antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 28, 2011 Comments are off

“Монгол газар” компанийн ерөнхий захирал Ц.Мянганбаяр: Олон Овоотын ашиглалтыг зөв явуулбал санхүүжилтээ хангалтгай нөхөн төлөх хэмжээний нөөцтэй орд

нийтлэсэн Admin

Сүүлийн үед олны анхаарлыг зүй ёсоор татаж буй Олон-Овоотыг тойрсон хэл ам намжихгүй байна. УИХ-аас гишүүн О.Чулуунбат тэргүүтэй ажлын хэсэг гарч «Анод», «Зоос»-ын дампуурлыг шалгасан тухай тайлан, дүгнэлтээ танилцуулснаас хойш нэг талаас «Жаст»-ын Ш.Батхүү, нөгөө талаас 0.Чулуунбат, фортуна Батбаяртны хооронд цусгүй тулаан хэвлэлээр өрнөөд байгаа билээ. Энэ асуудлын хажуугаар «Анод», «Зоос»-ын дампуурлын гол эзэн гэгдэх Олон-Овоотын алтны төслийг анхлан хэрэгжүүлэгч «Монгол газар» компанийн ерөнхий захирал Ц.Мянганбаярыг тойрсон ам дамжсан яриа нийгэмд тархаж эхэллээ. Манай сонины хүсэлтийг хүлээн авсан «Монгол газар» компанийн ерөнхий захирал Ц.Мянганбаярын ярилцлагыг уншигчиддаа хүргэе.

-Таны хөрөнгийг битүүжиллээ, хил гарах эрхийг нь хаалаа гэх зэрэг янз бүрийн мэдээлэл хэвлэл мэдээллээр тасрахгүй байна. Хаагуур явж, юу хийж байна даа. Ингэхэд «Монгол газар» компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу?

-Сүүлийн 10-аад жил «Монгол газар» компани Монголын уул уурхайн салбарт үндэсний компаниудаа манлайлан, томоохон төслүүд рүү зоригтой орж ажиллаж ирлээ. Одоо ч гэсэн бид тэргүүлэх хэмжээний төслүүд дээр ажиллаж байна. Компанийн үйл ажиллагаа хэвийн байгаа. Хамгийн сүүлд хийсэн ажил гэвэл монгол инженерүүдийн ур ухаан, техникийн сэтгэлгээгээр өвлийн нөхцөлд ажиллах бололцоотой нуруулдан уусгалтын үйлдвэрийг шинээр ашиглалтад оруулж, бодитой үр дүнг нь үзээд байна.

-Тэгвэл танай компанийн үйл ажиллагааг хэвийн явагдаж байна гэж ойлголоо. Тэгэхээр сүүлийн үед олны сонирхлыг нэлээд татаж, хэл амны бай болж байгаа Олон-Овоотын төсөл, арилжааны банкуудын дампуурал гээд ярих зүйл их байна. Та яагаад одоо болтол эдгээр асуудалд тодорхой тайлбар хийхгүй байгаа юм бэ?

