Байраа сонгохоосоо өмнө хэдэн төгрөгийн зээл авах боломжтойгоо тооцуулаарай
Ирэх даваа гаригаас арилжааны банкууд найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхэлнэ. Мөн арилжааны банкуудаас жилийн 16-18 хувийн хүүтэй зээл авсан айл хүүгээ найман хувь руу шилжүүлэх боломж бүрдэж байгаа. Арилжааны банкууд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэр бэлтгэлтэй байна вэ. Орон сууцны зээл авахаар төлөвлөж буй иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх, банкны зүгээс ямар шаардлага тавьж байгаа зэргийг сурвалжиллаа.
“МОНГОЛБАНКНААС ЖУРАМ ИРЭЭГҮЙ”
Арилжааны ихэнх банкны төв салбараас ийм хариулт сонсоод гарлаа. ХААН банкнаас найман хувийн хүүтэй зээлийг ямар байдлаар, хэрхэн олгох талаар асуухад “Одоогийн байдлаар Монголбанкнаас орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам нь батлагдсан байдлаараа ирээгүй байна. Монголбанкнаас журам батлагдаж ирсний дараа бүх зүйл тодорхой болно. Хэрвээ манай банк энэ хөтөлбөрт оролцохоор бол зээлийг хэрхэн олгох, харилцагч нарт ямар шаардлага тавих зэргээ шийдээд ХААН банкны 1917 лавлах утас болон салбар нэгжүүдээрээ дамжуулан мэдээлэл хүргүүлнэ. Үүнээс гадна хөтөлбөрийг хэрэгжүүлэх Мастер гэрээг Монголбанк арилжааны банкуудтай байгуулах юм. Тэр гэрээ одоогоор аль ч банктай байгуулагдаагүй байна” гэсэн хариултыг өгсөн юм. Хас болон Төрийн банкны хувьд Монголбанкнаас тодорхой чиглэл ирээгүй учраас мэдээлэл өгөхгүй гэсэн байр суурьтай байгаа аж.
“Хадгаламж” банк ч ийм байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ орон сууцны зээл хүсэгч иргэдэд өмнө нь тавьж байсан шаардлагаа тавина гэдгээ хэлсэн юм. Харин Хадгаламж банкнаас орон сууцны зээл авсан иргэд хүүгээ найман хувь руу шилжүүлэхийн тулд зургаан сараас дээш хугацаанд зээлээ төлсөн байх шаардлагыг тавих аж. Өөрөөр хэлбэл, зургаан сарын дотор зээл авсан иргэд найман хувь руу хүүгээ шилжүүлэх боломжгүй гэнэ.
Худалдаа хөгжлийн банкны төв салбараас ч “Орон сууцны зээл хүсэгчдэд тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын хувьд өмнө нь яаж зээл олгож байсан түүнтэй л адил. Гэхдээ Монголбанкнаас гаргах журмаар тусгай шаардлага тавигдах эсэхийг мэдэхгүй байна. Одоогоор журам ирээгүй байгаа. Харин манай банкнаас орон сууцны зээл авсан иргэд хүүгээ найман хувь руу шилжүүлэхийн тулд нэмж баримт, бичиг бүрдүүлэх шаардлагагүй. Зээл авсан салбар дээрээ очоод гэрээ байгуулахад хамгалттай болов уу. Монголбанкнаас чиглэл ирээгүй учраас үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Б.ЗОЛБОО: НАЙМАН ХУВИЙН ХҮҮ РҮҮ ШИЛЖИХЭД ЗЭЭЛИЙН ГРАФИКАА ӨӨРЧЛӨХ ГЭРЭЭ БАЙГУУЛАХАД ХАНГАЛТТАЙ
Голомт банкны Орон сууц санхүүжилтийн хэлтсийн захирал Б.Золбоо найман хувийн хүүтэй зээлийн талаар дараахь тодруулгыг өгсөн юм.
-Танай банкнаас найман хувийн хүүтэй орон сууцны зээл хүсэхээр хандах иргэд ирэх даваа гаригт хандах боломжтой юу?
