antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 4, 2011 Comments are off

Богд шиг Богд, хамба шиг хамбатай байвал барав

нийтлэсэн Admin

Монгол орон 87 жилийн дараа Богд гэгээнтэй болов. Богд гэгээн Жибзундамба хутагтын есдүгээр дүрийн хувилгаан Жамбалнамдолчойжижалцан бээр 90 дөхсөн сүүдэртээ манай улсын иргэний үнэмлэхийг өвөртөлж, Монголын Бурхан шашны тэргүүний сэнтийд заларлаа. Энэ үйл явдал ёслол төгөлдөр байх шашны уламжлалд хөтлөгдсөнгүй. Монголын лам хуврагуудын дунд маргаан дэгдэж, сүм хийдүүдийн удирдлагууд улаан, шарыг тунаруулан шүүхийн хаалга татаж явна. Хамбууд юуны учир сүсэг бишрэлт хүмүүсийн сэтгэлд сэв суулгах үйлийн эзэд болоод байгаа хэрэг вэ.
Хувилгааныг нягтлах оролдлого гарсангүй
Жамбалнамдолчойжижалцан болбоос Богд гэгээн Жибзундамба хутагтын есдүгээр дүрийн хувилгаан гэж яагаад ч юм итгэх хэрэгтэй болж байна. Зүй нь XXI зуунд амьдрагсдын хувьд хутагт хувилгаадыг мухар сүсгээр бишрэхээсээ шинжлэх ухаанчаар хандах нь хүн төрөлхтний эрин үеийн шаардлага байлтай. Гэтэл нүглийг тэвчиж, буяныг хичээдэг хийгээд Дээрхийн гэгээн Далай ламыг хүндэтгэдэг л бол Жамбалнамдолчойжижалцан гуай маниусын адил мах цусанд төрсөн жир хүн бус, харин хувилсан гэгээнтэн мөн хэмээн хар аяндаа сүсэглээд ч байх шиг. Жамбалнамдолчойжижалцанг Түвдэд лагшин мэндлэхэд нь л тодруулсан гэж дууллаа. Халхын Богдуудын хойд дүр чухам тэндээс тодрох учиртай гэж яагаад ч юм ухав. Энэ удаа лав түүнийг яг хутагт мөн эсэхийг нягталж тодруулах оролдлого манайхнаас гарахгүй бололтой. Монгол айл бүрийн хоймрын авдран дээр залаатай байдаг зурган дээрээ алга хавсран залбирч байдаг нигүүлсэнгүй дүрт Далай багш маань 1991 онд “Есдүгээр дүрийн Богд гэгээн Жибзундамба хутагт мөн” хэмээн нотлон баталгаажуулсан гэхийг сонсоод эргэлзэх бодлоо үлдэн хөөгсөд олон байгаа. Шашны номоос ангид далан жилийн түүх монголчуудыг хутагт хувилгааны үлгэр домогт үнэмшилгүй болгоод хаячихсан ч гэсэн Нобелийн шагналт лам багшийнхаа үгэнд орно оо, орно.
Бурхан шашны тэргүүнээр IX Богд Жибзундамба хутагтыг залах явдлыг хууль бус хэмээн үзсэн зарим хийдийн тэргүүнүүд шүүхэд хандсан тухай мэдээллийг анх сонсох даруйд хойд дүрийн хувилгаан тодруулах үйл явцад эргэлзсэндээ ингэсэн юм болов уу гэж таамаглаж байлаа. Тийм шүү, шашныг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх цаг гэсэн шиг бодтол шинэ цагийн хуулийн байгууллагад хутагт хувилгааны шид бүрэлбааг шүүх эрх зүйн үндэс, увдис чадал байдаг эсэх гайхал төрүүлж орхив. Харин өнөө хэдэн хамба нөгөө л улигт хэрүүлээсээ зүүгджээ. Жилийн жилд цагаан сар болохоор зурхайгаа яаж зурах дээрээ будилцгааж, зурагтаар зохисгүй муу үгээр хэрэлдэж суудаг хамбууд энэ удаа ч хувийн сонирхлоор ном хаялцаж, сүсэгтэн олноо уландаа гишгэлэв. “Их хүрээ” хийдийн тэргүүн хамба З.Санждорж тэргүүтэй зарим хийдийн нэр бүхий хамба нар Гандантэгчинлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамцыг Монголын Бурхан шашны тэргүүний суудлаа IX Богдод шилжүүлэн өгөхдөө өөрсдийнх нь саналыг үл хэрэгссэн, үүгээрээ хууль дүрэм зөрчсөн хэмээн шүүхэд өгчээ.
Д.Чойжамц хамба яагаад IX Богдыг арай эрт залаагүй юм бол