-Хүмүүс ярихаар дагаж ярьдаг тоть шиг хэрүүлээр яриагаа эхлээд яах вэ. Би асуудлын учир шалтгаанаас нь эхэлж ярья гэж бодож байна. Монголчуудын хувьд бизнесийн орчин дахь хувийн сектор, тэр дундаа уул уурхайн хөгжил дөнгөж хөгжлийнхөө эхний шатанд явж байна. Юу гэсэн үг вэ гэхээр нэг салбарын хөгжил дэвшил, бүр цаашилбал уул уурхайн салбарын хөгжлийн асуудал гэдэг бол дан ганц ордтой байх тухай асуудал биш, ордоос гадна санхүүгийн эх үүсвэрийг яаж шийдэх вэ, түүнийг шийдэх санхүүгийн механизм байна уу үгүй юу, ямар техник технологи ашиглах вэ, боловсон хүчнийг хэрхэн сургах вэ гээд олон асуудлыг шийдэх ёстой. Үүнээс гадна төрийн зохицуулалт буюу хууль эрх зүй, татварын орчин маш чухал. Гэтэл манайд энэ бүхнийг цогцоор нь шийдэж чадсан уу гэвэл үгүй л байна шүү дээ. Арилжааны банкууд нь яг л ломбард шиг ажиллаж байна. Олон-Овоотын төсөл өөрөө том учраас техникийн гол санхүүжилт, түүний баталгааг «Иточу» корпорациар хийлгэсэн. «Зоос», «Анод» банкны хувьд зээлийн батлан даалтыг 100 хувь «Иточу»-ийнхан гаргасан юм шүү дээ. Тэгтэл сүүлдээ «Иточу» корпораци батлан даалтынхаа гэрээг зөрчсөн. Тийм учраас хугацааны хувьд банк ч тэр, төсөл ч гэсэн хүндрэх нь ойлгомжтой. Түүнээс биш Олон-Овоотын батлагдсан нөөц нь байхгүй ч юм уу, би аль хэдийнэ ухаад аваад идчихсэн асуудал биш. Арилжааны банкуудаас авсан зээл үйлдвэрийн тоног төхөөрөмж, уул уурхайн техникт үйл ажиллагааны зардалд бүрэн зарцуулагдсан. Тэгэхээр энэ төсөл өөрөө алтны томоохон нөөцтэй ордуудын нэг учраас одоо байгаа зээлүүд, цаашид шаардлагатай санхүүжилтийг хүү болон бусад төлөх ёстой өр төлбөрөө төлөөд хангалттай ашигтай ажиллах ийм төсөл гэдгийг би бардам хэлнэ. Ер нь уул уурхайн төслүүдийн онцлог гэж бий л дээ. Хамгийн сайн төсөл байлаа гэхэд уул уурхайд таван жилд хөрөнгө оруулалтаа эргэж нөхөж чаддаг. Ийм төслийг олон улсын зах зээл дээр хамгийн үр ашигтай сайн төсөл гэж тооцдог. Энгийн жишээ татахад Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг эзэмших эрхтэй болохын тулд төлбөрийг 14 жилийн хугацаанд оросуудад бид төлж байж Монголын тал 51 хувиа эзэмших эрхтэй болж, монгол захирал тавигдаж байсныг саная л даа. Энэ бол мөн л уул уурхайн төслийн онцлогийг харуулж байгаа юм. Гэтэл Олон-Овоотод дөнгөж үйлдвэр баригдаад эхний хоёр жилээс л бид дөрөв орчим тонн алт олборлоод, «Жаст» группэд шилжүүлсэн юм шүү дээ.

-Энэ тухайгаа та «Бидний хооронд шударга наймаа явагдсан» гэж тухайн үед хэлж байсныг санаж байна. Гэхдээ өнөөдөр асуудал үүсээд ирлээ. Шударга наймаа болж чадсан юм уу?

-Миний ойлгож байгаагаар энэ төсөл бол олборлолт, ашиглалтыг зөв явуулж чадвал оруулсан санхүүжилтээ хангалттай эргэн нөхөн төлөгдөх хэмжээний тийм том, нөөцтэй орд. Тэгэхээр Олон-Овоотыг Ш.Батхүү авна уу, оросууд авна уу, хэн ч авсан наймаа бол наймаа. Харин хэн хэн нь хэлсэндээ байх нь чухал. Гурав, дөрвөн жилийн хугацаанд үйлдвэрлэл явуулахад ашгаа өгөх ийм л орд. Мөн чанартаа төсөл явдгаараа явж, өр зээл төлөгдөхөөрөө төлөгдөөд л дуусна. Олон-Овоот дээрх миний гол алдаа бол анхнаас нь санхүүгийн зөв эх үүсвэрийг сонгоогүй явдал юм. Гэхдээ би харамсахгүй байна. Түүнээс биш зарим хүний бичүүлээд байгаа шиг өр зээлээ даахаа болиод яах аргаа олохгүй хэн нэгэнд хандсан юм биш. Бид одоо үүнээс ч томоохон төсөл дээр судалгааны ажил эхлүүлээд байна. Олон-Овоотыг зарах нь цаг хугацааны л асуудал байсан. Ийм энгийн юмыг ойлгохгүй, улс төрчид нь ч оролцоод нэр холбогдож, хүмүүс ч тэр янз бүрийн ашиг сонирхлоор дэвэргэх юм. Энэ бүх утга учиргүй хэл ам, сенсааци хэнд хэрэгтэй гэж.

