Энэ үгийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хэлсэн юм. Гэхдээ энэ үүгийн зохиогч нь хувийн хэвшил, бизнесийнхэн гэдгийг бас онцлов. Монголын нийгмийн хамгийн бүтээлч хэсэг болох бизнесийнхэн чухам хэнийг яагаад “Монгол Улсын хамгийн шилдэг маркетингийн менежер” гэж хэлсэн юм бол? Бид үүнд тайлдбар өгөхийг Монголбанкны ерөнхийлөгчөөс хүссэн юм. Тэрбээр ярихдаа:
Бид чинь байсхийж байгаад л улс төрийн, эсвэл хувийн жижиг сонирхол дээр очоод мөргөлдчихдөг юм байна. Бас дээрээс нь гадаад ертөнц чинь ерөөсөө нэг орчиндоо байгаад байдаггүй, тогтмол өөрчлөгддөг юм байна. Тэнд ч Европын холбоо хямарчих гээд, энд ч Хятадад удирдлага нь өөрчлөгдөөд, тэнд ч ОХУ хөдлөөд, тээр тэнд АНУ-д хэд хэдэн үйл явдал давхцаад гэх мэтээр байнга өөрчлөгдөж байгаа энэ орчин дотор Монгол Улсаа тогтмол яг нэг өнцгөөс зөв харуулж ойлгуулна гэдэг их чухал юм. Бидний ярьж бахархаад байгаа тэр агуу соёл, түүх, өв хөрөнгө, нөхцөл байдлаа бидний хүсээд, зориод байгаа зорилготой нь холбож тайлбарлаад, ойлгуулаад, энэ бүгдийг нүдэнд харагдтал нь яриад өгдөг хүн их чухал юм билээ. Энэ талаар бид Ц.Элбэгдоржийг жишээ болгож хоорондоо ярьдаг л даа.” Монгол Улсын хамгийн сайн маркетингийн менежер бол энэ хүн юм байна даа” гэж. Энэ бол хувийн хэвшлийнхнээс гарсан яриа л даа.
Ер нь олон уулзалт, цуглаануудад оролцож байхад нэг зүйл анзаарагдсан. Монгол Улсын бизнесийг дэмжих, олон нийтэд улсаа таниулах, түүгээр нь дөрөөлөөд хувийн сектор гадаад зах зээлд гарах бололцоо хамтдаа явдаг юм байна. Би хувьдаа Ерөнхийлөгчийг дагаж, гадаадад таван хүнтэй, арван хүнтэй, зуун хүнтэй, мянган хүнтэй уулзалтад нэг биш оролцсон. Тэгэхэд би амьдралдаа анх удаа 1000 хүнтэй уулзалтын дараа тэд бүгд босч зогсоод алга ташиж байхыг харсан. Зөвхөн бидний л тухай тэр хүн ярьсан хэрэг шүү дээ. Монголчууд юу хүсдэг юм бэ, монголчууд юу хийдэг юм бэ, яг юу хийх гээд байгаа юм бэ гэдгийг л тэр хүн тэнд 45 минут ярьсан. Араас нь хүмүүс 10-аад минут алга ташсан. Германд болсон бизнесийнхний уулзалт дээр. Мөн Японы парламент дээр хэлж байсан үг бий. Монгол, Японы түүхийн талаар, бид ирээдүйдээ хэрхэн яаж хамтарвал зохистой гэж харж байгаа талаар өөрийнхөө бодлыг ярьсан байдаг. Үүний дараа Японы парламентын хоёр гишүүн, өмнө Ерөнхий сайд байсан хүн надад энэ талаар “Бид өөрийн эрхгүй босч ирээд арваад минут алга ташсан. Яг үг хэлж байх явцад нь 7-8 удаа тасалж алга ташсан” гэж ярьж байсан. Би өөрөө ч үүнийг хараад байж байсан. Иймэрхүү өнцгөөс улсынхаа, үндэстнийхээ түүх соёл, зан заншил, өнөөдөр улс, үндэстнээрээ юу хүсээд байгааг, ардчиллын маань суурь юу болох, энэ маань цаашаа хаашаа явах гээд байгаа юм бэ гэдгийг тухайн улсад очоод ойлгодог хэлээр нь ойлгодог сэдвээр нь ярьж тайлбарлаад шууд хариу авахыг мэдэрнэ гэдэг их сайхан юм билээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.