antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 28, 2011 Comments are off

Орхон гол одоо л цэвэршиж байна. Гэхдээ…

нийтлэсэн Admin

Архангай аймгийн Цэнхэр сумын нутгаас эх аван урсах Орхон гол алтны компаниудын балгаар бохирдож буй талаар манай сонин мэдээлж байсан.  50 орчим компаниуд алт угаасан шавартай усаа Орхон голын эх болох Бодонч, Шийрт, Өлт, Их тээл, Ухаагийн булаг, Гүүт зэрэг гол  руу юүлж байсан юм. Мөн олон гол горхийн урсгалыг боон хиймэл нуур үүсгэж байсан билээ.

Мөнх цэвдэг уул нуруудын судаг жалга даган урсан эдгээр голууд Хөрвөөлөг, Улиастай, Жимбэгэр, Тонгорог, Их тээлийн голуудтай нийлнэ. Ийнхүү 14 гол “нэгдэж ажилласны” хүчинд Орхон голыг бий болгоно. Орхон гол цааш урссаар Сэлэнгэ мөрөнтэй нийлэн Байгал нуурт цутгадаг билээ. Байгал нуурыг тэтгэх гол судас, сэдэл нь Архангай аймгийн Цэнхэр сумын мөнх цэвдэгт уул нуруудад байгаа юм.

Алтны компаниуд эдгээр  жижиг голуудын урсацыг ашиглан алт угаах үйл ажиллагаа 1997 оноос хойш үргэлжилж байгаа билээ. Анх “Алтан Дорнод-Монгол”, “Монгол газар” гэсэн компаниудын уурхай ажиллаж байсан. Эдгээр уурхайнууд газрын баялгийг сорчилж ашиглаж байгаад гараад явчихсан юм. Хуулиар хүлээсэн нөхөн сэргээх үйл ажиллагаа ч хийгээгүй юм.

Багагүй хэл ам болсны дараагаар “Монгол газар” компани хэсэгхэн газар нөхөн сэргээлт хийж эхэлсэн бол “Алтан Дорнод-Монгол” компани бөөн нүх үлдээгээд гарсан аж. Гэвч 2-3 жилийн дараагаар дээрх газарт жижиг компаниуд орж ирсэн. Хэдэн жилийн өмнө Заамар, Бигэр, Дөвөнт гэх зэрэг газруудад нинжа хийж явсан зарим нөхдүүд өдгөө хамтын хэлбэрт шилжин компани байгуулчихсан байв. “Сайжирсан” нинжа нар  дээрх хоёр компанитай нөхөн сэргээлт хийх, шлам угаах гэрээ байгуулаад орж ирсэн байдаг юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Орхон гол сөнөлөө, устлаа” гээд бичээд эхлэнгүүт төр засаг хөдөлж эхэлсэн. БОАЖЯ, МХЕГ, ЦЕГ-ын нэгдсэн шалгалтуудаар хууль зөрчин ажиллаж байгаа уурхайнуудыг хааж эхэлсэн.

Шалгалтынхан  хэвлэлийн бага хурал зарлан “Хэрхэн хуулийн хэрэгжилтийг биелүүлсэн” талаараа мэдэгдсэн юм. Гэтэл “Ариун Суварга” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Чагнаадорж “Уурхайнууд Орхон голыг хордуулан ажилласаар байна” гэж мэдэгдсэн. Энэ мэдээллийн дагуу ажлын хэсэг хэвлэл мэдээллийн бүхэл бүтэн “арми” дагуулан очиж уурхайнуудыг хааж орхив. Техник тоног төхөөрөмжөө чирсэн компаниуд хөөгдөн гарч байгаа дүрс телевизээр гарч байлаа. Үүний дараагаар Цэнхэр сумын Орхон багт нэг ч алтны компани байхгүй болсон, нөхөн сэргээлтийн ажил хийгдэж байгаа тухай мэдээлэгдэх болов.

Дээрх компаниуд үнэхээр гарсан юм болов уу, нөхөн сэргээлт хэр хийгдэж байгааг үзэх зорилготойгоор  “Ариун суварга” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Чагнаадоржтой хамт хөдөлсөн юм. Сүүлийн арав гаруй жил Цэнхэр сумын нутгийн бүхэл бүтэн байдлын төлөө тэмцэж байгаа нэгэн. Алтны компаниудад загнуулах, зануулах, нутгийнхаа зарим  иргэдэд адлуулж байгаа аж.

Нутгийн иргэд алтны компаниудад айраг, сүүгээ зарахаас эхлээд тусламж хандив авчихдаг байсан юм. Зарим иргэд нөхөн сэргээлт хийсэн газрыг зарчихсан тохиолдол ч бий. Өвөрхангай аймгийн Хүрмийн үзүүр гэдэг газар ойртож явтал бөөн машин мотоцикль, майхан савууд харагдаж байлаа. Яваад очтол УИХ-ын дэд дарга Г.Батхүү нутгийн иргэдтэйгээ уулзаж байв. Том самбар дээр хийсэн ажлаа танилцуулахын зэрэгцээ малчдыг эмчийн үзлэгт оруулж байлаа.

