Жил бүрийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хоёрдугаар сарын 15-ны дотор хүлээн авч мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлдэг. Харин энэ жилийн хувьд хөрөнгө орлогын мэдүүлэг олон нийтэд хүрэхээсээ өмнө АТГ-т дахин буцаж, хэвлэгдэх цаг хугацаанаасаа хожимдож гарлаа. Хөрөнгөө мэдүүлсэн 237 хүнээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийн мэдүүлсэн хөрөнгийг сонжвол өмнөх жилүүдээс олон, олон зүйлээр ялгарч байна. Тухайлбал, УИХ-д шинээр маш олон гишүүн орж ирсэн. Н.Номтойбаяр, “Мон-Уран”-ы Б.Наранхүү, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гээд бэлтэй аавын хөвгүүд бэл бэнчингээрээ харин ч нэг гайхуулаад авч. З.Энхболд, Д.Лүндээжанцан, Ч.Сайханбилэг гээд өмнөх жилийнхээ өрнөөс салаагүй нөхдүүд явж байхад 245 гахайтай Ш.Түвдэндорж, 4000 орчим малтай Б.Бат-Эрдэнэ аварга, зургаан орон сууцтай Э.Тамир дэд сайд, тоолж барамгүй тэрбумын авлага бусдаас авах Б.Наранхүү, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч О.Баасанхүү, хувьдаа нэг ч унаа, машин, байргүй Д.Арвин гээд энэ жилийн Хөрөнгө орлогын мэдүүлэг юм, юмтай сонирхол татахуйц болжээ. 237 албан хаагчийн Хөрөнгө орлогын мэдүүлэг тэр дундаа 74 гишүүн, Төрийн гурван өндөрлөг дотор хамгийн, хамгийн буюу хамгийн их сонирхол татах хөрөнгө, чинээ, байр машинтай эрхэм хэн байгааг тоймлое.
-МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байгаад жагсаалтаар УИХ-ын гишүүний суудалд тухалсан О.Баасанхүү 100 үхэртэй. Дархан аварга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ хэдэн “1000”-т малчин ажээ. Тэрбээр 400 адуутай бөгөөд хурдан удмын 20 адуутай хүн аж.
Мөн 60 үхэр, 3000 хонь, 350 ямаатай. “Мон-Уран” нэр болон алдарт шарга азарганы эзэн Б.Наранхүү 109 хурдан удмын адуутай байгаа нь хамгийн олон хурдан удмын адуутай эрхэм болжээ. Харин малтай гишүүд дотор гахай бүртгүүлсэн нэг хүн байна. Тэр нь Ш.Түвдэндорж. Байнгын хорооны дарга гуншинтай тэрбээр хоёр адуу, 245 гахайтай ажээ. Батлан хамгаалахын сайд, Монгол Улсын манлай уяач буюу бидний аль эртний танил “Ажнай” Д.Бат-Эрдэнэ 250 гаруй адуутай юм байна. Түүний хувьд хурдан моринд “нугасгүй” нэгэн учраас үүнээс ч илүү адуутай байх магадлал өндөр.
Харин хамгийн их авлагатай гишүүнээр Б.Наранхүү тодорчээ. Тэрбээр “Дүнжингарав” болон “Инвэнс” ХХК-иас 31 тэрбум 529 сая төгрөг авах аж. УИХ-ын гишүүн Сү.Батболд “Алтай кашмир”, “Алтай холдинг” болон “Скай трейдинг” ХХК-иас нэг тэрбум 655 сая 536 мянган төгрөгийн авлагатай юм байна.
Хамгийн олон орон сууцтай эрхмээр УИХ-ын гишүүн, БОХХАА-ын байнгын хорооны дарга Г.Баярсайхан болон УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар тэргүүлсэн байна. Гишүүд тус бүрдээ тав, таван орон сууцтай аж. Харин удаах байр УИХ-ыг гишүүн Ж.Эрдэнэбат, Х.Болорчулуун, БШУ-ны сайд Л.Гантөмөр, нар тус бүрдээ дөрөв дөрвөн орон сууцтай хэмээн ХОМ-т өгчээ. Хамгийн хамгийнаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамир хувьдаа зургаан орон сууцтай хэмээн мэдүүлсэн ажээ. Тэгэхээр олон орон сууцтай эрхмээр ХАХНХ-ын дэд сайд Э.Тамир тодров.
