БНН-ын дарга Б.Жаргалсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та 1990 оны Ардчилсан хувьсгалыг эхнээс нь дэмжсэн хүн. Арваад хоногийн өмнө Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал болж Улаанбаатар гадны гийчдийн хөлд дарагдсан. Гэтэл та тэдгээр хурлуудад огт оролцоогүй. Ардчиллын талаарх таны үзэл бодол чинь өөрчлөгдөө юу. Ардчиллынхандаа гомдоо юу?
-Би заавал тэнд дотор нь орж суух албагүй. Телевизээр үзэж, радиогоор сонcoж болно биз дээ. Энэ хурал аятайхан болж өнгөрөөсэй, олон улсын хэмжээнд нэр төртэй байгаасай гэж санаа зовж байсан. Харин ашгүй сайхан болж өнгөрлөө.
1990-ээд онд Орос орон задарсан. Коммунизмыг удирдан, изолгийг нь барьж явсан гүрэн загас толгойноосоо өтнө гэдэг болсон. Оросыг дагаж хөгжиж байсан дайвар орнууд буюу Зөвлөлтийн орнууд болон Вьетнам, Лаос, Камбож, Куба, Монгол, Хойд Солонгос гээд бүгд эзэнгүй болж, удирдлагагүй болон эдийн засгийн хамтын ажиллагааны ямар ч сүлжээгүй болж, тогтолцоо нь нурсан.
Гэхдээ энэ дундаа монголчуудын түүх маш өвөрмөц байсан юм шүү. 1921 онд Монгол Улс маань хүн амын ихэнх хувь нь халдварт өвчинд нэрвэгдчихсэн, бичиг үсэггүй, хоцрогдчихсон, ядууралд идэгдэн, мөхлийн ирмэгт ирсэн.
ЗХУ өөрийн хил хязгаараа тэлэхийн тулд эргэн тойрны бүх улс орныг өөд нь татах ажил хийсэн нь цөөхөн монголчуудад аз тохиосон хэрэг болсон. Бидний аав, ээж социализмыг бий болгох, энэ бүтээн байгуулалтыг босгохын тулд ажилласан нөр их хөдөлмөрийн үр дүнд өнөөгийн Монгол Улс маань 2.700 мянган хүн амтай, бүгдээрээ бичиг үсэгтэй, шинжлэх ухаан, эрүүл мэнд, техник технологийн салбарт орчин үеийн мэдлэг боловсрол, соёлыг эзэмшиж чадсан.
Үүнийгээ эзэмшиж аваад материал техникийн баазаа яаж өөд нь татах вэ гэж байтал социалист нийгэм нурсан. Хэдийгээр бид тусгаар тогтносон улс ч батлан хамгаалах болон улстөр, эдийн засгийн салбар зэргийг ЗХУ-ын коммунист намаас, Кремлээс шууд удирддаг байсан.
Тэгэхээр энэ үед биеэ даан улс шиг улс болохын тулд, тусгаар тогтнолоо бататгаж, эрх чөлөөтэй болохын төлөө, арчиллыг хүсч, 1990 онд тэрхүү нийгмийг өөрчлөх болсон. Тэрхүү ажлыг Ардчилсан нам хийсэн.
Мэдээж алдаж, оносон зүйл бий. Гэхдээ ерөнхий чиг хандлага, эрх чөлөө тусгаар тогтнол, хүний эрх, иргэнээ өмч, хөрөнгөтэй, улс орноо хөгжүүлэх гэсэн сэтгэлийн тэмүүллээр явж ирлээ.
Хуучин коммунист байсан жижиг орнууд бүгд ардчилсан замаар явах гэж оролдсон. Одоо ч оролдож байгаа. Тэдгээр улсууд нийлээд хамтын нийгэмлэг байгуулсан.
Гэхдээ үүнд ОХУ, БНХАУ байдаггүй.
Тэд “Шанхайн-7” буюу улстөрийн болон цэрэг зэвсгийн нийгэмлэгийг байгуулж эхэлсэн. Эргээд л АНУ, Япон, Европын эсрэг чиглэсэн улстөрийн том нийгэмлэг болж байна.
Биднийг тийш нь оруулах гэж хоёр том хөрш орон шахаж байгаа. Бид бол “үгүй ээ, төвийг сахьсан, илүү хүнлэг, иргэнлэг, хүний эрхийн төлөө ардчилсан ардчиллын төлөө орон болно” гээд хатуу байр суурийг дагаж буй улс.
Тиймээс үүний баталгаа нь таны хэлж байгаа АОХН-ийн хурлыг зохион байгууллаа. Энэ үед хэн нэгэн улстөрч нэр нүүр олох бус Монгол Улсын тусгаар тогтнол, шинэ Монголын хөгжлийн баталгаа болсон хурал болсон гэж бодож байна. Үүнд мэдээж улстөрийн ач холбогдол өгч, дүгнэх ёстой.
Хэн нэгэн хүн, намын нөхөд тэр хурлыг улстөрийн зорилгоор ашиглах гэсэн асуудал ажиглагдаж байсан. Үнэхээр улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөө, ард түмнийхээ төлөө ажиллах ёстой юм болов уу гэж анзаарч байлаа.
