Цэцэрлэг, ясли, төрөх эмнэлэг барих гэхээр газар олддоггүй. Тэгсэн атлаа дарга нар хаус барих гэхээр, эсвэл мөнгөтэй барилгын компани орон сууцны хороолол сүндэрлүүлэхэд бол олдоод байдаг. Хэдэн жилийн өмнөөс бий болсон гаж жишиг шинэчлэлийн үед ч бахь байдгаараа байж мэдэх нь. Хэдийгээр хотын дахин төлөвлөлтийг хийж дуусгах хүртэл нийслэлд газар олгохгүй гэсэн шийдвэр гарсан ч дүүрэг, хороо бүрт газрын маргаан, хэл ам тасрахгүй байгаа. Энэ нь мөнгөтэй эрхмүүд онилсон газраа тийм ч амархан алдчихгүй гэсэнтэй агаар нэг юм.
Өнөөдөр хүүхдүүд цэцэрлэгт явж чадахгүй, цэцэрлэг, ясли олдохгүй байгаа бол орон сууцнууд энд тэндгүй босч байна. Сүүлийн хэдэн жилийн статистикийг аваад үзэхэд нийслэлд орон сууц, шинээр төрсөн хүүхдийн тоо өссөн үзүүлэлттэй байна. Тэгвэл шинээр цэцэрлэг, ясли бараг баригдаагүй зогсонги байдалтай байх жишээтэй. Цэцэрлэг хүрэлцэхгүй байгааг шүүмжлэхээр хүүхдийн тоо хэт давсан хэмээн ам таглах энүүхэнд. Тэгвэл тэрхүү тоо нь хэт давчихаад цэцэрлэгийг хомсдолд оруулсан гэх эхчүүдийн асуудлыг судлахаар төрөх эмнэлгүүд хүрэлцээгүй, нярайн эндэгдэл, хүйн халдвар гэхчлэн асуудлууд өмнө нь гарч байсан. Сүүлийн үед харин иймэрхүү бараан мэдээлэл дуулдсангүй.
Судалгаагаар 2011-2012 оны хичээлийн жилд төрийн өмчийн 180, төрийн бус өмчийн 128 буюу нийт 308 цэцэрлэгт 59711 хүүхэд сурч хүмүүжсэн гэсэн үзүүлэлт бий. Үүний нөгөө талд хэчнээн мянган хүүхэд цэцэрлэгт явж чадалгүй үлдсэн бол гэдэг асуулт хариу нэхэж байна. Эндээс дахиад л цэцэрлэгийн тоог яагаад нэмэгдүүлж болдоггүй юм бэ гэсэн асуулт гарна. Энэ талаар асуухаар улсын цэцэрлэг барих газар нийслэлд байдаггүйг холбогдох албаныхан хэлдэг. Тэгсэн атлаа хууль зөрчсөн, дур зоргоор барьсан барилгын тоо нэг биш болсныг өнгөрсөн намар хотын мэр Э.Бат-Үүлийн гаргасан урт жагсаалтууд харуулж байгаа юм. Тэрхүү зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг нураана, хураана хэмээн сүр дуулиантай зарлаж байсан ч нэг нь ч хэрэгжээгүй.
НИТХ-ын тэргүүлэгчдийн “Боловсрол” хөтөлбөрт “Цэцэрлэггүй хороодод цэцэрлэг шинээр барих ажлыг үргэлжлүүлж, хүчин чадал багатай цэцэрлэгийг өргөтгөх, засварлах ажлыг үе шаттай шийдвэрлэх, бие засах газар болон ариун цэврийн өрөөг нь стандартын шаардлагад нийцүүлэх, тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийг сайжруулах, хүүхэд чийрэгжүүлэх танхим, талбайг цэцэрлэг бүрт байгуулах” заалтууд оруулж ирсэн ч огт хэрэгжилгүй өдий хүрсэн. Сүүлдээ энэ байдалтайгаа дасан зохицож цэцэрлэг, өдөр өнжүүлэх газар байгуулах тухай УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын нэр бүхий гишүүд хуулийн төсөл санаачилж байв. Цэцэрлэгийн хүүхдийн хувьсах зардал, хоолны мөнгийг гэртээ сууж байгаа хүүхдүүдэд олгох юм бол асуудал шийдэгдэнэ гэж үзсэн нь энэ. Уг нь нийслэлд төрийн өмчийн цэцэрлэг байгуулах газрыг нь олгуулах, цэцэрлэгийн барилга барьж буй барилгын компанийг төрөөс жаахан дэмжээд өгөхөд л уг нь асуудал шийдэгдмээр сэн.
Орон сууцны хороолол, дарга нарын хаус барихад газраа олгочихоод цэцэрлэг, яслийг орхидог бол цэцэрлэгийн барилгуудыг эмнэлэг болгон ашиглаж байгаа гажиг тогтолцооны тухай бурууд нүд хурц гэдэг шиг хэвлэлүүд олонтаа бичсэн. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороонд байрладаг “Болор мэлмий” эмнэлэг тав, зургаан жилийн өмнө “Ихрүүдийн цэцэрлэг”-ийн байрыг өөрийн болгосон. Улмаар тус цэцэрлэгийн байрыг нурааж 16 давхар барилга барьсан түүх бий. Өнгөрсөн жил бас нэг асуудал боссон нь мөн л цэцэрлэг нураах, буулгах тухай. Тэр нь нийслэлд ганц байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асаргааны төв нэртэй сувилал-цэцэрлэгийн үүргийг хослуулан гүйцэтгэж ирсэн газар. 13 дугаар хороололд мөн л тал талаасаа орон сууцаар хашигдсан давчуухан газарт оршиж буй хуучин байшин. Мэргэжлийн хяналтынхан стандарт хангахгүй гэсэн дүгнэлт гаргаснаар хүүхдүүд очих газаргүй яах вэ хэмээн эцэг, эхчүүд гомдол, санал гаргаж байв. Байгааг нь ийнхүү нураах, хаах шийдвэрийг гаргаад байдаг. Шинээр барих талаар хэн ч дурсдаггүй, эцэг, эхчүүдийг гомдол санал хэлэхээр гэр цэцэрлэг байгуулчих, гэртээ сууж байгаа ажилгүй ээжүүд багшилна биз гэх жишээтэй. Хөгжиж буй орнууд уламжлалаа шинэчлэн авч явдаг ч манай улс шиг аль тэртээ социализмын үе рүүгээ ухарч гэр цэцэрлэг, өдөр өнжүүлэх байгуулах тухай ярьж байгаа нь хэд бол. Замын түгжрэлийг шинэ зам барьж шийдэх бус машины дугаараар хязгаарлан иргэдийнхээ эрхийг зөрчиж шийдвэрлэсэнтэй адил хувь заяа хүүхдийн цэцэрлэгийн ирээдүйг отож байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 23, 2013 12:03:54 pm )
120 мянгатад байдаг цэцэрлэг бас л ароно шүдний эмнэлэг болсон.Одоо бас л барилга барих гээд газар ухаад эхэлсэн.Ямар учраас цэцэлэгүүдийг хувьчилж өгсөн юм бэ? Энийгээ эргэж харж хүүхдийн цэцэрлэгүүдийг буцааж аван цэцэрлэгээр нь ажиллулаачээ.Энэ шуналтай улсууд өөрсдийгөө мөнх гэж боддог юм уу
1 Comment