УИХ-ын дэд дарга Г.Батхүүд зорьж яваа хэргийнхээ талаар ярьтал “Цэнхэр сумын  алтны уурхайнууд ганц Архангай аймгийн асуудал биш. Би та нартай цуг хуулийн хэрэгжилтийг үзнэ” гэлээ. Ингээд УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй цуг Архангай аймгийн Цэнхэр сум руу явахаар болсон тул Бат-Өлзий дээр хонохоор боллоо. Бат-Өлзий сум хэдэн жилийн  өмнө 5000 орчим хүн амтай байсан бол өдгөө долоон мянга болон өсчээ.

Ихэнх сумын төвийн хүн ам цөөрсөөр байдаг атал Бат-Өлзий сумдад гар урлал, аялал жуулчлал хөгжиж эхэлсэн учраас айлууд нэмэгдэж байгаа гэнэ. Нөгөө талаар жилдээ 200 орчим эх төрж байгаа мэдээ ч байлаа. Өвөрхангай аймгийн Улаан цутгалан, Төвөнх хийдийг үзэхээр зорин ирэх жуулчид нэмэгдэж байгаа гэнэ. Самар жимс, гар урлал, мундаг хөгжиж байгаа юм.

Тус сумын Засаг дарга А.Ишдоржтой уулзахад “Манай сум хөгжиж байгаа хэдий ч газар нутгийн маань 83 хувь төрийн тусгай хамгаалалтад байдаг. Тийм учраас иргэд хашааныхаа газрыг ч өмчилж чадахгүй байна” гэсэн юм. Тэрээр газар нутгаа өргөтгөх талаар ярьж байв. Бат-Өлзий сумын ихэнх газар Орхон голын сав дагуух төрийн тусгай хамгаалалттай газарт багтдаг аж.

Нутгийн иргэд модоор туйлж байна. Айл бүхэн шахуу л хөрөө рам ажиллуулах юм. Үүнээс үүдээд тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Д.Дүгэрдорж хулгайгаар мод хийж байсан байгаль хамгаалагч асан П.Даваасүрэн, түүний хүү Д.Түвшин нарт зодуулжээ. Байгаль хамгаалагч нь хүртэл хууль бусаар мод огтолдгоос үзвэл модны хулгай илэрхий байдаг аж. Энэ сумын иргэд мод хийж чамгүй ашиг олдог бололтой.

Бат-Өлзий сумын Засаг даргаас Орхон голын талаар асуулаа. Тэрээр “Цэнхэр сумын удирдлагууд алтны компаниудаас мөнгө авч байгаа нь буруу. Би энэ талаар хэлж байсан. Та нар хууль бус үйл ажиллагаа хийж байгаа этгээдээс мөнгө төгрөг авч хамсаатан болж байна шүү гэж анхааруулсан. Архангай аймгийн Цэнхэр сумын алтны уурхайнууд долоон аймгийн 40 гаруй сумдын олон мянган иргэд, мал уух усгүй болгоод байна” гэлээ.

Маргааш өглөө нь УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй цуг Бат-Өлзий  сум руу хөдөллөө. Шууд л “Монгол газар” компанийн талбай дээр очив. Нэлээд газрыг тэгшилж байгаа үзэгдэнэ. Ингэж засаад ургамлын үр цацчих юм бол хэдхэн жилийн дотор ногоороод газрын шарх анина. Яагаад гэвэл одоогоос гурван жилийн өмнө “Монгол газар” компани ухсан нүхийг тэгшилж засаад согооврын үр цацсан байсан. Тэр нь морины ташаа шүргэн ургасан байж билээ. Харамсалтай нь тэр сайхан газраа хэдхэн төгрөгөөр буцаагаад онгичуулсан.

Хэдхэн сарын өмнө энэ хөндийд хүчирхэг техникийн нүргээн дор байгаль дэлхий ёолж байсан билээ. Ихэнх компаниуд нь ялагдсан япончууд техник хэрэгслээ хагас дутуу хаяад алга болжээ. Гэхдээ ирэх хавар даагаа нэхэхээр орхисон ч юм билүү хэн мэдлээ. Дунд нүүр, Хоолтын хөндий, Шар зураа гэдэг гурван газар алтны компаниуд ажиллаж байв. “Гранд Магнат”-ын харуул хамгаалалт оруулахгүй, энэ тэр болсон ч хэдий Г.Батхүү дарга “Бид үзэж харах хэрэгтэй” гэсний хүчинд нэвтэрч чадлаа. Энэ компанийн ажилчид “Алтан Дорнод-Монгол” компанийн ашигласан талбайд дахин олборлолт хийхээр 40 гаруй сая төгрөг төлсөн гэнэ.

