antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2011 3 comments

Хөгжмийн зохиолч Б.Чинбат “аатай” уран бүтээлч болохоо харууллаа

нийтлэсэн Admin

Соёлын төв өргөөнд гурван хоногийн турш аадар бороо асгарлаа. Энэ нь дуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолч,  продюсер Батмөнхийн Чинбатын “ Давтагдашгүй”  тоглолтыг шагнасан алга ташилтын бороо. Тэрээр тоглолтондоо хүрэлцэн ирсэн хүн бүрийг “Тэнгэрлэг заяат хүмүүн” гэж тодорхойлсон бөгөөд танхимд цугласан үзэгчид ч өөрсдийгөө азтай бас одтойд тооцож суух аж. Гурван цагийн турш үргэлжилсэн “Давтагдашгүй”  тоглолт үзэгчдийг бүхэлд нь уярааж бус доргиож чадсан. Төгөлдөр хуурчийн 20 жил хүсэн хүлээсэн тоглолтонд хүрэлцэн ирсэн болохоор үзэгчид “намбайж” суухыг  хичээх авч урлагийн хүч гэдэг агуу хойно суудлаасаа өндөлзөн, сандал дээрээ бүжих хүн хаа сайгүй харагдана лээ. Үзэгчдийн нижигнэсэн алга ташилтын дор Б.Чинбат “Яг өдийд үнэртэж эхэлдэг мандарины үнэр, тэр үеийн дуу хөгжим чихэнд яаж хоногшин үлдсэнийг  та бүхэнд одоо толилуулъя” хэмээн сэтгэлд хоногшсон аязууд тоглосоор л …  Тоглолтын дунд үед түүний аав МУГЖ Батмөнхийн хөрөг дэлэгцнээ гарч , Чинбаа  “Бурхан минь намайг шагнах жаргалаа хасан, ганцхан аавтай минь үлдээгээч” хэмээн аавдаа зориулан, “Сэтгэлийн гуйлга” дуугаа нүдэндээ нулимстай дуулсан нь үзэгчдийг ч уйлуулж орхилоо. “Давтагдашгүй” тоглолтонд, “Хар цагаан” цомогт нь орсон төгөлдөр хуурийн аязуудаа тоглохын зэрэгцээ шинэхэн бичсэн хөгжмүүдээ ч тоглож сонирхуулсан. Тухайлбал “Аравт” киноны дуу, Уулын сүүдэр аавыг минь дайрахгүй” дуунуудаа тоглож олныг шуугиуллаа. Үзэгчид шинэ гэлтгүй, танил дотно хүлээж авч байсан нь бүтээлийн чансааг илтгэх мэт. Чинбаа  “Мандухай цэцэн хатан” киноны хөгжмийг тоглосныхоо дараа, энэхүү түүхэн киноны хөгжим бичих шуналд автан, өөрийн авьяас чадалд омогшин “Аравт” киноны хөгжмийг бичиж, тоглосон нь үзэгчдэд ямар хэмжээнд очсоноо харуулахыг зорьсных биз ээ.  Түүний тоглолтын бас нэгэн сюрприз нь хоёр ээжтэйгээ хамтран хөгжимдсөн  явдал юм.  Түүний ээж Цэрэндулам шанз, гэргий Сарнайгийнх нь ээж Тунгалаг лимбэ тоглосон нь, ирсэн зочдод бахдах сэтгэгдлийг төрүүлж байлаа. Мөн бүсгүйчүүддээ зориулж, “Хүний сайхан охин чи санаанаас ер гарахгүй, дэгжин нүдэн бүсгүй хаана явна” хэмээн дуулж бүсгүйчүүдээ догдлуулаад авсан. Үргэлжлүүлээд, “Танайд хоноё” дуугаа дуулсан нь үзэгчдийг бүжихэд хүргэв. Ингээд тоглолт 15 минут завсарласан бөгөөд энэ үеэр “Чинбаа ч аатай байна шүү“ гэх яриа хаа сайгүй сонсогдов. Дээрх хугацаа өнгөрч хөшиг нээгдэхэд, Монгол Улсын Гавьяат жүжигчин Жаргалсайхан “Дэрэнгийн хар азрага” дуугаа дуулан, Чинбаа төгөлдөр хуур тоглож эхэлсэн юм. Үүний дараагаар дуучин Т. Ариунаа “Домгийн өглөө” дуугаа, Гавьяат жүжигчин Б.Дашдондог, Чинбаатай хамтран “Сайхны өмнө харц буруугүй”, “Харанга” хамтлагийн  Х.Лхагвасүрэн “Толин хул”, “Миний аав” зэрэг дуунуудаараа мэндчилгээ өргөв. Энэ үеэр Лхагваа, Чинбааг ганц үгээр “Хөгжим” хэмээн тодорхойлсон юм. Чинбаагийн тоглолтын урилгыг, авахгүй өнгөрч яавч болохгүй, урилга авчихаад ирэхгүй байж бүр болохгүй, хүндтэй зочид бол яах аргагүй “Никитон”-чууд билээ. Тэд ирж “Никитон дуулж байна” дуугаа дуулсан.

