antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 28, 2011 Comments are off

Ц.Нямдорж: Н.Энхбаяр ой санамжаа алдчихсан юм шиг байна лээ

нийтлэсэн Admin

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой ярилцлаа.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр таныг “Ажлаа өгч шалгуул” гэж мэдэгдээд эхэллээ…

-Н.Энхбаяр өөрөө хэвлэх үйлдвэр, нийслэлийн мэдлийн хөрөнгө болсон “Өргөө” зочид буудлын хувьчлалын асуудалтай нэр холбогдсон. Тэгээд дээрх асуудлууд цагдаагийн байгууллагад шалгагдаад удаж байгаа юм билээ. Хэвлэх үйлдвэрийн хувьчлалтай холбоотой До.Чулуунбаатар гэдэг сэтгүүлч хоёр, гурван сар шоронд суусан. Тэр үед нь Н.Энхбаяраас гарцаагүй асуух зүйл байсан учраас түүнийг цагдаагаас дуудтал ирээгүй юм билээ. “Өргөө” зочид буудлын асуудал ч гэсэн бөөн будлиан болчихоод Н.Энхбаяраас асуух зүйл гараад байхад зугтаагаад очихгүй байгаа. Тэгээд цагдаа, прокурорынхон албадан ирүүлэх шийдвэр гаргасан юм билээ.

-Н.Энхбаяр дарга “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины хувьчлалтай ямар ч холбоогүй. Энэ асуудал хууль хяналтынхан нэгэнт шалгаад дууссан гэж мэдэгдээд байгаа?

-Н.Энхбаярыг ажлаа хийж байхад айгаад шалгаж чадаагүй юм байлгүй. Гэвч үнэхээр шалгахаас аргагүй зүйлүүд бий. Байгуулагдаад долоо хоносон “Хар дун” гэдэг компанид “Өргөө” зочид буудлыг үнэгүй өгсөн. Компанийнх нь захирал Хурц гэж Дарханд амьдардаг хүн байдаг юм билээ. Тэр Н.Энхбаярын үүдэнд суудаг байсан Тулгын төрсөн ах. Хурцын “Хар дун” компанийн үүсгэн байгуулагч нь Н.Энхбаярын хүү. Ингэхээр түүнийг шалгахаас өөр яах юм. Энэ бүхнийгээ Н.Энхбаяр тухайн үед албан тушаалтай байхдаа зувчуулаад өнгөрч байсан юм билээ. Харин одоо “Би ямар ч холбогдолгүй” гэж мянга яриад яахав дээ.

-Таныг өөрийг нь баривчлахаас урьтаад мэдэгдэл гаргачихсан юм биш үү?

-Тийм ойлголт өгөх гээд наадах чинь чармайгаад байна шүү дээ. Эцэс сүүлд нь Н.Энхбаяр “Шударга ёсны төлөө тэмцсэн чинь Ц.Нямдорж намайг бариулж, хэлмэгдүүлэх гэлээ” гэж мэдэгдээд, мулгуу ажил хийж байна. Барьж, хорьдог хүн нь би биш л дээ. Албан тушаалын хувьд ч надад тийм үүрэг байхгүй. Манайх цагдан шалгаж, мөрдөн шийтгэх системтэй орон биз дээ. Хууль зүйн сайд хүн шийтгэнэ гэж байхгүй. Ер нь Н.Энхбаяр өөрөө асуудал үүсгээгүй бол юу гэж ийм зүйл болохов. Тэгээд ч би зарга үүсгээд байгаа юм биш. Лхагвасүрэн жанжны ач Сэргэлэн гэж хүн бий. Н.Энхбаярыг хамтаръя гээд байхаар нь хэвлэх үйлдвэрт 400 сая төгрөгөө өгөөд алдчихсан. Одоо болтол заргалдаад явж байна. Тэгээд Хэвлэх үйлдвэрийн цаана “TV9”, “Зууны мэдээ” сонин нь ажиллаж байгаа биз дээ. Тэр бол түүний өмч шүү дээ.

-Та олон тэрбум төгрөгийн үнэтэй байшингуудаа нууж, хөлсний байранд амьдардаг гэж хүн үнэмшмээргүй зүйл яриад байгаа юм биш үү?

-Надад авсан авлига байхгүй. Хүний худалдаж авсан байранд хөлсийг нь төлөөд амьдарч байгаа нь үнэн. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ үүнийгээ мэдүүлсэн. Тэгж ярих юм бол миний амьдарч байгаа байшинг худалдаж авсан хүн нь байгаа.