-Та тодорхой хэлэхгүй юу. Хэнд ашигтай байж болох уу?

-Бодвол сенсааци дэгдээж, хоорондоо уралцаж байгаа хүмүүст л ашигтай байх.

-УИХ-ын гишүүн О.Чулуунбат Төсвийн байнгын хорооны хурал дээр анхаарал татахуйц мэдэгдэл хийсэн. Өөрөөр хэлбэл Монголын банкууд дээр Ц.Мянганбаярын 100 гаруй тэрбум төгрөгийн өрийн жилийн хүү 24 хувиар бодогдож байсан. Гэтэл өрийг нь төлөх үүргийг хүлээж авсан «Жаст» групп дээр очихоор жилийн 0.1 хувийн хүү болж хувирсан нь ямар учиртай юм бэ. Ямар ид шид вэ гэж хүртэл ярьж байсан. Энэ ямар учиртай юм бол?

-Энэ өр зээлийг төлж барагдуулах үүргийг «Жаст» 100 хувь хүлээсэн. Энэ тухайгаа ч олон нийтэд мэдээлж, мэдэгдэл гаргасан шүү дээ. Нэг хоногт төлнө үү, нэг жилд төлнө үү, хүүтэй төлнө үү, хүүгүй төлнө үү, энэ бол тэдний л асуудал. Гол нь тэдний гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нь «Монгол газар» болон банкуудад чухал байна шүү дээ.

-Наймаа бол наймаа. Тэгвэл Ш.Батхүү захирал таны өрийг даагаад үлдчихсэн, төлбөр барагдуулах асуудлыг хариуцна. Гэвч өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдээгүй бололтой. Банкны дампуурлын гол буруутан гээд хоёр, гуравдагч этгээд гээд олон асуудал урган гарч ирлээ. Энэ өр зээлээ дорвитой төлж барагдуулаач гэж тэдэнтэй ярилцсан уу?

-Албан ёсоор бидэнтэй холбоотой зээлийн асуудлыг хурдан шийдээч гэж хэлж байсан. Тэгэхэд «Үйлдвэрлэл рүүгээ хөрөнгө нийлүүлээд явж байгаа. Танайд ямар ч асуудал байхгүй» гэдэг хариулт өгсөн. Би нэг л зүйлийг хэлье. Нөөцийн тал дээр хэн ч юу ч гэж маргах шаардлагагүй. Олон-Овоотын төслийн техникийн дэлхийд нэр хүндтэй нөөц үнэлгээний компани үнэлсэн, энэ нь «Голдман сакс»-ын анхаарлыг татахуйц байсан учраас бидэнд алтны урьдчилгаа төлсөн. Бод л доо, «Голдман сакс» нөөцгүй ордын алтыг урьдчилж төлбөрийг нь төлж худалдаж авах уу. Хэзээ ч үгүй. «Голдман сакс»-д төлөх ёстой алтаа бид дийлэнхийг нь төлсөн. Тэгээд үлдэгдлийг нь төлөх үүргийг «Жаст»- ын Ш.Батхүүд Олон-Овоотын ордтой хамт шилжуүлсэн.

-Ш.Батхүү, УИХ-ын гишүүн О.Чулуунбат нар хоорондоо үл ойлголцоод асуудал босоод ирэхээр бусдаас бурууг хайх шинжтэй. Хүн бүрт буруу өгч, банкуудыг дампууруулчихлаа гэж таныг хүртэл тодотгож яриад байна. Ер нь яагаад сүүлийн үед банкуудын санхүүгийн хүндрэлийн эзэн нь олдохоо больчихов?

-«Зоос», «Анод» банкны бүх мөнгийг би авчихаагүй шүү дээ. 10 сая доллараар алтны төсөлд санхүүжилт хийснээсээ болоод дампуурчихдаг бол банк гэж байхын хэрэг юу байна. Тийм биз дээ. Гадаадын аль нэг улс орны банкируудад 10 сая доллар зээлсэн нь манай банк дампуурчихлаа гэвэл ёстой инээдтэй шүү дээ. Олон-Овоотын хувьд дахин хэлэхэд «Жаст»-ынхан ажиллаж чадвал энэ төлбөрийн ард гараад ашигтай  ажиллах бүрэн боломжтой. «Жаст»-ынхан зөв зохион байгуулалтаар өөрсдөө ч анх ийм санхүүгийн тооцоо, эрсдэлийг тооцож гаргаад худалдаж авсан шүү дээ.