Үүний дараа Чинбаа нэгэн түүхийг ийн дурьдлаа. “Намайг Хөгжим бүжгийн коллежийн аравдугаар ангид байхад “Никитон”-ы Бачка, “Жорлонгийн хажуу талын ангид сурдаг, төгөлдөр хуурч бондгор жаал хаана байна” гэсээр сураглаж ирсэн. Тэр л үеээс би “Никитон” хамтлагт орсон юм” хэмээлээ. Харин тэд 13 жилийн дараа хамтдаа тайзан дээр тоглож буй нь энэ байлаа. Мөн “Хурд” хамтлагийн Отгонбаяр “Зүрхэн хоёр алга” дууны ард гитардсан бол Чинбаа энэ удаад өөрийн эхнэр Сарнайтай хамтран дуулсан юм. Энэхүү дууг хосууд дуулах нь тохиромжтой сайхан байсан ч, Гавьяат жүжигчин Б.Сарантуяатай дуулсан хувилбарыг гүйцэж чадсангүй. Америкт олон жил мэргэжлээрээ ажиллаж, хөгжмийн боловсрол, шоу бизнест чамгүй “олз” олсон Чинбаа, 20 жил хүсч мөрөөдсөн тоглолтондоо яагаад  Америк, Латин америк аяз тоглож, эхнэр Сарнайгийн хамт бүжиглэж болохгүй гэж. Хэрэв энэ мэт шигтгээгээр чимсэн бол үзэгчдэд нэн шинэ уур амьсгал, сэтгэл ханамж бэлэглэх байсан болов уу. Харин “Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүд энэ орой хөгжимчдийн үүрэг  гүйцэтгэлээ. Хамтлагийн гишүүн Б.Ганболор, Ц.Сарнай нар даралтат хөгжим тоглосон бол Сүндэрмаа “Ижий минь байвал жаргалтай”, “Сэтгэлийн гуйлга” дуун дээр нь хийл хөгжим тоглосон. Тэд мөн “Шинэ жилийн дуу” дуугаар мэндчилгээ дэвшүүлсэн юм. Үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн сонирхолтой агшинуудын нэг яах аргагүй “Эмоушн” хамтлаг тайзнаа нэгдсэн явдал байлаа. Хамтлагийн экс гишүүн Солонго хүрэлцэн ирж тэд хамтдаа,  “Санан санасаар” дууг дуулсан нь хүмүүст таалагдаж, “Одоо л нэг бүтэн харагдаж байна” гэх яриа чих дэлсэж байлаа. Гэсэн ч, цаанаа л “зайтай” харьцаа мэдрэгдсэн. Тэд Б.Чинбаадаа зориулан том бялуу бэлдсэн байсан бөгөөд түүнийгээ улаан, шар, хөх өнгийн даашинзтай гурван бүсгүйгээр чимэглэсэн нь өөрсдийгөө илтгэснийх байлаа. Ингээд тэд “Чинбаа чи бол бидний сэтгэлд дахин давтагдашгүй билээ. Биднийг амтархан идээрэй” хэмээсэн.Ийнхүү эцэг эхийн элбэрэл хайр, эх орон зэрэг агуулгатай дуу эгшиглүүлсэн хөгжмийн зохиолч Б.Чинбатын тоглолт үнэхээр давтагдашгүй байж, үзэгчдэд сайхан “дурсамжаа” нэхэн санахад хүргэлээ.

 

 

А.Алтантуяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

antalya rent a car