УМБГ-аас өнөөдөр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргий О.Эрдэнэсолонгыг шалгаж байгаа гэх хэргийн талаар мэдээлэл хийв.
Тодруулбал, УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх мэдээлэхдээ, энэ оны гуравдугаар сарын 20-нд иргэн Ч гэж хүн “Намайг Энхтайваны гүүрэн дээр хэсэг залуус зодож, миний “Ланд круйзер 200” маркийн автомашиныг дээрэмдчихлээ. Энэ хэрэгт УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг би сэжиглэж байна. Учир нь БСШУ-ын сайд байсан Ё.Отгонбаяр гэж хүн сайдаар ажиллаж байхдаа Налайх дүүрэгт барьсан миний нэр дээр байдаг барилгын ашиглалтын зөвшөөрлийг өгөхгүй байсан. Ё.Отгонбаяр барьсан барилгыг минь ашиглалтад хүлээж авахдаа 230 сая төгрөгийг хахуульд авах саналыг хүнээр дамжуулан надад тавьсан. Энэ хахуулийн мөнгийг өгөхгүй гэсний хариуд хүмүүс явуулж, намайг зодуулж, дээрэмдүүллээ” гэж УМБГ-т хүсэлт гарган, мэдүүлсэн. Энэ дагуу шалгаж үзэхэд иргэн Ч-гийн өгсөн мэдээлэл үнэн байсан гэв. Энэ талаар зодсон, хээл хахууль өгөхийг санал болгож зуучилсан хүмүүс нь гэрчилж байгаагийн дээр Ё.Отгонбаяр тэр хүнтэй хамт хоолонд орохдоо хахуулийн мөнгө нэхэж, мөнгөний хэмжээний талаар тохиролцож байгаа баримт нь ч бий гэлээ.
Иймд Е.Отгонбаяр гишүүнийг шалгах явцад түүний эхнэр О.Эрдэнэсолонгын дөрвөн банкин дахь 26 дансаар их хэмжээний гүйлгээ орж, гарсан нь тогтоогдсон учраас дансны эзнийг саатуулах болсон гэсэн юм.
Одоогоор О.Эрдэнэсолонгын ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь “өвчний улмаас гадуур шалгаад өгөөч” гэсэн хүсэлт өгсөн байгаа ажээ. Иймд О.Эрдэнэсолонгыг шалгах шалгалтын явц удаан явагдах учир таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг УМБГ-аас өнөөдөр прокурорт хүргүүлсэн гэв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 10, 2013 2:38:49 pm )
ee tegej taaraa shde khokh chini
1 Comment