-Та энэ үгээрээ санхүүгийн чадваргүй дотоодын банкуудын алдаатай менежмент, магадгүй хөндлөнгийн оролцоо өөрсдийгөө хүндрүүлсэн гэж хэлэх гээд байна уу?

-Бод л доо. «Иточу» корпорацийн батлан даалт хуулийн хүрээнд, зөв хийгдээгүй нь «Анод», «Зоос» банкны санхүүгийн хүндрэлд нөлөөлөх хүчин зүйл болчихсон. Өөрөөр хэлбэл манай банкууд батлан даалттай зээл олгосон гээд сууж байтал баталгаа нь байхгүй болчихоор зээл нь муу ангилалд орно биз дээ. Энэ талаар тэдэнтэй уулзахад «Иточу» корпораци санхүүгийн буруу механизм, хуурамч аккердитев гаргасан нь «Анод» банктай шууд холбоотой болчихож байгаа байхгүй юу. Түүнийгээ далдлахын тулд хоёр дахь үүргээ биелүүлээгүй. Хэрвээ «Анод», «Зоос» банк үүргээ биелүүлээгүй гэж «Иточу» корпорацийг шүүхэд өгсөн бол төлөгдөх асуудал үүсэх л байлаа. Энэ талаар одоо болтол Монголбанк, «Анод» банк «Иточу» корпорацийг шүүхэд өгдөггүйд би гайхдаг. Түүнээс биш хэзээ энэ хорвоо дэлхий дээр тийм барьцаа, батлан даалтгүй зээл олгодог банк бий болчихсон юм бэ. Гэтэл Засгийн газрын бонд гэдэг юмаар төлөх асуудлыг 2009 оны намраас төр 100 хувь үүрэг хүлээлгээд өгчихсөн. Тэгээд төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс болоод «Анод» банк өөрөө өнөөдрийг хүртэл асуудалтай яваа.

-Таны яриагаар бол банкуудыг хохиролгүй болгочих хэмжээний төсөл байсан гэж Олон-Овоотыг хэлэх гээд байна уу?

-Байсан биш, угаасаа энэ бол асуудалгүй байх ёстой. Гол нь яаж ажиллуулахаас шалтгаална. «Жаст» Олон-Овоотыг худалдаж авснаас хойш 750 кг алт үйлдвэрлэсэн гэдэг. Өнөөдрийн ханшаар 48 тэрбум төгрөг. Зардлаа хасаад хасаад «Зоос», «Анод» банкны 10-15 тэрбумыг төлчихөд болохгүй юм байхгүй байсан. Гэтэл энэ ажлыг хийхгүй л байгаа байхгүй юу. Би ийм хэмжээний зээл төлсөн гэж сонсоогүй юм байна.

-Ер нь та «Зоос», «Анод» банктай ямар холбоотой юм бэ. Өр ширийн асуудал байдаг юм уу?

-Өнгөрсөн жил манай компани албан ёсны мэдэгдэл хийсэн. Тэгээд Олон-Овоотын орд газрыг техник, үйлдвэрийн хамт «Жаст»-д шилжүүлснээр «Зоос», «Анод» банктай манайх хууль эрх зүйн болон өр ширний ямар ч холбоогүй болсон.

-Олон-Овоот төслийн тогтоогдсон нөөц нь хэд юм бэ. Үнэхээр өөрөө өөрийгөө санхүүжүүлж чадахгүй төсөл байсан юм уу. Үнэхээр гайхалтай сайн төсөл юм бол банкууд яагаад хүндэрч дампуурахад хүрэв?