-Ардчиллын анхны цуглаануудад та өөрийн ГАЗ 24 машинаар vйлчилж явсан. Тэр vед хvсч мөрөөдөж явсан ардчилсан нийгэм тань өнөөдөр Монголд байна уу?
-Хүний амьдралын хамгийн үнэ цэнтэй зүйлийг би эрх чөлөө, хайр дурлал гэж боддог. Магадгүй хүний амьдрал бараг эндээс ч эхэлдэг болов уу. Гэхдээ 23 жилийн өмнөх ардчилал их зовиуртай урагшилж байгаа.
Одоо энэ дээр байгаа нөхөд болон намуудыг цэгцлэх хэрэгтэй. Цаг нь болчихоод байна. Гэсэн ч би өнөөдөр гудамжаар явж байгаа хүмүүсийг хараад маш их бахархаж, баярлаж явдаг.
-Чухам юунд тэгж баярлаад явна вэ?
-/инээв/ Манайхан гудамжаар эрх чөлөөтэй явдаг. Тэгвэл Өвөр Монгол, Буриад, Казахстанд очоод хараарай. Тэд эрх чөлөөгөө хэр эдэлдэг гэж бодож байна. Цаадуул чинь Монголд ирээд “Та нар ямар гоё, азтай юм бэ”гэдэг. Бидний эрх чөлөөг хэлээд байгаа юм шүү дээ.
Тиймээс 1990 оноос би АН-ыг өөрийн чадлаараа санхүүжүүлж ирсэн. Хамгийн идэвхитэй ажилладаг байсан байх. Заримдаа улстөрчидтэй маргах үе бишгүй л байлаа. Гэхдээ би ардчилал, хүний эрх, тусгаар тогтнолын төлөө гэсэн зорилго, сэтгэлээсээ урваагүй.
-АН-ыг дэмжиж байсан хүн яагаад өөрчлөгдчихсөн юм бэ?
-Ардчилал гэдэг нэг нам биш. Энэ чинь хүн бүрийн эрх, үүрэг байх ёстой. Харин байгаа 2.800 мянган хүн болон шинэ мэндэлж буй хүүхдүүдийг хэрхэн, яаж төлөвшүүлж, хүмүүжил, ёс суртахуунтай болгох вэ гэдгийг улстөрчид шийдэх ёстой. Мөн бид үүнийгээ л ардчилал гэх ёстой.
Бид бүгдээрээ нэг намын гишүүн болж, коммунизмын замаар алхаж үзсэн шүү дээ. Харин өнөөдөр хөгжингүй, үсрэнгүй монголын иргэд. Шинэ монголын төлөө, аз жаргалтай, чинээлэг амьдралтай, иргэд нь өндөр хариуцлага, эрх, үүрэгтэй улс орон болгохсон гэж бодож байна.
Үүний төлөө ухамсарт амьдралаа бүгдийг нь зориулах хэрэгтэй. Ардчилал гэхээр манайхан зөвхөн нэг хоёр хүнээр ойлгодог. Тэгвэл үгүй шүү. Нам гэснээс би МАН-тай нийлдэггүй нэг зүйл бий.
-Тэр нь юу юм бол?
-Тэд эхлээд МАХН гэдэг нэрийг авч явж байсан. Тэр намын өнгөрсөн замнал бол бидний юм биш. Ээж, аавын маань үеийн түүхэн хуудас. Гэтэл түүнийг хэн нэгэн нам, хөрөнгө мөнгөтэй хэсэг бүлэг нөхөр онцолж ашиглан, нэр нүүрийг нь барах, гутаах эрх байхгүй биз дээ.
Зарим нэг нь Данзан, Бодоо гээд л яриад байдаг. Тийм л юм бол Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал, Батмөнх, Жагварал хэрэггүй байсан юм уу. МАН-ын түүхнээс ганцхан хүнийг нь сонгож авдаг нь ямар учиртай юм бэ гэдэг асуулт гарч ирдэг юм.
Гэхдээ одоогийн МАН-д Данзангийн хүүхэд, ач, зээ нь байна уу. Хамаатан, ах дүү нь байна уу. Тэр үеийн Бодоо, Данзангийн үеийн намын мөрийн хөтөлбөр бас л байхгүй. Худлаа гэвэл одоогийн МАН-ынхтай тулгаад үз. Нэг ч зүйл нийцэхгүй.
Тэгэхээр түүхийг гуйвуулж, хүний толгой эргүүлэхээ болих хэрэгтэй байгаа юм. Яах вэ, МАН бол ууган нам. МАХН бүр ууган. Харин БНН бол 20 жилийн түүхтэй гэж би хэлдэг. Энгийнээр харахад том жижгээрээ ялгарна.
Зарим нэг нь БНН гишүүнгүй шахам 20-иодхон хүнтэй. Гэтэл МАН 200 мянган гишүүнтэй гэх зэргээр хүний тоогоор өрсөлдөж л байдаг юм. Коммунизмын үед намууд улс орон, аж ахуйгаа изолгиор удирдаж байсан.
Тэр байтугай үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд ч намын анхан шатны үүрүүд байдаг. Тэдгээрээс өгсөн үүргийг ягштал биелүүдэг байсан үе бий. Гэхдээ одоо ардчилсан нийгмийн үед сонгодог утгаараа намын гишүүнчлэл гэж байх ёсгүйг ойлгох хэрэгтэй шүү дээ.