УИХ-ын дарга З.Энхболд Сургалтын төрийн санд 44 сая төгрөгийн өртэй бөгөөд өнгөрсөн жилийн ХОМ-д энэ санд яг ийм хэмжээний өртэй гэж мэдүүлсэн байсныг үзвэл өрөө төлөөгүй байгаа гэсэн үг аж. Түүнчлэн УИХ-д шинээр орж ирсэн гишүүн М.Батчимэг 74 сая 940 мянга, Д.Батцогт таван сая төгрөг, З.Баянсэлэнгэ зургаан сая, С.Одонтуяа 413 сая, Ц.Оюунгэрэл 533 сая, О.Содбилэг 545 сая, Ш.Түвдэндорж 106 сая төгрөгийн өртэй хэмээн мэдүүлсэн байгаа нь сонгуулийн үеэр чамгүй мөнгө зээлж үрсэн нь харагдаж байна. Харин бие дааж нэр дэвшсэн эрхэм гишүүн Ц.Даваасүрэн 2011 онд 95 сая төгрөгийн өртэй хэмээн мэдүүлж байсан бол энэ жил өр зээл нь өссөөр 168 сая төгрөг болсон бол Н.Энхболд гишүүн бас нэмж өр тавьснаа мэдүүлжээ. Өнгөрөгч жил тэрбээр “Ньюком” ХХК-д 109 саяын өртэй байсан бол энэ жил түүний өр зээлийн хэмжээ 287 сая төгрөг болсон байна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан иргэн Б.Тогоод ноднин тавьсан 100 сая төгрөгийн өрөө бас л төлөөгүй байгаагаа мэдүүлсэн байхад ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Худалдаа хөгжлийн банкны нэг тэрбум төгрөгөө төлөөгүй байгаа юм байна. Хуучин гишүүдээс ноднин өр зээлгүй байсан хүмүүс шинээр өртэй болжээ. Тухайлбал, Р.Гончигдорж 12 сая, Ц.Нямдорж 89 сая, А.Тлейхан 25 сая, Ө.Энхтүвшин 290 сая төгрөгийн зээлтэй байгаа юм байна. Мөн Р.Амаржаргал гишүүн ноднингийн 468 сая төгрөгийн өрөө төлчихжээ.
Энэ парламентын хамгийн баян гишүүнээр “Ажнай” группын эзэн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тодорчээ. Жилийн орлого нь 20 тэрбум зургаан сая 650 мянган төгрөг юм байна. Түүний дараа Б.Чойжилсүрэн гишүүн зургаан тэрбум 27 сая 651 мянган төгрөгөөр бичигдэж байна. Тэгвэл “МАК” компаниар овоглосон Н.Номтойбаяр гишүүн зургаа буюу хамгийн олон машинтай гишүүнээр тодорчээ. Түүнд “Mercedes-Вenz G500”, “Lexus-570”, “Mercedes Вenz G55AMG”, “Mercedes Вenz”, “Toyota Land Cruiser 200” зэргээс гадна хоёр ширхэг “Mercedes Вenz G300” байдаг. Н.Номтойбаярын жилийн орлого 819 сая 733 мянган төгрөг. Хамгийн олон тээврийн хэрэгсэлтэй гишүүнээр Б.Наранхүү нэг тэрбум 735 сая 880 мянган төгрөгийн үнэ бүхий долоон машинтайгаар тэргүүлжээ. Б.Наранхүү гишүүн хамгийн олон буюу 27 компанийн хувь эзэмшдэг аж. Гэр бүлийн нийт орлого нь бусдаасаа толгой цохиж яваа гишүүн бол “АПУ”-гийн гэх тодотголтой Г.Батхүү гишүүн. Түүний гэр бүлийн нийт орлого 101 855 786 000. Бас хувьцааны бизнест тун одтой нэгэн ажээ. Мөн араас нь О.Содбилэг, Л.Эрдэнэчимэг, М.Сономпил, М.Зоригт, Сү.Батболд, Ж.Энхбаяр гээд баячуудын жагсаалт үргэлжилж байна.
Гишүүдийн хамгийн бага орлоготой нь Б.Болор гишүүн юм байна. Тэрбээр жилийн есөн сая 588 мянган төгрөгийн орлоготой аж. Д.Арвин гишүүн есөн сая 619 тэрбум төгрөгөөр дагажээ. Мөн хувьдаа байр, машингүй хэмээн мэдүүлэгтэй дурьджээ. Мөн орлоготой ч хувьдаа машингүй эрхмүүд гэвэл Н.Арвин, Н.Батцэрэг, Л.Болд, Д.Ганбат, Б.Гарамгайбаатар, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, Я.Содбаатар, Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр нарын арав гаруй гишүүд байна. С.Ганбаатар гишүүн ямар ч компанид хувь эзэмшдэггүй аж. Мөн С.Ганбаатар гишүүн хамгийн хуучин орон сууцтай нь бөгөөд 13-р хороололд байдаг байрандаа 10 гаруй жил амьдарч байгаа гэнэ.
Иргэн бүхэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмших ёстой ч эрхэм гишүүд авахыг хүсээгүй бололтой. Гишүүдээс хувьцаагаа мэдүүлсэн 19 хүн байна. А.Бакей, О.Баасанхүү, М.Энхболд, Н.Батбаяр, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Гантөмөр, Ц.Нямдорж, С.Одонтуяа, Я.Содбаатар, М.Сономпил, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, Ц.Цолмон, Н.Энхболд, М.Энхболд, Ж.Энхбаяр, С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг нар багтжээ. Мөн “Рио Тинто”-оос хувьцаа эзэмшдэг гишүүн нь М.Батчимэг аж.
Б.Өнөртогтох
Албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нийтлэв
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 14, 2013 12:55:53 am )
Eeeeoooo. naranhvv bid 2 adilhan bhoo. Bichih yum oldohgui, Agra yadaad avlgatai Gemini bodov uu, uneheer unen bol or login eh uusveriig n shalgah hereg garch dee
-
хохирогч (June 21, 2013 1:55:51 pm )
“Байгаль эрдэнэ” гэх санд элссэн 3000 орчим иргэн хэдэн тэрбум гаруй төгрөгөөрөө хохирсон энэ хэргийг сурвалжилж өгөөч одоо болтол хариу байхгүй.
2 Comments