-Боломжтой. Монголбанкнаас энэ хөтөлбөрийг даваа гаригаас хэрэгжүүлж эхлэх нэгдсэн удирдамж өгч олон нийтэд зарласан учраас бид мөн яг тэр өдрөөс нь харилцагчдад түргэн шуурхай үйлчлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна.
-Байрны 30 хувийн урьдчилгаа төлнө гэдэгтээ хатуу тогтсон уу?
-Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д урьдчилгаа төлбөрийг хамгийн багадаа 30 хувь байхаар заасан байгаа.
-Танай банкиаас зээлдэгчдэд тусгайлан шаардлага тавих уу?
-Дийлэнх нөхцөл, шаардлага нь Монголбанк, Засгийн газрын баталсан журмын дагуу явах тул тусгайлсан онцлог шаардлага тавихгүй. Эдгээр журамд заагаагүй асуудлууд Голомт банкны ерөнхий нөхцөлийн дагуу явна.
-Найман хувийн хүүтэй зээл хүсэгч иргэд ахуйн зээлгүй байх шаардлагатай гэдгийг тайлбарлана уу?
-Одоогоор бидэнд мэдэгдсэнээр журамд банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй байх гэсэн л шаардлага тавьж байгаа. Журам батлагдаж тамга дарагдаад ирэхэд илүү тодорхой болно.
-Орон сууцны зээлтэй хүмүүс давхардуулж найман хувийн хүүтэй зээл авах боломжтой юу?
-Зээлийн болон орон сууцны нөхцөл шаардлагаа хангаж байвал боломжтой. Гэхдээ Монгол банкны журмын дагуу өрхийн аль нэг гишүүн нь засгийн газраас өмнө хэрэгжүүлж байсан Төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууцны зээлийн хөтөлбөр, зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийн дагуу авсан зээлийн үлдэгдэлгүй байх гэж заасан байгаа. Журам батлагдаж, Монголбанктай банкууд гэрээ байгуулмагц бүр илүү тодорхой болно.
-Өмнө нь 16-18 хувийн хүүтэйгээр орон сууцны зээл авсан иргэд найман хувийн хүүтэй зээл рүү шилжих боломжтойг Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдсэн. Ирэх даваа гаригт зээл авсан банкин дээрээ очвол найман хувийн хүү рүү шилжүүлэх үү?
-Шилжүүлэх ажлыг зэрэг хийх болсон учир тэгж л таарна. Харин шилжүүлэх ажлыг зөв зохион байгуулалттай, харилцагчид хүндрэлгүйгээр хийх боломжийг чухалчилж байна.
-Найман хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэхийн тулд нэмэлт материал бүрдүүлэх шаардлагатай юу?
-Ер нь бол салбар тооцооны төвдөө хандаад хүсэлт гаргаж, зээлийн графикаа өөрчлөх нэмэлт гэрээ байгуулахад л хангалттай. Дээр хэлсэнчлэн аль болох хүндрэлгүй хийхийг зорьж байна.
-Өндөр хүүтэй зээлээс найман хувийн хүүтэй зээл рүү шилжихэд зээлдэгч банкинд мөнгө төлөх шаардлагатай юу?
-Үүнийг банкны үйл ажиллагааны зардал, хэр процесс гарах вэ гэдгээс хамаарч тогтооно. Монголбанкнаас журамлаж өгөөгүй.
-Найман хувийн хүүтэй зээл рүү шилжихэд арилжааны банк алдагдал хүлээнэ. Тиймээс энэ амлалт удаан хугацаанд хэрэгжихгүй гэх хардлага бий. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Монголбанк удаан хугацаанд ажилласны үр дүнд ямар загвараар яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг олон улсад хэрэглэгддэг жишгийн дагуу сонгож байгаа. Мөн нийлүүлэлтийг дэмжих ажлыг зэрэг хийх замаар банкны ашигт ажиллагааг буурахад нөлөөлөхгүйгээр эх үүсвэрээр хангаж дундаж орлоготой иргэдийг орон сууцны зээл авах боломжийг олгож байна гэж ойлгож байна. Арилжааны банк өөрийн, богино хугацаат эх үүсвэрээр урт хугацаат зээл олгох гэж байгаа биш орон сууцны зээлийн хоёрдогч зах зээлтэй холбогдсон учраас энэ асуудал гайгүй байх гэсэн итгэлтэйгээр бид дэмжиж ажиллаж байна.
