antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2011 Comments are off

ЭЕЛДЭГ ЗАН ХҮНИЙГ ӨӨД НЬ ТАТНА

нийтлэсэн Admin

Зан сайт айлд хүн болгон цуглана, замаг сайт усанд шувуу болгон цуглана. Дээр дорын ялгаагүй, баян ядуугийн ялгаваргүй, хүн болгоныг хүн ёсоор үзэж, эелдэг найрсаг харилцдаг хүнийг зан сайтай гэж ам сайтай байна. Эелдэг найрсаг зан хүний нэр төрийг өргөж, нэр алдрыг чимнэ. Эелдэг найрсаг зантай хүн нэртэй зартай нэгэн биш ч гэсэн нэр бүтэн, түмэн олондоо хүндлэгдэж явдаг нь сайхан. Хүүхэд, залуус та нар эелдэг зангийн эзэд байцгаа. Эелдэг зан хүнийг ямагт өөд нь татаж байдаг юм. Өөрөө эелдэг биш мөртлөө бусдыг эелдэг байхыг шаардах нь утгагүй. “Эелдэг зан л эелдэг занг төрүүлдэг ба уриалан дууддаг”. Эелдэг зантай байлаа гээд чамаас хорогдох зүйл нэгээхэн ч үгүй, алдагдах юм бүр байхгүй. Харин асар их зүйл үнэ төлбөргүй чамд өөрөө аяндаа орж ирнэ. Эелдэг зантай байвал чамайг хайрлах хүмүүсийн хайр нэмэгдэнэ.

Бусдын хайрыг мэдэрнэ гэдэг үнэлж баршгүй, өгүүлж барамгүй тансаг сайхан мэдрэмж. Эелдэг зангийн хариуд чамайг хүндлэх хүмүүсийн хүндлэл өснө. Бусдын хүндлэлийг хүлээнэ гэдэг хүн болж төрсний нэгэн хэрэг бүтэж яваагийн учир утга. Эелдэг зантай хүнийг зан сайтай гэж хотол даяараа магтан хүндлэнэ. Сайхан ааштайгаараа дуудуулах сайшаал магтаалын үгсийг сонсох нь чихэнд чимэгтэй, сэтгэлд баяртай. Эелдэг байгаагийн чинь төлөө эрүүл ухаантай хэн ч чамайг өөлж шоолохгүй, өөнтөглөж муулахгүй. Чи өөрөө эелдэг байж л бусдын эелдэг харьцаатай учран золгоно гэдгээ үргэлж санаарай. Эелдэг зангийнхаа төлөө чи хэнд ч, ямар ч төлбөр төлөхгүй. “Эелдэг зангаас өөр юу ч бидэнд тийм хямдаар бүтэхгүй ба тийм үнэтэйгээр үнэлэгдэхгүй”. Гуйна гэдэг гутамшиг, гуйлгана гэдэг гайхамшиг гэдэг. Дандаа гуйлгаж амьдарна гэж юу байх вэ, бусдаас алга тосон, уруул дэвсэн гуйж царайчлах зүйл мундахгүй тохионо. Хэн нэгнээс, ямар нэг юм гуйж хүсэх бол эелдэг байхаас өөр аргагүй. Эвтэй үгээр, эелдэг хандан хүсэлтээ илэрхийлж чадвал ажил хэргээ бүтээх замаа зөв засч эхэлсэн гэж тооцоорой. Харин гуймтгай мөртлөө голомтгой байх муухай. Хүмүүстэй эелдэг харилцаж сурах нь харилцааны урлагийн амин сүнс.

Эелдэг зантай байж л эелдэг нөхөрсөг харилцаа үүснэ. “Амьдралд амжилт олоход хүмүүстэй харилцах чадвар нь авьяасыг эзэмдэхээс хавьгүй чухал байдаг”. Хүн хүнд нь тааруулсан хиймэл эелдэг зан хэнд ч хэрэггүй. Эелдэг зан үнэн сэтгэл дээр үндэслэсэн, жинхэнэ байх учиртай. “Үнэн сэтгэл дээр үндэслэсэн эелдэг зан л жинхэнэ бөгөөд илүү сайн байдаг. Жинхэнэ эелдэг зан бол бусдыг хүндэтгэхтэй салшгүй ба түүнгүйгээр боломжгүй”. Авдранд хадгалагдаж буй лаанаас гэрэл гэгээ гарахгүй, асаасан лаа л орчноо гэрэлтүүлнэ. Хүмүүсийг үл тоон, эс хүндлэх ихэмсэг тоомсоргүй хүн бусдаас найрсаг хүндлэлийн гэрэл гэгээ тусахыг хүлээх хэрэггүй. Харанхуй шөнө өнгө алаглан гэрэлтэх солонго олж үзэхийг хүлээхтэй адил. Бусдыг үнэн сэтгэлээс хүндэлж байж өөрийгөө тэр хэмжээгээр хүндлүүлнэ. Ямар ч хүн хүндлэн дээдэлдэг хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ, жинхэнэ эелдэг харилцах нь тодорхой. “Жинхэнэ эелдэг зан хүмүүст тааламжтай хандахад оршино”. Хэлж ярихдаа, хийж үйлдэхдээ, хэзээ ч, хаана ч алив бүхэнд ухаалаг ханддаг хүнийг булт олноороо хүндлэн дээдэлнэ.