Техник хэрэгсэл, шатахуун түлш муутай учир нүүж чадаагүй байна. Эндээс гуравхан кг алт олсон гэж учирлалаа. УИХ-ын дэд дарга “Та хурдан нүүх хэрэгтэй. Ирэх жил хуульд өөрчлөлт оруулаад ажиллана гэж байгаа бол санасны гарз шүү. Яг хэзээ нүүхээ хэл” гэж тулгасан юм. Нөгөө компанийн нөхдүүд гурав хоногийн дараа нүүхээр ам өчгөө өгсөн.

Үнэхээр энэ хөндий компаниудын “хайрыг булаасан” нутаг бололтой. Яаж ч хөөсөн туусан эргээд ирдэг юм билээ. УИХ-ын дэд даргатай Архангай аймгийн Засаг даргын орлогч хүртэл явсан. Эдгээр нөхдүүд хандив тусламж нэрээр алтны компаниудаас ихээхэн хэмжээний мөнгө төгрөг авсан юм билээ. Цэнхэр сумын Засаг дарга Б.Батжаргал “Бид алтны компаниудаас мөнгө төгрөг авч байсан үнэн.   Гэхдээ хувьдаа авч байгаагүй. Орхон гол өнөөдөр ийм болчихсон юм биш. Олон жилийн өмнөөс ийм болсон” гэж ярилаа.

Иргэдийн Хурлын төлөөлөгч  Ц.Чулуунцэцэг гэх эмэгтэй “Бид өөрсдийн газар нутаг дээр алт угаах эрхтэй. Том компани, хятадуудаа та нар яаж ч чаддаггүй биз дээ. Би энэ ядарсан иргэдээ компаниудаас 200 мянган төгрөг авч өгсөн. Яадгийм юу нь буруу байгаа юм бэ” гээд даналзаж байна. Энэ гол ус бохирдож  иргэд шар шавраас ус шүүж ууж байгаа нь дарга нарт нь хамаагүй бололтой.

Хуулийн өмнө үүрэг хүлээсэн “Монгол газар”, “Алтан Дорнод-Монгол” хоёр нөхөн сэргээлт хийх үүрэгтэй. Харин энэ хоёр  компанитай шлам угаах, нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулсан нөхдүүдийн зарим нь баяртайгаар алга болжээ. Өөрөөр хэлбэл төр засгийн байгууллагууд нөхөн сэргээх ажлаас чөлөөлж өгсөн байна. Хоёр тэрбум төгрөгийн цэвэр ашигтайгаар ажилласан компани ч дуулдана.

Гэхдээ “Монгол газар”, “Алтан Дорнод-Монгол” хоёр хоосон хоцорсонгүй. 40 гаруй компаниас 20-160 сая авчихсан улс. Хонь бүрэн чоно цатгалан гэгч л болжээ. Гэхдээ нэг аюул харагдана лээ. Компаниуд гараад явчихангуут нөгөө ухсан нүх рүү төмпөн сав үүрсэн нинжа дайрсан байна. Машин тэрэгний бараанаар уул өөд сүрэг чоно адил гүйлдэж байгаа юм. Гэрүүд ч гэсэн тоймоо алджээ. Хэрвээ нинжа ороод ирвэл одоогоос хэд дахин хохирол амсаж Орхон гол жинхэнэ утгаараа сүйрэх болно. Нинжа нар ямар ч сайхан байгалийг үлийн цагаан оготно шиг ч мэрж орхидог. Энэ Орхон багийн нутаг Заамар, Бигэр шиг нинжа нарын их цугларалтын  талбар болчихвий гэсэн эмзэглэл төрөхөөр харагдлаа.

Алтны компаниуд гараад явчихангуут Орхон голын ус цэнхэртэн урсаж үзэгдэнэ. Голын ус амархан тунгалагшиж байгаа аж. Харин дүрвээд алга болсон загас жараахай нь бараа сураг алга гэнэ. Үүнээс гадна лаг шавар бүхий том том нуурууд бий. Энэ нуурууд бороо орохоор задарч Орхон голд цутгадаг юм. Энэ нуурийг яах бэ гэсэн яриа үүсэхэд УИХ-ын дэд дарга Г.Батхүү “Харуул хамгаалалт тавьж эзэнтэй болгох” талаар санал гаргасан.

Өвөрхангай аймгаас сонгогдсон Г.Батхүүд сонгогчид нь “Орхон голын ус хор боллоо. Та энэ талаар дуугараач” гэдэг байна. Тийм учраас ийнхүү үзэж харж байгаа бололтой.  Орхон голын ус одоо л цэвэршиж байгаа хэдий ч алтанд шүлэнгэтсэн этгээдүүд олны хөл татрах үеэр сиймхий тааруулан дайрахаар анаж байгаа сураг ч сонсогдож байлаа.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

Comments are closed.

antalya rent a car