-Иргэд ирэх даваа гаригаас эхлэн оочер үүсгэх магадлал байна. Заавал оочерлох шаардлагагүй биз дээ?
-Эрэлтийг нэмэгдүүлэх тул очер дараалал үүсэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ манай банкны хувьд аль болох очер үүсгэхгүй, харилцагч нартаа түргэн шуурхай үйлчлэх аргуудыг төлөвлөж ажиллаж байна. Наад зах нь л асууж тодруулж ирэх харилцагчдад мэдээлэл зөвлөгөө өгөх ажлыг 1646 утсаар болон салбар нэгжүүдээр дамжуулан явуулах болно. Ажлаа зөв зохион байгуулж чадвал гайгүй гэж бодож байна.
-Танай банкнаас төлөвлөж байгаагаар энэ жил хэдэн зээлдэгчид найман хувийн хүүтэй зээл олгох боломжтой вэ?
-Манай банкны хувьд банкны системийн орон сууцны зээлийн багцын 28 хувийг дангаар бүрдүүлдэг, хамгийн олон зээлдэгчид орон сууцны зээл олгосон банк. Монголын хэмжээнд 30 мянга орчим орон сууцны зээлдэгчид байдаг гэдэг бол түүний найман мянга гаруй нь манай банкнаас зээлтэй харилцагчид байгаа. Бидэнд одоо мэдэгдэж байгаагаар орон сууцны зээлийн чанартай багцыг маань барьцаалан Монгол банкнаас эх үүсвэр орж ирэх тул хамгийн их орон сууцны зээлтэй банк гэсэн давуу талаар маань манай банкнаас илүү олон харилцагчид энэ зээлийг авах болов уу гэж төлөвлөж байгаа гэв.
НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ БОЛ 46 САЯ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦ АВАХ БОЛОМЖТОЙ
Арилжааны банкны төв салбаруудаас дээрх хариултыг өгсөн. Банкны салбаруудын эдийн засагчид ч төв банкнаасаа ирэх заавар, журмыг хүлээж суусан юм. “Дөлгөөн нуур”-ын дэргэдэх “Хас” банкны салбарын эдийн засагч “Төв салбараас зааварчилгаа ирээгүй байгаа учраас харилцагчид яг ямар шаардлага тавих нь тодорхойгүй байна” гэсэн юм. Түүний ярьснаар найман хувийн хүүтэй зээл хүсэгч нь 18 нас хүрсэн, сүүлийн зургаан сарын хугацаанд чанаргүй зээлийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрээр өр төлбөр төлөөгүй байх шаардлагатай юм байна. Мөн өрхийн гишүүдийн аль нэг нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн болон төрийн албан хаагчдад олгосон зээлийн үлдэгдэлгүй байх ёстой. Зээлдэгчийн сард төлөх зээлийн нийт төлбөр өрхийн татварын өмнөх сарын орлогын 45 хувиас хэтрэхгүй байх шалгуур бас бийг зээлийн эдийн засагч хэллээ.