Ухаантнууд хүндлэлийн нэр төртэй эзэд. Бүтээсэн ажилтай, байгуулсан гавьяатай хүмүүс олны хүндэтгэлийг хүлээнэ. Байгуулсан гавьяагаар нь эрхэмлэн хүндэтгэх нь ухаалаг үйлдэл. Ямар ч үед эс хувирах даруу төлөв, түвшин амгалан зангаараа бусдын хүндлэлийг хүлээгсэд олон. Алив юманд үнэнч шударга, ноён нуруутай, ёс жудагтай ханддаг хүмүүс өргөн олны хүндлэлийг зүй ёсоор хүлээнэ. Өглөг өгч, тус болохдоо хүний, өөрийн гэж ялгадаггүй, сэтгэл дутдаггүй, гар татдаггүй, өглөг тусламжиндаа хариу харамж үл горилох өгөөмөр буянтнууд олны хүндлэл хүлээж, хайр татна. Гэхдээ “Өгөөмөр байж болох хүнийг бус, өгөөмөр хүнийг л хүндэтгэх хэрэгтэй”. Бусдад үргэлж сайн сайхныг бэлэглэх, бусдын сайн сайханд даган баясах, бусдын гэм алдаанд гэмшин харуусах, бусдын сэтгэл санаанд зохицох сайхан сэтгэлт хүмүүсийг түмэн олноороо хүндэтгэнэ. Хорвоог өөртөө тохируулах гэлгүй, өөрөө хорвоод тохирч амьдар. Хорвоо үргэлж чамд тохироод байна гэж үгүй.

Бусдад үлэмж нигүүлсэх сэтгэлээр хандах буяны эздийг хэн хүнгүй хүндэтгэнэ. “Нохойд хаяж өгсөн яс нигүүсэл биш. Нигүүсэл бол чи нохойноос багагүй өлссөн үедээ түүнтэй хуваалцах яс юм”. Бусдын гэм алдааг үл сонжих, доог тохуу эс болгох, өөрийн гэм алдаа бүхнээ ухаарч, улмаар гэмших сэтгэлээр наманчилан засч, дахин алдахгүй мөрөөрөө яваа хүн хожуу ч гэсэн хүндлэл хүлээнэ. Ухаантай хүн алдаагаа өөрөө ухаарна. Андуу мунхагийн уршиг болсон алдаа мадгийг өөрөө л засахгүй бол өөр хэн нэгэн чиний өмнөөс засаж арилгаад өгөх боломжгүй нь үнэн. “Өөрт заяагаагүй авьяасыг хэн ч, хэзээ ч олж авч чадахгүй. Харин алдаагаа хэн ч, хэзээ ч засан залруулж болно”. Алдаа нь амьдралд тохиох олон шалгалт шалгуурын нэг. Шалгуурын өмнө өвдөг сөхрөх эсэх, алдаагаа дахин давтах эсэхийг ухаан чинь мэдэх хэрэг. Ухаалаг хүн нэг бүдэрсэн довжоондоо дахин бүдрэхгүй сэрэмжтэй болж, гэгээн үйлсийн замаар итгэл төгс замнан, ойрын болоод хэтийн хэрэг зориг бүхнээ ая зөнгөөр нь бүтээнэ. Өрөвдөх нинжин сэтгэлтэй, өршөөх нигүүлсэнгүй бодолтой хүмүүс онцгой эелдэг зантай. Өөрт нь муу зүйл хийсэн хүнд өрөвч нинжин сэтгэлээр хандаж, нүгэлт үйлийг нь өршөөн уучлах нь бусдын төлөө өөрийгөө зориулсан гайхамшигт хүмүүсээс гарах эр зориг юм. Өршөөн нигүүлсэх чадал нь зөвхөн хүчтэй хүнд заяасан нэн хүчирхэг шинж.

