Үртэй болохын хүслэнг үнэлж болно гэж үү
Бүсгүй хүн бүрт эх болох тавилан тэгш заяадаггүй нь юутай их гачлан. Зарим нь “Нойтон сормуустай юмны бараа хараагүй” хэмээн ойр дотныхондоо адлагдаж, тустай дэмтэй гэх бүхнийг зорьж, итгэл найдвараа алдтал үр мөрөөсч байхад, нөгөө хэсэг нь тээж төрүүлсэн үрээ хүсээгүй хүүхэд гэж нүд үзүүрлэн аманд нь цаас чихээд нурманд булж байна.
Хар цагаан хорвоогийн өнгө ийм. Гараасаа хөтлөх үртэй байх нь эмэгтэй болж төрсний нэг ёсны гавьяа. Ээж гэж дуудуулахаас илүү том алдар энэ хорвоод байхгүй. Харин хүсэхэд хясахын зовлон олон бүсгүйн сэтгэлийг сэмэлж, шаналанд автуулж байгаа.
Залуу насандаа хүн энэ бүгдийг нэг их тоодоггүй. Нас ахих тусам үр хүүхдийн үнэ цэнийг илүү мэдэрдэг. Тэр хэрээрээ хүсдэг. Гэвч ихэнх нь оройтсон байдаг нь нууц биш. Идэр насандаа ханилсан хос үртэй болохгүйгээ мэдмэгц ах дүү, амраг садангийнхнаасаа хүүхэд өргөж авах нь бий.
Энэ бол монголчуудын дунд байдаг нийтлэг зүйл. Гэхдээ дэлхийн жишгийг дагаж байгаа бидний залуу үе олон хүүхэдтэй байхаа больсон. Тэр ч утгаараа хэн нэгэн ах дүүдээ үр хүүхдээ үрчлүүлэх нь бүү хэл, өөрсдийгөө яая гэх нь энүүхэнд.
Ер нь нөхөн үржихүйн талаас нь авч үзвэл, айл гэр доод тал нь гурван хүүхэдтэй байх учиртай. Хоёр нь аав, ээжийнхээ үргэлжлэл болоод гурав дахь нь улсдаа тоо нэмж байгаа иргэн гэсэн үг. Гэтэл манайд байдал ямар байна вэ.
Ихэнх гэр бүл 1-2 хүүхэдтэй. Хүү, охин хоёртой болчихвол боллоо гэж үздэг ойлголт нэгэнт бий болсон. Хүүхэд төрүүлэхийг бус зүгээр л хамтран амьдрагч байхыг илүүд үздэг болсоор удлаа. Энэ нь хэн нэгний өмнө хариуцлага хүлээхээс зайлсхийж байгаагийн нэг хэлбэр.
Үгүй, тэгтэл зарим нэг хэсэг нь үнэхээр үрийн хүслэн болоод бүх арга замыг хайж, мятаршгүйгээр эрэлхийлж байна. Хөл хүндтэй болохын тулд тэд европ эмнэлгээс эхлээд ардын эмчилгээ хүртэл хийлгэж, ламд залбирч, бөөд ороолгуулж явна.
Үр дүн нь ямрыг хэлж мэдэхгүй. Өөр нэг нь төрөхийн хаалга татаж, “Хүрдний хүүхэд” хайдаг. Асрамжийн газраас хүүхэд үрчилж авахыг хүсдэг хүн ч олон. Уг нь энэ тун боломжийн гарц шиг яг цагаа тулахаар хад мөргөдөг гэнэ. Энд нэг жишээ татмаар байна.
Танил маань ганц охинтой. Хань нь зуурдаар эндсэн болохоор дахин хүнтэй гэрлэхгүй гэж шийдсэн юм. Тэгээд охиндоо дүү болгож хүүхэд өргөж авах шийдвэр гаргажээ. Ингээд Асрамжийн газруудын хаалга татаж эхэлсэн байна. Тэгсэн ямар хачирхалтай зүйл сонссон гээч.
Гадаадын хөрөнгө оруулалттай ихэнх асрамжийн газар “Монгол хүнд хүүхэд үрчлэхгүй” гэжээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, асрамжилж байгаа хүүхдүүд нь монгол байхад тэр шүү дээ.
Хүүхэд өргөж авахыг хүссэн бүсгүй өөрөө хэн ч харсан гадаад төрхтэй болохоор Асрамжийн газрынханд харийн хүн шиг харагдаа биз. Тэр эрлээ үргэлжлүүлэхээс цөхрөөгүй. Гэвч дараачийн Асрахын хаалгыг татчихаад хүүхэд үрчилж авах хүслээсээ сайн дураараа татгалзсан юм.
Яагаад гэж үү. Үүнд л хамаг учир байгаа юм. Гадны эзэнтэй тэр Асрамжийн газрын удирдлага “Хүүхэд үрчлүүлэхэд 40 сая, хүүхэд авахад хоёр сая төгрөг байдаг юм” гэхийг дуулаад бүсгүй өөрийн хүслээс шууд татгалзсан хэрэг. Энэ юу гэсэн үг вэ.
Нялх хүүхдээ гадны асрамжийн газарт аваачиж өгвөл тэд хоёр сая төгрөг өгөөд авчихна. Эргүүлээд тэндээс үрийн хүслэн болсон хүн хүүхэд үрчлэх болбол 40 сая төгрөг төлөх болох нь ээ.
Энэ чинь жинхэнэ утгаараа хүний наймаа биш үү. Тэгэхээр хүний наймаа гэгчийг холоос хайх бус ердөө бидний хамар дор удамт Монголын үрсээр бизнес хийгээд сууж байна бус уу.
Эх сурвалж:
7 Comments