antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2013 9 comments

“ДҮҮЛЭН НИС” КИНО ДЭЛХИЙ ДАЙДАД ДҮҮЛЭН НИСЭХИЙГ БЭЛЭГДЭВ.

нийтлэсэн Admin

duulen_nis4876955342013-03-06-13-02[www.urlag.mn]Б Ойдов

Өнөө цагийн хоёрын хооронд марзагналаас цааш хэтрэхгүй  авч ч болохгүй хаяж ч болохгүй  тийм нэг “усан” кинонцорууд өнөөгийн Монголын дэлгэцийн урлагт “ хог” болон гялалзаж , хүмүүсийн тархи оюуныг ёстой нэг булингартуулах шиг болж байна.Үздэг, сонсдог, алга ташдаг, урам зориг нь бадардаг, эсвэл уур цухал нь хүрвэл  өндөг шиддэг үзэгчгүйгээр кино гэдэг бол  хоосон саравчны ханан дээр эрээлжлэх сүүдэр төдий зүйл. Гэвч манай сэтгүүлчид, судлаачид,шүүмжлэгч  нар сайн кино гарсан ч муу кино гарсан ч ус балгачихсан дуугүй суудаг болсон. Тиймээс “намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ” гэсэн аятай ганцхан сарын дотор гэхэд л элдэв янзын “усан” кино арав хориороо мэндлээд  байхыг яана. Ер нь чансаа муутай олон киног бөөн бөөнөөр нь үйлдвэрлэх хэрэг байна уу даа. Яагаад гэвэл дэлхийн кино урлаг дээд цэгтээ хүртэл хөгжчихөөд, гадаадын найруулагч нар ганц кино урлахад л өчнөөн сар жилээр судалгаа хийсний эцэст долларыг сая саяар нь цацдаг болчихоод байгаа. “Аватар”-н найруулагч Жэймс Камерон гэхэд л киноныхоо зохиолыг гурван жил бичиж, дөрвөн жил бэлтгэл ажил хийсний эцэст сая нэг юм мотор дуугаргасан байх жишээтэй. Гэтэл манайхан болсон болоогүй савангийн дууриудыг баруун солгойгүй үйлдвэрлэж байна. Харин саяхан жүжигчин, найруулагчийн ур ухаан шингэсэн жинхэнэ чадал чансаа бүхий нэгэн кино нээлтээ хийв. Тэр бол “ДОЗ” энтертайнментын захирал Ш.Доржсүрэнгийн зохиолыг нь бичиж найруулсан “Дүүлэн нис” кино юм. Өмнө нь тэрбээр “Амьдрах тасалбар”, “Хөх толбот хүмүүс” зэрэг кино хийж олны талархал хүлээж байлаа. Энэ удаагийн “Дүүлэн нис” кино нь өмнөх 2 киноноосоо илүү сайн болжээ. Жишээ нь сонирхолтой үйл явдалууд өрнөхийн сацуу үзэгчдийн оюун сэтгэхүйг шалгахуйц, учир шалтгааныг нь ухаж бодохуйц, эргэлзэж гайхахуйц, тодруулж хэлбэл сэтгэхүйн талын кино байлаа. Уран зургаар бол өвөрмөц зохиомж, өнгө будгийн ялгаралаар сэтгэлгээний өөр хэлбэрийг илэрхийлсэн сюрреалист маягийн гэж хэлж болохоор. Сэтгэлгээний хувьд гацаанд орчихоод байсан хүн төрөлхтөнд сэрж мэдрэх гарц олж өгөх, хөшөнги болсон оюуны ертөнцийг сэрээж өөр хөг, өөр өнгө, өөр сэтгэлгээ авчрах зорилгоор уран зурагт эрэл хайгуул өрнөсөн нь сюрреализм билээ. Үүн лүгээ өнөө цагт олноороо үйлдвэрлэгдэж буй усан кинонуудад  дөрлөгдөн гацаанд орчихоод буй монгол үзэгчдэд гарц олж өгөхөөр найруулагч Ш.Доржсүрэн “Дүүлэн нис” киног урласан гэлтэй.   Сюрреализм нь урлаг гоо зүй гэхээсээ илүүтэй мэдрэхүй, далд ухамсар, зөн билэг, зүүдний ертөнцтэй илүү нягт холбогддог. “Дүүлэн нис” киноны үйл явдал зөн билгээр эхэлдэг. 13-р зууны үед Гуулин буюу Солонгос улсад хатан болж очиж буй Их Монгол улсын хатан Но Гү хэмээх гүнж дэлгэцнээ тодорч улмаар эх нутгаа санан бэтгэрч эзэн хаанаасаа оргож босоход хүрдэг. Тэгээд оргож явахдаа усанд амь эрсдэнэ. Үхэхдээ “Би гэртээ харимаар байна” гэх ганцхан өгүүлбэр хэлсэнээр өнөө цагийн үйл явдал өрнөнө. Ухаандаа Но Гү гүнжийн сүнс сүлд өнөө цагт Өмнөд Солонгост барлаг зарц болохоор очиж буй зөн билгийн ухагдахуун болж дүрслэгдэнэ. Их эзэн Чингисийн үед хатан болж Гуулин улсыг омог бардам зорьдог байсан гүнж өнөө цагт бусдын барлаг зарц болж Өмнөд Солонгост сэтгэлдээ айдастай мөртлөө аз жаргалтын эрэлчин маягаар очиж буй тийм нэг хөнгөн уйтгар, эмзэглэл өөрийн эрхгүй төрнө. Эрт цагийн Но Гү гүнж Номингэрэл бүсгүйгээр солигдоно. Эхэндээ энэ бүсгүй хүний наймааны золиос болж буй мэтээр ойлгогдоно. Нэгэн яхир солонгос авгай нас биед хүрсэн хэлгүй хүүдээ Номингэрэлийг авч өгөхөөр, мөн түүнийг хүчээр зарцлахаар Монголоос зориуд  захиалсан юм шиг сэтгэгдэл төрнө. Энэ бол монголчууд бидний сүүлийн жилүүдэд өрнүүлсээр ирсэн хүний наймааны ярианы гол сэдэв. Гэхдээ ийм сэдвээр кино хийх аваас хуучирсан,улигласан буюу “элементарный” болж хувирна. Найруулагч Ш.