Миний хоёр хүүхэд зээл аваад байшин бариулж байгаа нь үнэн. Энэ бол тийм үнэтэй байшин биш. Н.Энхбаяр хөрөнгийн үнэлгээчин болчихсон юм байлгүй зургаан тэрбум төгрөгийн үнэтэй байшин гэж хэлсэн байна лээ. Зургаан тэрбум төгрөгөөр хоёр мянган хүний суудалтай, хоёр сургуулийн байшин барьдаг юм. Өнөө жил Баянзүрх дүүрэгт 2.8 тэрбум төгрөгөөр 960 хүүхдийн суудалтай сургууль барина гээд төсөвт тусгачихсан байна. 56 сая төгрөгөөр хөдөөгийн сумдад цагдаагийн кубон барьж байгаа. Миний хүүхдүүдийн бариулж байгаа байшин бол цагдаагийн хоёр кубоны дайны зардалтай байшин л даа. Тэгэхээр Н.Энхбаяр намайг аймшигтай баян авлигач гэдэг ойлголтыг олон нийтэд төрүүлэхээр санаатай гүтгэлэг хийж байна. Хүн гүтгэж болно. Гэхдээ жаахан баримжаатай байх хэрэгтэй.

-Тэгвэл хоригдлууд танай хүүгийн байшинг барьсан юм уу. Тэднээс нэг хоригдол нас барсан байх аа?

-Үгүй ээ. Тэнд хүн нас бараагүй. Ш.Сайхансамбуугийн захын наад талд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ажилчдын 120 айлын орон сууц барьж байгаа юм. Тэнд ажиллаж байсан хоригдол харамсалтайгаар нас барсан. Анги дээрээ байсан нэг хоригдол нас барсан. Үүнийг надтай холбож байгаа юм.

-Та үүрэг өгч Л.Гүндалай гишүүнийг баривчлуулж байсан юм уу. Үүнийг Н.Энхбаяр нотолж байгаа нь үнэмшилтэй байна…

-Наадах чинь худлаа. Н.Энхбаяр ой санамжаа алдчихсан юм шиг байна лээ. Л.Гүндалайг баривчлахыг тухайн үед мэдээгүй. Манай яамныхан Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн хүмүүстэй салхинд гарсан хойгуур энэ явдал болсон. Нэг үгээр хэлбэл, намайг эзгүй хойгуур тийм зүйл болсон юм билээ. Орой нь хот орж ирээд энэ тухай сонсч байсан. Ер нь энэ байтугай зүйлийг зохиож байгаа хүн цаашдаа юу ч ярьж магадгүй. Н.Энхбаяр тийм хэлбэр рүүгээ орчихож. Түүний гол зорилго нь асуудлыг улстөржүүлж байгаад өөрийнхөө холбогдсон элдэв муу зүйлээс хал балгүй салах гээд байна л даа. Ингэж болохгүй биз дээ.

-Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа таныг ажлаа өгчих гэдэг санал хэлж байсан юм аа даа?

-Хэзээ ч тийм зүйл ярьж байгаагүй. Намайг 2000 онд сайд болж байхад тухайн үеийн тагнуул, цагдаагийн удирдлагад байсан нөхдүүд “Ц.Нямдорж Хятадын тагнуул байсан” гэдэг зохиол бичээд Хулганаа гэж хүнээр гарын үсэг зуруулаад Н.Багабандид өгсөн юм. Тэгээд би Н.Багабанди, Л.Энэбиш, Н.Энхбаяр гуравтай уулзаж “Надад ийм асуудал байхгүй” гэдгийг албан ёсоор хэлсэн учраас тэд нөхцөл байдлыг ойлгоод миний томилгоог хийлгүүлсэн юм. Гэтэл Н.Энхбаяр одоо худал зүйл яриад эхэллээ.

-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж, ЦЕГ-ын даргаар Д.Сандаг-Очир нар байсан цагт Н.Энхбаяр гэдэг хүн шалгуулахгүй юм биш үү?

-Н.Энхбаярыг ажлаа өг гэхээр ажлаасаа гардаг хүн байдаг юм уу. Тэр тусмаа өмч хөрөнгийн асуудалд холбогдчихсон хүн ингэж хэлэхээр ажлаа өгөх үү. Зүгээр цагдаагийн газарт очоод мэдүүлгээ өгчих хэрэгтэй шүү дээ. Үүнд илүү дутуу зүйл байхгүй. Надтай холбоотой асуудал гарлаа гэхэд дуудсан цагт нь очоод мэдүүлгээ өгчихнө. Ерөнхийлөгчөөс эхлээд жирийн иргэн бүгд хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй юм байгаа биз дээ. “Энэ хүн надад таалагдахгүй байна, би мэдүүлэг өгөхгүй” гэдэг зарчим байхгүй. Н.Энхбаярыг хэлмэгдүүлэх гээд байгаа юм байхгүй. Өөрөө л ийм асуудал үүсгэсэн шүү дээ. Хариуцлагаа надаас биш өөрөөсөө асуух ёстой.

