antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 4, 2011 Comments are off

“Чөтгөрийн тойрог” банкуудад хувилбаргүй сонголт тулгаж байна

нийтлэсэн Admin

Арилжааны банкууд томоохон зээлүүдээ танаж, зарим нь бүр хааж эхэлсэн тухай мессеж Улаанбаатарын утаатай агаар дунд нисэж явааг та анзаарсан уу. Монголбанкны захирлуудын зөвлөл өнгөрсөн сарын 24-нд хуралдаж, бодлогын хүүгээ 0.5 хувиар нэмж, 12.25 хувьд хүргэсэн. Он гарснаас хойш Монголбанк гурван ч удаа бодлогын хүүдээ “гар хүрсэн” нь аргагүй алхам байсан гэж үү? Үйл явдлын дарааллыг мөшгиж үзье. Ирэх оны төсөв 6.4 их наяд төгрөгт хүрлээ. Өнгөрсөн сард инфляцын хэмжээ жилийн 11.9 хувь болов. Монголбанк бодлогын хүүгээ өсгөв. Арилжааны банкууд зээлээ хумьж, зээлээ хаах хүртэл арга хэмжээ авч эхлэв. Эцэст нь зээл хүссэн иргэд хоосон хаалга мөргөж, гүйлгээн дэх бэлэн мөнгөний хэмжээ багаслаа. Монголын эдийн засагт үүссэн эл “чөтгөрийн тойрог” ирэх жилүүдийн эдийн засгийн сайхан төсөөллүүдэд заналхийлж байна. Одоо үйл явдлын зөв голдирлыг төсөөлөх гээд үзье.

Үрэлгэн төсөв батлаагүй бол инфляц хоёр оронтой тоонд шилжихгүй байсан. Хэрэв инфляц ийн өсөөгүй бол Монголбанкны бодлогын хүү 12.25 болж нэмэгдэхгүй. Монголбанк бодлогын хүүгээ нэмээгүй бол арилжааны банкууд зээлээ хумихгүй. Дотоодын зах зээлд эрүүл уур амьсгал бүрдэх байлаа. Гэвч өдгөө “чөтгөрийн тойрог” хүрээгээ аажмаар тэлэх зуур тойргоос гарна гэх итгэл улам бүр сарниж байна. Монголбанк бодлогын хүүгээ ийн нэмсэн нь арилжааны банкуудад иргэн, аж ахуйн нэгжид зээл олгохоос илүү Төвбанкны үнэт цаасыг худалдан авах сонирхлыг төрүүлж буй аж. Учир нь чанаргүй зээл хуримтлуулж байснаас Монголбанкны үнэт цаас илүү найдвартай. Нэгэнт үйл явц ийн хөвөрч буй учраас гүйлгээнд байгаа бэлэн мөнгө хумигдаж таарна гэсэн үг. Хүчээ авсан инфляцыг бууруулж чадахгүй юм аа гэхэд хурдыг сааруулах гэсэн алхам юм уу даа.

Өдгөө арилжааны банкуудын төгрөгийн хадгаламжийн хүү 10.2, зээлийн хүү 16.1 хувьтай байна. Харин Монголбанкны бодлогын хүү мөнөөх 16.1 хувь руу тэмүүлэх болж, хоорондын зай улам ойртож байгаа нь банкуудад сонголтгүй хувилбар тулгаж байгаагаас өөрцгүй юм. Саяхан Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн УИХ-ын танхимд хийсэн давилуун мэдэгдлээс үзвэл ойрын хугацаанд бодлогын хүүгээ бууруулна гэдэг ёстой гонж бололтой. Харин ч он гарахаас өмнө дахин нэмж магадгүй гэх сураг Монголбанкны бор саарал байшин хавиас дуулдаж байна. Бодлогын хүү 13 хувьд хүрвэл яах вэ? Энэ бол заналхийлэл биш гэдгийг арилжааны банкууд ойлгож эхэлсэн бололтой. Манай улсын эдийн засагт 2008 оны хямралын үеийнхтэй тун төстэй нөхцөл үүсэж буй нь нууц биш. Төсвийн зардал хурдтай тэлж, Хүний хөгжил сангаас бэлэн мөнгө олгож, зээл нэмэгдэж байгаа зэрэг нь эрэлтийг тэнгэрт тултал нь хөөргөх болсон. Гэвч нийлүүлэлт, эдийн засгийн хүчин чадал дорвитой өсөж амжаагүй байхад эрэлт өсөж байгаа нь инфляцтай хавсарч, үнэ өсөх дарамтыг тулгаж байна.