IX Богдыг яах аргагүй нас даржээ. Нүдний нь гал цог харьж, хөл гар нь тамиргүй болж. Сэнтийдээ сууж байхдаа хүртэл ядрангуй харагдах юм. Уугуул Төвд, суугуул Дармасалагаа орхин, энэ насныхаа өндөр сүүдэр дор Бат-Оршил өргүүлэн заларч буй IX Богд Жибзундамба хутагтын өтөл болсны буруутан нь Д.Чойжамц хамба биш. Харин эрүүл мэндийн хувьд Монголын Бурханы шашны тэргүүний албыг даахааргүй буурайд зайгаа тавьж өгөх шийдвэр гаргасан нь ойлгоход тун түвэгтэй байна.
Д.Чойжамц хамба “Богд нь дээр заларч, хамба нь өдөр тутмын үйл хэргийг удирдан явуулдаг уламжлалтай. IX Богдын эзгүй байсан орон зай одоо л нөхөгдлөө” хэмээн өгүүлсэн. Түүнийг аанай амарлингуй төрхөөрөө ийн өгүүлж байх зуур хамба яагаад байр сууриа энэ олон жилийн дараа тавьж өгч буй нь цаанаа учиртай гэлцэх хуврагууд бас байгаа юм. IX Богд Жибзундамба хутагт 1999 оны наймдугаар сарын 3-нд Эрдэнэзуу хийдэд Монголын Бурхан шашны тэргүүний суудлаа хүлээн авах боломж гарсан боловч тэр үед Д.Чойжамц хамба уг ёслолд оролцоогүй гэсэн яриа чих дэлслээ. 12 жилийн өмнө  IX Богдын тэнхээ данги сайн, гялалзаж байж. IX Богд 1999 онд Монголд анх хөл тавьснаасаа хойш Буддын гүн ухааны чиглэлээр 160 гаруй монгол ламыг Энэтхэгт сургажээ.
Монголд ардчилал ялж, шашин шүтэх эрх чөлөө дэлгэрсэн 21 жил улирсан байхад Богдоо өдий өндөр настай болсон хойно Бурхан шашны тэргүүнээр залж байгааг сүсэгтэн олон мэдээж гайхаж л байгаа. Энэ талаар Д.Чойжамц хамба маш товч ийн өгүүлжээ. “Шилжилтийн үе гэдэг урт хугацааны туршид явагддаг юм байна. Хууль дүрэм, бодлого тэгшрэх энэ урт хугацаанд цаг үе өөрөө боловсрох ёстой байж л дээ” гэж.
Лам нарт үл итгэдэг нийгэм IX Богдыг угтлаа
Богдын бие чилээрхүү байгаа ч Бурхан шашны тэргүүний нь хувьд түүнд заавал дуулгах үнэн үг байна. Монголд шашин дахин сэргэхдээ материаллаг тал руугаа хазайсан. Сүм, хийдүүд, Гандантэгчинлин ч ялгаагүй өргөл барьцад шунан, лам хуврагуудын ёс зүй гудамжинд гарсан. Ийм булхай ялангуяа сүүлийн 10 гаруй жилд гаарч танхайрсныг аргаа барсан сүсэгтнүүд чинь Богдын орон зай эзгүй байсантай холбон ойлгож байна. Өнөөдөр Монголд лам хүний нэр төр тоосонд дарагдсан. Лам нарыг мөнгөөр ажилладаг машин шиг ойлгох болсон нийгэм IX Богдыг Таныг тосон угтлаа. Хүнлэг үйлсгүй лам нар, өглөг буянгүй сүм хийдүүдийн орон Богд гэгээнээ заллаа.
Монголын томоохон пүүс, компаниудаас Гандантэгчинлин хийдэд өргөдөг хандивын хэмжээ сүүлийн жилүүдэд буурах хандлагатай болсон. Үндэсний хөрөнгөтнүүдийн буяны өглөг Түвдийг зорьж байна гэх цуу яриа ханатай ч байж мэднэ. Монголын аймгуудын нутгийн зөвлөлүүд орон нутгаасаа хутагт хувилгаан тодруулж өгөөч хэмээн Түвдийн сүм, хийдүүд рүү өргөл барьцаа зэхэн цувах болсон ч гэлцэх.
IX Богд хойд дүрээ Монголоос тодруулахаар зарлажээ. “Миний дараагийн дүр Монгол орондоо төрж, ард түмэн, сүсэгтэн олондоо сайн үйл хийнэ” гэж IX Богд мэдэгдэв. Монголын Бурхан шашны тэргүүнийг эх нутгаас нь тодруулах болсонд талархууштай. Түвд, Энэтхэгээс хутагт хувилгаан тодруулах явдал нь орчин үеийн монголчуудын сэтгэлгээнд ойр буухгүй. Монголчуудын сүсэг бишрэлийг олон улсын харилцааны ээдрээт тээг болох Хятад, Төвдийн харилцаатай хутгах, үүгээр дамжуулан Монголын хэрэгт гаднын шашны мяндагтнуудын нөлөө орох нь тийм ч таатай зүйл биш юм. Богд монгол түмнээ болгоож, үймсэн олон амар жаргах болтугай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car