol miss-n temtseend goo saihnii mes zasal hiilgesen huuhniig oroltsuulahgui bh ystoi ym Sh dee, uuruu nudendee davhar aa hiilgesenee suuld ni huleesen bsan, goo saihnii mes zasal hiilgesen huuhnuud iin miss-n temtseen gej tu***a Bdag shu dee
-
ledon (June 21, 2013 11:18:27 am )
nuxur xuuxedtei geed zurag tavichixsan baisan ali n unen um boloo!
2 Comments