-Та Н.Энхбаярт өширхөөд дарангуйлаад байгаа тал бий юу?

-Н.Энхбаярыг л дарангуйлагч байсан гэж ярьдаг юм билээ. Гэхдээ би түүнийг дарангуйлагч байсан гэж боддоггүй. Хууль, шүүхгүйгээр хүмүүсийг хорьж цагдаад буудаад байдаг хүнийг дарангуйлагч гэдэг биз дээ. Пиночет, Гитлер, Сталин байлаа. Ийм хүмүүсийг дарангуйлагч гэх болохоос миний дарангуйлагч гэж юу байдаг юм. Ардчилсан Монгол Улсад дарангуйлагч байх аргагүй биз дээ.

-Н.Энхбаяр дарга өчигдөр танд хандан “Зүгээр л ажлаа өгөөд шалгуулчих. Үгүй бол чамтай холбоотой олон зүйлийг дахиад дэлгэнэ шүү” гэж анхааруулж байгаа юм шиг камер руу хараад хэлж байна лээ…

-Хэлье гэсэн ч өөр юм байхгүй. Ер нь Н.Энхбаярын холбогдсон хэргийн төлөө би ажлаа өгнө гэж юу байсан юм бэ. Тийм биз дээ. Намайг холдуулж байж хэргээ хаалгах зорилготой байгаа юм шиг байна лээ. Би явсан ч түүний хэрэг хаагдахгүй шүү дээ.

-Түүнтэй олон жил хамт зүтгэж сайн муугаа мэдэлцэж явсан хүний хувьд танд ч түүний талаар дэлгэх баримтууд бий биз…

-Мэднэ ээ. Хүнийг нь ч мэднэ. Өөрөө хүний юм хэлэхээс өөр аргагүй байдалд хүргээд байх юм байна шүү дээ. Баахан худлаа ярих юм. Түүнд нь би хариулт өгч таарна биз дээ. Би мангар хүн биш шүү дээ. Өөр яах юм. Ийм зүйл ярьж явахын оронд шүүх, цагдаагийн байгууллагад очоод холбогдоод байгаа хэргээ тайлбарлачихвал болоо биз дээ. Сонгуульд өөрөө уначихаад “Манай намын удирдлагууд зохион байгуулж байгаад унагачихлаа. Сонгууль луйвардсан” гээд яриад байх юм. Тэгж болохгүй биз дээ. Намын удирдлага урваад намдаа өгсөн саналыг луйвардаад Ц.Элбэгдоржид өгчихсөн юм байхгүй. Тэр өөрийнхөө хардлага сэрдлэгээр бусдыг дүгнээд байж болохгүй. Миний хувьд Н.Энхбаярын тухай ямар ч яриа эхэлж гаргаагүй шүү. Н.Энхбаярын талаар нэг ч удаа хиртэй үг хэлээгүй. Тэр дандаа өөрөө эхэлдэг.

-Цагдаагийн байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд үнэхээр галт зэвсэг хэрэглэх тухай тусгачихсан юм уу?

-Галт зэвсэг хэрэглэх тухай ямар ч заалт байхгүй. Эмх замбараагүй байдал үүсэх юм бол зөвхөн цагдаа, дотоодын цэргийнхэнд буу тавьж өгнө. Бусдад нь буу өгч болохгүй гэсэн зүйл энэ төсөлд явж байгаа. Эгзэгтэй үед хуулийн байгууллагад яаж хамтарч ажиллахыг тодорхой болгох гэсэн юм. Түүнээс биш ирэх сонгуулиар Н.Энхбаярыг ард түмэнтэй хамт буудчих гээд байгаа зүйл биш. 1993 онд батлагдсан Цагдаагийн байгууллагын тухай хуульд ийм тохиолдолд галт зэвсэг хэрэглэнэ гээд заачихсан байдаг. Үүнийг өөрчилж асуудлыг арай тодорхой болгоё гэсэн ч явж өгөхгүй байна.

-Дотоод хэргийн их сургуулийг байгуулахдаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөөгүй, түүний бүрэн эрхэд халдсан гэдэг асуудал яригдаад байгаа…

-Төрийн өмчийн их, дээд сургууль байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргадаг юм. Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуулийг нэгтгээд Дотоод хэргийн их сургууль болгосон. Энэ нь зөв. Цөөн хүн амтай оронд байгууллага болгон дэргэдээ сургуультай байж болохгүй. Харин ч энэ шийдвэрийг би хожуу гаргуулжээ гэж бодож байна. Дотоод хэргийн их сургуулийн дэргэд цэргийн анги байгуулъя гэдэг санал тавьсан. Дэмжихгүй болохоор нь больчихсон юм. Тэгээд Дотоод хэргийн их сургуулийг дулааны шугамтай холбох шийдвэр гаргууллаа. Ирэх жилээс хичээлийн болон оюутны байр нь баригдана. Хөрөнгийг нь төсөвт тусгачихлаа. Дотоод хэргийн их сургуулийг байгуулсны дараа дотоодод нь янз янзын асуудал гараад болдоггүй. Тэгэхээр шалгуулсан чинь өмнө нь ял эдэлж байсан 13 хүн тэнд элссэний дотор 12 сая төгрөгийн хулгай хийсэн хүн байсан. Хүн зодож гэмтээж явсан хүн байгаа юм. Энэ сургуульд сайнгүй зүйл байжээ. Тэр бүхэн нь Дотоод хэргийн их сургуулийг байгуулах шийдвэр гарснаар ил болж байна гэж бодож байгаа шүү.