Харин дэмжигч бол байж болно. Мөрийн хөтөлбөрүүдийг нь харж байгаад хийсэн сонголтоор тухайн нам дэмжигчдээ татах ёстой.
-Та намын хатуу гишүүнчлэлийг л эсэргүүцээд байнаа даа?
-Тийм. “Чи энэ намын төлөө бүх амь, нас, амьдралаа зориулж үхэх хэрэгтэй” гэдэг хатуу гишүүнчлэлтэй байгаад байна. Нөгөө л коммунизм, фашизм үнэртээд байгаа биз дээ. Ийм байвал цаашид явахгүй. Өнөөдөр манай иргэд амьдралд прагматикаар хандаж, материаллаг талаас нь хардаг болсон.
Хэн нэгэн Брежневийн төлөө амьдрахгүй, өөрсдийн аз жаргалтай сайн сайхны төлөө, улс орноо хөгжүүлэхийн тулд амьдрах ёстой. Гэтэл улстөрчид төрийн өндөрлөгийг булааж авах, эрх мэдлээр дамжуулж хувийнхаа ашиг сонирхлыг хамгаалахын төлөө улстөрийн ажил хийж байна.
Өөрөөр хэлбэл, нөгөө олон намын дарга, лидерүүд хамгийн том хулгайчид болж хувирдаг. Энгийн иргэн, гишүүдээ доромжилж, хууран, улсын өмч хөрөнгөд ханцуй шамлан ордог. Тэр л зам руу яваад байна.
Африк яг энэ замаар яваад өнгөрсөн зуунд дампуурсан юм шүү. Харин Сингапур тэгээгүй шүү. Хүнд эрх олгохдоо үүргийг нь хамт ойлгуулчихсан. Манай улсад эрх гээд л хоосон ойлголт өгчихсөн. Үүрэг гэж юу ч байхгүй.
-Анхнаасаа ардчилал гэх үеэсээ ойлгуулахгүй яасан юм бэ?
-Шинэ хуучныг хослуулж, хутгасныхаа лай ланчигийг л үүрч, эдлэж байгаа юм. Гэхдээ үүнийг өнгөрсөн 19 жилийн хугацаанд МАН хийсэн.
-Намын гишүүнчлэлийн эсрэг байдаг болохоор тэр үү, БНН vнэн хэрэгтээ алга болсон гэж ярих хvмvvстэй олон таарч байсан юм байна шүү?
-Манай нам гишүүнгүй. Төв аппарат, удирдах зөвлөлдөө 50-аад хүнтэй. Бид сонгуулиар дэмжигчдийн саналыг авахын төлөө л явдаг. Тэдгээр дэмжигчид маань бидний тавьж буй зорилго, зорилтыг уншиж үзээд, санал нийлэх эсэхээ мэдэгдэж, дэмжих нь чухал.
Түүнээс сохроор эсвэл гурван хуушуур авч өгчихөөд намаа дэмжүүлнэ гэдэг ёс суртахуун хийгээд намын үзэл суртал байж болохгүй. Бид тэгж хүн татахыг зорьдоггүй.
Өнөөдөр зарим нам айлын үнээ, тугалыг гишүүнчлэхээс наагуур явж байна шүү дээ.
Хүмүүнлэг, ардчилсан нийгэмд анхдагчдын болон хүн бүрийн оролцоо хэрэгтэй. Ер нь намуудын тухай хуулийг өөрчлөх ёстой. Хатуу гишүүнчлэлийг болиулж, МАН-ын татварын 11 тэрбум төгрөгөөр барьсан энэ байрыг хурааж авч парламентийн ордон болгох хэрэгтэй.
Харин Кувэйтийн сангаас өгсөн 20 сая доллараар хотын 9 дүүрэгт яаралтай оношилгооны төв барих хэрэгтэй.Намуудад том орд, харш хэрэггүй. 300-400 м.кв байшин байхад л хангалттай. Коммунист орнуудад л тийм том байшин байдаг. Яагаад гэвэл нийгмийг изологиор удирдах гээд байгаа юм.
-Ингэхэд танай нам ямар байранд хаана байдаг юм бэ?
-XIX хороололд ганц өрөө бий. Бид тэнд хангалттай багтдаг. Хурлаа хийхээр бол дурын заалыг түрээслээд авчихдаг.
-Гишүүнчлэлгүй бол нам байхын хэрэг байна уу?
-Сүүлийн үед намд элсч байгаа хүмүүсийг харахад албан тушаал хүртэх, төсөл авч өөртөө хэдэн төгрөгийн ашиг олж, хувийн амьдралаа дээшлүүлэх л гэж намд элсэж байна.
Түүнээс намын үзэл баримтлал хийгээд итгэл үнэмшлээрээ намын гишүүн болж байгаа хүн огт алга. Удахгүй Монголд ялсан нам манайх гэдэг үзэгдэл бий болох гээд байна.
Хүн гэдэг утгаараа Н.Энхбаярыг өрөвдөж, хайрласан
-Та “Н.Энхбаяр бид хоёр хар багаасаа нөхөрлөсөөр өнөөг хvрсэн” гэж ил цагаан хэлдэг хvн. Тэр нөхөрлөл өнөөдөр ямар хэмжээнд байгаа бол?