Хүнснээс бусад бараа бүтээгдэхүүний үнэ оны эхнээс тасралтгүй нэмэгдэн, жилийн 11.3 хувьд хүрээд байгаа нь дээрх таамгийг бүр ч батлаад өглөө. Гэтэл бодлогын хүүгээ нэмэхээс өөр дорвитой алхам хийгээгүй л байна, бид. Энэ нь явсаар гурван жилийн өмнөх таагүй нөхцөл байдал руу, хавцлын ирмэг рүү Монгол Улсыг түлхэж байгаа юм биш үү. Өнөөдрийн өсөлт маргаашийн уналтыг зөгнөөд байхад шийдвэр гаргах төвшинд байгаа эрхмүүд “нэмээд бай, нэмээд бай” гэж, хөөрцөглөж суугаа нь эрүүл үзэгдэл биш л байлтай. Дотоодод нөхцөл байдал ийн хөвөрч байх зуур дэлхийн эдийн засаг ч дэнжигнэж эхэллээ. Грек гэх “хар толбо” Европын Холбооны орнуудын эдийн засгийг доош татаж, дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг бүхий АНУ өрийн хямрал, ажилгүйдэл хоёрт дарлагдаж байгааг бидэнд хамаагүй хэрэг хэмээн хойш тавьж боломгүй байна.

Дээр нь түүхий эдүүдийн ханш ойрд үзэгдээгүйгээр савлаж эхэллээ. Дотоод, гадаад орчинд үүссэн энэ мэт таагүй явдлууд үсрэнгүй хөгжлийн гараан дээр буй “бяцхан Монгол”-ыг сүйрүүлж дөнгөнө шүү гэвэл “хараал” гэхээсээ илүү үнэнд дөхөж очих байх шүү. Арилжааны банкууд одоо л зээлээ хумьж буй бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголбанк бодлогын хүүгээ 0.5 хувиар өсгөн, 11.5 болгох үед байдал эвгүйтэж байна шүү гэх мессежийг тэд авсан байлаа. Харин ч долоон сарын дараа ийм шийдвэр гаргаж буйд нь бид баярлах ёстой биз. Гэвч таагүй мэдээ үүгээр дуусахгүй. Өнгөрсөн есдүгээр сард банкуудын төгрөгийн болон валютын заавал байлгах нөөцийн хэмжээг 11 хувиар тогтоосон. Өмнө нь эл хувь ес байсан аж. Тал талдаа мөнгөний бодлогод өөрчлөлт оруулж буйг сануулга хэмээн ойлгох ёстой юм биш үү.

Энэ мэт жигтэй үзэгдлүүд Монголын эдийн засаг нэг л ерийн биш хэмнэлээр цохилж буйг анхааруулаад байхад УИХ-ын гишүүд төсвийн зардлаа улам л тэлсээр байна. Инфляц, бодлогын хүү, заавал байлгах нөөцийн хэмжээ өссөөр, “тэсэрч дэлбэрэх” үед эрхэм гишүүд “супермэн”-ий өмсгөлөө агсаад ирэхээр зэхэж буй юм болов уу. Ирэх оны төсөв сонгуулийн төсөв болсон хэмээж байгаа нь оргүй үг биш бололтой. “Юм л бол хойд хар овоохой” гэдэг шиг болохгүй бүхнээ төр, засаг руу чихсээр нөгөөдүүл нь ч бүр дөжирчихөж. Гэвч энэ бүхнийг зөв голдиролд оруулах “кноп” тэдний л гарт байна шүү дээ. Ирэх сонгуулиар гишүүд тойрогтоо инээмсэглэсээр очих нь тодорхой. Харин тэр үед инфляцад “гөвшүүлж”, идэх талхныхаа хэмжээг тануулсан сонгогчид тэдэн шиг инээмсэглэн угтах магадлал бий юү. Монголбанк мөнгөний бодлогоо бууруулахгүй гэж гүрийж байгаатай адил, тэд ч бас тийм амар гарын аясаар хөтлөгдөхгүй л болов уу даа.

Ж.Тэгшжаргал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car