Доржсүрэн хэн хүнд ойлгомжтой иймэрхүү юм хийхгүй гэдгээ сайн мэднэ. Тиймээс тэр хүний санаанд оромгүй гоц санаа бодож олсон байлаа. Солонгос авгайн хэлгүй хүү өмнө нь нэг бүсгүйтэй дэр нэгтгэж байсан ч ээж нь “Дахиад л нэг хэлгүй хүүхэд төрнө” гэж зүрхшээгээд бэрийгээ дутуу төрүүлэхээр өндөр дээрээс түлхэж унагах боловч харамсалтай нь газар дээрээ нас барна. Ингэж тэр их хэмжээний мөнгөтэй хадгаламжийн дэвтрээ орхиод үхэж буй нь киноны гол зангилаа болж, улмаар солонгос авгай бэртэйгээ царай зүсээр адилхан Номингэрэлийг интернэтээс хайж олно. Тэгээд түүнийг Солонгост авчраад зөвхөн өөд болсон бэрийнхээ гарын үсгийг зуруулж сургах гэж, үүний үрээр их мөнгөний эзэн болох гэж үйлээ үзэж буйгаар киноны элдэв адал явдал өрнөдөг. Номингэрэл бүсгүйн дүрд жүжигчин А.Мөнгөнзул тун чадварлаг тогложээ. Өмнө нь түүнийг “Амьдрах тасалбар”, “Хөх толбот хүмүүс” киноны гол дүрд тоглоход сонин хэвлэлүүд “Найруулагч Доржсүрэнд эхнэрээс нь өөр гол дүрийн жүжигчин олддоггүй юм байх даа” гэж өөнтөглөж байсан. Харин өдгөө А.Мөнгөнзул “Дүүлэн нис” киноны гол дүрийг бүтээснээрээ өмнө нь өөнтөглүүлж байсан хэл амыг зуун хувь дарж үгүйсгээд зогсохгүй “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэх маягаар омог бардам алхах “виз”-ийг үзэгчдээс хүртчих шиг боллоо. Үнэндээ жүжигчинийхээ хувьд бол хэнийг дагуулахааргүй “Од” юм байна. Найруулагч Жигжидсүрэн гуай ерээд онд бүтээсэн “Амин мөр” кинондоо хойд эцэгтэй дагавар хүүхдийн зовлон зүдүүрийг харуулахын тулд өөрийнхөө хүүхдийг гол дүрд сонгож авсан байдаг. Тэрбээр хожим энэ тухай тайлбхрлахдаа “Бусдын хүүхдийг загнаж зандран, шахаж шаардах тун хэцүү байсан. Тиймээс би халдсан ч хар халзандаа гэгчээр өөрийнхөө хүүхдийг тоглуулж хэцүү бэрх шаардлагыг айж ичилгүй тавьж санасандаа хүрсэн” гэж хэлсэн байдаг. Үүн шиг найруулагч Доржсүрэн киноны бүхий л үеийн турш гардаг ээдрээ түвэг ихтэй, байнгын түгшүүр, зөрчилдөөнтэй, учир битүүлэг айдастай Номингэрэл бүсгүйн дүрийг бүтээхдээ чухамхүү эхнэрээ зүтгүүлж, хэцүү бэрх шаардлага тавьж санасандаа хүрсэн байх үндэстэй юм. Нэг зүйлийг онцолж хэлэхэд  “Дүүлэн нис”  хэмээх нэр киноныхоо үйл явдалтай олигтой авцалдаж өгсөнгүй. Үйл явдлын хувьд ерөөсөө л “Эрх чөлөөний романс” эгшиглээд байгаа юм. Кино урлагийн дээд сургуулийн багш, найруулагч Т.Төмөр-Очир “Киног сумын клубын уран сайханчид шиг бололцоогоо ашиглаж хиймээргүй байна. Кино гэдэг өндөр шаардлагаар бүтдэг урлаг. Дүр, газрын сонголт гээд бүгдийг журмаар нь хийх ёстой. Кино мөнхийн бүтээл учраас аргалж хийж болдоггүй. Нэгэнт хальсанд буусан л бол тэр сайн ч бай, муу ч бай мөнхийн бүтээл болж хадгалагдана” гэж өгүүлсэн байдаг.  Гэтэл манай зарим киночид сумын клубын уран сайханчдын хэмжээнд кино гээч сүүдэр шийг бөөн бөөнөөр нь машинддаг болчихоод байгаа. Харин “Дүүлэн нис” уран сайхны кино нь сум, аймаг, бүр Монгол улсаас хальж Энэтхэг, Солонгос, Итали улсын кино найруулагч, зураглаач жүжигчид гээд гадаадын уран бүтээлчидтэй хамтарч ажилласан. Монгол улсаас анх удаа кино групп Солонгос улсад очиж бүрэн хэмжээний уран сайхны кино хийсэн, урьд өмнө нь хэрэглэгдэж байгаагүй өндөр чадалтай техникийг кинондоо ашигласан гэх мэтийн шинэлэг, дэвшилттэй олон зүйлийн анхдагч болж буйгаараа онцлогтой юм. Ер нь кинонд шинэлэг зүйл оруулж ирэх шалтгаанууд байдаг бөгөөд үзэгчид зарим зүйлээс уйдаж эхэлсэнийг гярхай найруулагч соргогоор мэдрээд шинэлэг санаа оруулж ирдэг. Найруулагч Ш.Доржсүрэнгийн хувьд өөрөө гойд үзэгдэл шингээсэн зохиол бичихийн сацуу үзэгдэл бүрийн тавилтыг чадамгай найруулж өчүүхэн жижиг деталиудыг ч алдалгүй нарийн илэрхийлсэн нь аргагүй л мэргэжилдээ өсч явааг илтгэнэ. Цаашид энэ залуу биеэ тоочихгүй л  бол гадаад ертөнцөд юм дуулгаж мэдэхээр байгаа бөгөөд энэ эрчээрээ дэлхий дайдад дүүлэн нисэхийг “Дүүлэн нис” кино бэлгэдэв.