-Хар багаасаа нөхөрлөх биш. Нэг сургуульд сурч байсан юм. Н.Энхбаяр надаас хоёр ангийн дээр байсан юм. Түүнээс хар багын гэж хэлж болохгүй л дээ.
-Гэхдээ өнгөрсөн жил тусгай хvчнийхэн Н.Энхбаярыг баривчлах дуулиант ажиллагааны vеэр та гэрт нь цуг байхгүй, яагаад буцаад явчихсан юм бэ?
-Хүн гэдэг утгаараа түүнийг өрөвдөж, хайрласан. Юу болов, яав гээд очсон. УИХ-ын баахан гишүүн байсан болохоор би буцсан. “Айлд харанхуй шөнө 2, 3 цагт юу хийх юм бэ” гэж бодоод харьсан.
Харин өглөө дамжлаад аваад явж буйг нь телевизээр харсан. Айлын үүд хаалга эвдэж, ганц хүнийг дамжилж, гүйгээд бүдүүлэг л үйл ажиллагаа болсон шүү дээ.
-Та 2005 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяртай тун ойролцоо саналын зөрүүтэй өрсөлдсөн. Бараг хоёр дахь шатны сонгууль явуулах нөхцөл бvрдээд байсан. Харин тэр vед АН-аас өрсөлдсөн өнөөдрийн МҮАН-ын дарга М.Энхсайхан Н.Энхбаяртай нууц уулзалт хийж тохиролцоонд хvрснээр таны хувьд том боломж алдсан гэдэг. Тэр үед чухам юу болсон юм бэ. Гэтэл одоо та гурав их л дотно байгаа сурагтай. Та тэр үеийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Би монголд өөрийнхөө дайсныг хайдаггүй. Бид өөр өөр хүмүүжил, үзэл бодолтой, амьдрал, зорилготой. Гэхдээ хэдий цөөхүүлээ ч Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчиллын төлөө гэсэн зорилготой.
Энэ утгаараа би улс эх орныхоо төлөө гэж хэлдэг. Яаж журамтай, жудагтай байх вэ, сонгуулиар хэрхвэл шударга өрсөлдөх вэ гэх зэргээр ярьдаг. Сонгуулиар яаж, ямар бодлогоор оролцох вэ гэсэн зорилго аль ч намд байдаг биз дээ.
Түүнээс төрийн эрхийг ямар ч хамаагүй аргаар булааж авахын төлөө сонгуульд оролцож болохгүй шүү дээ. АН-аас Ц.Элбэгдоржийг дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх гэж байна. Би үүнийг нь зөв гэж бодож байгаа. Авлигатай тэмцэж эхэлсэн гэдэг утгаар нь би дэмжиж байгаа шүү. Угаасаа бид авлигад идэгдчихсэн.
-Уг нь би танаас Н.Энхбаяр, М.Энхсайхан та гурвын дунд 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр яг юу болсон юм бэ гэж асуусан?
Миний хувьд улсаа гэсэн сэтгэлтэй учраас хэн нэгэнд өс хонзон санаад байдаггүй. Тэд миний дайсан биш. Тэднийг сонгуульд оролцоно гэхээр нь “хэрэггүй хө, би оролцоно” гэж болохгүй биз дээ.
Би тэдэнтэй өрсөлдөж байсан ч үзэн ядаж байгаагүй. Хүний эрхийн конвенцид гарын үсэг зурсан Монгол Улсын иргэн, бас нэг намын дарга бусдыг үзэн яддаг ёс суртахуунгүй, хүмүүжилгүй байж болохгүй.
-Үнэндээ бол 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрын салж хагацашгvй нөхөрлөл эхэлсэн. Таны хувьд тэр vеэс нэлээд аядуу, зөөлөн болж алсыг харж, ааш араншингаа татаж эхэлсэн санагддаг. Би буруу бодож байна уу?
-Улстөрчийн хувьд аядуу зөөлөн гэдэг асуудал байхгүй байхгүй улс орны эрх ашиг л гэдэг зүйл байх ёстой. Би ер нь аливаа цаг үед цөөнхийн талд зогсдог.
-Зовж, зүдэрсэн талд нь гэж ойлгож болох уу?
-Үгүй. Цөөнхийн талд. Төрийн эрхийг барьж буй намыг хэдий чинээ шүүмжилнэ тэд төдий хэрээр ажиллана.
-Тэгвэл та одоо цөөнх байгаа МАН-ыг дэмжиж байгаа юу?
-Үгүй. Дэмжихгүй. Тэд 19 жилийн турш төрийн эрх барьсан. Өнөөдрийн алдаа, завхрал, ард түмний ядуурал, улсын муу муухай юм бүхэн тэр намтай шууд холбоотой.
-Та 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярт молигдуулж хохирсон. Гэтэл 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд тvvнийг яагаад бvх талаар нь дэмжиж, тусалж гvйсэн юм бэ?
-Мөнхийн өрсөлдөгч гэж спортод л байдаг, улстөрд байх ёсгүй. 2009 оны сонгуулийн өмнө Н.Энхбаяр уулзаад дэмжиж ажиллахыг хүссэн. Тэгээд л би тусласан. Урьд нь Н.Багабанди гуай ч туслахыг хүсэхэд нь би дэмжиж байсан. Яагаад гэвэл тэд надад шударгаар санал тавьсан юм.
