Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулгаар ахлуулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж Худалдааны төвүүд болон төвлөрсөн захуудад гарч буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон хүнсний аюулгүй байдлын талаар санал солилцлоо.
Хурлын эхэнд Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас томоохон худалдааны төвүүд болон төвлөрсөн захуудад үйлдэгддэг гэмт хэргийн гаралт, нийтлэг зөрчил дутагдал, хүнсний аюулгүй байдлын хангамж, хяналтын талаар мэдээлэл хийлээ. Уг мэдээлэлд худалдааны төв, захууд дээр халаасны хулгайн хэрэг ихээр гардаг. Хуулийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод түвшин буюу 140400 төгрөгөөс доош хэмжээний мөнгө алдах, түүнтэй тэнцэхүйц эд хөрөнгөө хулгайд алдсан тохиолдолд эрүүгийн бус захиргааны хэрэг болгон шийдвэрлэдэг нь гэмт хэргийн илрүүлтэд нөлөөлж байгаа гэдгийг НЦГ-аас дурдсан бол хүнсний захууд дээр хүнсний аюулгүй байдлын эрсдлийн хувь хэмжээ 70-75 хувьтай байгаа талаар НМХГ-аас тус тус мэдээллээ.
Харин Худалдааны төвүүд болон төвлөрсөн захуудын удирдлагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр хэрхэн ажиллаж, хүндрэл бэрхшээл юу байгаа талаар саналаа илэрхийлсэн юм. “Бөмбөгөр” захын хажууд гар дээрээс худалдаа эрхэлдэг наймаачид ихээр байгаагаас шалтгаалан хүнсний аюулгүй байдал алдагдаж, тэнэмэл иргэд цугларах хүндрэл гарч байгаа бөгөөд тэднийг зохицуулах журам байхгүйд шүүмжлэлтэй хандаж байв. Харин “Баянзүрх” захын удирдлагууд өдрийн цагаар өөрсдөө камер, харуул хамгаалалтын ажилтнуудтайгаа гэмт хэргийн зөрчил дутагдлаа арилгаж байгаа боловч оройн цагаар гэрэлтүүлэг муутай учраас ойр орчимд нь гарах гэмт хэргийн гаралт их байгааг анхаарахыг хүслээ. Харин “Нарантуул” ОУХТ-д чингэлгээр худалдаа эрхэлдэг наймаачдын хүнсний эрүүл аюулгүй байдлыг ханган ажлуулах боломж бололцоо тааруу байдаг гэдгийг учирлаж байсан бол “Дэнжийн мянга” зах албан ёсоор 7 хоногийн нэг өдрийг амралтын өдөр болгон хуваарьт өөрчлөлт оруулах хэрэгтэй байгааг уламжилсан юм. Учир нь амралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа нь аливаа засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хийх боломжгүй болгож байна гэлээ.
НИТХ-ын дарга Д.Баттулга худалдааны төвүүд болон төвлөрсөн захуудын удирдлагуудад гэрээт, харуул хамгаалалтын албаа сайжруулан, талбайгаа бүрэн камержуулж, хуулиа чандлан сахиж ажиллах мөн гаднах зогсоол, нийтийн бие засах газар, доторхи цэвэрлэгээндээ анхаарч ажиллахыг үүрэг болгов. Мөн хөдөлмөрийн хөлсний доод түвшнээс бага мөнгө, эд хөрөнгөө алдсан иргэд хохирч байгаа хуулийн зүйл заалтад өөрчлөлт оруулах тал дээр судалгаа хийх, гар дээрээс худалдаа үйлчилгээ явуулдаг наймаачдыг зохицуулах журмыг боловсруулах, гэрэлтүүлгийн ажлыг шийдвэрлэх тал дээр хотын зүгээс анхааран ажиллана гэлээ.
Б.Нарангэрэл МОНЦАМЭ
Холбоотой мэдээ
Comments are closed.