-Шүүх байгууллагын шинэтгэл ямар шатандаа яваа вэ?

-Шинэтгэлийг ямар өнцгөөр харахаас шалтгаална. Үндсэн хуулийн заалтын хүрээнд дорвитой өөрчлөлт хийж чадахгүй ээ. Шүүгчдийг бүх насаар нь томилдог системтэй. Мэргэжлийн шүүгчийн системд шилжчихсэн байна. Гурван шүүгч суугаад хэрэг хамтраад шийдэх заалт оруулж байна лээ. Энэ явахгүй ээ. 1994 онд Ц.Шаравдорж гишүүн байхдаа анхны Шүүхийн тухай хуулийг санаачилж батлуулсан юм. Тэр үед би өөрөө Иргэдийн төлөөлөгчдийг таслах хэрэгт оруулдаг болгох гээд ядаад хаясан. Үүнийг өөрчилж чадаагүй нөхцөлд дорвитой шинэчлэл хийгдэхгүй. Хуулийг хэрэгжүүлж байгаа хүмүүст асуудал байгаа үед шударга шүүхтэй болох нь туйлын хэцүү. МАХН-ыг бүртгэсэн асуудлыг хар л даа. Цагаан цаасан дээр хараар “Уг намын нэрийг тухайн намын гишүүн болон бусад иргэд хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчөөд МАХН-ыг бүртгэчихлээ. Хамгийн инээдтэй нь Үндсэн хуулийн Цэцэд Дээд шүүх дээрх заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг лавлахаар асуудал тавьсан. Цэц хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргаад өгтөл тохуурхаж байгаа юм шиг Дээд шүүх зөрсөн шийдвэр гаргаж байгаа юм. Ингэх байсан юм бол Дээд шүүх яах гэж Цэцэд хандсан юм бэ. Ийм шүүгч нартай байсан цагт олигтой зүйлд хүрэхгүй ээ. Энэ нь Монгол Улсыг шүүхгүй, Үндсэн хуульгүй, Цэцгүй болгож байгаа хэрэг. Одоо тэгээд Д.Энхбатын Ногоон нам ч гэнэ үү, ИЗНН-ын холбоо ч гэнэ үү энэ газрын дотоод хэрэгт шүүх оролцож байна. Намын хурлаа юу хийхэв, ямар шийдвэр гаргахыг алхам тутамд нь заагаад өгчихсөн хууль бий шүү дээ. Улс төрийн намын тухай хуулийг батлагдах үед Н.Энхбаяр УИХ-ын дарга, Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байсан юм. Тэгээд Олон нийтийн телевизийн тухай хууль гаргана гэдэг саналыг Ц.Элбэгдорж хэлээд, Улс төрийн намуудын тухай хуулийг гаргах саналыг Н.Энхбаяр тавиад нэг ёсондоо тэд улс төрийн тохиролцоо хийж байлаа. Н.Энхбаяр МАН нэрийг авахын тулд тухайн үед Улс төрийн намын тухай хуулийг батлуулсан байхгүй юу. Ардын намын байгуулсан хүмүүстэй ил далд тохиролцоо хийгээд татан буулгасан. Энэ үйлдлийнхээ төлөө хоёр хүнд албан тушаал өгч байсан юм.

-Ямар хүнд…

-Татварт ажиллаж байсан Энхээ гэж хүн бий. Түүхийн Өлзийбаатар нарт албан тушаал өгч байж Ардын намыг татан буулгаж байлаа. Ийм зүйл хийчихээд одоо МАХН-ыг бүртгүүлж байгааг нь хар даа. Яаж чадаж байна аа. Эрүүл сэтгэхүйтэй хүний нүдээр үүнийг хараад гайхаж байна.

-Эцэст нь нэг зүйлийг асуухад та хоёр нэг зорилгын төлөө хамтдаа зүтгэж явсан хүмүүс. Харин одоо аль алиныхаа мууг дуудалцаж, өнгөрснөө уудалж байх муухай биш үү?

-Би тэр хүний талаар муу муухайг нь уудлаагүй. Асуусан асуултанд чинь хариуллаа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car