-Нууц биш бол хэрхэн, яаж эдмжсэн юм бэ?
-Сурталчилгааны ажилд нь явсан. Бага зэргээр санхүүгийн туслалцаа үзүүлсэн. Гэхдээ ямар нэгэн авилга, албан тушаалын хариу бол байгаагүй шүү.
-2009 оны туслалцаа чинь 2008 оны долоодугаар сарын 1-ний vйл явдалд таныг гол буруутны нэг гэж мөрдөж, мөшгиж эхлэхэд Н.Энхбаяр Ерөнхийлөгч таныг цээжээрээ хамгаалсны өрийг цайруулсан хэрэг үү?
-Би улстөрч учраас долоодугаар сарын 1-ний асуудал надад маш эмзэг сэдэв. Уг нь иргэдийн дургүйцлээ илэрхийлсэн цуглаан байсныг эмх замбараагүй байдал болгож, намын байраа шатаалгаж, таван залууг буудаж алчихаад, эрх чөлөөний төлөө явсан иргэдийг буруутган 265 залууд ял өгч, шоронд хийсэн.
Надад 25 жилийн хорих, цаазаар авах ял өгч байсан. Тиймээс миний махбодь биш оюун ухаан эмзэглэдэг юм. Монголын ардчиллыг арчих гэсэн гадныханы явуулга байсан. Тэр байтугай Ц.Элбэгдоржид ч ял өгөх гэж байсан юм шүү. Өөрөөр хэлбэл, ардчилал гэж дуугарсан хүн бүрийг шоронд хийж, устгах гэсэн коммунистуудын төлөвлөгөө явж байж.
-Эмзэг сэдэв хөндсөн бол уучлаарай?
-Эмзэг биш. Үүнийг ярих ёстой сэдэв. Ардчиллыг үзэн яддаг хоёр том хөрш дэргэд байхад бид үүнийгээ хамгаалах ёстой гэж би боддог. Манай ардчилал 23 жил болсон ч эмзэг байгаа учраас улам бүр бэхжүүлж, батжуулахын төлөө би зүтгэнэ, хамгаална. Энэ бодол хүн бүрийн сэтгэл зүрхэнд байгаасай.
-Сүүлийн vед М.Энхсайхан, Н.Энхбаяр та гурвын нөхөрлөл маш хvчтэй сэргэж эхэлсэн гэж улстөрийн хүрээнийхэн ярьж байна. Та хамгийн сүүлд Н.Энхбаяртай хэзээ уулзсан бэ?
-Бид гурвыг уулзаж болохгүй гэсэн хууль гараагүй биз дээ.
-Н.Энхбаяртай ч гэсэн үү?
-Би эр хүнийхээ хувьд эргэж очсон.
-Хоригдож, эмчлүүлж байгаа эмнэлэгт нь үү?
-Тийм.
-ШШГЕГ-аас зөвшөөрөл олгож байна уу?
-Уулзъя гэсэн хүн бүрт өдөр болгон зөвшөөрөл олгож байна лээ. МАХН-д өргөдлөө өгвөл чулуугаар шидээд хөөгөөд гаргахгүй нь лав
-Таныг УИХ-д суудалтай МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тохиролцоог Н.Энхбаяр даргатай хийсэн гэж яригдах боллоо. Тэгж тохирсон юм уу?
-Тийм гэрээ хэлэлцээр хийгээгүй ээ. Сонин хэвлэлээр тийм таамаглал дэвшүүлсэн байна лээ.
-Та өргөдлөө бариад очвол МАХН-ынхан таныг дэмжих болов уу?
Тийм зүйл болохгүй байлгүй дээ.
-Тэгвэл МАХН-аас танд санал тавьбал яах вэ?
-Яагаад болохгүй гэж. Би бодож байж хариу өгнө.
-МҮАН-аас М.Энхсайханыг нэр дэвшүүлнэ гээд Удирдах зөвлөлөөс нь шийдчихсэн. Гэтэл МАХН-аас таны нэрийг дэвшүүлэхээр бол эвссэн намуудын зүгээс хэнийг тань илүү дэмжиж, гаргах бол?
-Ардчилсан нийгэм юм чинь намын их хурлаараа хэлэлцээд хэн нь олонхын санал авсан нь өрсөлдөнө биз. МАН тэгж л шийдлээ шүү дээ. Одоо бол намуудын үйл ажиллагаа харьцангуй ил тод болж байна. Миний хувьд бол нэр дэвшихгүй ээ.
-МАН гэснээс Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүн нэр дэвшихээр нам дотроо өрсөлдлөө. Та улстөрч бас нэг намын даргын хувьд хэрхэн харж байсан бэ?
-Талд учиргүй гоё ягаан цэцэг ургасан мэт санагдсан. Монголын түүхэнд, сүүлийн 100 гаруй жилд хэзээ эмэгтэй хүн Ерөнхийлөгчийн сонгууль оролцохын тулд нэрээ дэвшүүлж, сунгаанд оролцож, санал хураалгаж байсан юм бэ.
Хаана ч тийм асуудал байгаагүй. Энэ чинь л ардчилал шүү дээ. Тиймээс бид бахархах ёстой. Д.Оюунхорол бол боловсролтой, шударга, дайчин, эмэгтэй. Тэр хүнийг МАН-ынхан хүндлэх хэрэгтэй.