2013.03.13


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (March 15, 2013 12:47:25 pm )

    Amjilt husey. saihan kino bolson bna lee.

  • Anonymous (March 15, 2013 5:35:58 pm )

    сэтгэгдэл яагаад гарахгүй байна

  • Anonymous (March 15, 2013 9:30:49 pm )

    За ёстой сайхан авч байна даа. Тэр хэлээд байгаа усан кинонуудаас нэг их ялгараад байх юм харагдахгүй л байна лээ ш дээ хө.

  • Anonymous (March 17, 2013 12:18:50 pm )

    Жэймс Камерон зохиолоо 3 жил бичиж, 4 жил бэлтгэл хийсэн байж Доржсүрэн тэгээд хэдэн жил судалгаа, бэлтгэл хийсийн болдооо

  • Anonymous (March 18, 2013 5:59:24 pm )

    yum bodoolson l kino bnlee goe kino

  • Anonymous (March 19, 2013 1:19:33 pm )

    Gaigyi saikhan kino bolson baina lee. Amjilt khysii.

  • Anonymous (March 21, 2013 11:24:07 am )

    Denduu muu Kino bolson bna lee

  • Anonymous (March 22, 2013 12:51:01 pm )

    Ingej xudlaa boloxgvi ee DOZ dorjsvrenii xiisen omnox 2 kino bol kino gj xelxed vnexeer ygl busadtaigaa adilxan ene kino ni ch gesensaixan kino boloogvi gedegt itgeltei bna aa kino nerte ym xj amidrax gj ydaj ywaa ard tvmniixee karmasg bitgii uxaj bail gj xelmeer bna er ni xoshin urlagiinxani xiisen kino nertei ymnuud bol awax ym negch bxgvi tegeed bas magtchixjee dorjsvren ene setgvvlchid mongo ogchildee

  • Anonymous (March 25, 2013 7:58:52 pm )

    Дажгүй сайхан кино болсон байна лээ. Атаархсан юмнууд худлаа говширч байхгүй юу. Алтаншагай мэтийн хийгээд байдаг усан кинонуудаас хавьгүй илүү кино болсон. Дүүлэн нис.

antalya rent a car