Эрүүгийн цагдаагийн газар, Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, болон Оюуны өмчийн газрын даргын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгалтаар дуураймал бүтээгдэхүүнийг брэндийн нэрээр өндөр үнэ хүргэн худалдаалж байсан нь тогтоогдсон дөрвөн замд байрлах “Талст-1”, мөн дүүргийн “UB mart” худалдааны төв дотор байрлах “Талст-2” худалдааны төвийн эзэн Ү.Батбилэгт эрүүгийн хэрэг үүсгэжээ. Уг дэлгүүрийг эзэмшигч Ү.Батбилэг нь Эрхийн хамгаалалт хийгдсэн барааны тэмдэг бүхий барааг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр хилээр нэвтрүүлсэн, худалдаанд гаргасан мөн худалдаалахаар хадгалж байсан аж. Түүний энэхүү үйлдэл нь “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай” хуулийн дагуу барааны тэмдэг эзэмшигчийн эрх болоод Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэд хэдэнд заалтыг зөрчсөн гэж үзжээ. Мөн тус дэлгүүрт худалдаж байсан таван нэр төрлийн 40 гаруй ширхэг, 124 сая төгрөгийн үнэ бүхий барааг хураан авч, устгасан байна. Талст дэлгүүр нь дэлхийн томоохон брэндүүдийн бараа бүтээгдэхүүний дуураймал хувилбарыг урд хөршөөс оруулж ирэн худалдаалдаг байсан нь ч тогтоогдоод байгаа юм.
Х.Төгөлдөр
Холбоотой мэдээ
Comments are closed.