-Одоо бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өрсөлдөхөөр болсон. Та тэр хүнтэй өрсөлдөхөөс айж байна уу. Тэр хүний талаар ямар бодолтой явдаг вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг наадмаар барилдуулахын тулд хийж байна гэж харахгүй байна. Эх орноо яаж хөгжүүлж, ард түмнээ хэрхэн аз жаргалтай, чинээлэг амьдралтай болгох вэ гэдэг улстөр, улстөрчийг сонгох сонгууль болно гэж харж байгаа. Түүнээс наадмаар барилдуулах гэж улстөрчдийг сойж буй арга хэмжээ гэж би бодохгүй байна.
-Та эмээхгүй байна гэсэн үг үү. Бүхэл бүтэн том нам шүү дээ?
-Хүн найз, нөхөд, эх орноо худалдах, хулгай хийхээс айх хэрэгтэй. Улс орныхоо төлөө гэвэл би хэнээс ч, юунаас ч айхгүй. Уучлаарай, тэр хүн сайхан бөх байж болно. Манай улсад зөндөө л бөх байгаа. Аваргын хувьд багаасаа ноцолдож ирээ л биз. Тэгээд миний аав, ээж багаас маань “чи боловсрол, мэдлэгтэй бол. Физик, сансар судла” гэж хэлж хүмүүжүүлсэн тэдний маань буруу юм уу.
-Та Монгол улсын төлөө л гээд байна. Хэрвээ Монгол Улсын Ерөнхийлөгч болчих юм бол эдийн засгаа, ард түмнээ хэрхэн, яаж өөд нь татаж явах юм бэ?
-Залуусыг ирээдүйдээ итгэдэг. Хийсэн хөдөлмөрийнхөө үр шимээр эхнэр, хүүхэд амьдралаа авч явж чаддаг, ажилтай, орлоготой болгох хэрэгтэй. Бид тэднийг хандив, тэтгэмжээр тэжээх бус ажлын байртай болгож, өндөр цалин олгодог болох ёстой. Манай залуус залхуу биш. Зөвхөн боломж л олгох хэрэгтэй.
10 ам.долларын наймаа хийж үзээгүй, жулдрайнууд яаж, ямар ашигтай гэрээ хийх вэ
-Оюутолгой, Таван толгойг ашиглалтад орчихвол Монгол Улсын эдийн засаг сэргээд ирэх юм шиг ярьдаг байлаа. Одоо тэгсэн нам зогсчихлоо. Тантай уулзсаных асуухгүй өнгөрч боломгүй санагдах юм?
-Одоогоос 15 жилийн өмнө ашиг малтмалын үнэ шалан дээр байсан. Зэсийн үнэ л гэхэд 200-2500 ам.доллар, нүүрс, төмрийн хүдэр 10 ам.доллар байсан. Өнгөрсөн хугацаанд өсөөд л байлаа.
2004 онд дээрх ордуудыг эдийн засгийн эргэлтэд яаралтай оруулах хэрэгтэй болсон. Харамсалтай нь, манай улстөрчид эдгээрийг ашиглан хувийн бизнесээ хөгжүүлж, баяжихын тулд ажилласан учраас энэ том ордуудыг эдийн засгийн олигтойхон эргэлтэд оруулаагүй.
Жишээ нь, нүүрсийг 60 ам.доллар байхад Хятад, Япон, Солонгос улсуудтай маш том концессын гэрээгээр эргэлтэд оруулах ёстой байсан юм. Гэтэл Ухаа худаг, Энержи ресурс гэж гүйсээр байгаад үүнийгээ алдчихсан. Одоо нүүрсний үнэ уначихсан.
-Яагаад заавал тэр хоёр орд руу хошуурсан гэж?
-Яах вэ, бас л МАН-ын нөхдийнх шүү дээ. Тэгвэл Оюу толгойг хар. Дэлхий дамнасан том корпораци, Рио Тинтотой 10 ам.долларын наймаа хийж үзээгүй, жулдрайнууд яаж, ямар ашигтай гэрээ хийх вэ дээ.
-Тэгээд яах ёстой байсан гэж?
-Уг нь Монголын төр бизнесийн салбарын “аваргуудаа” төлөөлүүлэх байсан юм. Жишээлбэл, намайг хөлсөлж аваад “энэ гэрээг Монгол Улсад ашигтайгаар хий” гэсэн бол болох байсан.
Хувийн компани “Марубени” корпорациас зээл авах гэж байхдаа 120 ширхэг Ленины боть ном шиг гэрээ хийж байсан. Гэтэл Засгийн газар Оюутолгойтой гучхан худас гэрээ хийсэн. Уучлаарай, 2-3 миллиард ам.долларын гэрээг гучхан хуудсанд багтааж болох уу даа. Хэтэрхий хайхрамжгүй хандаж, хийсэн.
-Ашиггүй гэж хэлэх гээд байна уу?
-Үгүй, би ашиггүй гэж хэлээгүй. Илүү их ашгийн тухай ярьж байна. Гэхдээ хувь эзэмшихдээ гол биш шүү. Монголд гадны хөрөнгө оруулалт хэр их орж ирнэ төдий чинээгээр манай улсын үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өснө. Гуравдагч орноос санхүүгийн зээл авах эрх үүрэг нэмэгдэнэ.