-Олон улсын ордын нөөц баталгаажуулдаг Канадын «Вардроп» гээд, фирм байдгийг дэлхийн аль ч орны уул уурхайн компаниуд андахгүй. Энэ фирмийн үнэлгээгээр хайгуулын анхан шатны хийсэн ажлаар 30 тонн алтыг баталгаажуулж өгсөн. Тийм нөөцийн баталгаатай бичиг баримт тайлан нь байгаа. «Вардроп» бол олон улсад нэр хүндтэй. Энэ фирмийн үнэлгээгээр банкууд болон хөрөнгийн зах зээл дээр барьцаа болгодог. 100-аад жилийн түүхтэй нөөц баталгаажуулдаг фирм булхай луйвар хийнэ гэж байхгүй. Хоёрдугаарт 25 км орчим урт алтны хүдэр үргэлжилдэг ийм орд юм. Бороогийн уурхайг 5-6 км алтны хүдэр үргэлжилдэг гэж санаж байна. Тийм учраас алтны нөөц дээр маргах зүйлгүй. 30 тонн алт гэдэг чинь өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээр тэрбум найман зуун сая долларын өртөгтэй алт тэнд бий гэсэн үг. 50 хувийн зарлагатай гэж үзвэл тэрбум долларын алт байна шүү дээ. Тэгэхээр тэрбум долларын алттай Олон-Овоотын хажууд банкны 100 тэрбум төгрөг ямар асуудал юм бэ.

-Таны алтыг баталчихаад нөөцөөр сайн гэж байна. Тэгээд чухам юунаас болсон гэж?

-Төсөл бол уул уурхайн үйлдвэрлэлийн төсөл. Мэдээж үйлдвэр баригдана, уул уурхайн хөрс хуулалтын ажил эхэлнэ. Үүнд хугацаа хэрэгтэй. Сүүлийн үед манайд улс төрийн орчин улам л төгөлдөржиж, нарийсч байх шиг байна. Харин уул уурхайн төслүүдийг санхүүжүүлэх хууль эрх зүйн орчин Монголд байхгүй байна шүү дээ. Уул уурхайн бирж юм уу эсвэл даатгалын системийг  өнгөрсөн 20-иод жилийн турш ерөөсөө хийж чадаагүй. Энэ бол эмгэнэлтэй дүр зураг. Өнөөдөр үндэсний уул уурхайн төсөл Монголд үр ашиггүй байна. Яагаад гэвэл бүх төслийнхөө 70 хувийг нь гадныханд өгчихдөг. Тэгсэн мөртлөө би эх орондоо хайртай гэж ярих дуртай. Эх орныхоо баялгийн ихэнхийг гадагш нь зөөдөг байж шүү. Үүнийг л уул уурхайн өнөөгийн бизнесийн эмгэнэлтэй дүр зураг гэж хэлэх гээд байна. Манайхан сүүлийн үед толгойтой хүн бүр л уул уурхай, лиценз гэж ярих болж. Тэгсэн мөртлөө цаадах техник, үйлдвэрлэл, боловсон хүчин, ялангуяа санхүүгийн механизмын асуудлыг ерөөсөө хийж чадаагүй. Яг л энэ Олон-Овоотын төсөлтэй адилхан хэчнээн баялаг нь байлаа ч гэсэн хэл аманд ороод явж байдаг. Монголын ард түмэнд үр ашигтай төсөл болдоггүй. Гадныханд ашигтай төсөл болоод байдаг. Ийм л дүр зураг банкуудын системд ч гэсэн байна. Монголын банк санхүүгийн механизм ч ийм.

-Санхүүгийн механизм муу гэж юуг нь онцлоод байгаа юм бэ?

