ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадоржтой холбоотой асуудлыг бид өмнөх дугаартаа мэдээлсэн.
Уг мэдээлэлд Герман улсын хуульд зааснаар 50 мянгаас дээш ам.долларын гүйлгээ хийгдвэл шалгадаг.
Гэтэл манай улсаас Герман улсад Элчин сайдаар сууж буй Б.Даваадоржийн дансанд 201 мянган евро таван удаагийн үйлдлээр орсон тул тус улсын хууль хяналтынхныг эл үйлдлийг шалгахад хүргэсэн хэмээн дурдсан.
Б.Даваадорж гэж хэн бэ гэдгийг тодруулахыг хүссэн боловч түүний намтар түүхийг мэдэх хүн тун ховор байсан юм.
Ингээд Б.Даваадоржийн тухай товч мэдээлэхэд түүнийг боловсрол өндөртэй гэдгийг олон хүн хэлэх юм билээ. 1957 онд Германд сургууль төгссөн. Зүүн Берлинд эдийн засагч мэргэжил эзэмшсэн.
Мөн тус улсад Худалдааны төлөөлөгчийн албыг хашиж байгаад 1992 онд ХБНГУ-д Монголын консулын туслахаар ажиллаж байжээ. Харин 2009 оноос тус улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар өдгөөг хүртэл ажиллаж байгаа нэгэн аж.
Гэр бүлийн хувьд түүний эхнэр Берлин дэх “МИАТ”-ийн салбарт сарын 3500 еврогийн цалинтай албан тушаал хашдаг гэсэн. Мөн тэд нэг охинтой бөгөөд өдгөө охин нь эх орондоо “Ньютел”-ийн нэгэн салбарт ажилладаг гэхээс өөр мэдээлэл олдсонгүй.
Гэтэл зарим эх сурвалжууд Б.Даваадоржийг даатгалын асуудалд ч холбогдож байсан гэдгийг мэдээлэв.
Бид түүнтэй холбоотой мэдээллийн мөрөөр холбогдох хүмүүсээс нь лавлах гэсэн боловч албаныхан хариулт өгөхөөс татгалзсан юм.
Европын холбооны нэгэн улсад манай улсын төрийн дээд өндөр албан тушаал хашиж байгаа таван эрхэм мөнгө угаасан хэрэгт шалгагдаж байгаа гэж ярьж буй боловч албаныхан энэ мэдээллийг огт мэдэхгүй гэх хариулт өгч байгаа нь олон хүний сонирхлыг татаж байна.
Уг мэдээллийн мөрөөр хэвлэлийнхэн ТЕГ-аас очиж лавлахад “Ийм хэргийн талаар бичиг манай дээр ирсэн. Гэхдээ маш өндөр нууцын зэрэгтэй учир хэргийг нууцалж байгаа” гэсэн хариулт өгчээ.
Харин Б.Даваадоржтой холбоотой нууцын зэрэглэлтэй материалыг германчууд манай улс руу өнгөрсөн нэгдүгээр сард явуулж байсан гэх юм билээ.
Тэгэхээр энэ тухай мэдээллийг нууцалж байгаа нь ч үнэний ортой аж. Уг нь Засгийн газар, ГХЯ Элчин сайдуудыг томилохдоо намтар, түүхийг нь сайтар судалж байж Ерөнхийлөгчид оруулдаг.
Гэтэл Германы талаас Б.Даваадоржийг Монгол Улсыг Герман улсад төлөөлөн суух хүн биш гэдгийг анхааруулсаар байхад яагаад түүнийг Элчин сайдаар томилсон нь анхаарал татсан асуудал болоод байгаа юм.
Тухайн үед ГХЯ-наас Б.Даваадоржийг мэргэжлийн дипломатч, Гадаад харилцааны яам болон гадаад харилцааны бүх л чиглэлийн байгууллагад ажиллаж ирсэн мэргэжлийн туршлагатай хүн гэж онцолж байсан юм билээ.
Монголын сэтгүүлчид энэ тухай мэдээллийг хаанаас олж мэдэв гэдэг нь бас хачирхалтай. Гэтэл энэ хэрэгт Б.Даваадорж холбогдсон гэдгийг Германд суугаа монголчууд хүртэл өөр хоорондоо ярьж байдаг аж.
Мөн ясны дипломатч гэгдэх Б.Даваадоржийн данс руу чухам ямар зорилгоор их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь оньсого хэвээр байна.
Гэхдээ үүнд гайхах хэрэггүй гэх хариултыг олон хүн өгч байсан. Учир нь хэзээнээсээ л Элчин сайдууд тамхины хэрэгт холбогдож явсан.
Одоо бол мөнгө угаах гэдэг маш нарийн аргатай гэмт хэрэг гарах болсон учраас тэд өөрсдийнхөө сувгаар бохир мөнгө угаасан байх гэж хардаж байсан юм.
Бидэнд сүүлд ирсэн мэдээллээр Б.Даваадорж руу 201 мянган еврог таван удаагийн үйлдлээр шилжүүлсэн гэх эрхмүүдийн нэр эхнээсээ тодорч эхэлсэн ч сайтар нягталсны үндсэн дээр эдгээр нэрсийг нэрлэх болно.
Ямартай ч дээрх хэрэг Европынхон Монголын сайд болоод дипломат төлөөлөгчдөд итгэхгүй байгаагийн тод илрэл болж байна.
Үргэлжлэл бий…
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.