Энэ хэрээр эдийн засгийн эргэлт болон санхүүгийн орлого нэмэгдэнэ. Тиймээс гуравдагч орнуудаас хувь эзэмшихдээ чухал биш. Хөрөнгө оруулалтыг татсаны хэрээр Монгол Улсын эдийн засгийг баталгаажуулж, мөнгөн гүйлгээг нэмнэ.
-Эрх зүйн орчин нь бүрдэхгүй байгаа биз дээ. Сая хөрөнгө оруулагчид олноороо буцлаа шүү дээ?
-АН төрд гарсандаа биш. Дэлхий ардчилсан болон коммунист буюу тоталитор системтэй орон гээд хоёр хуваагдчихлаа. Орос, Хятад хоёр коммунист буюу тоталитор системтэй орны тоонд орно. АНУ, Япон болон европууд сүүлийн 24 жил Хятадад асар их тусласан.
Технологи болон түүний зээлийг харамгүй өгсөн. Гэтэл нөгөөдүүл нь хүний эрхээ зөрчдөг хэвээрээ, өдөр, шөнөгүй ажиллуулчихаад 10ам.доллар өгдөг. Эдийн засгаа либералчлаад, үнийг чөлөөлөөгүй. Тэрнээс нь болоод ардчилсан орнууд Хятадаас нүүрээ буруулж, хөрөнгөө татаж эхэлсэн.
Тэгэхээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд түүхий эдийн хамгийн том хэрэглэгч байснаа унаж эхэлж байгаа юм. Тэнд эрдэс баялагийн хэрэглээ багасахаар үнэ нь унахаас аргагүй.
Тийм болохоор монголын уул уурхайн салбарт ажиллана гэж хөрөнгө оруулсан гадныхан ажлаа түр зогсоочихсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид муу, улстөрийн бодлого буруудаа гадныхан хөрөнгөө татаж байгаа юм биш ээ.
-Гэхдээ биднээс болоогүй ч уул уурхай дагаж байсан эдийн засаг улам бүр эвгүйтэх нь ээ?
-Хядадын эдийн засаг хүндэрчихвэл дэлхий дээр нефть, газын үнэ унана. Манайд ч ялгаагүй. Гэхдээ ашигтай. Харин хоёр хөршид эсрэгээрээ байна. Үүнийг цаг хугацаа л харуулна даа.
-Орос, Хятад л гээд байна. Бид удаан яригдаж байгаа төмөр замын царигийн сонголтоо хэрхэн шийдвэл дээр юм бэ?
-Монголоос төмөр замаар юу явах вэ гэдгийг харах ёстой. Орос манайхыг тойруулаад Чит хүртэл төмөр замаа өргөтгөөд тавьчихсан. Бүх ачаагаа тойруулаад зөөчихдөг. Одоо бол бага зэргийн л гардаг. Тэгэхээр тэдэнд манайд төмөр зам тавих сонирхол байхгүй.
Харин бид түүнийхээ оронд манай түүхий эдийн зах зээл аль нь вэ гэдгийг олж харах ёстой. Үндсэндээ Хятад, Япон, Солонос манай түүхий эдийн зах зээл шүү дээ. Тэгэхээр өргөн царигтай төмөр зам тавьлаа гэж бодъё. Нүүрс өөрөө хямд.
Түүнийгээ ачаад хил дээр очиж буулгаад, дахин ачаад нарийн төмөр замаар зөөнө гэвэл нөгөө нүүрсний үнэ зах зээлд өрсөлдөх чадваргүй л болно. Тэгэхээр бид Тянь Жин хүртэл нарийн төмөр зам татах ёстой. Хятадууд ч өгнө. Цааш нь Япон, Солонгос руу ч зарна.
Надад ганц лиценз л байсан бол арьсаа хуулуулах байлаа
-Та байн байн АН-ынханыг дэмжээд байх чинь сонгуулиар Ц.Элбэгдоржийг дэмижх гээд байна гэсэн хар төрчихлөө?
-Ц.Элбэгдорж ганцаараа ардчилал биш. Эмзэгхэн байгаа ардчиллыг хөгжүүлэхийн тулд та бидний бүгдийн үүрэг. Эдийн засгаа хөгжүүлж, хүн ардынхаа амьдралыг сайжруулж, орлогыг нь нэмэгдүүлж, авлигатай тэмцэж, сонгуулиудаа шударга хийж байж л бид ардчиллаа бэхжүүлнэ.
Би сонгуулиар МАН-ыг дэмжихгүй. Яагаад гэвэл 19 жил төр барьсан. Одоо ард түмний дунд гудамжинд яваад үзэг. Тэр цагт тэдний дундаас жинхэнэ ардчилсан хүмүүс гарч ирнэ.
-МАН, МАХН хоёр нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд орох нь гэж та хардахгүй байна уу?
-Тэгвэл ардчиллаа хамгаалахын төлөө Ардчилсан намтай ч нэгдэх хүмүүс ч бас бий. Бизнесийн хүрээнийхэн, ажил хэрэгч хүмүүс, ардчилсан үзэлтэй бүх нам, иргэний хөдөлгөөнүүд нэгдэнэ. Монголын ард түмэн ардчилал эрх чөлөөгөө хамгаалах биз дээ.