-Монголд зайлшгүй уул уурхайн биржийг байгуулах шаардлагатай. Энэ нь хууль эрх зүйн орчин, даатгалын систем, хөрөнгө оруулалтын сангууд бий болгохыг Монгол Улсын хөгжлийн эрх ашиг шаардаж байна. Үүгээр ард иргэд, арилжааны банкууд гадаадын хөрөнгө оруулагчид биржээр дамждаг байх ёстой. Энэ биржээр дамжих санхүүгийн бүх үйл ажиллагааг манай татварын систем хянадаг байх хэрэгтэй. Ашигт малтмалын шинэ хууль, байгаль орчныг хамгаалах болон нөхөн сэргээлтийн хуулиуд, уул уурхайн биржийн эрх зүйн акттай нэгдсэн цогц хуулиуд болж гарах ёстой. Тэгвэл энэ гараад байгаа Оюу толгойн хэрүүл Таван толгой, Олон-Овоотыг тойрсон асуудал гээд цаашид гарах олон хэрүүл зогсох болно. Өнөөдөр хэн дуртай нь манай ашигт малтмалын лицензийг гадаад болон дотоодод дур зоргоороо наймаалцаж байгаа нь ирээдүй хойч үеийнхний эдлэх тэр боломж, өгөөжийг хааж буй явдал юм. Захын нэг солонгос орж ирээд нүүрсний ч юм уу төмрийн орд авчихаад эзэн нь болоод явж байна. Тэгвэл тэр нөхрийн авсан ордын тодорхой хувийг Монголын хөрөнгийн бирж дээр зар гэж шаардах хэрэгтэй биз дээ. Ямар ч тохиолдолд шинэ хөрөнгө оруулалт, шинэ технологи нэвтрүүлсэн тэр хувьцаагаа монголчууд үр хүүхэддээ өвлүүлж болох байхгүй юу.

-Монгол хүн эх орондоо хэн ч биш байх юм даа гэж та хэллээ. Магадгүй Монголын төр үндэсний бизнесмэнүүдээ дэмжихгүй байна гэж хэлэх гээд байна уу?

-1990-ээд овоос хойш чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд бүх зүйлийн үүд хаалга нээгдсэн. Ямартаа л манай гадаад түншүүдийн хэлдгээр Монгол Улс дэндүү ардчилалтай орон. Тэгэхээр манай газар нутаг дээр захын хүн ирээд баялгийг минь дураараа өмчөө болгоод гадаадын хөрөнгийн бирж дээр зарж баяждаг. Түүнээс нь манайхан татвар ч авч чаддаггүй. Монголчуудын өнөөдөр хэн ч биш байгаагийн тод жишээ энэ. Тэгсэн мөртлөө газар шороо, эх орон гэж ярих дуртай. Бодит үнэн бол ийм л байна шүү дээ. Хөрөнгө оруулж байгаа гээд бүх үүд хаалгаа нээж өгөөд тоглоомынх нь дүрэм, хууль эрх зүйн орчноо алдаатай хийчихдэг. Тэгээд буцааж нөгөө хаалгаа хааж чаддаггүй. Тиймээс одооноос бид зайлшгүй сайжруулах, шинэчлэх ийм л амьдралтай нүүр тулаад явж байна.

-Хэдийд бид тэр хаалгаа хааж чаддаг болох вэ?

-Монголчууд газар нутгийнхаа баягийн маш их үнэ цэнийг ойлгосны дараа. Үгүй ядаж миний туулж өнгөрүүлсэн бэрхшээлийн талыг нь үзсэний дараа сайжрах биз дээ. Гэтэл одоо улс төрчид нь эх орныхоо хаана юу байгааг ч мэддэггүй байж уул уурхай гэж ярих их дуртай. Гадныхан бол манайхныг бодвол уул уурхайн салбарт 100-аад жилийн туршлагатай санхүүгийн потенциальтай учраас нэг түвшинд очоод зогсчихож чадаж байгаа юм. Уул уурхай ойлгодоггүй хэдэн улс төрч нь гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхээр хошуу дэвсээд татвараас чөлөөлчихдөг. Бүр Үндсэн хуулиа зөрчөөд шүү дээ. Нэгэнт л Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь хүн бүр л татварыг тэгш эрхтэйгээр төлөх ёстой. Гэтэл монголчууд төлөөд, гадныхан төлдөггүй. Ийм л сонин дүр зураг өнөөдрийн нийгэмд үйлчлээд байна. Харамсалтай нь манай улс төрчид ойлгодог мөртлөө тоодоггүй, хүлээж ч авдаггүй нь гайхалтай.

-Үүнээс үүдээд нэг зүйлийг тодруулахад 68 хувийн гэнэтийн ашгийн татвар тухайн үед танд цохилт болсон нь ойлгомжтой. Түүнээс шалтгаалсан өрийн асуудал ШШГЕГ-т байдаг бололтой?