“Их тойруу” дахь ХААН банкны салбарын эдийн засагч ч төвөөсөө журам хүлээгээд сууж байгаагаа хэлсэн юм. Банкны зүгээс тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын хувьд банкууд ерөнхийдөө адил байх юм байна. Тухайлбал, тогтмол орлоготой, худалдан авах орон сууцныхаа 30 хувийг урьдчилж төлөх хуримтлалаа дансандаа байршуулсан байх, худалдаж авах орон сууцаа сонгосон шаардлага тавигдана. Гэхдээ иргэд орон сууцаа сонгохоосоо өмнө банкны эдийн засагчтай уулзаад хэдэн төгрөгт багтааж байр авах боломжтой, хэдэн төгрөгийн зээл авах шаардлага хангаж байгаагаа тодорхойлуулсан нь дээр гэдгийг эдийн засагч хэлсэн. Тухайлбал, иргэн Доржийнх нэг сая төгрөгийн орлоготой гэж үзье. Тэднийх нэг хүүхэдтэй гэвэл банкнаас өрхийн зардал нь хамгийн багадаа 300 мянган төгрөг байна гэж банк тооцоолдог юм байна. Ингээд 700 мянган төгрөгийн цэвэр орлоготой гэж тооцвол Доржийнх сард 315 мянган төгрөг ззэлд төлөх боломжтой гэсэн үг. Сар бүр 315 мянган төгрөг төлөхөөр найман хувийн хүүтэй 15 жилийн хугацаатай гэж тооцвол Доржийнх 32 сая төгрөгийн зээл авах боломжтой. Банкнаас 32 сая төгрөгийн зээл авч байгаа учраас 30 хувийн урьдчилгаатайгаа нийлээд 45-46 сая төгрөгийн байр авах бодит боломж Доржийнд байна. Өөрөөр хэлбэл, нэг сая төгрөгийн орлоготой Доржийнх 14 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд банкнаас 32 сая төгрөгийн зээл авч байртай болно. Зах зээлийн ханшаар 45-46 сая төгрөгөөр нэг өрөө байр авах боломжтой байгаа билээ. Тэгэхээр Дорж ийм ханштай байр хайж олсныхоо дараа материалаа бүрдүүлэх шаардлагатай гэсэн үг.
Тэгвэл иргэн Батынх сардаа 1.5 сая төгрөг олдог бол өрхийн зарлагаа хасаад 1.2 сая төгрөгийн цэвэр орлоготой гэж үзэх аж. Ийм тохиолдолд тэднийх найман хувийн хүүтэйгээр сар бүр 540 мянган төгрөгийн зээл төлөх боломжтой гэсэн үг. Орлогын ийм боломжтой айлд банк 56 орчим сая төгрөгийн зээл олгоно. Тэгэхээр Батынх 80 сая төгрөгийн байр авна гэвэл 24 сая төгрөгийн урьдчилгаа төлөх шаардлагатай гэсэн үг.
Ингэж авах зээлийнхээ боломжийг тооцуулсны дараа иргэд байраа хайвал илүү хялбар бололтой юм. Боломжиндоо тааруулж байраа сонгосны дараа цахим үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, гэрлэлтийн баталгаа, хорооны тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээний хуулбар, урьдчилгаа төлбөрийг нотлох баримт (урьдчилгаагаа ямар эх үүсвэрээс хэрхэн хуримтлуулсан зэрэг), орон сууц худалдан авах гэрээ зэрэг материалыг бүрдүүлнэ.
Хэрвээ зээл хүсэгч хувиараа бизнес эрхэлдэг бол сүүлийн нэг жилийн болон татварын албанаас баталгаажуулсан хамгийн сүүлийн санхүүгийн тайлан, орлого зарлагын мэдээлэл, бараа материалын бүртгэлийн хуудсаа бэлдэх шаардлагатай юм байна. Мөн тухайн бизнесээ тодорхой хугацаанд тогтвортой эрхэлсэн байх шалгуур тавигдана гэнэ. Мөн түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг бол түрээсийн гэрээ бизнесийн оршин байгааг батлах баримт, банк болон Банк бус санхүүгийн байгууллагад байгаа бизнесийн гүйлгээний дансны сүүлийн зургаан сарын хуулга зэрэг нэмэлт материал бүрдүүлдэг аж.
ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛЭЭС НАЙМАН ХУВЬ РҮҮ ШИЛЖҮҮЛЭХИЙН ТУЛД
Одоогоор Монголбанкнаас тодорхой журмаа арилжааны банкууд руу шилжүүлээгүй байгааг дээр дурдсан. Гэхдээ 16-18 хувийн хүүтэй орон сууцны зээлээ найман хувь руу шилжүүлэхийн тулд хамгийн түрүүнд зээл авсан салбар дээрээ очих юм байна. Банк харилцагчаас ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хорооны тодорхойлолт зэрэг материал шаардаж магадгүй гэдгийг Голомт банкны зээлийн эдийн засагч хэлсэн. Хас банкны хувьд орон сууцны зээл олгохдоо ипотекийн гэрээ байгуулсан бол нэмэлт мөнгө төгрөг шаардагдахгүй гэдгийг хэлсэн. Ипотекийн гэрээ байгуулаагүй бол Үл хөдлөх хөрөнгийн газрын тодорхойлолт зэрэг бага зэрэг мөнгө хэрэг болж магадгүй гэнэ.
ХААН банкны эдийн засагчийн тайлбарласнаар хувьсах хүүтэй зээлийн адил харилцагчид мэдэгдэл хүргүүлээд зээл төлөх хуваарийг нь өөрчлөхөд хангалттай бололтой. Харин харилцагч найман хувийн хүү рүү шилжүүлэхдээ одоо төлж байгаа хэмжээгээрээ зээлээ төлөөд хугацаагаа багасгах сонголт хийж болох аж. Нөгөө талаар сард төлөх зээлийн хэмжээгээ багасгаад хугацаа нь хэвээрээ байж ч болно. Үүнийг зээлдэгч банктайгаа тохиролцоод сонгох боломжтой гэдгийг Хаан банкны эдийн засагч хэлсэн.
Нэгэнт өндөр хүүтэй зээлийг найман хувь руу шилжүүлэх Монголбанкны шийдвэр гарчихсан учраас арилжааны банк хүлээлгэхгүй гэдгийг дээрх эдийн засагчид хэлсэн. Гэхдээ банк бүр дотооддоо журам гаргасны дараа асуудлыг шийднэ гэдгийг ч учирласан юм. Иргэн Бат хоёр жилийн өмнө жилийн 16.2 хувийн хүүтэйгээр зээл аваад сар бүр 660 мянган төгрөг төлдөг гэж тооцъё. Тэгвэл найман хувь руу шилжсэнээр сард төлөх зээлийн хэмжээ нь 420 мянга орчим болж буурах юм байна. Яагаад нэг дахин багасахгүй байгаа шалтгааныг асуухад банк эхний хэдэн жилд хүүгээ их авч үндсэн зээлээс бага хасдаг учраас хоёр жилийн хугацаанд зээлдэгч хоёр сая хүрэхгүй мөнгө төлсөн байдаг гэдэг тайлбарыг хэлсэн юм.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
О.АЛТАНЗУЛ
Холбоотой мэдээ
-
zoch пр (June 16, 2013 12:44:13 pm )
Банк эхлээд өндөр хүүг төлүүлээд л үндэн зээл нь хоцроод байгаа .Энэ асуудлыг яаж зохицуулах бэ??????????? Ард түмнийг банк битгий л хуурчихаасай даа. үүнийг яаж зохицуулах бэ???????????????????
-
Anonymous (June 16, 2013 12:47:28 pm )
Un****rai
-
zzochinochin (June 16, 2013 3:21:58 pm )
bairnii unee tsegtslehgui bol ene zeeliig dalimduulj unee nemsen iim zohitsuulmaar yum,tegeheer ene zeelleg utgagui sanagdaj bna
-
иргэн (June 16, 2013 7:10:40 pm )
сонгуулийн шоу болгохгүй үнэхээр ажил хэрэг болгоё гэж бодсон бол чимээгүйхэн батлаад банкуудад санхүүжилт, эх үүсвэрийг нь шийдээд өгчих байсан. ингэсэн бол байрны үнэ ч өсөхгүй байсиймдаа. худлаа сонгуулийн шоу хийгээд ямар ч ашиггүй байдал үүсгэчихлээ. өмнөх засгаас ялгарах зүйл юу ч алга.
-
κοινόχρηστα ποολυκατοικίας (September 08, 2013 1:05:18 am )
115813 **1491This really is a excellent common sense post. Really beneficial to 1 who is just locating the resouces about this part. It will undoubtedly aid educate me. 701095
6 Comments