
Цэнхэр ягаан тасалбараар хагартлаа баяжсан хэсэг бүлэг нөхөд өнөөдөр монголын толгой баячуудыг өнгөлж яваа. Тэртээ 1990 оноос эхэлж айл бүр цэнхэр ягаан тасалбарынхаа ид шидийг үзнэ гэж хөөрцөглөж байсан цаг мартагдаж эхэлжээ.
Тэгвэл эл тасалбарыг бизнес сэтгэлгээ нь эрт хөгжсөн хүмүүс ямар ид ид шидийн аргаар гартаа оруулж баяжсаныг өгүүлье. Бидний аав ээжүүд цэнхэр ягаан тасалбарынхаа ид шидийг ойлголгүй мөнгөтэй компанид өгч өөрсдөө ямар ч ашиг хүртэлгүй өнөөдрийг хүрсэн түүхтэй.
Тэд одоо яригдаж буй цэнхэр ягаан тасалбар нь ийм хэмжээний хөрөнгө мөнгө болно гэж огтхон ч зүүдлээгүй явсан нь өрөвдөлтэй. Эцэг эхийг нь минь мангартуулж хэдэн саяар яригдах цэнхэр ягаан тасалбарыг нь авсан пүүс компанийн захирлууд ханцуй дотроо наймаалцаж авалцаж, өгөлцөж байсныг одоо л ойлгон харуусаж байгааг хэлэх нь зүйтэй.
Уг нь цагтаа миний аав ээжтэй л адилхан үйлдвэрийн ажилтан байсан нөхөд том том компанийн боссууд болж үнэтэй машин хөлөглөх болсон нь бидний нүдний өмнө зурайж байгаа юм.
Эдгээр цэнхэр ягаан тасалбарыг авсан нөхдийг цухас дурдахад “УИХ” дэлгүүр, “Баянгол ресторан”, “Талх чихэр”, “Говь” ХХК, “Улаанбаатар зочид буудал”, “Зоос гоёл”, “Улаанбаатар хивс”, “Мах импекс”, “Дархан цементийн үйлдвэр”, “Сүү” ХК гээд нэлээд олон нэрс хөвөрнө.
Уг нь 1990-1996 онд хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр 18.5 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, харин 1.7 тэрбум төгрөгийг 21 тэрбум төгрөгийн ханштайгаар төр өмчилсөн гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл төрийн мэдэлд 44 хувь нь байсан гэсэн үг.
Үүнээс цэнхэр тасалбарыг нь их хувьчлал гэж нэрлэдэг байсан. Энэ цэнхэр тасалбарыг олон хүн өөрийн болгох гэж үхэн хатан зүтгэж байв. Тухайлбал их хувьчлал гэгдэх цэнхэр тасалбарыг 916 аж ахуйн нэгжийн 11.6 тэрбум төгрөгийн хувьцаа буюу ногдол хувийг цэнхэр тасалбараар худалдаж 478 хувьцаат компани, 366 бүрэн бус хариуцлагтай компанийг шинээр үүсгэж 1.2 сая гаруй хүн хувь нийлүүлэгч болж байжээ.
Харин үүн дотроос хувьчлагдаж болохгүй хөрөнгөөр “МИАТ”, “Улаанбаатар төмөр зам” зэрэг газрыг хамруулсан байдаг. Түүнчлэн бага хувьчлал гэж нэрлэгдсэн ягаан тасалбараар нийтийн хоол, үйлчилгээний газрууд, зарим орон сууцыг худалдаж 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 3046 аж ахуйн нэгж хувьд шилжсэн аж.
Одоо хэл ам таталж буй үлдсэн цөөхөн төрийн мэдлийн компаниудыг эрх мэдэлтэнүүд авах гэж улайрсны улмаас ашиггүй ажиллаж байна гэх үгийг өдөр шөнөгүй тоть шиг давтах болсон нь цаанаа учиртай юм.
Үндсэндээ зах зээлд шилжсэн цагаас эхэлж дээр дурдсан компаниудыг дампууруулах нь тэдний гол зорилго байсан. Ингэснээр өөрийн болгож авдаг шалгарсан аргатай болцгоосон.
Иймэрхүү байдлаар өмч хувьчлал явагдаж хэдхэн баячуудыг төрүүлсэн гашуун түүхтэй. Тэдгээрийн дотроос бидний өдөр тутмын хэрэгцээг бүрэн атгасан УИХ дэлгүүр хамгийн дээгүүрт бичигддэг юм билээ. УИХ-ын дэлгүүрийн хувьчлалыг “но-той” явагдсан гэдгийг албаны хүмүүс ч ярих юм билээ.
Товчхондоо эл дэлгүүрийн хувьчлал төрийн мэдлээс ямар аргаар гарч “Номин”-гоор овоглогдох болсон А.Шагдарсүрэнгийн мэдэлд хэрхэн шилжсэн бэ гэвэл,
1992 оны долоодугаар сарын 11-нд “Номин-5” нэртэйгээр байгуулагдаж байсан тус компани 1996 оны нэгдүгээр сарын 22-нд “Номин трейд” ХХК, 2002 оны тавдугаар сарын 28-нд “Номин холдинг” ХХК болж өргөжжээ.
Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, санхүү, даатгалын чиглэлээр 12 охин компанитай болж өргөжин өдгөө хамгийн том компанийн тоонд орох болжээ.
Харин УИХ дэлгүүрийг 1999 оны зургаадугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас “Улсын их дэлгүүр” хувьцаат компанийн нийт хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн баталгаажуулсан цэнхэр тасалбар болон бэлэн мөнгөөр арилжаалахыг Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Зоригтод даалгасан” тогтоол гарч байсан юм билээ.
Ингээд нэгэнт тогтоол нь гарч хүчин төгөлдөр болсон учраас УИХ дэлгүүрийн лангуунуудыг нэг сарын 2500 ам. доллараар түрээслэдэг болсон юм билээ. Ингээд тухайн үед тус дэлгүүрт худалдагч хийж байсан Л. Янжмаа гуай ярихдаа “УИХ дэлгүүр хувьд шилжихээс өмнө ашиггүй биш ашигтай ажиллаж байсан.
Бид нар ч цалин мөнгө гайгүй авдаг дажгүй амьдралтай хүмүүсийн тоонд ордог байлаа шүү дээ. Гэнэт л нэг өглөө ажилдаа ирсэн чинь төрийн мэдлээс гарч хувь хүнд очсон байсан. Тухайн үед манай дэлгүүр ашигтай ажиллаж байсан гэдгийг л мэдэх юм байна.
Түүнээс бусдаар хувьцаа эзэмшигчидийн талаар бид мэдэхгүй шүү дээ. Дам сонсох нээ хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа нэхэж их л хэл ам гаргаж байна гэж л ярьдаг байсан. Харин одоо хүн чинь баяжих тусмаа харамч нарийн болдог юм биш үү.
Ер “Номин”-гоор үйлчүүлж байхад иргэд нэлээд ам муутай болсон байна билээ. Хариулт мөнгө өгдөггүй, муудсан хүнс ногоо зардаг гэсэн хэл ам л байнга гарах болж. Хэрвээ хувьчлалын талаар сонирхож байвал нягтлангаар ажиллаж байсан хүнтэй холбож өгч болно. Тэр хүнээс илүү мэдээлэл авах боломжтой” гэлээ.
Ямартай ч тус дэлгүүрийг улсын өмчид байхад нь ажилладаг байсан хүний яриагаар гэнэт л нэг өглөө ирэхэд нь хувийн өмч болсон гэдэг нь яахын аргагүй үнэн үг.
Улсаас алдар нэрийг харамгүй хүртсэн А.Шагдарсүрэн гуай одоогоор “Номин холдинг” ХХК-ийн зөвлөх хийдэг.
Харин түүний гурван хүү бүгд өөрсдийн компанидаа өндөр албан тушаалыг хаших нь ойлгомжтой. Тухайлбал Ш.Баярсайхан нь компанийнхаа ерөнхийлөгч, харин Ш.Уламбаяр нь Үйлдвэрлэл эрхэлсэн захирал, Ш.Энхбаяр нь Гүйцэтгэх болон санхүү эрхэлсэн захирлын алба хашдаг юм билээ.
Түүнчлэн эдгээр гэр бүлүүд өнөөдөр барилгын бизнест хүч үзэж “Ривер гарден”, “Өнөр хотхон”, “гэсэн гоёмсог хоёр хотхоныг барьсан нь барилгын зах зээлд хэр хүчтэйгээ харуулаад авсан.
Өөрсдийн гэсэн вант улсаа байгуулаад амжсан компаний сүлжээ дэлгүүр болох “Номин”-гийн салбарууд иргэдийг ихээхэн чирэгдүүлдэг гэсэн гомдол байнга шахуу гарах болсон нууц биш.
Учир нь янз бүрийн зар сурталчилгаа явуулж иргэдийг төөрөгдүүлдэг, мөн бонус, карт, үнийн төөрөгдлөөр хэрэглэгчээ хохироож олон иргэд ШӨХТГ-ын хяналтад хандсанаар үнэ дагасан төөрөгдлөөс иргэд аврагдаж байсан гэх юм билээ.
Одоо ч мөн адил өдөр шөнөгүй рекламдаж байгаа хямдарсан барааных нь шошгыг харахад хугацаа нь дуусах дөхсөн бараа бүтээгдэхүүнээ “SALE” зарлалаа хэмээн зардаг нь хэрэглэгчдэд таалагдахгүй байгаа юм.
Ямартай ч цэнхэр, ягаан тасалбараар үндэсний олигархи гэж нэрлэгдэх болсон эрхмүүдийн түүх ийнхүү цааш зурайсаар байх бололтой. Бид дараагийн дугаартаа дээр дурдагдсан компаниудын тухай өгүүлэх болно.
Шинэчлэлийн Засгийн газар төрийн мэдлийн газрыг хэрхэн ямар замаар хөрөнгөтнүүд хувьчилж авсан эсэхийг шалгах болно хэмээн мэдэгдэж байсан. Тэр үед л дээрх газруудыг хэрхэн яаж гартаа оруулсан нь олон нийтэд ил болох бололтой.
Үргэлжлэл бий…..
Эх сурвалж:
8 Comments