-Та аливаа асуудлыг хэт хатуу, vнэнээр нь хэлчихдэг болохоор таны улстөрийн карьерт муугаар нөлөөлдөг гэж та бодож байсан уу?
-1989 оноос хойш хүн бүр тодорхой хэмжээний хөрөнгөтэй, мэдлэгтэй болж, бас янз бүрийн хэрэглээтэй болсон. Гэхдээ хэрэглээгээ сайжруулсан ч ёс суртахуунаа эргэж харах хэрэгтэй болчихож. Тайван байж, соёлтой болох хэрэгтэй байна.
Хэрвээ бүгдээрээ над шиг ярьдаг болчихвол гоё биш үү. Тэгэхгүй бүгдээрээ зусарч, бялдууч байвал гоё гэж үү. Хүний амьдрал үнэ цэнтэй. Ялангуяа цаг хугацаа. Бид өдөр, хоногийг мэдрэхгүй өнгөрөөж байгаа хэрнээ худлаа, бялдуучилсаар үхчихвэл аймаар биз дээ. Хөгширсөн хойноо яах гэж, юуны төлөө амьдарсан бэ гэж харамсана биз.
-Та Үйлдвэр худалдааны сайд байхдаа хэдэн сайн хууль батлуулсан гэдэг. Одоо тэр хууль амьдралд хэрэгжиж байгаа юу?
-Би анх парламентад орохдоо л “ийм мундаг ард түмэн яагаад ийм ядуу, хариуцлагагүй, ажилгүй байдаг юм, яагаад амьдралыг нь өөд нь татаж болдоггүй юм бол” гэж бодож орж байсан. Тэгээд хамгийн муугаас эхлэхийн тулд архины онцгой албан татварыг 300 хувь болгох хууль гаргасан.
Харамсалтай нь, тэр үеийн ерөнхийлөгч хориг тавьсан. Сайд болоод Үйлдвэр худалдааны яаманд очиход улс оронд маань зорилт байгаагүй. Тэгэхээр нь аж үйлдвэрийн парктай болж уул уурхай, хүнд хөнгөн үйлдвэр, био технологиор хөгжих ёстой юм байна гэж тодорхойлсон.
Дараа нь ашигт малтмалын хуулийг харсан чинь орд олсон л бол нөгөөх нь тухайн хүний өмч болохоор байлаа. Тэгэхээр нь уучлаарай ингэж болохгүй ээ. Улсын хөрөнгөөр хайгуул хийсэн бол 51 хувийг нь улс авна. Гэхдээ гэрээ хэлэлцээрээр худалдаж авна гэсэн.
Хэрвээ өөрийнхөө өмчөөр хайгуул хийж олвол улс 34 хувийг нь авна гэсэн өөрчлөлт оруулж хууль гаргасан. Тэгсэн Монгол Улсын газар нутгийг тэр чигээр нь лиценз болгочихсон байсан.
Тэгэхээр нь лицензийн онцгой татварыг шууд 10 дахин нэмсэн. Тэр үед улсын төсвийн орлогод 10 миллиард төгрөг өгч байснаа нэмсний дараа 110 миллиард болж өссөн. Харин 9500 ширхэг байсан лиценз 3500 болж буурсан даа. Би хүний өмчийг хураагаагүй. Харин шударгаар өрсөлдүүлэхийг л хичээсэн.
-Ноолуурын үйлдвэрийн бизнес чинь өөрөө хэдэн лицензтэй билээ?
-Ганц ч байхгүй. Хэрвээ байсан бол арьсаа хуулуулчих байсан байлгүй.
-Ингэхэд таны хувийн бизнес хэр өргөжиж байгаа вэ?
-Би нэг гэр бүл ганц л бизнесээ маш сайн хийх ёстой гэж боддог. Түүндээ маш их амжилт гаргавал дараагийнх руугаа орж болох юм. Гэтэл манайхан олон салбарлуу үсчээд л байдаг. Амжилтад хүрдэггүй.
Хүмүүс надад ямааны аж ахуй байгуулаач, угсааг сайжруулаач гэх зэргээр санаа хэлдэг. Тэгэхээр би малчид ямар ажилтай үлдэх юм бэ гэж асуудаг юм. Би бусдыг ажилгүй, орлогогүй болгомооргүй байна. Монголчууд бүгдээрээ л хангалуун амьдарцгаая л даа.
Би үйлдвэрлэл явуулж, дэлхийн зах зээлд гаргах хэсгийг нь л хариуцъя. Дэлхийн зах зээлд өнөөдөр нэг тонн ноолуур 120 мянган ам.доллар. Гэтэл төмрийн хүдэр тонн нь 50 ам.доллар, нүүрс 10 ам.доллар байна. Зэс 6000 ам.доллар.
Уучлаарай, ашигт малтмалаас хэд дахин өндөр үнэтэй ч би үүнийг дахиад яаж хэд дахин өсгөх вэ гэж ажиллаж байна. Энэ жил үйлдвэрээ өргөтгөн сая ширхэг цамц үйлдвэрлэж, хоёр сая метр ноос, ноолууран даавуу хийе гэж төлөвлөж байгаа. Үүний тулд маш өндөр техник технологи, хариуцлага, менежмент хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж:
7 Comments