Сулхан хүн өршөөх чадваргүй. Өршөөх сэтгэлгүй сулхан хүн бусдыг занан зүхэж, өс хонзондоо хүлэгдэн, өөрийгөө тамлан зовоохоос хэтрэхг үй. Ер нь “хүнд байдаг хамгийн агуу, хамгийн бурханлиг зүйл бол өрөвдөх, өршөөх авьяас билиг юм”. Бусдад тохиосон зовлон зүдүүрийг өөрийнх мэт эмзэглэн хүлээн авч, сэтгэл зовон, санаа тавих өрөвч нинжин дотортнууд хайр татам сайхан хүмүүс. Хорлолын хариуд ачлал дэлгэх өрөвч сэтгэлтэн үнэхээр хосгүй. Өрөвдөх сэтгэл гэдгийг мэддэггүй хүмүүс дургүй хүрч, ой гутам. “Өрөвдөх сэтгэл-энэ бол хайртай хүмүүсийнхээ зовлонд тарчилсан хайр юм”. Хүний зовлонг ойлгож мэдрэх ухаан нь хэн хүнд бэлнээр заяадаггүй, дотоод сэтгэлийн гүнд орших энэрэхүйн шүншигтэй торгон мэдрэмж билээ. Ийм мэдрэмж заяагаагүй бол хүнийг ойлгохын тулд өөрийгөө түүний оронд тавьж, баяр гуниг, зовлон шаналлыг нь биеэр мэдрэх хэрэгтэй болно. Ядарч зовсон хүмүүст өвдсөн үрээ энэрэх эхийн сэтгэлээр хандаж чаддаггүй юмаа гэхэд үнэнч нигүүслийн гал дөлөөсөө хол бус байлгаж, өлзий буянаасаа хүртээх сэтгэлээ өнө мөнхөд хадгалж үлд.

Бусдын зовлон гунигийг хуваалцах энэрэнгүй сэтгэл нь чамд байгаа эрхэм нандин бүхний охь дээжийн нэг гэж бат итгэлтэй бодож явах хэрэгтэй. Хүмүүсийн зовлон гунигийг хуваалцахын зэрэгцээ бусдын баяр баясгалан, ололт амжилтанд өөрийнх мэт талархаж байх нь хүний өөр нэг эрхэм нандин чанар юм. “Бусдын баяр баясгаланд талархах нь бусдын зовлонг хуваалцахаас хамаагүй илүү ховор авьяас байдаг” хэмээн их эрдэмтэн Ч.Дарвин хэлсэн байна. Энэрэнгүй сэтгэлтэн гэмгүй хүнд хор хүргэж, сэтгэл санааг тавгүйтүүлэх муу зүйл үйлдэх нь амьдын хар нүгэл, байж боломгүй үйлдэл гэж үзнэ. Элбэрэл ачлал хүртээж эс чадлаа ч хор хүргэхгүй байх нь ямар нэг хэмжээгээр буянтай үйл. Гэхдээ хорхойд хоргүй царайлан суух нь хангалттай бус, туслалцаа шаардлагатай хүмүүст хэрэгцээтэй зүйлээр туслах бодол хүслээ үргэлж тээж явах хэрэгтэй. “Хүн бусдад тусалж, бусдыг хүнд байдлаас аварч байгаа үедээ л бурханд тун их дөхөж очдог” гэнэ.

Тусламж их, бага гэхээсээ цагийг нь олсон байх нь онцгой чухал. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг шиг “хожимдсон тусламж хэнд ч хэрэггүй”. Чухам хэнд туслаж байна гэдгээ эрхбиш мэдэж байвал зохилтой. “Хорлогчдод тусламж үзүүлж буй хүн хожим харамсдаг”. Аврагч уу, хорлогч уу гэдгийг тэр үед нь шууд хараад ялгаж танихад мэдээж бэрх. Ер нь хүнийг таних амар биш. Наанадаж цаг хугацаа хэрэгтэй. Чухам хэн бэ гэдгийг танихын тулд бие рүү нь бүү ширт, хувцас руу нь бүү хар, сэтгэл рүү нь өнгий. Цаг хугацаа аяндаа сэтгэлийн өнгийг алган дээр тавиастай мэт ялган таниулаад өгнө. Хар хор санахгүй, хавьтсан ойртсондоо туслахыг чармайх гэгээн бодлын эзэд-цагаан сэтгэлтэнтэй ойртож нөхөрлөхийг бод. Хорсол зүхэл хадгалсан, хорлол хөнөөл учруулах хар сэтгэлтнээс холын хол байхыг хичээ. Эелдэг зан, эелдэг үг сайхан сэтгэлтний өгөөмөр тус адил насан туршид эзэндээ тусалсаар, өөд нь татсаар байх болно. “Эелдэг зангийн багахан тун нь амьдралыг аятайхан болгодог, ахиухан тун нь амьдралыг өөд нь татдаг”. Эр бярын хүчээр олж чадаагүйг эелдэг зан, эвтэй үгээр олж чадна гэдгийг мэдээрэй. “Эелдэг зан нь эхний бөгөөд хамгийн аятайхан буянтай сэтгэл” мөн билээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car