-Энэ бол үндэсний алтны үйлдвэрлэлийг мөлхүүлэх татвар байсан шүү дээ. Нийтдээ манайх олон тэрбум төгрөгийн татвар төлсөн. Одоо тодорхой хэмжээний өр төлбөр байгааг үгүйсгэхгүй. Бид графикийн дагуу төлж байгаа. Хүмүүсийн яриад байгаа шиг манайхыг битүүмжлээд үйл ажиллагааг нь зогсоочихсон, хөрөнгө хураачихсан зүйл байхгүй. Бодоод үз л дээ. Гадныхны төлдөггүй татварыг үндэсний үйлдвэрлэгчид төлөөд явж байна. 68 хувийн татварыг төлсөн хэдхэн аж ахуй нэгжийн тоонд манайх орно. Төлсөн дүнгээрээ тэр Эрдэнэтийн дараа л орох байх.

-Заримдаа манай улс төрчид уул уурхайн чиглэлийн бизнесийг ойлгодоггүй ч энэ салбарт янз бүрийн хууль, дүрэм гаргах нь элбэг. Ард түмэнд байгаль орчныг хамгаалж байгаа гэдэг эерэг сэтгэгдэл төрүүлдэг боловч нөгөө талдаа уул уурхайнхны хараалыг бардаг. Жишээ нь урт нэртэй хууль байна. Та ч гэсэн энэ асуудалд чамлахааргүй нэр холбогдсон хүний нэг байх аа?

-Монгол хүн бүр эх орондоо хайртай байдаг. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, нөхөн сэргээх үүрэгтэй. Энэ бол бурхны хууль. Бид хаагуур нь явах юм бэ. Дээр нь улс төрийн карьер хөөж, урт нэртэй маягийн хуулиудыг зарим улс төрч гаргаж байна. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах нь зөв зүйтэй. Би буруутгаж байгаа юм биш. Хамгийн гол нь асуудлыг яаж зохицуулах вэ гэдгийг мэдэхгүй байж ийм хууль санаачилсан нь амьдралд нййцэхгүй байгааг цаг хугацаа харуулж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл улс төрчид эдийн засгийг дэмжсэн хууль санаачилж энэ салбарын хүмүүсийн сэтгэхүйгээр тоглосон хуулиудыг гаргадаг. Нөгөөх нь бодит амьдрал дээр уурхайчид болон ажил олгогч нарын хувьд зөрчилдөж байгаа юм. Малгүй болсон иргэд хүүхдийн сургалтын төлбөрөө хийхийн тулд газар ухаж нинжа нэр зүүж байна. Хориглох гэж улайрахаасаа илүү зохицуулах нь чухал шүү дээ. Тэгэхээр яаж хуулийн дагуу ажиллаж амьдрах юм бэ. Нөхөн сэргээлтийн хувьд компаниудад үүрэг өгөөд байгаль орчны яам тодорхой журам гаргаад хянаад явахад асуудалгүй зүйл. Нөхөн сэргээлтийн тухай дандаа л манай компани ярьдаг. Гэтэл үнэхээр нөхөн сэргээх шаардлагатай эзэнгүйдсэн Заамарын хөндий, 8000 нинжа ажиллаж байгаа Өвөрхангай Уянга сумын Өлтийн хөндий байна. Тийм л гол мөрөн хөндийдөө хайртай бол тэнд оч л доо. Сурвалжлагч нар нь зургийг нь аваад, улс төрчид нь тэнд очоод ажилла. Заава манай ажиллаж байсан Орхон голыг яриад байдаг юм бэ. Бид есдүгээр сарын 15-наас техникийн нөхөн сэргээлтийг Орхон голын эхэнд хийж байгаа. Биологийн нөхөн сэргээлт ирэх жил төлөвлөгөөний дагуу хийж дуусна. Орхон голын бас нэг хөндийд бид өмнө нь ажиллаж байсан. Нөхөн сэргээлтийн тухайд нутгийнхан тэр тусмаа «Ариун суварга» хөдөлгөөнийхөн ч мэднэ. «Монгол газар» компани нөхөн сэргээлтийг хэнээр ч заалгахгүй хийх л болно, хийж ч байсан.

-Ингэхэд таныг 2012 оны сонгуульд нэр дэвшинэ гэх яриа байна. Үнэхээр та орох бодолтой байна уу?

-Дуртай бүхэн нь улс төр хийдэггүй байх. Гол нь бидний амьдрах, ажиллах нөхцлийг бүрдүүлж байх үүрэгтэй улс төрчид нь бодит амьдралаас тасарчихсан, бодит хүндрэл бэрхшээлийг ойлгохгүй хүмүүс байгаа болохоор заримдаа ч тэнд нь очоод «Тийм биш байдаг юм аа» гээд хэлчихдэг юм уу гэж бодогдох юм байна шүү дээ.

-Үүгээрээ УИХ-д уул салбарынхан дутагдаад байна гэж хэлэх гээд байна уу?

-Өнөөдөр уул уурхайн салбарыг төлөөлсөн УИХ-ын гишүүн алга байна шүү дээ. Ялангуяа уул уурхайн болох болохгүйг үзсэн, энэ чиглэлээр үйлдвэpлэл явуулж байсан хүн алга.

-Аль нэг намд харьяалагддаг уу. Ямар ч нөхцөлд улс төрийн дэмжлэг, нөлөө эсвэл өөрөө байхгүйгээр ажиллана гэдэг хүндрэлтэй шүү дээ?

-Өөрийнхөө ажлыг сайн явуулах гэж улс төрд орох нь дэндүү гунигтай явдал. Тодорхой салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулахын төлөө, арай олон хүний бизнес хийх, ажиллах таатай нөхцлийг бий болгохын төлөө тухайн салбарыг мэддэг хүний хувьд улс төрд зориглох нь арай эрүүл ойлголт болох болов уу даа.

-Нэг удаа та өөрийгөө хангалттай өнгө төрхтэй амьдралтай гэж тодорхойлсон байдаг. Нэг өдөр улс төрч болно гэж бодсон учраас тэгж хариулсан уу?

-Хүн бүрт өөрийн гэсэн хүсэл, мөрөөдөл, зорилго байдаг. Монголчуудын сарын дундаж цалинг 1500-2000 долларын түвшинд хүргэх юмсан гэдэг миний мөрөөдөл. Хажуугаар нь энэ аймшгийн хэл ам, хэрүүл шуугиан элдэв янзын яриаг би ялан дийлж, зорилгодоо хүрэх болно. Үүгээрээ миний амьдралын өнгө төрх өөрийнхөөрөө тодорхойлогдоно л доо.

-Олон жил уул уурхайн чиглэлийн ажил хийлээ. Бүтээн байгуулалтад яагаад гар сунгадаггүй юм бэ гэж асуумаар санагдлаа?

-Бүтээн байгуулалт гэдгийг юу гэж харах нь чухал. Өндөр байшин барих бүтээн байгуулалт мөн үү мөн. Үйлдвэр босгох бүтээн байгуулалт мөн үү мөн. Тэгвэл уул уурхайн том орд нээж, дэлхийн жишгээр ашиглаж улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулах нь бүтээн байгуулалт мөн үү мөн. Тэгэхээр «Монгол газар» бүтээн байгуулалт хийдэггүй гэж би бодохгүй байна. Одоо ч гэсэн «Монгол газар» компанийн уул уурхайн төслүүд амжилттай хэрэгжээд явж байна. Аяндаа гурав, дөрвөн жилийн дараа цаг хугацаа харуулна биз дээ. Яривал хийхээр төлөвлөсөн олон ажил бий. Ямартай ч томоохон төслүүдээ үйлдвэрлэлийн шатанд нь хүргэхээр ажиллаж байна. Ер нь бол өнөөдрийн санхүүгийн болон улс төрийн нөхцөл байдалд эх орны байгалийн баялаг ордуудыг эрт гаргаж тавих нь хохирол ихтэй. Тэгэхээр энэ сэдвийг түр орхиё. Цаг нь болохоор би үүцээ задална.

-Сүүлчийн асуулт. Та сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүн үү?

-Харин ч багатай.

-Олимпийн анхны аваргад амласан алтаа хэзээ өгөх вэ?

-Би өнөөдөр хэлснээ маргааш нь мартчихдаг дүүрчихсэн хүн биш. Удахгүй өгнө гэж танай сониноор дамжуулаад хэлчихье.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

 

 

Өглөөний сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car